Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00455

 

Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

 Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэртэй,  

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

Б.Т-, Д.Т- Т.П- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 97.794.308 төгрөг, нотариатын зардалд 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Болормаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч Х Б- ХХК-ийн Говь-Алтай салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Д.Т- нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан 65.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч Т.П-гийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Өргөө хороолол 7 дугаар байр 03 тоотын Ү-0518002287 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, Б.Т-ийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь-Ноос ХХК-ийн ард байрлалтай Ү-0518002191 улсын бүртгэлийн дугаартай граж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-9 тоотын Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай орон сууц, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Т- нь 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 12000012885 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 1200012885 дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасан үүргээ зөрчиж, гэрээний төлбөрийг 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 850 хоног хугацаа хэтрүүлээд байна.

Иймд 1200012885 дугаартай зээлийн гэрээний 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаарх үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 61.388.889, хүү 31.450.049, нэмэгдүүлсэн хүү 4.955.396, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172, нийт 98.491.480 төгрөгийг гаргуулж төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т-, Д.Т-, Т.П- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...65.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай 25.2 хувийн хүүтэй зээлж 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 1200012885 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээлийн хүүд 9.964.390 төгрөг төлсөн бөгөөд үндсэн төлбөрт 3.609.356 төгрөг төлж, 61.388.595 төгрөг үлдсэн байхад 98.941.480 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х Б- нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзаж бидний эрх ашгийг зөрчсөн бөгөөд уг нэхэмжлэл 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхээр шийдэгдэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хоорондын хугацаа нь Х Б-ны өөрсдийн буруутайгаас болж зээл төлөхөд саад болж шүүхээр шийдвэрлүүлэхээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж бидний эрх ашигт ноцтой хохирол учруулж зээлийн хүү автоматаар нэмэгдүүлж санхүүгийн хүндрэл учруулсан учир энэ хугацааны хүүг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн зарим хэсэг 71.714.173 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-6 тоотод оршин суух, Хайрхан хан овогтой Баатарын Түмэндэмбэрэл, Уяач овогтой Даржаагийн Туул нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 73.402.573 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгож, нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, нийт 25.088.907 төгрөг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б.Т-, Д.Т-, Т.П- нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 19 дүгээр байр 1-6 тоотод байрлах Ү-0518000053 улсын бүртгэлийн дугаартай, 40.47 м.кв талбайтай, гал тогооны хамт 4 өрөө орон сууц, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Говь ноос ХХК-ийн ард байрлалтай Ү-0518002191 улсын бүртгэлийн дугаартай граж, Түмэндэмбэрэлийн Пүрэвсүрэнгийн өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн Өргөө хороолол 7 дугаар байр 03 тоотод байрлах, Ү-0518002287 дугаартай 52 м.кв талбайтай, 2 өрөө байрыг тус тус албадан худалдаж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Говь-Алтай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х Б-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-, Д.Т- нараас нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ буюу 73.402.573 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжид 524.963 төгрөгийг гаргуулан Х Б- ХХК-д олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлалаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дугээр зүйлийн 451.1 гэсний ард 453.1 гэж нэмж,73.402.573 гэснийг 97.794.307 гэж, 25.088.907 гэснийг 697172 гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтын 73.402.573 гэснийг 97.794.307 гэж, 524.963 гэснийг 646922 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 650.407 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн бөгөөд магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаадлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарласан. Хариуцагч Д.Т-, Б.Т-, Т.П- нар нь зээлийн хугацаа хэтрэлттэй байсныг Х Б- болон зээлдэгч нар харилцан тохиролцож нөхцөл өөрчилж хугацаа сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр тус банкинд зээлдэгч нарын нэр дээр байсан хоёр зээлийн үүргийг нэгтгэж, өөрөөр хэлбэл 2013 оны 12 сарын 02-ны өдрийн 1200010587 дугаартай гэрээний үүргийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн 2014 оны 8 сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж 80.159.932,16 төгрөгийг 36 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэй олгосон мэтээр 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү шинэ байгуулсан гэрээний үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхийн 2017 оны 5 сарын 26-ний өдрийн 219 дугаартай шийдвэрээр 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжээгүй дүр үзүүлж хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон.

Х Б- дахин нэхэмжлэл гаргахдаа шүүхээр шийдвэрлэгдсэн 2015 оны 11 сарын 19-ний өдрийн зээлийн гэрээ буюу хүчин төгөлдөр бус байх хэлцлээр цуцлагдсан гэрээ, дуусгавар болсон хэлцэл болох 2014 оны 8 сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай гэрээний үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа хугацаагаар тооцож байгаа нь үндэслэлгүй байсныг анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх гэрээ цуцлагдах хугацаа, гэрээний үндсэн хугацаа зэрэгт бодитой дүгнэлт хийлгүйгээр гэрээ дуусгавар болгох нөхцөлийг дурьдаж нэхэмжлэлийг нэмэгдүүлэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүхээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тогтоосон уг шийдвэр хүчинтэй байхад уг гэрээний хугацаа буюу 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс хойших хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх үүрэг дуусгавар болох зохицуулалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 236 дугаар зүйл буюу үүрэг дуусгавар болохыг тайлбарлан хэрэглэсэн боловч хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Учир нь 2015 оны 11 сарын 19-ний өдрийн 1200019219 дугаартай зээлийн гэрээг байгуулснаар 2014 оны 8 сарын 21-ний өдрийн 1200012885 дугаартай гэрээний үүрэг дуусгавар болж шинэ гэрээнд шилжиж үүрэг солигдсон. Өмнө байгуулагдсан байсан 2 тусдаа гэрээний үүргүүдийг нэгтгэж шинэ гэрээ байгуулан төлөх хугацаа, график зэрэг нь эрс өөрчлөгдсөн өөрөөр хэлбэл 2013 оны 1200010587 дугаартай гэрээ, 2014 оны 1200012885 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийг нэгтгэж 2015 оны 1200019219 зээлийн гэрээ байгуулснаараа талуудын өмнөх үүрэг харилцан тохиролцож солигдсон. 2015 оны 1200019219 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шүүхээс тогтоосон учир хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хугацаан дахь буюу 2015 оны 11 сарын 20-ны өдрөөс хойших гэрээний үүргийг банк нэхэмжлэх эрхгүй.

Хариуцагч талаас үндсэн зээлийн үлдэгдэл 61.388.889 төгрөг буюу түүний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 73.402.573 төгрөгийг буюу үүрэг дуусгавар болох хүртэл хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Х Б- ХХК-г тус хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр Говь-Алтай салбар төлөөлж Б.Т-, Д.Т-, Т.П- нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 97.794.308 төгрөг, нотариатын зардал 50.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 647.172 төгрөг, нийт 98.491.480 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Т-, Д.Т- нараас нийт 73.402.573 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 97.794.307 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Зохигчийн хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж Б.Т-, Д.Т- нар Х Б- ХХК-с 65.000.000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай зээл, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 үл хөдлөх хөрөнгө барьцаалсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болох тухайд хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн байна.

Хариуцагч Б.Т-, Д.Т- нар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч, Б.Т-, Д.Т-, Т.П- нар барьцааны зүйлийн өмчлөгч, барьцааны гэрээний барьцаалуулагч тал тул нэхэмжлэгч Х Б- ХХК нь Б.Т-, Д.Т- нараас зээлийн үүргийг шаардаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад гурван хариуцагчийг холбогдуулж татсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2-т заасныг зөрчөөгүй байна.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар зохих ёсоор биелүүлээгүй гэрээний үүрэг зөрчигдсөн нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчээс гаргасан зээлийн тооцооны баримтаар тогтоогдсон байна.

Хэргийн баримтаас үзвэл Б.Т-, Д.Т- нар дээрх зээлээс гадна Х Б- ХХК-с 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 15.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 25.2 хувийн хувьсах хүүтэй зээлж авчээ.

Талууд эдгээр хоёр гэрээг нэгтгэж 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 80.159.932 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээг үндэслэж Х Б- ХХК шүүхэд хандаж хариуцагч нараас зээлийн үүрэг шаардсныг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 219 дугаар шийдвэрээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Зээлийн хоёр гэрээг нэгтгэж, шинээр байгуулсан гэрээг шүүхээс нэгэнт хүчин төгөлдөр бус гэж үзсэн учир Х Б- ХХК нь өмнөх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүх зээлийн гүйцэтгэвэл зохих үүргийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзсэн дээр дурдсан гэрээ байгуулагдах өдөр хүртэл хугацаагаар тооцоолсон байна. Шүүх ингэж дүгнэхдээ “шинээр байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байснаар өмнөх дуусгавар болгосон гэрээний үйлчлэлийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь хуульд нийцээгүй, учир дутагдалтай болжээ. 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол тухайн үүргийн харилцаа дуусгавар болно.

Талууд хоёр зээлийн гэрээг нэгтгэж шинээр гэрээ байгуулснаар өмнөх үүргийн харилцаа дуусгавар болж шинэ гэрээгээр эрх зүйн үр дагавар үүсэх боловч зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор өмнөх 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүрэг хэвээр үлджээ.

Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон ба зээлдэгчийн энэ хүртэл гэрээгээр тохирсон хүүгээс төлөөгүй хэсэг, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн үйл ажиллагаа явуулдаг банк, эрх бүхий хуулийн этгээд зээлийг төлөгдөх хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэйг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зөвшөөрсөн, банк шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй бол үндсэн үүрэг болон нэмэлт үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулж  төлөгдөөгүй зээл, гэрээнд заасан хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчийн тооцоолсноор гаргуулж шийдвэрлэсэн нь  хуульд нийцжээ.

Харин тус шүүх ийнхүү дүгнэлт хийсэн атлаа нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг анхан шатны шүүх бүрэн баримтлаагүй байгааг залруулаагүй байна.

Түүнчлэн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс зээл олгох харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д ... хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг заасан байхад анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасныг хэрэглэснийг давж шатны шүүх өөрчилж засаагүй нь шийдвэрийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Үүнээс гадна хоёр шатны шүүх хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой учирсан хохирол буюу нотариатын зардал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 32 дугаар магадлалын 1 дэх заалт, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 347 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Б.Т-, Д.Т- нараас 97.794.307 төгрөг гаргуулж Х Б- ХХК-д олгож, 697.172 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647.172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т-, Д.Т- нараас улсын тэмдэгтийн хураамжид 646.922 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б- ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 279.909 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ