Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 667

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, “Ц к” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай” захирамжийн “Ц к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ц к” ХХК нь хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай” захирамжийн “Ц к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Хариуцагч байгууллагыг төлөөлөн “Гэр хороолол, дэд бүтцийн газраас  Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 09 дүгээр 01-ний өдөр 01/606 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгийг ирүүлсэн байна.

Уг албан бичигт “ ...“Ц К” ХХК-ийн төсөл хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг 13,14 хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын Е хэсэгчилсэн талбайн 5,6 га талбайг хуваагаагүй тул төслийн ажлыг хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой юм. Мөн тус захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг 13,14 хорооны нутаг дэвсгэр, Орон сууцны XIV хорооллын Е хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга зарлаагүй тул тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно” гэж дурдсан байна.

Иймд Нэхэмжлэгч нь уг тайлбартай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтын дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ц к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай” захирамжийн “Ц к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Ц к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.О нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд илэрхийлсэн байна. 

Мөн нэхэмжлэгч “Ц к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-д болон гүйцэтгэх захирал Д.О нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар “...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарласан бөгөөд ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг нээлттэй зохион байгуулах тухай” захирамжийн “Ц к” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч нэхэмжлэгч “Ц к” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ц к” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                         Л.ӨЛЗИЙЖАРГАЛ