Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 5584

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Баруун үйлдвэр 133, Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн байранд байрлах, “Вагнер Ази Технологи” ХХК /РД:5579945/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах, “Монроуд” ХХК /РД:2621142/

            Гэрээний үүрэгт 1.106.535.217,53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Долгорсүрэн, С.Жавхлан, өмгөөлөгч Н.Цогт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, гэрч Л.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жавхлан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Вагнер ази технологи ХХК нь Монроуд ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр технологийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ, 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр технологийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. Технологийн бүтээгдэхүүн гэдэг нь зам барих тоног төхөөрөмжид нэмэлтээр суурьлуулдаг бүтээгдэхүүн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнийг бульдозерт суурьлууллаа гэхэд бульдозерт хүний гараар хийгдэх механик үйл ажиллагаа багасч, ухаалаг болдог. Мөн зам барих хурдыг 70-80 хувь нэмэгдүүлдэг. Хүний үйл ажиллагааг хөнгөвчилж, хурд нэмэгдэх тусам түлш хэмнэдэг бүтээгдэхүүн юм. Ер нь төрөөс зарласан тендерээр зам барих гэж байгаа компаниуд заавал технологийн тоног төхөөрөмж хэрэглэж замаа чанартай барьдаг. Бид эхний гэрээний дагуу Монроуд ХХК-иас 253.706.462.73 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 4 төрлийн тоног төхөөрөмж худалдсан. 4 тоног төхөөрөмжийн салдаг эд ангуд цаана нь бүгд байгаа. Нэг тоног төхөөрөмжийн ард маш олон эд анги, холболтын утаснууд байдаг. Энэ тоног төхөөрөмжүүд тус бүрдээ өөр өөр үнэтэй. Эдгээр тоног төхөөрөмжийг 199.543.087 төгрөгөөр худалдахаар тохирсон. Худалдсан 4 тоног төхөөрөмжийг угсраад, тоног төхөөрөмж дээр нь суурьлуулж, ажиллуулж Монроуд ХХК-ийн инженер техникийн ажилчидад нь сургалт зохион байгуулж актаар хүлээлгэж өгсөн. Тоног төхөөрөмжийг авсан аваагүй, хүлээлгэж өгсөн талаар маргадаггүй. Хүлээлгэж өгсөн баримт дээр тоног төхөөрөмжүүд хэвийн зохих ёсоор ажиллаж байна гэсэн байгаа. Хуульд зааснаар хөдлөх эд хөрөнгийг зохих ёсоор хүлээлгэж өгснөөр өмчлөх эрх шилжсэнд тооцдог. Хариуцагч нь гэрээнд зааснаар 199.543.087 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар 0.1 хувийн алданги тооцсон. Монроуд ХХК нь тоног төхөөрөмжийн урьдчилгаанд 30.000.000 төгрөг төлсөн байсан тул 199.543.087 төгрөгнөөс 30.000.000 төгрөгийг хасч, үлдэгдэл 169.543.087 төгрөгнөөс хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож 84.000.000 төгрөгний алданги тооцож 253.706.462.73 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээгээр 4 ширхэг тоног төхөөрөмжийг түрээслэсэн. Эдгээр тоног төхөөрөмжийг 2014 оны 12 дугаар сар хүртэл түрээслэнэ гэж заасан боловч өнөөдрийг хүртэл тоног төхөөрөмжийг ашигласаар байгаа. Түрээсийн гэрээний дагуу 4 төхөөрөмжийг зохих ёсоор хүлээлгэж өгч акт үйлдсэн. Түрээсийн гэрээний 8.2-д зааснаар түрээсийн төлбөрийг хугацаанд төлөхгүй бол хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан. Түрээсийн гэрээнд зааснаар 4 долоо хоногоор 6 удаа түрээсийн төлбөр авах байсан. 6 сараар тооцсон.  4 ширхэг тоног төхөөрөмжийн 3 нь тус бүр 120.000.000 төгрөгний түрээстэй, 4 дэх төхөөрөмж нь 80.000.000 төгрөгний түрээстэй байсан. Бид эхний 2 тоног төхөөрөмжийг 2014 оны 07 дугаар сараас 2014 оны 12 дугаар сар хүртэл, нөгөө 2 тоног төхөөрөмжийг 2014 оны 09 дүгээр сард хүлээлгэн өгсөн тул 2015 оны 03 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр нэхэмжилсэн. Хариуцагч нь 451.576.303.20 төгрөгний түрээсийн төлбөрөөс төлөөгүй тул 225.788.151 төгрөгний алданги тооцон нийт 677.364.454.80 төгрөгийг нэхэмжилж байна.  2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гуравдугаар гэрээгээр 147.130.500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Энэ гэрээний дагуу тримбилл замын хэмжих төхөөрөмж, GPS систем гэсэн нэг цогц төхөөрөмжийг 98.087.000 төгрөгөөр худалдахаар 2015 оны 09 дүгээр сард хүлээлгэж өгсөн. Гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийн үнийг төлөөгүй тул хоног тутамд 0.1 хувийн алдангийг тооцож 49.043.500 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч Монроуд ХХК-иас 1.106.535.217.53 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Монроуд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 28.333.800 төгрөгийг нотолсон баримт хэрэгт байхгүй бөгөөд энэ нь гаргасан зардал биш. Нэхэмжлэгч нь хувийн үйлчилгээ өөрсдөө авсанаас гарсан зардал тул зөвшөөрөхгүй. Бид тоног төхөөрөмжийн доголдолыг илрүүлсэн даруйд Вагнер ази технологи ХХК-нд шаардлага гаргаж эд хөрөнгийн засвар үйлчилгээний тайлангаар хүлээлцэх хуудас бичүүлэн тоног төхөөрөмжийг буцаан өгсөн. Тиймээс доголдолын талаар шаардлага гаргах эрхээ алдаагүй. Тооцоо нийлсэн баримт ойлгомжгүй байгаа гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад            

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК нь хариуцагч Монроуд ХХК-нд холбогдох гэрээний үүрэг 1.078.201.417.53 төгрөг, хохиролд 28.333.800 төгрөг нийт 1.106.535.217.53 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Монроуд ХХК нь 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК-тай технологийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж trimble GCS900-д бэлдэх тоноглол-Grader 2 ширхэг,  trimble GCS900-д бэлдэх тоноглол-Bulldozer 1 ширхэг,  trimble PCS400 машин удирдлагын систем 1 ширхэгийг 199.543.357.20 төгрөг, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /түрээсээс худалдан авах нөхцөлтэй/ байгуулж komatsi GD 611 загварын автогрейдр дээр суурилуулах хөрс хуулах удирдлагын тримбл брэндийн GCS900 загварын хос GPS антеньтай систем, komatsi D65 загварын бульдозер дээр суурилуулах хөрс хуулах удирдлагын тримбл брэндийн  GCS900 загварын хос GPS антеньтай систем, газар зүйн байршил тогтоох тримбл брэндийн  GPS загварын иж бүрдэл систем /855 серийн бааз станц, 985 серийн  повер хөдөлгөөнт хүлээн авагч/ нийт 75.262.717.20 төгрөгөөр түрээслэх, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр технологийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж trimble SPS замын хэмжилтийн GPS систем 98.087.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон гэрээ байгуулжээ.

Технологийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, тоног төхөөрөжийн түрээсийн гэрээ /түрээсээс худалдан авах нөхцөлтэй/-нүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зохигч гэрээний талаар болон гэрээний үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлага тоног төхөөрөмж худалдах худалдан авах, түрээсийн гэрээгээр шаардсан үнийн дүнд маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болох дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх  үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК нь дээрх гэрээнүүдээр тохиролцсон тоног төхөөрөмжийг суурьлуулан холболтыг хийж машиныг асааж систем болон машины ажиллагааг шалгаж, системийг бүрэн холбож, тохиргоог хийж систем бүхэлдээ хэвийн ажиллаж байсанг хүлээлцэж, сургалт явуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, засвар үйлчилгээний ажлын тайлан, түрээсийн тоног төхөөрөмж хүлээлцсэн хүлээлгэн өгөх хуудас, операторын сургалтын агуулга гэсэн баримтаар тус тус тогтоогджээ.

Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулж хүлээлцэх ажиллагаанд хариуцагч талаас Ш.Хашчулуун, геодезийн инженер н.Самбуу, Т.Ариунжаргал нар оролцон хариуцагч Монроуд ХХК хүлээн авсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь “2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №14/07-04-11 гэрээгээр худалдаж авсан тоног төхөөрөмжийн trimble GCS900-д бэлдэх тоноглол-Grader гэсэн 2 ширхэг төхөөрөмжийн хүлээн авагчид гэмтэл гарсан тул 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, грейдер 2 гэсэн боловч нэгийг нь хүлээж аваагүй, түрээсийн гэрээний тоног төхөөрөмж эдгээр тоног төхөөрөмжтэй холбоотой тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан боловч Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1,  254 дүгээр зүйлийн 254.1, 254.2-т зааснаар эд хөрөнгийн доголдолыг арилгуулах, тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах шаардлагуудын аль нэгийг худалдагчид тавиагүй байна.

Гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хариуцагч тал хүлээн авсан, төхөөрөмжийн хүлээн авагчид гарсан эвдрэлийн талаар 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр худалдагчид мэдэгдэн засвар үйлчилгээний ажлын тайланд тусгаж, эд ангиудыг засварт явуулахаар хүлээлцэх хуудсаар  хүлээлцэн, үүнтэй холбоотой 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тоног төхөөрөмж хүлээн авсан Монроуд ХХК-ийн ажилтан Ш.Хашчулуунд эд ангиудын эвдрэл нь бүгд нэг системийнх байсан гэдгээрээ баталгаат засварт хамрагдах боломжгүй, эвдрэл нь хэрэглэгчийн ашиглалтын буруугаас үүдэлтэй, зарим эд ангийг засах боломжтой, засах боломжгүй эд ангийн засвар нь танай хүсэлтийн дагуу шийдэгдэх тухай и-мэйлийг хүргүүлж мэдэгдсэн байна. Хариуцагч нь хуульд зааснаар энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд оролцсон гэрч Л.Отгонбаатарын “4 төхөөрөмжийн хоёрыг нь автогрейдер болон бульдозер дээр суурилуулсан. 2 нь манай компанид байгаа. Тоног төхөөрөмжийг ашиглан замаа барьсан” гэсэн мэдүүлгээр хариуцагч Монроуд ХХК нь худалдан авсан болон түрээсийн гэрээгээр шилжүүлсэн тоног төхөөрөмжийг өөрийн үйл ажиллагаанд ашигласан, дээрх доголдолтой гэж хүлээлцсэн эд ангиуд үүргийн гүйцэтгэлд нөлөөлсөн талаар баримтгүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна. Харин эд хөрөнгийн доголдолыг арилгах, дутуу нийлүүлсэн эд хөрөнгийг гүйцэт шилжүүлэхийг шаардах эрхтэй байсан байна.

Нэхэмжлэгчээс гэрээний үүрэг биелүүлэх,  тоног төхөөрөмж эргүүлэн татах тухай албан бичгүүд, нэхэмжлэх, хариуцагч Монроуд ХХК нэхэмжлэгч Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д  гэрээт төлбөрийг санхүүжилт орох хүртэл хугацаагаар хойшлуулах, үлдэгдэл төлбөрийг ажлын урьдчилгаа төлбөрийн санхүүжилтээс төлөх тухай,  төлбөр барагдуулах тухай, гэрээний биелэлтийг 2015 оны 10 дугаар сарын 20-ныг хүртэл түр хүлээх, үлдэгдэл төлбөрт урт хугацааны график гаргах, эд хөрөнгөөр наймаалцах тухай албан бичгүүдийг 2014 оны 08 дугаар сар, 2015 оны 08, 09, 10 дугаар сар, 2016 оны 02 дугаар сард тус тус хүргүүлсэн байна.

Хариуцагч нь технологийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 4.2.3 худалдан авагч нь гэрээний зүйл үнийг гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу төлөх, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний 3.2 түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь барагдуулах үүрэгтэй бөгөөд техник хэрэгслийг түрээсийн гэрээнд заасан хугацаанд хэвийн ажиллагаатайгаар бүрэн бүтнээр буцаан хүлээлгэн өгөх, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ тус тус биелүүлээгүй буруутай байна.

Зохигч гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд буруутай тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 0.1 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон тул хариуцагч Монроуд ХХК-иас 1.078.201.417.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК-д олгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч нь бусдаас хууль зүйн үйлчилгээ авч 28.333.800 төгрөг төлсөн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохиролд хамаарахгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

     

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Монроуд ХХК-иас 1.078.201.417,53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК-д олгож, үлдэх 28.333.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.690.626 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Монроуд ХХК-иас 5.548.957 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Вагнер ази технологи ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА