Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 619

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч А.Ганзориг,

иргэдийн төлөөлөгч Б.Мягмар,

шинжээч эмч Б.А-,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр /ШТЭД-0148/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ганзоригоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн .............................. дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, .........................тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Э /РД:..................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө ..................... тоотод иргэн Н.О-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хүнд зэргийн согтолттой буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж цээжин тус газар нь хутгалж, хүний алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Н.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх,169-175/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх, 3-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх, 15-19/, хэргийн газар үзлэг болон цогцосны үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, тус эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх,43-47/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын мэдүүлэг /1хх, 54-55х/, гэрч Л.Ц-ын мэдүүлэг /1хх, 60-61/, гэрч С.Н-ын мэдүүлэг /1хх, 66-68/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 619 дугаартай дүгнэлт /1хх, 97-99/, шинжээч эмч Б.А-ын мэдүүлэг /1хх, 93-94/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1464 дугаартай дүгнэлт /1хх,101/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1210 дугаартай дүгнэлт /1хх,137-141/, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 453 дугаартай дүгнэлт /1хх,148-149/, Н.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх,160-163/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Л.Ц, С.Н, Г.Н, Э.Бямбацогт, Н.Н, С.О нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Н.Э-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Яллагдагч Н.Э-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх,169-175х/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх,3-12х/,

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд /1хх,15-19х/,

4. Хэргийн газар үзлэг болон цогцосны үзлэгээр хураан авсан эд зүйлүүдэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургууд, тус эд зүйлүүдийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх, 43-47х/,

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б-ын “...Би яагаад ийм зүйл болчихсон талаар хэлж мэдэхгүй байна... хоорондоо өс хонзон гээд байх зүйл байхгүй, хэд хоног гэрт нь байсан хүнийг яагаад ийм болгочхож байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Э нь ажил явдал дээр нэг удаа таарсан тэгэхэд нь би уулзаагүй. Түүний дараа над руу мэссэж бичсэн байсан ба “би дүүдээ хайртай байсан, өс хонзон гэх зүйл байгаагүй, архины гайгаар л ийм зүйл боллоо, өөрөөс чинь болон хүүхдээс чинь уучлалт гуйж байна” гэсэн утгатай байсан... Ажил явдлыг Э-ийн талаас зохион байгуулсан тул би сайн мэдэхгүй байна Э нь бие муу группт байдаг хүн учир одоо би юугаа нэхэмжлэх вэ дээ л гэж бодож байна. Одоо уг хүнд гомдолтой гээд ямар нөхөр минь босоод ирэх биш дээ. Миний зүгээс гомдол санал байхгүй. Хуулиараа л шийдүүлнэ биз гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /1хх, 54-55х/,

6. Гэрч Л.Ц-ын “...20 цагийн орчим Н.Э, Н.О нар дэлгүүр ороё гэж гараад 0,75 литрийн Хараа нэртэй архи авчираад, би архинаас уугаагүй ... тэр хоёр архиа уучихаад дахиад дэлгүүр ороход бид гурав хамт явсан... дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архинаас нэг шилийг мөн хүүхдүүдэд ... зүйлс авсан... тэр хоёр мөн архиа хувааж уусан...Талийгаачийн эхнэрийг Б гэдэг ба энэ хоёр дундаасаа нэг охинтой юм...Талийгаач Н.О, манай нөхөр Н.Э нар архи ууж байхад сүртэй маргалдсан зүйл байхгүй, харин манай нөхөр Н.О-ыг гадуур дотуур шоу цэнгээн хөөж гадуур хоноод байдагт нь хэдэн үг хэлсэн. Өөр ямар нэгэн маргаан гаралгүй тэгээд унтах гээд хэвтэцгээсэн юм. ...Манай нөхөр бид хоёрын хооронд жаахан маргаан болоод би төрсөн дүү Одгэрэлийн гэрт орчиж хонохоор 23 цагийн орчим явсан санагдаж байна. Тэдний гэрт очиход 00 цаг өнгөрч байсан юм... намайг гэрт ирэхэд цагдаа ирчихсэн тууз татчихсан байсан... намайг 3 хүүхдээ дагуулаад явахад Н.Э, Н.О нар үлдсэн...” гэх мэдүүлэг, /1хх, 60-61х/,

7. Гэрч С.Н-ын “...2019 оны 12 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад би гэртээ хөл бөмбөг үзээд сууж байтал манай хаалга нүдэх чимээ гарсан тэгэхээр нь би хаалгаа онгойлгосон чинь Э манай гэрт ороод ирсэн ба надад “би О-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гараад явахаар нь би араас нь гарах гээд хувцсаа өмсөж байхад манай гал тогооны өрөөний шалан дээр цус дуссан байсан. Тэрийг нь арчаад цэвэрлэчихсэн. Тэгээд би Эийн араас Эийн гэр лүү нь орсон чинь О гэрийн зүүн багананы хажууд дээшээ харчихсан шалан дээр хэвтэж байсан ба О-ын фудболк нь дээшээ сөхөгдсөн, мөн цус болсон байхаар нь би тэрийг нь дээшээ сөхөөд харсан чинь О-ын зүүн хөхний доод хэсэгт хутганы шарх байсан. Тэр үед О дөнгөж толгойгоо хоёр тийшээ хөдөлгөж байсан ба юм хэлж чадахгүй байсан. Тэгээд би Эийн гэрээс гарч гэрлүүгээ ороод цагдаа болон түргэн дуудчихаад эргээд Эийн гэрт ороод ирсэн чинь Э зүүн гартаа хутга барьчихсан хоймрынхоо буйдан дээр сууж байсан. Тэгээд би хутгыг нь салгаж аваад зүүн талын ширээн дээр тавьчихсан юм...” гэх мэдүүлэг, /1хх, 66-68х/,

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 619 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачид цээжний урд хэсгийн өвчүү хавирга, үнхэлцэг зүрх гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ажлын хэсгийн өргөн 4 см-с доошгүй, урт нь 5 см-с дээш хэмжээтэй хатгагч зүсэгч багажийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Талийгаач нь цээжний хөндийг нэвтэрч зүрх гэмтээсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус алдсанаас зүрх чихэлдэн нас баржээ. Цус нь 1-р бүлэг байна. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэж тодорхойлжээ. /1хх, 97-99х/,

9. Шинжээч эмч Б.А-ын “...Талийгаач Н.О-ын цээжний урд хэсэгт зүүн хөхний толгойноос доош 7, 8 цагийн түвшинд өвчүүний хажуу шугамаар 6 дугаар хавирганы түвшинд 6 дугаар хавирганы толгойг мөгөөрсөн хэсгээр нь хадаж, зүрхний оройг зүсэн зүрхний баруун ховдолруу орсон доороос дээш урдаас хойш бага зэрэг ташуу /30-35 градус/ чиглэлтэй хатгагдсан шарх байсан. Зүрхний хөндий рүү нэвтрээд төгссөн учраас шархны сувгийн нийт уртыг тогтоох боломжгүй байсан. Харин шархны нийт өргөний хэмжээ бол 4 см байсан. Цээжний урд хэсгийн арьсан дээр үүссэн шархны хэлбэрээс харахад доод өнцөг дээд өнцгөөс арай хурц байсан учир хатгагч багажны /хутганы/ ир доошоо харсан буюу хутга босоо байрлалтай байсан гэж үзэж байна...Талийгаачийн хувьд өвчүү болон 6 дугаар хавиргыг мөгөөрсөн хэсгээр хадаж орсон байсан. Энэ нь арьс зөөлөн эдийг зүсэхээс илүү хүч шаардагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл нэлээн хүчтэй хатгагдсаны улмаас мөгөөрс хадагдаж цээж рүү нэвтэрч зүрх рүү орсон байсан...Мэдүүлэг шалгах ажиллагааны үед Н.Э-ийн хутга барьсан байрлал нь хутганы ир, мөр хэсгийг цээж дагуулан параллель бариад байсан, энэ үед талийгаачийн биед үүссэн доороос дээш урдаас бага зэрэг хойш чиглэлтэй, хутганы ир доош мөр дээш харсан шарх үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь хутганы ир хэсгээр хатгах үед бус хутганы үзүүр хэсгээр хатгагдах үед үүснэ, хутганы ирээр зүссэн шарх байгаагүй. Шууд хатгагдсан шарх байсан...Хүнд зэргийн согтолтын үед хүн бүрт өөр өөр дүр зураг илрэх бөгөөд үйлдэл хөдөлгөөн биеэ хамгаалах чадвар эрүүл хүнээс бага буюу сул байна...” гэх мэдүүлэг /1хх,93-94х/,

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 1464 дугаартай дүгнэлтээр: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутга шинжилгээнд тэнцэх бөгөөд уг хутганд наалдсан цус нь хүний цус бөгөөд ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Н.О-ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэх дүгнэлт /1хх, 101х/,

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1210 дугаартай дүгнэлтээр: “...Цагаан оруулгатай хар футболканд гарсан 40 мм, саарал цамцанд гарсан 35 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно...” гэх дүгнэлт /1хх, 137-141х/,

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 453 дугаартай дүгнэлтээр: “...Н.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Э нь гэмт хэрэг үйлдэх /үйлдэгдэх/ үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Н.Э нь өөртөө болон бусдад аюул учруулах болзошгүй эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна. Н.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Н.Э нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Н.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Н.Э-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Н.Э нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэх дүгнэлт /1хх, 148-149х/,

13. Н.Э-ийн яллагдагчаар өгсөн “...Тэр өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд О манай гэрт ирчихсэн байсан. Тэгээд О ганц шил архи уучихмаар байна гэхээр нь би “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь нэг шил архи аваад өгчихөөч гээд байхаар нь би 0.75 литрийн нэг шил хараа архи авч өгөөд...хувааж уусан...Тэгээд О бид хоёр байж байхад би От “унтахаасаа өмнө нүүрсээ оруулж ирээд тавьчхаарай” гэж хэлсэн чинь О “чи одоо юу гээд байгаа юм бэ, би боол чинь юм уу” гэх хэлээд ширээний цаад талд сууж байгаад босч ирээд гараараа далайгаад намайг цохих гээд ирсэн. Тэгэхэд нь мах идээд сууж байсан ба гартаа хутга барьчихсан байсан ба цохих гээд гараараа далайхад нь түлхэхдээ хутгатай гараараа түлчихсэн чинь хутгалдчихсан юм. Тэгээд О газар унаад өгсөн...Би мах идээд сууж байсан ба гартаа хутгатай байгаагаа мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1хх,160-163х/.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Н.Э:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 10 дугаар гудамжны 07 тоотод байрлах Н.Э-ийн гэрт 2019 оны 02 дугаар сарын 24-ний оройноос Н.Э, Н.О нар нь 0,75 болон 0,5 литрийн хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уусан. Улмаар Н.Э нь эхнэртэйгээ маргалдсаны улмаас эхнэр Л.Ц- нь 3 хүүхдээ дагуулан 23 цаг өнгөрөөгөөд айлд очиж хонохоор явсан бөгөөд шүүгдэгч болон хохирогч хоёр гэрт үлдсэн. Улмаар шөнийн 00 цаг өнгөрч байх үед шүүгдэгч Н.Э нь Н.О-ын зүрхэн тушаа газарт хутгалж алсан болох нь  

гэрч Л.Ц-ын “...20 цагаас хойш нөхөр Н.Э, талийгаач Н.О нар нь 2 шил Хараа нэртэй архи ...хувааж уусан... архи ууж байхад сүртэй маргалдсан зүйл байхгүй, харин манай нөхөр Н.О-ыг гадуур дотуур шоу цэнгээн хөөж гадуур хоноод байдагт нь хэдэн үг хэлсэн... харин тухайн үед нөхөр бид хоёрын хооронд жаахан маргаан болоод би төрсөн дүү Одгэрэлийн гэрт орчиж хонохоор 23 цагийн орчим явсан санагдаж байна. Тэдний гэрт очиход 00 цаг өнгөрч байсан юм” гэсэн агуулгатай мэдүүлэг,

гэрч С.Н-ын “...шөнө 00 цаг өнгөрч байхад би гэртээ хөл бөмбөг үзээд сууж байтал Э манай гэрт ороод ирсэн ба надад “би О-ыг хутгалчихлаа” гэж хэлсэн... хойноос нь гэрт оросон ирсэн чинь Э зүүн гартаа хутга барьчихсан хоймрынхоо буйдан дээр сууж байсан... О гэрийн зүүн багананы хажууд дээшээ харчихсан шалан дээр хэвтэж байсан...Тэр үед О дөнгөж толгойгоо хоёр тийшээ хөдөлгөж байсан ба юм хэлж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,

мөн Н.Э-ийн яллагдагчаар өгсөн “...мах идээд сууж байсан ба гартаа хутга барьчихсан байсан ба цохих гээд гараараа далайхад нь түлхэхдээ хутгатай гараараа түлчихсэн чинь хутгалагдчихсан юм...” гэсэн мэдүүлэг,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн “...цээжний хөндийг нэвтэрч зүрх гэмтээсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус алдсанаас зүрх чихэлдэн нас баржээ, гэмтэл нь ажлын хэсгийн өргөн 4 см-с доошгүй, урт нь 5 см-с дээш хэмжээтэй хатгагч зүсэгч багажийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ”, эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга /амь хохирогч Н.О-ын цусаар бохирлогдсон/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн шинжээч эмчийн “...Талийгаач Н.О-ын цээжний урд хэсэгт зүүн хөхний толгойноос доош 7, 8 цагийн түвшинд өвчүүний хажуу шугамаар 6 дугаар хавирганы түвшинд 6 дугаар хавирганы толгойг мөгөөрсөн хэсгээр нь хадаж, зүрхний оройг зүсэн зүрхний баруун ховдол руу орсон доороос дээш урдаас хойш бага зэрэг ташуу /30-35 хэм/ чиглэлтэй хатгагдсан шарх байсан... нэлээн хүчтэй хатгагдсаны улмаас мөгөөрс хадагдаж цээж рүү нэвтэрч зүрх рүү орсон байсан...Мэдүүлэг шалгах ажиллагааны үед Н.Э-ийн хутга барьсан байрлал нь хутганы ир, мөр хэсгийг цээж дагуулан параллель бариад байсан, энэ үед талийгаачийн биед үүссэн доороос дээш урдаас бага зэрэг хойш чиглэлтэй, хутганы ир доош мөр дээш харсан шарх үүсэх боломжгүй. Уг гэмтэл нь хутганы ир хэсгээр хатгах үед бус хутганы үзүүр хэсгээр хатгах үед үүснэ, хутганы ирээр зүссэн шарх байгаагүй. Шууд хатгагдсан шарх байсан...” гэсэн мэдүүлэг нь хэргийн нөхцөл байдлыг илүү тодруулсан үндэслэл бүхий мэдүүлэг байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Учир нь шүүгдэгч Н.Э яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “тухайн үед гартаа хутга бариад мах мөлжөөд сууж байсан, талийгаач босож ирээд өөдөөс нь далайх үйлдэл хийх үед хутгатай гараараа түлхсэн” гэж тайлбарлах боловч гартаа хутга барьсан байрлалын хувьд үзүүр хэсгийг амь хохирогчийн бие рүү шууд чиглүүлээгүй, хөндлөн байрлалтайгаар барьсан байсан гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж, дүрслэн үзүүлсэн. Шүүгдэгчийн дүрсэлж үзүүлсэнтэй адилаар хутгыг барьсан тохиолдолд амь хохирогчид учирсан гэмтэл шархыг үүсгэх боломжгүй, хэрвээ тийм байрлалаар хутга барьж байсан бол зүсэгдэх шарх эсвэл шарх үүсэхгүй ч байж болно, мөгөөрс хадагдаж цээж рүү нэвтэрч зүрх рүү орсон байсан нь хутганы үзүүрээр хатгасан хүч нэлээд их байсныг харуулж байна гэсэн шинжээч эмчийн үндэслэл бүхий тайлбар, мэдүүлгээр хутгыг амь хохирогч руу чиглүүлээгүй гэсэн шүүгдэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, эсхүл хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд зориуд хүргэсэн байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна гэж заасан ба “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /мэдэж/,  түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэгт тооцно гэж заажээ.

 

Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Н.Э нь амь хохирогч Н.О-ыг алах санаа зорилго анхнаасаа агуулаагүй байх боловч архи согтууруулах ундааны зүйл уусан үедээ маргалдаж, улмаар хутганы үзүүрээр цээж рүү нэвт хатгасан үйлдлийг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

 

Учир нь тухайн нөхцөл байдалд шүүгдэгч нь гартаа хутгатай сууж байснаа мэдэж байсан, мөн хутгатай гараар хүнийг түлхэх, тэр тусмаа цээжин тус газарт чиглүүлэн барьж хүчтэй түлхэх, хатгах үйлдэл хийх нь хор уршиг учрахыг мэдэж, хүсч үйлдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

 

Мөн шүүгдэгчийн үйлдлийг нь гэм буруугийн болгоомжгүй шинж байхгүй буюу ердийн ахуйн хүрээнд анхаарал, болгоомжтой байх үүргээ биелүүлээгүйн улмаас бусдын амь насыг хохироосон гэж үзэх боломжгүй, түүнчлэн шүүгдэгч нь хэрэг гарах үед санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Харин прокуророос шүүгдэгч Н.Э-ийг хохирогчийг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилснийг шүүх бүрэлдэхүүн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Хохирогчийг “биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдэгт бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдлыг ойлгодог.

 

Тодруулбал: Шүүгдэгч өөрийн оюун санааны түвшинд хохирогчийн энэ нөхцөл байдлыг ашиглаж, гэмт үйлдлээ хэрэгжүүлж байгаагаа мэдэж, ухамсарласан нь тогтоогдсон байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр шүүгдэгч Н.Э, амь хохирогч Н.О нар нь хэрэг учрал болох өдөр 0,75 литр, 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи хувааж уусан нь тогтоогдсон. Мөн амь хохирогчийн хувьд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон гэж ойлгогдох нөхцөл байдал байгаагүйн гадна хохирогч гар далайн идэвхитэй үйлдэл хийж байсан бөгөөд шүүгдэгчийн хувьд ч амь хохирогчийн хүнд зэргийн согтсон байдлыг далимдуулан гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Түүнчлэн “хүнд бус хүчтэй” зэргийн согтолттой байх үед хүний биеэ хамгаалах, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй гэж үзэх боломжтой гэж анагаах ухаанд үздэг гэсэн шинжээч эмчийн тайлбар болон хууль зүйн талаасаа тэр нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэгч ухамсарласан байх давхар шинжийг шаарддаг болохыг анхаарах шаардлагатай.   

 

Иймд хамтдаа архи уусан, тухайн нөхцөл байдалд маргалдсаны улмаас гэнэт үүссэн санаагаар хүнийг алсан гэж үзэх үндэстэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Б- “... Ажил явдлыг Эийн талаас зохион байгуулсан тул би сайн мэдэхгүй байна. Одоо уг хүнд гомдолтой гээд ямар нөхөр минь босоод ирэх биш. Миний зүгээс гомдол санал байхгүй...” гэжээ.  Гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон учирсан хор уршиг арилахгүй бөгөөд шүүгдэгч Н.Э-ийн талаас амь хохирогчийн буяны ажилтай холбоотой зардлыг гаргасан, хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын хувьд 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналыг гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Э-ийн үйлдэлд дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...”, 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамруулан, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, хар фудволк 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж байна.

Мөн шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн шүүгдэгчийг цагдан хорихоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Н.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, саарал цамц 1 ширхэг, хар фудволк 1 ширхэг, өмд 1 ширхэг устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг дурдан, шүүгдэгч Н.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч Н.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Н.Э-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай холбогдох байгууллагад мэдэгдсүгэй.  

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР

                                   ШҮҮГЧИД                     Г.ГАНБААТАР

                                                                         Б.БАТАА