Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 00182

 

 

 

 

 

 

 

 

 

П.Уугантулгын нэхэмжлэлтэй,

хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч : П.Уугантулгын нэхэмжлэлтэй,

Хариуцагч : “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 дүгээр сараас хойш ажилд тогтоох өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах, ажилгүй байх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас үйлдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь бонус зэргийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, Б/ 28, Б/840 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй,

 Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Уугантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Уугантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

 

П.Уугантулга би Эрдэнэт үйлдвэр-ийн захиралын 2008 оны 06 сарын 02 ны өдрийн 34К тушаалаар 69395 бүртгэлийн дугаартайгаар Уурхайчин соёлын ордонд борлуулалт, мэдээлэл сурталчилгаа хариуцсан арга зүйчээр ажилд орж байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан юм. Гэтэл миний хөдөлмөрийн гэрээг минь 2012 оны 09 сарын 05-ны өдөр цуцалж, жирэмсний амралттай байгаа А.Жавзан гэж хүний оронд нүүр хувиргагчаар томилсон цехийн дарга Б.Туяагийн Б/28 дугаартай тушаал гарч хөдөлмөрийн гэрээг минь цуцалсан байсан. Би байнгын ажлын байрнаас түр орон тоонд шилжих талаар хүсэлт гаргаагүй. Энэ үед цомхотгох талаар тушаал гарсан гэх яриа байсан боловч яг тийм тушаал Ерөнхий захирлын зүгээс гараагүй юм билээ. Дээрх Б/28 тушаалын тухайд байнгийн ажлын байрнаас түр орон тоонд шилжүүлэх тухай Эрдэнэт үйлдвэр-ийн хүний нөөцийн хэлтсээс, ерөнхий захирлаас ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байсан атал Уурхайчин Соёлын ордноос захирал буюу тушаал гаргах эрхгүй субъект тушаал гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд байгууллагын захиргаанаас орон тоо цомхотгосон болон хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй болсон талаар тухайн үед надад мэдэгдээгүй. Харин 2014 оны 05 сарын 08-ны өдөр нэг мэдэгдэл гэх зүйл надад өгснийг би хүлээн аваад тухайн өдөр үйлдвэрийн нийгмийн асуудал эрхэлсэн захирал С.Сувдаад, мөн 2014 оны 05 сарын 15-нд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Л.Болор-Эрдэнэд хандаж хүсэлт гарган өгсөн. Би 2014 оны 09 сарын 07-ны өдрөөс эхлэн ажлын байргүй, 11 сараас эхлэн хөдөлмөрийн хөлсгүй болж хохирсоор сая 2015 оны 7 сарын 31-ний өдөр гарсан Ерөнхий захиралын Б/840 дугаартай надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох тушаалыг гардан авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би захирал А.Баясгалангаас болж өнгөрсөн хугацаанд ажилгүй болж эдийн засаг болон сэтгэл зүйн дарамтанд байсаар өнөөг хүрсэн. Намайг яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, ажлын байраар хангахгүй, хүний нөөцийн хэлтэс, хуулийн хэлтэс, дарга, захирлуудын хаалганаас хаалга хүртэл олон удаа явуулж хохирол чирэгдэл учруулсан. Одоо ч би ид хийж бүтээх насан дээрээ хүний золиос болж мэргэжил, амьдрал, цаг хугацаагаараа хохирсоор явна. Иймд намайг эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийг даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

Намайг арга зүйчийн ажлаас өөрчилж нүүр хувиргагчийн орон тоонд шилжүүлсэн 3 жилийн хугацаанд үе үеийн шат шатны дарга нарын хаалгыг татахад хүргэсэн Б/28 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, уг тушаал нь миний ажлыг өөрчлөх тушаал гаргах эрх бүхий этгээдийн тушаал бус, өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр-ийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/42 дугаартай тушаалыг зөрчиж гаргасан тушаал тул хүчингүй болгуулах,

Намайг нүүр хувиргагчийн ажилд шилжүүлсэн гэх боловч би өнгөрсөн хугацаанд арга зүйчийн буюу өөрийн мэргэжлийн ажлыг хийж байсан тул арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох,

2014 оны 11 сараас хойш намайг ажилд минь тогтоох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах,

Ниймгийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх,

Ажилгүй байх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-аас үлйдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь бонус зэргийг нөхөн олгуулах,

Уурхайчин соёлын ордоноос надад 2014 оны 05 сард мэдэгдэл өгснөөс хойш 1 жил 2 сарын дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гаргасан Эрдэнэт үйлдвэр-ийн захирлын Б/840 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

П.Уугантулгын нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэрэгт Б.Лхагвасүрэн миний бие нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа ба нэхэмжлэлтэй танилцлаа. П.Уугантулга нь Уурхайчин соёлын ордонд арга зүйчээр ажиллаж байгаад 2012-09-05-ны өдрөөс арга зүйчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөөс жирэмсний амралттай байсан нүүр хувиргагч А.Жавзангийн оронд ажиллаж байсан. 2012-09-17-ны өдрийн 4400/42 дугаартай хөдөлмөрийн гэрээнд Уурхайчин соёлын ордны нүүр хувиргагч А.Жавзангийн жирэмсний амралттай байх хугацаанд хүчинтэй гэж үргэлжлэх хугацааг тодорхой зааж талууд харилцан тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар жирэмсэн болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан тул П.Уугантулгын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан П.Уугантулгын өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31.236.491 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулан П.Уугантулгад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Уугантулга нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-аас 314 132 төгрөг гаргуулан төрийн санд тэмдэгтийн хураамжаар оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар П.Уугантулгын цалинтай тэнцэх нөхөх нөхөх олговор, урамшуулал 31 236 491 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Эрдэнэт үйлдвэр ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх П.Уугантулгыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаань цалин, урамшууллыг олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.П.Уугантулга нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Уурхайчин соёлын ордны захирлын 2012 оны 9-р сарын 5-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар П.Уугантулгад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй. Шүүгч хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах, холбогдох нотлох баримтыг үндэслэж сэргээх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулинд өөр ажилд буруу шилжүүлсэн, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл шүүхэд л гомдлоо гаргах ёстой. П.Уугантулга шүүхэд гомдлоо гаргаагүй, захирал дарга нарт өргөдөл бичсэн. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй.П.Уугантулга нь өөрийнх нь ажиллаж байгаа ажлын байрны орон тоо хасагдаж байгаа талаар мэдэж байсан ба өөрөө хүсэлт гаргаж нүүр хувиргагчаар ажиллахыг зөвшөөрч бичгээр хүсэлтээ гаргасан байдаг. Дарамт шахалт үзүүлж хүсэлтийг бичүүлсэн нь нотлогдоогүй байхад шүүгч "түүнд тулгаж, өөрийнх нь хүсэлтийг бичүүлж өөр ажилд шилжүүлсэн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.Орон тоо хасагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уурхайчин соёлын ордны 2010, 2011, 2012 онуудын орон тоо батлагдсан хуваарийг гаргаж өгсөн. 2011 онд орон тоо хасагдсан боловч 2012 оны 9-р сарын 5-ны өдрийг хүртэл арга зүйчээр ажиллуулж байгаад нүүр хувиргагч Жавзанг жирэмсний амралтаа авахад оронд нь түр ажиллуулсан байгаа. 2010 оны орон тооны хуваарь /Х.Х-ийн 67-75 дугаар хуудас/ дээр 2010 онд арга зүйч 4 байгаа бол 2011 онд 3 болж нэг орон тоо хасагдсан байгаа. Шүүх 3 орон тоо батлагдсан ба 2012 онд орон тоо хасагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх П.Уугантулгад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31,236,491 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. П.Уугантулга нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. П.Уугантулга нь 2014 оны 11 сар хүртэл цалингаа авч байсан ба ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажил хийгээгүй тул, өөрийн хүсэлтээр 3 сарын налингүй чөлөө авч байсан байхад шүүгч П.Уугантулгын цалинг 2014 оны 12 дугаар сараас эхлэн тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Мөн П.Уугантулгад 13 дахь сарын цалин, зэсийн үнийн урамшуулалыг олгосон байхад шүүх үндэслэлгүйгээр 4,566,111 төгрөгийг гаргаж олгосон.Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/1111112016/01196 дугаартай шийдвэртэй хэргийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Уугантулга нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдуулан  урьд эрхэлж байсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2014 оны 11 дүгээр сараас хойш ажилд тогтоох өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсийг гаргуулах, ажилгүй байх хугацаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас үйлдвэрийн ажиллагсдад олгосон олон төрлийн урамшуулал, үр дүнгийн шагнал буюу 13 дахь бонус зэргийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалаа нөхөн төлүүлэх, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, Б/ 28, Б/840 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д заасныг баримтлан П.Уугантулгын өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлын хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан П.Уугантулгыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Уурхайчин соёлын ордны арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31 236 491 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-аас гаргуулан П.Уугантулгад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн давж заалдсан гомдол гаргажээ.

П.Уугантулга нь 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Уурхайчин соёлын ордны захирлын 2012 оны 9-р сарын 5-ны өдрийн Б/28 дугаар тушаалыг хүчингүй болгож хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүссэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар П.Уугантулгад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхгүй. Шүүгч хэрвээ хөөн хэлэлцэх хугацааг сэргээж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах, холбогдох нотлох баримтыг үндэслэж сэргээх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулинд өөр ажилд буруу шилжүүлсэн, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзвэл шүүхэд л гомдлоо гаргах ёстой. П.Уугантулга шүүхэд гомдлоо гаргаагүй, захирал дарга нарт өргөдөл бичсэн. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэжээ.

      Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацааг нэхэмжлэгч П.Уугантулга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй байна гэж дүгнэжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэх хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулах шаардлага байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь  өөр ажилд буруу шилжүүлсэн үеэс эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудад өргөдөл бичиж хариу авч байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Харин ч энэ үйл ажиллагааг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх биш өөр ажилд шилжүүлсэн нь буруу байна гэж үзэн нэхэмжлэгч урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор урьдчилан шийдвэрлүүлэхээр холбогдох албан тушаалтуудад хандаж байжээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн  дүгнэлт үндэслэлтэй болжээ.

П.Уугантулга нь өөрийнх нь ажиллаж байгаа ажлын байрны орон тоо хасагдаж байгаа талаар мэдэж байсан ба өөрөө хүсэлт гаргаж нүүр хувиргагчаар ажиллахыг зөвшөөрч бичгээр хүсэлтээ гаргасан байдаг. Дарамт шахалт үзүүлж хүсэлтийг бичүүлсэн нь нотлогдоогүй байхад шүүгч "түүнд тулгаж, өөрийнх нь хүсэлтийг бичүүлж өөр ажилд шилжүүлсэн” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

Нэхэмжлэгч П.Уугантулгын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбар,   соёлын ордоны дарга Туяагийн гэрчээр өгсөн тэмдэглэл зэргээр  "түүнд тулгаж, өөрийнх нь хүсэлтийг бичүүлж өөр ажилд шилжүүлсэн” гэж дүгнэсэн буруу биш бөгөөд шүүхийг  хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна.

Орон тоо хасагдсан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уурхайчин соёлын ордны 2010, 2011, 2012 онуудын орон тоо батлагдсан хуваарийг гаргаж өгсөн. 2011 онд орон тоо хасагдсан боловч 2012 оны 9-р сарын 5-ны өдрийг хүртэл арга зүйчээр ажиллуулж байгаад нүүр хувиргагч Жавзанг жирэмсний амралтаа авахад оронд нь түр ажиллуулсан байгаа. 2010 оны орон тооны хуваарь /Х.Х-ийн 67-75 дугаар хуудас/ дээр 2010 онд арга зүйч 4 байгаа бол 2011 онд 3 болж нэг орон тоо хасагдсан байгаа. Шүүх 3 орон тоо батлагдсан ба 2012 онд орон тоо хасагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч талаас уурхайчин соёлын ордны 2010, 2011, 2012 онуудын орон тоо хасагдасан талаарх баримтыг гаргаж  өгсөн боловч анхан шатны шүүхээс 2012 онд орон тоо хасагдаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн  мөн нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлсэн үеэс эхлэн арга зүйчийн албан тушаалд Б.Дашравдан / 2012 оны 12 дугаар сарын 03 ны өдрөөс/, В.Магсаржав / 2014 оны 05 дугаар сарын 15 ны өдрөөс /, Э.Бүжидмаа/ 2014 оны 09 дүгээр сарын 17 ны өдрөөс /, нарын хүмүүсийг авч ажиллуулжээ. х/х-ийн 150 дугаар хуудас/,

Анхан шатны шүүх П.Уугантулгад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 31,236,491 төгрөгийг олгож шийдвэрлэсэн. П.Уугантулга нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. П.Уугантулга нь 2014 оны 11 сар хүртэл цалингаа авч байсан ба ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажил хийгээгүй тул, өөрийн хүсэлтээр 3 сарын налингүй чөлөө авч байсан байхад шүүгч П.Уугантулгын цалинг 2014 оны 12 дугаар сараас эхлэн тооцож олгосон нь үндэслэлгүй байна. Мөн П.Уугантулгад 13 дахь сарын цалин, зэсийн үнийн урамшуулалыг олгосон байхад шүүх үндэслэлгүйгээр 4,566,111 төгрөгийг гаргаж олгосон гэжээ.

Нэхэмжлэгч П.Уугантулга нь  шүүх хуралдааны  явцад өгсөн тайлбартаа :Харин 2014 онд ажил хийж байсан болохоор 2015 онд 2014 оныхоо урамшуулалыг тал хагас авсан. 2015, 2016 оныхыг огт аваагүй. 2014 онд ажиллаж байгаад 8 дугаар сард ээлжийн амралтаа авсан учир 1-8 сар хүртэлх хугацааны мөнгөө 2015 оны эхээр авсан. Зэсийн урамшуулал, үйлдвэрийн ойн баярын урамшуулалыг аваагүй гэжээ . /х/х-ийн 12 дугаар хуудас /, зэрэг бусад баримтыг үндэслэн үндсэн цалин, 13  дахь сарын цалин, зэсийн үнийн урамшуулал нийт  31. 236.491 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч П.Уугантулгад олгож шийдвэрлэсэн зөв байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.132 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314.132 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                            ШҮҮГЧИД                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                 Б.БАТТӨР