Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2026/ХШТ/57

 

Б.М, Б.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Т.Пүрэвбазар, шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Намнансүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Лхагвахүү, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр магадлалтай, Б.М, Б.Д нарт холбогдох 2303003780443 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Д, хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч М.Э нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Б.М,

2.Монгол Улсын иргэн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, 3 дугаар дамжааны оюутан, Б.Д,

Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.М-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг, шүүгдэгч Б.Д-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялын хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, хохирогч Б.Х нар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний журмаар шүүгдэгч Б.М, Б.Д, иргэний хариуцагч Н.Б нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Д.Гомбо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ын өмгөөлөгч Х.Лхагвахүү нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

Хохирогч Б.Х хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие ослын улмаас тархиндаа хүнд гэмтэл авч өөрийн эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл зүйгээрээ ихээхэн хохирч, хамгийн сайн найз Б.Н-ийг алдаж насан туршийн шаналалтай болсон. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэлгүйгээр ослын шалтгаан болсон гэм буруутай этгээд болох цагдаагийн албан хаагч Б.М-д ялын хамгийн бага хэмжээг оногдуулсанд гомдолтой байна. Б.М нь тус үйл явдал болох үеийн байдлаар 2 бүхэлтэй согтуу байсан бөгөөд үргэлжилсэн цагаан шугам давж эгнээ хааж зогссоноор барахгүй дахин урагш хөдөлж энэхүү ослыг гаргасан. Миний бие тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас духандаа хонхорхой бүхий сорвитой, гэмтлээс улбаатай олон сар, жил ажилгүй байсан бөгөөд өөрийн зардлаар эмчилгээ хийлгэх боломжгүй талаар шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсээр байсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс уг асуудлыг шийдвэрлэлгүй орхисон. Үүгээр зогсохгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой гомдлыг маань шийдвэрлэлгүй орхисонд туйлын гомдолтой байна. Амьдралд дөнгөж хөл тавьсан 4 залуу хүүхдийн замд хөндөлсөж, энэ их уй гашуу, хохирол, хор уршгийг учруулсан Б.М-ыг шударгаар шүүж зохих ял шийтгэл оногдуулаагүй, хохирлыг ч барагдуулах арга хэмжээ авахгүй байгаа нь шударга бус, хүний ёсонд байж боломжгүй санагдана. Цагдаагийн алба хаагч нь ард иргэддээ манлайлал үзүүлж, хууль дүрэм, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах үүрэгтэй атал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эрдэнэт хүний аминд хүрсэн.

Иймд Улсын дээд шүүхээс уг хэргийг онцгойлон анхааран үзэж, нийгэмд зөв жишгийг тогтоож өгөөсэй хэмээн иргэн, хохирогч, сайн найзын хувиар хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч М.Э хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие 2023 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө болсон ослыг хажуунаас нь нүдээрээ харсан гэрч билээ. Тиймээс хэрэг шалгагдаж байх үед өөрийн үзсэн харсан зүйлийг үнэн бодитоор мэдүүлж, хэргийг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэж итгэж байсан. Гэтэл шүүхээс Б.Д-ийг яллаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Б.М нь тээврийн хэрэгслээ жолоодон эсрэг урсгалын дунд хэсэгт ороод зогссон бөгөөд гол замаар явж байсан Б.Д тухайн тээврийн хэрэгслийг тойрч гарах үед Б.М дахин автомашинаа хөдөлгөж осол гарах шалтгааныг бүрдүүлсэн байдаг. Миний зүгээс харахад осол гарах болсон хамгийн гол шалтгаан нь өөрийн үйлдлийг бүрэн ухамсарлах чадамжгүй буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөний дүрмийг удаа дараа зөрчсөн Б.М-ын үйлдлүүдтэй шууд хамааралтай. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Д-д ял оногдуулсан явдлыг дахин нягталж үзэхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.  

Шүүгдэгч Б.Д хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ жил 22 настай, ..... сургуульд Маркетингийн чиглэлээр 3 дугаар дамжаанд суралцдаг. Согтуугаар жолоо барьсан цагдаагийн албан хаагчийн буруугаас болж, миний бие 19 насандаа ослын улмаас хүний аминд хүрсэн хэрэгт ял шийтгүүлээд байгаа тул эцсийн боломжоо ашиглаж, өмнөх шүүх хурлуудад хэлээгүй үнэн мөнийг энд бичлээ.

2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Гачуурт дахь Монгол шилтгээнд болсон “Ибиза” арга хэмжээг тараад Батоник (Амгалан орчим) дахь гэртээ харих байсан. Гэтэл оюутан цэрэг хөтөлбөрт хамт хамрагдсан найз Тэмүүжин залгаж тус арга хэмжээнээс 2 хүнийг хүргэж ирэхийг гуйсан нь талийгаач Б.Н болон хохирогч Б.Х нар байсан. Тэр үед шууд гэртээ харих нь надад илүү ойрхон байсан ч 12 цаг өнгөрч шөнө болсон байхад эмэгтэй хүүхдүүдийг орхиж болохгүй гэж бодоод хүргэж өгөхийг зөвшөөрсөн. Шөнө болсон, зам харьцангуй хоосон байсан учраас тэднийг хурдхан хүргэж өгөөд гэртээ харих гэж яаран зарим газруудад хурдтай явсан. Тийм болохоор би автомашинд байсан бүх хүмүүсийг бүсээ зүүхийг сануулж байсан. Энэ талаар хохирогч М.Э “Д хойд суудалд сууж явсан хоёр эмэгтэйд хамгаалах бүсээ зүү гэж 2-3 удаа хэлсэн боловч тэд бүс зүүгээгүй ... Д согтуу хүмүүс зөндөө явж байгаа та 2 хамгаалах бүсээ зүүгээд хойшоо суугаарай гэж хэлэхэд тоосон шинжгүй хоорондоо ярилцаад байсан” гэж мэдүүлсэн.

... Жанжин клубийн уулзвар дээр ирэхэд миний эсрэг талын урсгал (баруунаас зүүн зүгт чиглэлтэй)-ын 2 дугаар эгнээнд нэг приус автомашин уулзвараас нэлээн цааш буюу дотогш талдаа зогсож байсан. Тэр автомашин аль нэг зүгт эргэх дохио өгөөгүй, хөдөлгөөнгүй зогсож байсан бөгөөд намайг дөхөж ойртох үед уулзвар хүрэлгүйгээр, үргэлжилсэн цагаан зураас давж эсрэг урсгалын 2 дугаар эгнээ рүү урсгал сөрж ороод зогссон. Энэ үед би яг тухайн эгнээнд явж байсан учраас хурдаа хасаж, сигнал болон гэрлээр дохио өгөхөд тэр автомашин зогссон. Би тэр приус автомашиныг зогссон гэж бодоод, хурдаа хассан чигээрээ жолооны хүрдээ баруун тийш дарж өөрийн чиглэлийн 1 дүгээр эгнээ рүү шилжиж, зөрж өнгөрөхийн яг өмнө нөгөө автомашин гэнэт хаазалж, миний автомашины хамар хэсэг рүү чанх зүүн талаас эгц мөргөсөн. Ингээд миний автомашин дээш шидэгдэж, гэрлийн шон мөргөж, унасан болохыг би ослын дараа ухаан алдаж сэрээд ойлгосон. ... Тэгэхэд нэг ахын тархи хагарч цус гоожсон, хөлийн шилбэ нь язарч хугараад цус гоожчихсон байхад шал согтуу ухаангүй хурхираад унтаад байсан нь өнөөдрийн шүүгдэгч Б.М байжээ. Тэр ах гэмтлийн эмнэлэг дээр очсон байхад ч мөн л ухаангүй хурхираад унтаад байсан. Сүүлд хэргийн материалтай танилцах үеэр түүний цусанд спиртийн хэмжээ 2,1 бүхэл байсан болохыг мэдсэн бөгөөд тэрээр замын цагдаагийн драйгер үлээх ч чадамжгүй, эмнэлэгт очоод ч ухаангүй согтуу байсан талаарх баримтууд хэрэгт байгаа. Мөргөх үед би 68,04 км/цаг хурдтай явж байсан нь ослын улмаас учирч болох хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн. Харин ..... улсын дугаартай автомашин замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтуудыг зөрчсөн нь ослын шууд шалтгаан болсон талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтэд М-ын өмгөөлөгч нар гомдол гаргасны дагуу нэмэлт шинжилгээ хийлгээд “... учирч болох хохирлыг нэмэгдүүлсэн гэдэг нь ... хохирол ихсэхэд нөлөөлсөн байх магадлалыг нэмэгдүүлснийг хамрах ойлголт” гэж тогтоосон.

Миний ойлгож байгаагаар энд дурдсан магадлалыг нэмэгдүүлсэн гэх ойлголт нь намайг буруутай гэдгийг хөдөлшгүй байдлаар нотолсон зүйл биш, зөвхөн магадлал, таамаглалын түвшинд байна. Эрүүгийн эрх зүйд гэм бурууг магадлалаар биш, хөдөлшгүй баримтаар нотлох ёстой. Харин өмнө дурдсан ..... улсын дугаартай автомашин замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн нь ослын шууд шалтгаан болсон талаар анхны болон нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдээр давхар тогтоогддог. Түүнчлэн тус дүгнэлтээр “зөвхөн тоормосны гулссан мөр гарсан тохиолдолд зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй. Зогсоох арга хэмжээнд автомашин хурдыг багасгах, чиглэл өөрчлөх ... зэрэг хамаарагдана ... Д нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шилжин, жолооны хүрдээр автомашины чиглэлийг өөрчилсөн тул зогсоох арга хэмжээг авсан гэж үзнэ” гэж дүгнэсэн.

Мөн миний үйлдлийн талаар уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 жил гаруй хугацаанд хяналт тавьсан тээврийн хяналтын прокурор “гэмт хэрэг гарах шалтгаан болох, осол гарахад нөлөөлөх хор уршгийг нэмэгдүүлсэн байх зэрэг нь 3 тусдаа ойлголт байдаг. Тодруулбал, хурдыг тодорхой хэмжээнд буюу 8 км/цаг хурдаар хэтрүүлэх нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд хамаарахгүй. ...Д-ий үйлдлээс болж осол гараад байгаа юм биш, харин М үргэлжилсэн цагаан зураас давж зүүн тийш эргэхдээ чигээрээ явж байсан буюу давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйгээс осол үүссэн” гэх удаа дараагийн дүгнэлтүүдийг хийж байсан. Харамсалтай нь тэрээр хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан.

...Тухайн үед би түүнийг тийм өндөр хэмжээний согтуу, жолоо барих чадамжгүй байсан гэдгийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Болсон бодит явдал нь ийм байхад давж заалдах шатны шүүх намайг хангалттай хугацаа байхад тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй, тойрч гараагүй, самбаа гаргаагүй, хайхрамжгүй хандсан гэж буруутгасанд асар гомдолтой байна. Мөн М-ын өмгөөлөгч нар намайг араас нь хөөж элдээд мөргөсөн мэтээр буруутгасан. Хэрэв тэр жолооч анхнаасаа ухаангүй согтуу байж жолоо бариагүй байсан бол, тийм өндөр согтолттой байж жолоо барихдаа гэр бүлийнхээ хүнтэй утсаар яриагүй байсан бол,  уулзварт нэвтрээгүй байж шулуун зураас давж буюу урсгал сөрж, хөндлөн зогсоогүй байсан бол, ингэж миний явж байсан 2 дугаар эгнээг хааж зогсчхоод дахиж хөдөлж, нэгдүгээр эгнээнд явж байсан намайг хажуугаас мөргөөгүй байсан бол энэ осол гарахгүй гэдэгт бий туйлын итгэлтэй байна. Энэ талаар би огт худал хэлээгүй болох нь осол болсон даруйд 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шөнө хохирогч М.Э-с хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд авсан мэдүүлгээр давхар нотлогдоно.

Өнгөрсөн хугацаанд миний өмгөөлөгч байсан Д.Гомбо намайг анхан шатны шүүх хуралдаанд “нэг их зүйл битгий яриарай” гээд бүрэн яриулаагүй. Харин давж заалдах шүүх хуралд “чи ирээд буруу зөрүү ярьж магадгүй, хуралд битгий ирээрэй” гээд оролцохгүй байхыг зөвлөсөн. Би аль ч тохиолдолд өмгөөлөгчийнхөө зөвлөгөөг дагасан маань алдаа болсныг одоо ойлгож, их харамсаж байна. Иймд Улсын дээд шүүхийн шүүх хуралдаанд өөрөө оролцож, бодит үнэнийг тайлбарлаж, өөрийн буруутай эсэхээ эцсийн удаа шүүхээр шүүлгэх хүсэлтэй байгааг минь хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч Т.Пүрэвбазар хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах байр суурьтай оролцож байна.

... Шинжээчийн дүгнэлтэд Б.М-ыг согтуугаар жолоо барьсан, уулзварт нэвтрэхдээ чигээрээ явж байгаа, давуу эрхтэй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурдагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хөндөгдөөгүй хэд хэдэн зүйл яригдана. Уулзвар нэвтрээд энэ үйлдэл болсон мэтээр шүүхийн хэлэлцүүлэг явагдсан. Эхнэртэйгээ утсаар ярьж байхдаа буюу анхаарал сарнисан үйлдэл хийж байсан. Хамгийн чухал нь хажуугаар нь тойрч гарах үед дахин идэвхтэй үйлдэл хийгээд хажуу талаас нь мөргөсөн. Үүнийг гэмт хэрэг гарах үндсэн шалтгаан нөхцөл гэж үзсэн. Мөн үүнд согтуугаар жолоо барьсан, урсгал сөрсөн үйлдлүүд нөлөөлж байгаа. Б.Д “бүсээ зүүгээрэй” гэж удаа дараа сануулсан. Энэ талаар Б.Д болон иргэний нэхэмжлэгч Э нар мэдүүлсэн. Харамсалтай нь ослын дараа урд сууж явсан хоёр хүний биед хөнгөн гэмтэл, ард сууж явсан хоёр хүнд харамсалтай явдал болсон. Нийт 2 удаагийн 6 шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн шинжээч нар Б.М-ын үйлдлийг шууд шалтгаан болсон талаар аль аль нь дүгнэсэн. Эхний дүгнэлтэд “Б.Д-ий тухайд шууд шалтгаан болоогүй, учирч болох хохирлыг нэмэгдүүлсэн” гэж дүгнэсэн. Хоёр дахь дүгнэлтэд авагдсан шинэ зүйлс нь учирч болох хохирлын талаар “зорчигчдод үүсэх гэмтлийн зэрэг ихсэхэд нөлөөлсөн байх магадлалыг нэмэгдүүлсэн ойлголт юм” гэж дүгнэсэн. Мөн Б.Д-ийг “зогсох арга хэмжээ авсан байна” гэсэн. Хурлын тэмдэглэлээс үзэхэд Б.М-ын өмгөөлөгч нар “тоормосны мөр гараагүй учраас Б.Д тэр чигтээ очоод мөргөсөн” гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд “хурдыг хасах, чиглэлийг өөрчлөх зэрэг нь зогсоох арга хэмжээнд орно, Б.Д зогсоох арга хэмжээ авсан” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Б.Д болон Б.М нарыг яллахдаа 16 нотлох баримтыг үндэслэсэн. Анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу бид шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй” гэсэн. Гэвч хуульд заасан шаардлагаар шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй гэж үзвэл үүний үндэслэлийг заавал тодорхой тусгах шаардлагатай. Д-ий хувьд 68.04 км/цаг хурдтай явсан талаар огт маргаагүй. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэлээ хангалттай тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншаад үзэхэд 3 үндсэн дүгнэлтийг хийжээ. Б.Д-ийг хурд хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Тухайлбал, хохирогч Х “100-120 км/цагийн хурдтай явж байсныг би харсан” гэж мэдүүлсэн. Гэтэл энэ хурд нь осол болохоос өмнөх хурдыг хэлж байгаа. Энэ бүхнийг үндэслээд осол болох үед 100, 80, 120 км/цагийн хурдтай явж байсан мэтээр давж заалдах шатны шүүх дүгнэсэн. ...Б.Д “би 100 км/цагийн хурдтай явж байсан, автомашин мөргөхийн өмнө хурдаа хасаж байхдаа хянах руу харахад 80 руу орсон, мөргөх үед дахин буусан бөгөөд хэд болсныг нь би мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн. Тиймээс таамгийн шинжтэй, баримжаагаар өгсөн мэдүүлгийг үндэслээд шинжээчийн дүгнэлтийг баримтлаагүй.

... 1 дүгээр хавтаст хэргийн 21, 22 дугаар талд авагдсан фото зургийн үзүүлэлтээс үзэхэд Тоёота приус машины хамар чанх урдуураа шалчийж эвдэрсэн, харин “Toyota harrier” машины хамар зүүн урд булан эвдэрсэн. Тиймээс Тоёота приус маркийн машин хажуу талаас нь орж ирээд эгц мөргөсөн байна гэсэн логик дүгнэлт харагддаг. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал алдаатай гарсан гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч нар энэ хэрэг дээр маш сайн ажилласан. Тухайлбал, үйлчлүүлэгчээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх талаар шинжээчээр тогтоолгоод, хэрэг хариуцах чадвартай гэж гарахаар нь цуснаас нь дээж авсныг зөвшөөрөлгүй авсан учраас нотлох баримтаас хасуулна гэдэг. Б.Д-ийг яллагдагчаар татуулах талаар гомдол гаргахад тээврийн ерөнхий прокурор, Улсын ерөнхий прокурор татгалзсан хариу өгдөг. Энэ хэрэгт эхнээс нь хяналт тавьж байсан прокурор Итгэлт яллагдагчаар татахаас татгалзах тогтоол гаргасан. Шүүх хуралдаанд оролцохдоо “би энэ хүүхдийг яллаж чадахгүй, гэхдээ намайг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бол би сайн дураараа гарахад татгалзах зүйлгүй” гэж хэлээд энэ хэргээс татгалзан гарсан. Хэрэгт хохирогчийн ар гэрийн мэдүүлгүүд хэд хэдэн удаа авагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх талд “гомдолтой байгаа жолооч миний охиныг бүсээ зүү гэж шаардаад бүсийг нь зүүлгэсэн бол ийм явдал болохгүй байсан” гэж мэдүүлсэн. 3 дугаар хавтаст 170 дугаар талд “согтуу жолоочийн улмаас миний охины амь нас хохирлоо, М-оос сэтгэцэд учирсан хор уршгийг шаардана, М-оос хохирлоо нэхэмжилнэ” гэх зэрэг мэдүүлэг байдаг. Б.Д-ий хурд хэтрүүлсэн үйлдлийг зөвтгөх арга байхгүй. Үүнийг 120 км/цагийн хурдтай араас нь хөөж очоод мөргөсөн мэтээр дүгнэн яллаж болохгүй. Гэм буруутай нэг үйлдэлд нь хариуцлага оногдуулна гэвэл 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Б.Д нь хурд хэтрүүлсэн үйлдэлдээ зөрчлийн шийтгэл хүлээсэн. Энэ нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс Б.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоодог хамгийн чухал нотлох баримт нь хэргийн газрын схем зураг бөгөөд хэрэгт авагдсан байгаа. Схем зургаас харахад шүүгдэгч Б.Д хоёрдугаар эгнээгээр явж байгаад шууд хөдөлгөөний чиглэлийг өөрчлөөд, хоёрдугаар эгнээнд үйлдлээ дуусгаж байсан Б.М-ыг очиж мөргөсөн үйл баримт хэрэгт авагдсан. Ийм учраас шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтээр “хурд хэтрүүлж явсан нь учирч болох хохирлыг ихэсгэсэн байна” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг бариад 60 км/цагаас бага хурдтай явж байсан бол тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан хүмүүсийн амь нас үрэгдэхгүй байх, хор уршиг ихсэхгүй байх боломжтой гэж шинжээч нар дүгнэсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Иймээс анхан шатны шүүх удаа дараагийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч Б.Д “урьд нь хэлээгүй зүйлээ өнөөдөр хэлж байна” гэсэн. Урьд нь энэ асуудлыг олон удаа яриад, тогтсон үйл баримтууд байгаа. Мөн энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Итгэлтэд нөлөөлсөн. Би прокуророос татгалзахад И “би энэ хэрэгт шууд нөлөөтэй оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ талаар шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хяналт тавьж байсан прокурор И хэлсэн үгийнхээ хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд техникийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэхгүй гэвэл үйл баримтаараа хурд хэтрүүлж явсан, нэгдүгээр эгнээнд явж байгаад чиглэлээ өөрчилсөн, мөргөлдсөний дараах тээврийн хэрэгслүүдийн байрлалыг хараад үзэхэд хор уршиг их болсон, Б.Д-ий буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарах шалтгаан болсон. Б.Д-ий өмнөх өмгөөлөгчөөсөө татгалзсан. Шүүгдэгч, яллагдагч худал мэдүүлэг өгөх эрх зүйн зохицуулалт байдаг. Б.Д-ий хяналтын журмаар гаргасан гомдолд “Гомбо өмгөөлөгч намайг битгий хэлээрэй, ийм юм болсон асуудал” гэсэн байсан. Б.Д-ий өмгөөлөгч Б.Д-ийг цагаатгах байр суурьтай оролцож байсан гэдгийг хэлэх нь зүйтэй гэв.

Шүүгдэгч Б.М-ын өмгөөлөгч Б.Намнансүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Х.Даваахүүтэй санал нэг байна. Замын тээврийн осол нь бусад хэргээс ялгагдах онцлогтой. Өөрөөр хэлбэл хэргийн газрын үзлэг, фото зургийн үзүүлэлт, ослын схем зураг нь ослын бүх зүйлийг хэлээд, тайлбарлаад гаргаад өгдөг. Хяналтын шатны шүүх хуралдаанд гомдолд дурдагдсан асуудал нь 100 хувь эсрэгээрээ юм. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн схем зурагт бүрэн байгаа. Б.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл Б.Д-ий жолоодож явсан “Toyota harrier” маркийн тээврийн хэрэгслийг очоод мөргөсөн бол тухайн хөдөлгөөн нь эсрэг тийшээ буюу Б.Д-ий чиг рүү явна. Гэтэл эсрэгээрээ Б.Д-ий явж байсан чиг рүү буюу 26.8 метр түрээд явсан. Б.Д-ий тээврийн хэрэгсэл 36 метр яваад зогссон. Хоёр цэгийн мөргөлдсөн А цэгээс хойш тухайн замыг туулаад явсан гэдэг нь хэрэгт авагдсан, нотлох баримтуудаар цугларсан баримтаар Б.Д-ий тээврийн хэрэгслийн хурд, хүчнээс хамааралтай. Шинжээч нарын дүгнэлт дурдсан 68,4 км/цагийн хурд гэдэг нь хамгийн доод талын хурд бөгөөд үүнээс дээш байх боломжтой. Хурд хэтрүүлсэн үйлдэл нь хохирол, хор уршгийг нэмэгдүүлсэн гэдгийг өмгөөлөгч Х.Даваахүү дурдсан. Өөрөөр хэлбэл, хурд хэдий чинээ их байна хохирол, хор уршиг төдий чинээ их байсан учраас хүний амь нас эрсдэж, хүнд, хөнгөн гэмтсэн. Иймд шийтгэх тогтоол, магадлал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэв.

Иргэний хариуцагч Н.Б-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. Шийтгэх тогтоол, магадлалын зарим дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Шүүгдэгчийн гаргасан гомдлыг дэмжих гол үндэслэл нь Б.Д-ий жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь иргэний хариуцагч Н.Б-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл байсан. Б.Д-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлтээр иргэний хариуцагчаас хохирол төлбөр төлөх асуудал яригдаж байгаа учраас түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасныг анхаарч үзнэ үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Лхагвахүү хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан, шүүгдэгч Б.Д-ий гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахаас татгалзана уу гэв.

Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт, Эрүүгийн хуулийн хэрэглээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Б.Д, хохирогч Б.Х, М.Э нарын гомдлын хүрээнд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч Б.Д нь осол болох үед 68.04 км цаг түүнээс дээш хурдтай явж байсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Шинжээч дүгнэлтээ гаргахдаа осол болсон анхны А цэгээс тээврийн хэрэгсэл зогссон зайг хэмжиж, үүссэн эвдрэл, гэмтэл туулсан зайгаар хурдыг тодорхойлсон. Шинжээчийн дүгнэлт нь давхар шүүгдэгч Б.Д-ий “хурдаа хасаад 80 км цаг руу буусан, яг мөргөх үед хэд болсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлгээр давхар нотлогддог. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих нийтлэг үүргийг цаг ямагт хүлээнэ. Дээрх нийтлэг үүргүүдтэй хамт нарийвчилсан бусад үүргийн зохицуулалтууд үйлчилдэг. Б.Д-ий Улсын дээд шүүхэд гаргасан гомдол болон хэрэгт авагдсан мэдүүлгээр “Б.М нь зам хөндлөн зогсож, эргэх үйлдэл хийх гэж байсан, би 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү дарж орсон, Б.М-ыг Замын хөдөлгөөний дүрмийн дагуу намайг явуулаад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх юм байна гэж бодсон” гэж дурдсан нь түүнийг зогсоно гэж хөнгөмсгөөр найдаж, хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 349 дугаартай магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Б.Д, хохирогч Б.Х, иргэний нэхэмжлэгч М.Э нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Д, Б.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгч Б.М нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны 00 цаг 50 минутын үед Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д заасныг зөрчиж 2,1 хувь /цусан дахь спиртийн агууламж/-ийн согтолттой “Toyota prius” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн замаас Жанжин клуб рүү эргэх уулзварт нэвтрэхдээ мөн дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас шүүгдэгч Б.Д-ий жолоодон явсан “Toyota harrier” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, шүүгдэгч Б.Д-ий хувьд “Toyota harrier” загварын ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж суурин газарт хамгийн багадаа 68 км/цагийн хурдтай явсны улмаас шүүгдэгч Б.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, уг зам тээврийн ослын улмаас “Toyota harrier” загварын ..... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Н-ийн амь нас хохирч, Б.Х-ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүгүй тогтоожээ.

3.Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Б.Д, иргэний нэхэмжлэгч М.Э нарын “... зам тээврийн осол гарахад Б.Д гэм буруугүй тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох…”, хохирогч Б.Х-ын “... шүүгдэгч Б.М-д хөнгөн ял оногдуулсан, гэм хорын нэхэмжлэлийг шүүх бүрэн гүйцэд шийдвэрлээгүй...” гэх агуулга бүхий гомдлуудыг хянаж үзээд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээн, оролцогчдын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч М.Э-оос хяналтын шатны шүүхэд хандаж шүүгдэгч Б.Д-ий гэм буруугийн талаар гомдол гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтын агуулга, зорилгод нийцээгүй тул түүний гомдолд хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй болохыг дурдав.

3.2.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулсан хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэгтээ хайнга хандсан үйлдэл, эс үйлдэхүй нь түүний улмаас бий болсон үр дагаврын үндэс, шалтгаан болсон байх учиртай. Иймээс зам тээврийн ослын шалтгаан нөхцөл, үйл явдлын өрнөл, дараалал, осолд холбогдсон жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг зөрчсөн гэм буруугийн хэр хэмжээ зэрэгт цогц байдлаар үнэлэлт дүгнэлт өгөх нь гэмт хэргийн шалтгаант холбоог тогтооход ач холбогдолтой.

Хэргээс үзэхэд шүүгдэгч Б.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, уулзвараар зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийхдээ өөдөөс явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, шүүгдэгч Б.Д суурин газарт зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлсний улмаас хоёр тээврийн хэрэгсэл замын уулзвар дээр мөргөлдөж, шүүгдэгч Б.Д-ий жолоодож явсан тээврийн хэрэгсэл чигээрээ анх мөргөлдсөн цэгээс 26,8 метр замыг туулж онхолдсон, шүүгдэгч Б.М-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Д-ий явсан чиглэлд анх мөргөлдсөн цэгээс 35,4 метр зайд хөндлөн чиглэлээр гулсаж зогссон, уг ослын улмаас хүний амь нас хохирч, эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь гэрч, хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал болон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.  

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван хоёрдугаар бүлэгт тээврийн хэрэгслийн хурдны талаар зохицуулсан бөгөөд 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-д “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл жолооч тогтоосон хурдны дээд хязгаарыг хэтрүүлээгүй бол дүрмийн зөрчилгүй гэсэн ойлголт биш бөгөөд жолоодож буй тээврийн хэрэгслийн онцлог, зам, орчны нөхцөл, цаг агаарын байдал, үзэгдэх орчин зэрэг бүхий л нөхцөл байдлыг үнэлж, тохирсон буюу аюул саад тохиолдох үед зогсох бүрэн боломжтой хурдыг сонгож явах үүрэг хүлээсэн. Ийнхүү зохицуулсан нь аюул ослоос урьдчилан сэргийлэх, осолтой тулгарсан тохиолдолд аль болох хохирол багатай даван туулах зорилгыг агуулсан шинжтэй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар энэ хэргийн тохиолдолд шүүгдэгч Б.Д уулзвараар түрүүлж нэвтрэх эрхтэй боловч үзэгдэх орчин хангалтгүй шөнийн цагаар, явган зорчигч, эсхүл бусад тээврийн хэрэгсэл нэвтэрч байхыг үгүйсгэхгүй замын уулзварт хурдны дээд хязгаар буюу хориглосон хэм хэмжээг зөрчиж 68 км/цагийн хурдтай нэвтэрсэн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, чигээрээ явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх дүрмийг зөрчсөн Б.М-той мөргөлдсөн, тэдний хэн алины үүрэгтээ хайнга хандсан үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах, уг ослын хохирол, хор уршгийг нэмэгдүүлэх шалтгаан болсон гэж үзнэ.

3.3.Шүүхээс гэм хорын хохирлын талаарх нотлох баримтын хууль ёсны, үндэслэлтэй байдлыг шалгаж, хянасны үндсэн дээр хохирогч Б.Х-ын нэхэмжилсэн 6,855,386 төгрөгийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин, ирээдүйд гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцсэн байна.

Эрүүгийн хэргийн шүүх бодит үнэнийг тогтоох зарчмын хүрээнд зөвхөн хуулийн дагуу хэрэгт авагдсан баримт сэлт, нотолгоонд үндэслэн шийдвэр гаргадаг тул ирээдүйд хийгдэх эмчилгээний төлбөрийг урьдчилан таамаглах байдлаар тогтоох боломж хязгаарлагдмал болохыг дурдах нь зүйтэй.

3.4.Анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-ын үйлдсэн хэрэг нь тухайн үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан, шүүгдэгч Б.Д-ий үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж, тухайн зүйлчлэлээр шүүгдэгч Б.М-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Д-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирчээ.

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулсан үндэслэл, шалтгаанаа шүүх тайлбарлаж зохих дүгнэлтээ хийсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Б.Д-ий, гэм хорын хохирол, ялын төрөл, хэмжээг  эс зөвшөөрсөн хохирогч Б.Х-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.Д, хохирогч Б.Х нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Ч.ХОСБАЯР