| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0851/Э |
| Дугаар | 845 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 845
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ө-д холбогдох эрүүгийн ................. дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Т.Ө /РД:...................../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Ө нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 10 дугаар гудамжинд иргэн Б.Ө-г “чамд ийм хувцас байхгүй болохоор атаархаад байгаа юм уу” гэж хэллээ гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн мэдүүлэг /хх5-6/, насанд хүрээгүй гэрч О.М-ын мэдүүлэг /хх13-14/, гэрч О.Х-гийн мэдүүлэг /хх15-16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №6432 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх19/, Ө.Т-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /42-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа /хх34/, иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх37/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Ө.Т-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн “2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед Баянхошуунд байдаг гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 10-р гудамжинд ээжийн ажил дээр очих гээд явж байсан. Тэр үед урд зүс таних манай сургуулийн хүүхдүүд явж байгаад нэг нь над руу салаавч гаргаад пальтон дээр пүүз өмсдөг манай сургуулийн тэнэг гарууд гээд байхаар нь чамд байхгүй болохоор атаархаад байгаа юм уу гээд хэлчихсэн юм. Тэгээд тэнд цуг байсан сүүлд нэрийг нь мэдсэн Ө гэдэг хүүхэд чи тийм атаархмаар юм өмсчихсөн юм уу гээд гараараа нүүр рүү 1 удаа цохисон. Миний хөмсөгнөөс цус гараад цуг байсан хүүхдүүд нь салгаад аваад явсан. Ийм л зүйл болсон. ” гэх мэдүүлэг /хх5-6/
2. Насанд хүрээгүй гэрч О.М-ын “...би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагийн үед тоглож дуусаад гэртээ харих гээд Ө, цуг тоглосон хүүхдийн хамт 5 дугаар хорооны гудамжинд явж байхад зүс таних Ө араас ирж байсан. Тэгээд бид нартай гар барьж мэндлээд нэг зүг рүү алхаад явж байсан юм. Би хойно нь алахаад явж байхад Ө, Өтой маргалдаад Ө гараараа нэг удаа нүүр рүү нь цохиод Өгийн зүүн хөмсөгнөөс нь цус гаргачихсан...” гэх мэдүүлэг /хх13-14/,
3. Гэрч О.Х--гийн “...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо авто сургуулийн урд байдаг тоглоомын газар тоглож байгаад гэртээ харих гээд найзуудын хамт явж байгаад Ө-тэй таараад Ө, Ө нар урд юм яриад явж байсан. Би хойно нь М-тэй явж байсан. Удалгүй Ө, Ө нар өмссөн зүүснээрээ хоорондоо маргалдаад Ө Өгийн нүүрүү нь гараараа цохих шиг болсон. Тэгсэн Ө доошоо тонгойгоод байж байсан, би юу болсон гээд очтол Өгийн зүүн хөмсөгнөөс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх15-16/,
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №6432 дугаартай шинжээч эмчийн “...Б.Ө-гийн биед зүүн хөмсөгний сорви /шарх/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх19/,
5. Ө.Т-гийн яллагдагчаар өгсөн “...би 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед найз М-ын гэрт очих гээд гудамжинд явж байхад Э зүс таних Өтэй тараад алхаад явж байгаад тэр хоёр хоорондоо гэнэт маргалдаад байсан. Би Ө-г чи тийм хүнээс илүү юм өмссөн юм уу гэж асуухад тийм, чи тэгээд яах юм гээд өөдөөс үг сөрөөд байхаар нь миний уур хүрээд баруун гараараа нүүрүү нь нэг удаа цохичихсон. Тэгээд нүүрийг нь харахад зүүн хөмсөгнөөс нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх42-43/.
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Т.Ө:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 10 дугаар гудамжинд шүүгдэгч Т.Ө, насанд хүрээгүй хохирогч Б.Ө нар нь хоорондоо өмсөж явсан хувцаснаасаа болж маргалдаж, шүүгдэгч Т.Ө нь насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч Б.Ө, гэрч О.Хэрлэн, насанд хүрээгүй гэрч О.М нарын мэдүүлэг, шүүгдэгч Ө.Т-гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ө-гийн эрүүл мэндэд “...зүүн хөмсөгний сорви /шарх/...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №6432 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ө нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Ө нь 500.000 төгрөг баримтгүйгээр нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Т.Ө 100.000 төгрөг өгсөн талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Ө.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Мөн хэрэгт авагдсан нотлох баримт, хохирогчийн тайлбараас үзэхэд хохирол төлбөр төлөгдсөн байх тул шүүгдэгч Ө.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” 1.2 дахь заалтад зааснаар “... учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэнжаргалын Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө-д 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР