Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 599

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

            улсын яллагч Б.Мөнгөншагай /томилолтоор/,

            хохирогч Э.Б-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа /ШТЭД-2264/,

шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай, Б.Алтанчимэг /ШТЭД-1635/,

            гэрч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-д холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 14 дүгээр гудамж, 2 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, А.Э /РД:....................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/           

            Шүүгдэгч А.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны 12 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт явах замд Тоёота Приус маркийн ........... УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Э.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх3-11/, хохирогч Э.Б-ийн мэдүүлэг /хх18-22/, гэрч Н.Ц.С/хх37/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /хх38/, гэрч Ж.Мөнхжиний мэдүүлэг /хх40/, иргэний хариуцагч А.М-ын мэдүүлэг /хх27-28/, шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2278, 2452 дугаартай дүгнэлт /хх48-51, 54/, 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хх60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх126/, иргэний үнэмлэх, жолоочийн лавлагаа /хх130, 134/,

 

Хохирогчийн өмгөөлөгч: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-11/, шинжээчийн дүгнэлт 2278, 2452 дугаартай дүгнэлтүүд /хх48-56/,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар: хохирогч Э.Б-ийн мэдүүлэг /хх21-22/,  гэрч А.М, Б.А, Р.С нарын мэдүүлэг /хх42-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх126/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан /хх130-134/, сургуулийн тодорхойлолт, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч А.Э-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-11/,

2. Хохирогч Э.Б-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байтал манай нөхөр энэ урдаа яваа машиныг гүйцэх гээд байна хурдыг нь харна гээд өндийх үед л машин дайвалзаад жолооч охин ээжээ гэж хашгираад л машин онхолдсон... миний бодлоор машин их хурдтай явсан. Мөн тэр үед жолооч байнга утсаар ярьж явсан...” гэх мэдүүлэг /хх18-22/,

3. Гэрч Н.Ц.С-ын “...эмээлтийн замд ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр явж байгаад урдаа явж байсан машиныг их хурдтай гүйцэж түрүүлээд л рүлээ баруун гар тийшээ дараад л замаас гараад л онхолдсон. Би арай гэж машинаас гараад хартал машин хажуу тийшээ хараад онхолдсон, харин манай эхнэр Б машинаас шидэгдээд машины ар талд ухаангүй хэвтэж байсан. Их л хурдтай явсан, 100 орчим км цагийн хурдтай явсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх37/, 

4. Гэрч Г.Т-ийн “... би замын 2 дугаар эгнээнд 50 орчим км цагийн хурдтай явж байхад миний зүүн талаар урсгал сөрөөд л гүйцээд ороод би хурдаа хастал уг цагаан өгийн приус маркийн автомашин миний машины урдуур баруун гар тийшээ огцом дараад шарвалт өгөөд, замын хажуу руу гараад онхолдсон, миний машинтай ямар нэгэн байдлаар шүргэлдсэн, мөргөсөн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх38/,

5. Гэрч Э.М-ийн “... миний сууж явсан автомашины зүүн гар талаар саарал өнгийн ........ УНО улсын дугаартай приус маркийн автомашин автомашин асар хурдтай эсрэг урсгал сөрж, гүйцэж түрүүлж орж ирээд миний сууж явсан машины урдуур огцом дараад л замын хойд талд, баруун гар талын жалгаруу орж онхолдсон, миний сууж явсан машинтай шүргэлдсэн мөргөлдсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх40/,

6. Гэрч А.М: “... ........ УНО улсын дугаартай приус маркийн машин миний нэр дээг байдаг, өөрийн төрсөн дүү А.Э бид 2 унаж хэрэглэдэг автомашин энэ ослоос болж машин гэмтэл гарсан, машинд үнэлгээ хийлгэхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх27-28/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2278 дугаар дүгнэлтэд “...Э.Б-ийн биед бүсэлхийн L 2,3,4-р нугалмуудын баруун сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны S1,2 нугалмуудын зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун шаант болон тахилзуур ясны бяцарсан ил хугарал, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун, зүүн чих, баруун шанаа, зүүн мөр, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой...” гэж тодорхойлжээ /хх48-51/.

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2452 дугаар дүгнэлтэд “...Ц.С-ийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирчээ. Гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой...” гэжээ /хх54/.

9. 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаар мөрдөгчийн магадалгаанд “........ УНО улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь байгууламж, замыг тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй...” гэжээ /хх60/.

10. Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “... 2019 оны 12 дугаар сарын 29-ний орой Өндөрширээт явах гэсэн. Өндөрширээт сумын төрийн банкны эрхлэгч хүүхэн зар дээрээс машин олчихлоо, нэг хүүхэн байна таны дугаарыг өгчихлөө гэж хэлсэн. Орой нь Э надруу залгаад 11 цагийн үед явъя гэж хэлсэн. Би эгч нь 5 шарын буудал дээр байж байя гэж тохироод маргааш нь нөхөр бид хоёр 5 шарын буудал дээр 10 цагийн үед очсон. ....... гэсэн приус машинтай ирээд бид хоёрыг авсан. Манай нөхөр намайг хойшоо сууя гээд бид хоёр хойно нь суусан. Машинд суухад л Э дахиад хоёр хүн авах байсан юм гээд уурлаад байсан. Цаашаа явж байхад манай нөхөр энэ охин буруу гүйцэт түрүүлэх нь дээ гэж байтал шарваад машин онхолдсон ...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч А.Э:

Шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас шүүхийн мэтгэлцээнд оролцсон болохыг тэмдэглэж байна.

 

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан  мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Э нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ........ УНО улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашин жолоодон Улаанбаатар хотоос Төв аймгийн Өндөрширээт сум орохоор явахдаа иргэн Э.Б, түүний нөхөр Оросын холбооны улсын иргэн Н.Ц.С нарыг зорчигчоор  тээвэрлэн явсан байна. Ийнхүү зорчигч нарыг тээвэрлэн явахдаа Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлт явах замд явж байхдаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний дараа жолоодлогоо алдан онхолдсон болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Э.М-ийн “... миний сууж явсан автомашины зүүн гар талаар саарал өнгийн ........ УНО улсын дугаартай приус маркийн автомашин асар хурдтай эсрэг урсгал сөрж, гүйцэж түрүүлж орж ирээд миний сууж явсан машины урдуур огцом дараад л замын хойд талд, баруун гар талын жалгаруу орж онхолдсон, миний сууж явсан машинтай шүргэлдсэн мөргөлдсөн зүйл байхгүй...”, гэрч Н.Ц.С-ийн “...эмээлтийн замд ертөнцийн зүгээс зүүнээс баруун чиглэлтэй замын 2 дугаар эгнээгээр явж байгаад урдаа явж байсан машиныг их хурдтай гүйцэж түрүүлээд л рүлээ баруун гар тийшээ дараад л замаас гараад л онхолдсон...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Э-ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн буюу жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж явах, анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйгээс осол гаргажээ. Үүний улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд “...бүсэлхийн L 2,3,4-р нугалмуудын баруун сэртэнгийн зөрөөгүй хугарал, ууцны S1,2 нугалмуудын зөрөөтэй хугарал, баруун дунд чөмөгний хугарал, баруун шаант болон тахилзуур ясны бяцарсан ил хугарал, зүүн өвдөгөнд зулгаралт, баруун, зүүн чих, баруун шанаа, зүүн мөр, баруун бугалга, баруун гуя, зүүн ташаа, зүүн гуяанд цус хуралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2278 дугаар дүгнэлтээр, зорчигч иргэний нэхэмжлэгч Норбоев Цырен Самбуевичийн эрүүл мэндэд “нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирчээ.

 

Иймд шүүгдэгч А.Э нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол-хор уршиг, хохирол төлсөн байдал:

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор бүрэн арилаагүй, 3 удаа хагалгаанд орсон, цаашид хөлөндөө дахин хагалгаа хийлгэх шаардлагатай байгааг дурдсан болно.

Хохирогч Э.Б, түүний нөхөр Н.Ц.С /иргэний нэхэмжлэгч/ нарт учирсан хохиролд нийтдээ 9.350.000 төгрөгийг шүүгдэгч А.Э нь төлсөн. Хохирогч талаас одоогоор гарсан зардлыг бүрэн төлсөн гэж тайлбарлаж байх тул шүүгдэгчийг шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Харин шүүгдэгч Э.Б-ийн хувьд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлага байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилтод нийцүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой асуудлаар хохирогч нь иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх дүгнэлт гаргажээ.

 

Хохирогч Э.Б, түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тал дээр хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж байгаа, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж заавал хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч А.Э-г гэм буруутайд тооцсон нотлох баримт, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болон талуудын гаргасан дүгнэлтэд үндэслэн дараах байдлаар хариуцлага хүлээлгэж шийдвэрлээ.

 

Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч А.Э-ын дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэг” үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ. 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж, түүний ............... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Э-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч А.Эаас хохиролд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийтдээ 9.350.000 /есөн сая гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн, хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний ......... дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол    

 

      шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  

       хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР