| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0786/Э |
| Дугаар | 857 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Ундраххэрлэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 857
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Э.Ундраххэрлэн,
хохирогч С.Я-ын хууль ёсны төлөөлөгч С.Түмэнжаргал,
хохирогч С.Я-ын өмгөөлөгч Б.Чинбат /ШТЭД-0053/,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа /ШТЭД-0075/, Х.Наранзул /ШТЭД-3135/,
шинжээч эмч Б.Ганзориг,
гэрч А.И нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ундраххэрлэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-д холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, охины хамт, ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Х.Г /РД:................/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 19 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Нефть баазын Хаан банкны хойд замд “Toyota Vitz” маркийн 33-01 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын Тав. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, ...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас явган зорчигч С.Я-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх11-12/, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх13-17/, жолооч Х.Г-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /2хх3/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх46-47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түмэнжаргалын мэдүүлэг /1хх53-56/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №14096 дугаартай дүгнэлт /1хх182/, “Автотээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 232 дугаартай дүгнэлт /1хх195/, шинжээч М.Цэдэнгомбын мэдүүлэг /1хх206-207/, хүний биед хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх239-240/, шинжээч эмч Б.Ганзоригийн мэдүүлэг /1хх242-243/, шүүгдэгч Х.Г-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх65/ судлав.
Хохирогчийн өмгөөлөгч: /давхцаагүй байдлаар/ хохирлын баримт /1хх62-95/, техникийн шинжээчийн дүгнэлт /1хх230/, хохирлын баримтууд /2хх11-25/, нэмэлт шинжилгээ /2хх74/, Сиди-ний бичлэгийг шүүх хуралдаанд явцад шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: /давхцаагүй байдлаар/ гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх9-10/, дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл /хх36-37/, цаг агаарын хэмжилтийн тэмдэглэл /1хх41/, захиргааны зөрчилд орж байсан талаарх баримт /1хх60/, хохирол төлсөн талаарх баримт /1хх-82-85/, гэрч Д.Н, Л.Л, Д.Я, Э.У, А.И нарын мэдүүлэг /1хх153, 157-158, 160-161, 162-164/, хохирогчоос цусны дээж авсан талаарх мэдүүлэг /хх75/, тээврийн шинжээчийн дүгнэлт /1хх212/, шинжээчийн дүгнэлт /1хх-220-221/, шинжээчийн дүгнэлт /1хх230-232/, “Болор мэлмий”-ийн дүгнэлт /1хх-239/, согтуурал шалгасан тэмдэглэл /2хх2-3/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /2хх4-9/, хохирол төлсөн талаарх баримт /2хх10-18/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх19/, прокурорын тогтоол /2хх71-73/, шинжээчийн дүгнэлт /1хх-74-75/ судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Х.Г-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Нефть баазын Хаан банкны хойд замд, “замын нөхцөл байдал нь асфальтан, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв... осол хэргийн газарт ямар нэгэн ул мөр, тоормозны мөр байхгүй байна” гэжээ. /1хх11-12/,
2. Ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх13-17/,
3. Жолооч Х.Г-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад “0.0%” буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй тухай тэмдэглэлд тусгагджээ. /2хх3/,
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “...цайвар өнгийн суудлын автомашин явган зорчигчийг мөргөн тэр дороо зогсож байгаа, явган зорчигч автомашинд мөргөгдөн замын хашлага дээр унаж байгаа болон жолооч автомашинаасаа буун уг явган зорчигч дээр очиж, буцаад автомашиныхаа хаалгыг онгойлгож байгаа дүрс бичигдсэн...” гэх, камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх46-47/,
5. Хохирогч С.Я-ын хууль ёсны төлөөлөгч С.Түмэнжаргалын “...С.Я нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэртээ гараад 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаа биеийн байдал муудсны улмаас түргэнээр 3 дугаар эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн. Биеийн байдал нь их тогтворгүй, хүн танихгүй, элдэв хачин сонин юм ярьсан, ямар ч хөдөлгөөний чадваргүй, байнгын бусдын асаргаанд, байнга памберстай шууд бие засна, өөрөөрөө хүндэрч чадахгүй байнгын клизмээр хүндэрнэ. Өдөртөө 2-3 цаг унтана, шөнөдөө ямар нэгэн унтуулах төрлийн эм тариа хэрэглэхгүй бол унтахгүй, хэрвээ албаар унтуулахгүй бол тархины хаван нь улам ихсэх аюултай. Хөлийн хугарал нь одоо болтол эдгээгүй, байнгын зовууртай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Титэм-Өлзий хотхоны 10а байранд 71 нас хүрсэн ээжийндээ түр амьдарч байсан. ...тамхи авна гээд гэрээсээ гарсан байсан. Тэгээд буцаж гэртээ орж ирээгүй бөгөөд сүүлд мэдэхэд зам тээврийн осолд орсон байсан....” гэсэн мэдүүлэг /1хх53-56/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14096 дугаартай “...С.Я-ын биед дух ясны ил хугарал, хоёр нүдний ухархайн дотор, доод хана, хоншоор яс, баруун хацар суурь ясны нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулай, зүүн хажуугийн болон 3-р ховдлын цус хуралт, няцрал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, духны шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д тус тус зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэний дүгнэлт. /1хх182/,
7. “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтэд: “...зүүн баруун гар талын ойрын гэрлийн тусгал илтэд муу буюу баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цуурч хагарсан дотор талын цайранд шороо орсон...”, “тоормосны систем шингэн дамжуулгатай, ABS системтэй үед автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ...” гэжээ. /1хх195х/,
8. Шинжээч М.Цэдэнгомбын “...тухайн гэрлийн чадал нь хол ойрын гэрэл гэж ялгалтгүй 10000-225000cd байхаар стандартчилагдсан байдаг. Илт муу гэдэг нь тухайн гэрлийн тусгал нь байх ёстой стандарт шаардлагадаа хүрэхгүй байгааг илэрхийлж байгаа юм. Гэрлийн бүрхүүл шил нь цуурч хагарсан, дотор нь шороо орсон нь гэрлийн тусгалыг улам муутгаж байдаг...” гэх мэдүүлэг. /1хх206-207/,
9. Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаар дүгнэлтэд “...Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 4 дүгээр хавсралтын 5-д зааснаар Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь 5.3-т Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, ...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй...” гэж тодорхойлжээ. /1хх230-233/,
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Х.Г:
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд, эд мөрийн баримт болох хяналтын камерийн бичлэг, талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд,
Нэгдүгээрт. Шүүгдэгч Х.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр оройн 19 цаг 25 минутын үед 33-01 УНМ улсын дугаартай Toyota Vitz маркийн автомашин жолоодон Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефть баазын Хаан банкны хойд замд замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч С.Я-ыг мөргөсөн болох нь зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч гэрэл зураг, хяналтын камерийн бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Хоёрдугаарт. Энэхүү ослын улмаас хохирогч С.Я-ын эрүүл мэндэд “...дух ясны ил хугарал, хоёр нүдний ухархайн дотор, доод хана, хоншоор яс, баруун хацар суурь ясны нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун зулай, зүүн хажуугийн болон 3-р ховдлын цус хуралт, няцрал, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, духны шарх, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий хүнд хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №14096 дүгнэлтээр тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, мөн тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар хүндрүүлэн зүйлчилдэг.
Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Х.Г-ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж дүгнэлээ. Үүнд,
- 3.4 дэх заалтад заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах буюу 4 дүгээр хавсралтын 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, ...гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон” гэснийг зөрчсөн, энэ нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.
Учир нь “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 232 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Х.Г-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн “...зүүн баруун гар талын ойрын гэрлийн тусгал илтэд муу буюу баруун гар талын их гэрлийн бүрхүүл шил цуурч хагарсан дотор талын цайранд шороо орсон...”, шинжээч М.Цэдэнгомбын “...Илт муу гэдэг нь тухайн гэрлийн тусгал нь байх ёстой стандарт шаардлагадаа хүрэхгүй байгааг илэрхийлж байгаа юм. Гэрлийн бүрхүүл шил нь цуурч хагарсан, дотор нь шороо орсон нь гэрлийн тусгалыг улам муутгаж байдаг...” гэх мэдүүлэг, мөн Техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаар дүгнэлтээр жолооч Х.Г-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалтыг зөрчсөн гэх дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалтай тохирч байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Мөн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр зам тээврийн осол нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цаг 25 минутад гарсан буюу харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдсан байсан, хэргийн газарт ямар нэгэн ул мөр, тоормосны мөр илрээгүй, хохирогч нь 15 метр өргөнтэй 4 эгнээ бүхий замыг хөндлөн гарч явахдаа 1 дүгээр эгнээнд /замын хашлаганаас 1.5 метрийн зайд/ мөргөгдсөн байна.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэгээс жолооч нь явган зорчигчийг мөргөсний дараа огцом тоормос гишгэн зогсож байгаа үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч С.Я нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан удаан алхдаг байх бөгөөд тухайн үед зам хөндлөн гэнэт гүйж гарч ирээгүй, замын голын үргэлжилсэн цагаан шугам дээр зогсон 2 дугаар эгнээнд явсан жижиг ачааны автомашиныг өнгөрүүлсний дараа гарахаар алхаж байх үедээ осолд орсон болох нь хяналтын камерийн бичлэгт тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл мөн жолооч анхааралгүй, явснаас болж явган зорчигчийг хараагүй, зогсоох арга хэмжээ авалгүй мөргөсөн байна.
Иймд шүүгдэгч Х.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтад заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зөрчигч С.Я-ыг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэх улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэлээ.
Мөн техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 37 дугаар дүгнэлтийн “тухайн нөхцөл байдалд жолоочийн харах багтаамж хязгаарлагдсан, жолооч явган зорчигчийг харснаас хойш зогсоох арга хэмжээ авах боломжгүй буюу самбаачлах хангалттай хугацаа байхгүй байсан” гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай нийцэхгүй, хяналтын камерийн бичлэгээр үгүйсгэгдэж байна гэж улсын яллагчаас шинжээчийн дүгнэлтийг баримтлахгүй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Харин улсын яллагчаас шүүгдэгч Х.Г нь нүдний хараа муутай гэх үндэслэлээр Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтад заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн гэсэн нь шинжээч эмч Б.Ганзориг, гэрч А.И /нүдний эмч/ нарын “...хүний нүдний харах чадвар буурна гэдэг нь тухайн биетийг нарийвчлан харах боломж багасдаг гэсэн ойлголт, шүүгдэгчийн харааны чадамж алдалт нь хүнд хэлбэр хамаарахгүй...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул энэхүү заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Х.Г нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, үзэгдэх орчин хязгаарлагдсан харанхуй үед тээврийн хэрэгслийн хурдыг зогсоох боломжтой тохируулж явах, анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлээгүй буюу дээр дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирогч С.Я-ыг мөргөн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Дүгнэн үзвэл шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол-хор уршиг, хохирол төлсөн байдал:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Я-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч тархины гэмтэл авсан, гэм хор бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Түмэнжаргалын зүгээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийтдээ 6.611.261 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс шүүгдэгч Х.Г нь мөрдөн байцаалтын шатанд 4.355.000 төгрөг төлсөн.
Эрүүгийн хариуцлагын хуралдааны өмнө хохирол төлөх завсарлагын хугацаанд 2.360.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирлын нөхөн төлсөн гэж дүгнэв.
Харин шүүгдэгч С.Я-ын хувьд цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилтод нийцүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой асуудлаар цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх дүгнэлт гаргажээ.
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тал дээр бодит хохирлыг бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү, ял шийтгэлийн хувьд тусгайлсан саналгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч Х.Г нь гэм буруу буюу мөргөсөн үйл баримт дээр маргаагүй, осол гарсан даруй түргэн тусламж дуудсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлдэг, мөн гэмт хэрэг үйлдэгдэх шалтгааны хувьд хохирогчийн хууль бус байдал нөлөөлсөн, шүүгдэгчийн хувьд тэтгэврийн насны зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Г-ыг гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болон талуудын гаргасан дүгнэлтэд үндэслэн дараах байдлаар хариуцлага хүлээлгэж шийдвэрлээ.
Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогч С.Я-ын явган зорчигчийн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан хууль зөрчсөн байдал нөлөөлсөн гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй байх тул дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтуудад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Мөн шүүгдэгч Х.Г-ын хувьд хохирогчийг мөргөсөн үйл баримттай маргаагүй, түүний өмгөөлөгч нарын хувьд хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинжтэй холбоотой гэм буруугийн хуралдаанд мэтгэлцэж оролцсон тул шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэхээргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Х.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хохирлыг нөхөн төлүүлэх зорилго, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэг” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 3 ширхэг сиди-г хэргийн хамт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, түүний 358033 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Г-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Х.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч С.Я, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хяналтын камерийн бичлэг бүхий 3 ширхэг сиди-г хэрэгт хадгалж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний 358033 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХБААТАР