Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 42

 

 

 

 

 

2017.7.27 42

Ц.Алтангэрэлд холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

226/2017/0027/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж,  шүүгч Ж.Долгормаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд, 

Нарийн бичгийн дарга: Н.Энхзул, 

Прокуор:Ц.Цэен-Ойдов,

Ялтны өмгөөлөгч: С.Нарангэрэл,  К.Бауиржан,

Ялтан:  Ц.Алтангэрэл нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ц.Алтангэрэлийн давж заалдах гомдлоор Ц.Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201723000036  дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Хэнтий аймагт 1991 онд  төрсөн,  26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны эрүүл мэндийн төвд нягтлан бодогч ажилттай, ам бүл 3, ээж, эгчийн хамт, Хэрлэн сум 7 дугаар баг Өлзийт тосгоны Номгоны 7 дугаар гудамжны 3 тоотод оршин суух Оорцог овогт Цэрэндоржийн Алтангэрэл  /РД: СШ91082610/ 

Ц.Алтангэрэл нь 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Хишиг” бааранд иргэн Л.Дамдинпүрэвийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Ц.Алтангэрэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Оорцог овогт Цэрэндоржийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлд оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ц.Алтангэрэлийн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус  шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Алтангэрэл нь давж заалдах гомдолдоо: “Би бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан төлбөрийг бүрэн төлсөн. Цаашид ч мөн эмчилгээнд гарах зардлыг төлнө. Би хөгжлийн бэрхшээлтэй эгч, настай ээжийнхээ хамт амьдарч, тэднийгээ харж ханддаг юм. Иймд дээрх байдлуудыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ц.Алтангэрэл нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах “Хишиг” бааранд иргэн Л.Дамдинпүрэвийн баруун нүдэнд гараараа нэг удаа цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Дамдинпүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Охинхүүгийн араас гарсан залуу гаднаас орж ирээд миний баруун нүд рүү  маш хүчтэй цохисон ... гэх /хх-7-9 х/,

Гэрч Б.Наранбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Давхраатай нүдтэй, туранхай, 167 см орчим өндөртэй, ягаан цамцтай халамцуу залуу байсан. Дамдинпүрэвийн хамар, амнаас нь цус гарч байсан гэх  /хх- 10-11 х/,

Гэрч Б.Ганганхэрлэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Тэгээд бид нарыг бааранд сууж байхад сүүлд орж ирсэн хоёр залуугийн эрүүн доогуураа сахалтай, өтгөн хөмсөгтэй туранхай залуу нь намайг бүжгэнд урьж бид хоёр хамтдаа бүжиглэсэн. Надад харуулсан зураг дээрх эрүүн доогуураа сахалтай өтгөн хөмсөгтэй залуу яг мөн байна ... гэх /хх- 22-23 х/,

Гэрч Э.Сэржноровын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Нэг эмэгтэйтэй хоёр залуу бүжиглээд байсан. Гэтэл гэнэт нөгөө хүүхэнтэй бүжиглээд байсан өндөр, нам хоёр залуугийн өндөр нь намханыхаа нүдэнд цохиж хамар амнаас нь цус гаргасан. Тухайн үед би ая сольж байсан ... гэх /хх -33-3 х/,

Гэрч О.Охинхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Дамдинпүрэв над руу утсаар 11 цагийн үед залгаад Хишиг бааранд нүдээ хүнд цохиулчихлаа, нүд харахгүй байна ... гэх мэдүүлэг /хх- 37-38 х/,

Гэрч Б.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Хишиг бааранд байхад оройн  21-ээс 22 цагийн хооронд байх яагаан цамцтай 1 залуу нэг эмэгтэй зааланд бүжиглэж байсан. Тэр цагаан цамцтай залуу текны урд найзуудтайгаа сууж байсан. Цагаан цайруу цамцтай дунд зэргийн нуруутай ахтай эхнэр нөхөр юм шиг бүжиглээд байснаа дараа нь өндөр улаан цамцтай туранхай ахтай бас л эхнэр нөхөр юм шиг их дотно бүжиглээд байсан. Тэгтэл цагаан цайруу цамцтай намхан ах нь өндөр, улаан цамцтай туранхай ахын нуруунд гараа наагаад цаашаа хүчтэй 1 удаа түлхэж мангасдсан ... гэх /хх 29-30 хуудас/

Гэрч Д.Мөнхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: Алтангэрэл  гаднаас шууд орж ирээд Дамдинпүрэвийг хоер гараараа мөрнөөс нь доош түлхсэн.  Хамт бүжиглэж байсан хүүхэнтэй нь хардсан учраас цохисон. Дамдинпүрэв буцаагаад нэг гараараа нөгөө залуугийн /Алтангэрэл/ нүүр рүү /мангасдаж/ түлхтэл нөгөө залуу нь Дамдинпүрэвийг гараараа саваад нэг удаа нүдэнд нь цохисон ... гэх /хх-105-106 х/ мэдүүлгүүд,

Шүүх эмнэлгийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн №2481 тоот ” ... Дамдинпүрэвийн биед баруун нүдний алимын хүнд зэргийн няцрал, шилэнцэрийн цус харвалт, судаслаг бүрхүүлийн язрал, шар толбоны язрал, сорвижил, цус харвалт,  баруун нүдний харааны бууралт 0.001 бүхий гэмтэл тогтоогдлоо.  Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх  дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан хавтаст хэрэгт тусгагдсан нотлох  баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөрдөн байцаалтын явцад хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх  нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхийг  шинжлэн судалсны үндсэн дээр Ц.Алтангэрэлийн үйлдсэн хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хүнд хохирол буюу хүнд гэмтэл санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр ял шийтгэлийг хөнгөрүүлсэн байх тул 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Давж заалдах шатны шүүх хуралд ялтны өмгөөлөгч С.Нарангэрэл, К.Бауиржан нарын гаргасан “... хорих ялыг торгох ялаар солих”  тухай хүсэлт, хохирол, төлбөрөө нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн зэрэг ялтны хувийн байдлыг харгалзан Ц.Алтангэрэлд Шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Ц.Алтангэрэлийн шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдсон 14 хоног гарснаас хойш цагдан хоригдсон 49  хоног нийт 63 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгуулийн 10 сая төгрөгний  ялаас 945000 /есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг хасч  тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8 дугаар зүйлийн 1, 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,  2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 1 дэх  заалтыг “ Шүүгдэгч Оорцог овогт Цэрэндоржийн Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг  “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Цэрэндоржийн Алтангэрэлийг арван мянган нэгжээр буюу 10 000 000 /арван сая/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын 3,4 дэх  заалтыг хүчингүй болгосугай.

 

Хоёр. “Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар Ц.Алтангэрэлийн шийтгэх тогтоол гарснаас өмнө болон хойно цагдан хоригдсон нийт 63 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгуулийн 10 сая төгрөгний  ялаас 945000 /есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг хасч торгуулийн ялыг 9055000 төгрөгөөр тогтоосугай,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж  тус тус  нэмж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

Гурав. Ц.Алтангэрэлийг шүүх хуралдааны танхимаас  сулласугай.

 

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1, 14.3 дугаар зүйлд зааснаар Ц.Алтангэрэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Н.Мөнгөнцэцэгт даалгасугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧИД                                              Ж.ДОЛГОРМАА

                                                                                                      Б.ДЭНСМАА