| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0796/Э |
| Дугаар | 859 |
| Огноо | 2019-08-26 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 859
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/,
шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгч Л.Батаа /ШТЭД-1824/, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Б, П.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, ганцаараа ........ тоотод оршин суух хаягтай, урьд
Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 82 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хорих ялаар шийтгүүлсэн
Э.Б /РД:.........../.
2. Монгол Улсын иргэн, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, .................тоотод оршин суух хаягтай боловч ............. жижүүр ажилтай, тус газар оршин суух, ял шийтгэлгүй,
П.Э /РД:.........../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Б нь ганцаараа 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Н.С-ийн эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, 1 ширхэг хойд талын их гэрэл, чихрийн цуглуулга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 190.800 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч Э.Б, П.Э нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн С.Д-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 1 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 291.000 төгрөгний хохирол учруулсан,
Э.Б, П.Э нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12а байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн С.Б-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 375.000 төгрөгний хохирол учруулсан,
Э.Б, П.Э нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна автомашины зогсоол дээр байсан иргэн Д.Г-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 180.000 төгрөгний, хохирол учруулсан,
Нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 865.800 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх8-9, 45-46, 87-88, 126/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх10-12, 47-48, 89-90, 127-129/, хохирогч С.Д-н мэдүүлэг /1хх24-25, 2хх158/, хохирогч С.Б-н мэдүүлэг /1хх61-62/, хохирогч Д.Г-н мэдүүлэг /1хх100-101/, хохирогч Н.С-ийнн мэдүүлэг /1хх140-141/, П.Э-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх38-39/, Э.Б-н сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх53/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /1хх168-172/, эд зүйлийн үнэлгээ /1хх 30-31, 78-79, 113-114, 157-158/, мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судалсан.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгч Э.Б, П.Э гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-12, 45-46, 46-49, 88-91, 127-130/
2. Хохирогч С.Д-н “...Би 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 23 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байранд урд талын гражийн хажууд ...... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тавьсан. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед гараад харахад миний машины баруун урд талын жижиг гурвалжин шил хагарчихсан байсан бөгөөд хаалгыг онгойлгож харахад арын суудлыг урагш хэвтүүлсэн байсан. Тэгээд багажаа онгойлгож харахад арын гэрлийг тайлдаг хэсгийн таг болон хаалт, тогтоогчийг хугалчихсан байсан. Тэгээд зүүн хойд талын гэрлийг хулгайлсан байсан бөгөөд баруун талын их гэрлийг тайлж авах үедээ түгжээг нь хугалаад хаячихсан байсан. Тэр хоёр хүн миний машины хойд талын гэрлийг хулгайлах үедээ бусад эд зүйлсийг эвдэлсэн байсан учир энэ бүгдийг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25/,
... Цагдаа дээр ирчихсэн байж байхад нэг цагдаа 2 шуудайтай гэрлийг бариулсан орж ирсэн. Тэгээд би араас нь ороод харахад нэг нь өндөр, нөгөө нь дунд зэргийн нуруутай залуу байсан. Тэр жижиг хүүхэн би шөнө ирэхэд энэ 2 гараад явсан. Тэгээд байж байгаад 2 шуудайтай юмтай орж ирсэн гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /2хх158/,
3. Хохирогч С.Б-н “...2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө би өөрийн машинаа Сонгинохайрхан дүүргийн 12а байрны гадна талын зогсоол дээр байрлуулсан бөгөөд өглөө 08 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд машинаа халаахаар очиход миний машины урд гурвалжин шил хагарсан байсан. Машинаа тойрч харахад арын 2 их гэрлийг тайлаад нэгийг нь авч яваад нөгөөхийг нь хагалаад үлдээчихсэн байсан. Гурвалжин шил 35.000 төгрөгний үнэтэй. Багаажны хоёр талын хавтсыг ханз татаад түгжээг хугалаад доторлогоог урсан байсан...” гэх мэдүүлэг /1хх61-62/,
4. Хохирогч Д.Г-н ... Би өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 04-ний орой 20 цаг 30 минутын үед 1 дүгээр байрны зүүн урд талын зогсоол дээр тавьсан. Өглөө нь босоод 12 цагийн үед очиход хойд талын 2 ширхэг их гэрлийг тайлаад аваад явчихсан байсан. Дотор талын салоны хаалтыг хуулаад хаячихсан, баруун урд талын жижиг гурвалжин шилийг хагалчихсан байсан. Мөн баруун талын гэрлийн дотор талын түгжээ нь машиныхаа түгжээний нүхэнд хугараад үлдчихсэн байсан. Гурвалжин шил 45.000 төгрөг, 2 ширхэг их гэрэл 800.000 төгрөгөөр үнэлж байна. Эдгээр эд зүйлийг төлүүлж өгөхийг хүсэж байна... гэх мэдүүлэг /1хх100-102/
5. Хохирогч Н.С-ийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед ......... улсын дугаартай Приус-20 маркийн машиныг Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны гадна авто зогсоол дээр тавьсан. Маргааш нь буюу 2018 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн үед машин дээрээ очиход миний машины жолоочийн эсрэг талын урд талын гурвалжин шилийг хагалж, дотор нь ороод дарстай набор, арын 1 ширхэг гэрлийг хулгайлсан байсан. Арын гэрлийг авахдаа доторлогооны хоёр талын түгжээг эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх140-141/
6. П.Эгийн яллагдагчаар өгсөн “... Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байранд лифтчингээр ороод удаагүй байсан юм. Ажилд ороод байрны жижүүр Бтэй танилцсан. Б гэх залуу намайг хулгай хийх үү гэхээр нь би тэгье гээд хулгай хийхээр тохиролцсон. 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед Б бид 2 гарч 23 дугаар байрны 1 дүгээр орцны харалдаа байрлуулсан ............... улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн машины хажууд очоод Б хүн харж бай гэхээр нь би хүн хараад зогсож байсан. Б уг машины баруун урд талын хаалганы шилийг отвёркаар хагалаад хаалгыг нь онгойлгож багаажийг нь онгойлгоод зүүн талын ард талын гэрлийг хулгайлсан. Ингээд бид 2 уг гэрлийг шуудайнд хийгээд жижүүрийн байранд авчирч тавьсан. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор хулгай хийсэн. Би Б-тэй хамт 2018 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 1-р хорооллын 12 дугаар байрны гаднаас 1 приус, 1 дүгээр байрны урдаас 1 приус машинаас хулгай хийсэн гэх мэдүүлэг /1хх38-39/,
7. Э.Б-н яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцонд жижүүрээр орсон. 10 дугаар орцны жижүүр Этэй танилцсан. Тэгээд би хулгай хийх санаа гаргаад Э-д хоёулаа өнөө орой хулгай хийх үү гэсэн. 2018 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг өнгөрч байхад 2 сав пиво уусан. Ингээд 23 дугаар байрны 1 дүгээр орцны хажууд байрлуулсан байсан Приус-20 маркийн машины хажууд очоод Эг хүн харж бай гээд би гэрээсээ авч гарсан жижиг атвёркаар гурвалжин шилийг нь хагалаад дотроос нь хаалгыг нь онгойлгоод багаажийг нь онгойлгоод нэмэх отвёркаар боолтыг нь тайлаад зүүн талын арын гэрлийг нь хулгайлж аваад шуудайнд хийгээд Эгийн амьдардаг жижүүрийн байранд авчирч тавьчихаад 12а байрны гадаа байсан улаан өнгийн Приус-20 маркийн машины гурвалжин шилийг өөрийн өмнө хэрэглэсэн аргаараа хагалаад дотогш орж багаажийг онгойлгоод хойд талын 2 их гэрлийг хулгайлж авсан. Тэгээд цаашаа яваад 1 дүгээр байрны зүүн урд талын зогсоол дээр хойш харуулаад тавьчихсан Приус-20 маркийн машины гурвалжин шилийг отвёркаар хагалаад багаажийг нь онгойлгоод түлхүүрээр боолтыг нь тайлаад арын 2 ширхэг гэрлийг хулгайлж аваад Эгийн амьдарч байгаа жижүүрийн байранд очиж нуусан. Тэгээд өглөө босоод 5 гэрлийг авч яваад “Сутайн буянт” зах орж явуулын хүнд 2 ширхэг гэрлийг нь 40.000 төгрөгөнд зарсан. Үлдсэн 3 гэрлийг нь буцаагаад өөрийнхөө орцны өрөөнд оруулж тавьсан байж байгаад цагдаад баригдсан. Би тухайн үед мөнгө байхгүй, өлсөөд байсан учраас хулгай хийсэн ...Би 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө би 23 дугаар байрны 10 дугаар орцны жижүүрийн байрандаа хэвтэж байгаад ганцаараа 00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Хар хорин захын ард байх Вест барны хойд талын 28 дугаар байрны хажууд байсан цагаан өнгийн приус-20 маркийн машин дээр очоод гурвалжин шилийг нь хагалаад дотогш орж хойд талын сандлаар нь дамжин багааж руу ороод арын гэрлийг нь авч явсан 10-ын түлхүүрээр баруун хойд талын гэрлийг нь тайлж аваад гэртээ харьсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сутайн буянт зах дээр явж байсан замын хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Би мөнгөгүй, архиныхаа халуунд хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /1хх41-42/
8. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлээр “приус20 машины арын бөгсний гэрэл 3 ширхэг, 10-н түлхүүр 1 ширхэг, 12-н түлхүүр 1 ширхэг, атвёрк 2 ширхэг”-ийг шүүгдэгч Э.Б-с хураан авсан байна. /1хх169/
9. Хохирогч С.Д-н хулгайд алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ий үнэлгээ /1хх31-32/
10. Хохирогч С.Б-н хулгайд алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ий үнэлгээ /1хх79-80/
11. Хохирогч Д.Г-н хулгайд алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ий үнэлгээ /1хх114-115/
12. Хохирогч Н.С-ийн хулгайд алдсан эд зүйлд үнэлгээ хийсэн “Дамно” ХХК-ий үнэлгээ /1хх157-158/.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.Б, П.Э нар:
Шүүгдэгч Э.Б, П.Э тэдгээрийн өмгөөлөгч А.Очбадрал, Л.Батаа нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд дараах үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
шүүгдэгч Э.Б нь ганцаараа:
1-рт, 2018 оны 02 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Н.С-ийн эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн 56-64 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, 1 ширхэг хойд талын их гэрэл, чихрийн цуглуулга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Н.С-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Э.Б-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “...хулгайд алдсан эд зүйл, эвдрэлийг 185.000 төгрөгийн...” хохирол тус тус учиржээ.
Шүүгдэгч Э.Б, П.Э нар нь бүлэглэн: 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө
2-рт, иргэн С.Д-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ............... улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 1 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
3-рт, иргэн С.Б-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
4-рт, иргэн Д.Г-н эзэмшлийн “Тоёото Приус-20” маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж, хойд талын 2 ширхэг их гэрлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч С.Д, С.Б, Д.Ганхуяг нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Э.Б-с эд зүйл хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч Э.Б, П.Түвшинбаяр нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч С.Д-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... хулгайд алдсан эд зүйл, эвдрэлийг 291.000 төгрөгийн...”, хохирогч С.Б-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... хулгайд алдсан эд зүйл, 280,000 төгрөгийн...”, хохирогч Д.Г-д “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолтонд зааснаар “... хулгайд алдсан эд зүйл, 280,000 төгрөгийн...” хохирол тус тус учирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг ... гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч Э.Б, П.Э нар нь 2018 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Э.Б, П.Э нар шунахайн сэдэлттэй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдсан эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа автомашинд нэвтэрч үйлдсэн байх тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Тодруулбал, хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл байдаг бөгөөд “тусгайлан хамгаалсан байр”-нд нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар авч үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэвтрэх” гэсэн ойлголт байхгүй, автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан, цоож, хамгаалалттай тухайн эзэмшигч, өмчлөгчийн хувийн орон зай байдаг.
Тиймээс шүүгдэгч нар нь бүлэглэн болон дангаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалагдсан байр болох автомашинд нэвтрэн үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тусгай ангийн нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг үзнэ.
Иймд шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч П.Э, Э.Б нар нь бүлэглэн хохирогч С.Д-д 291.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Б-д 280,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Г-д 280,000 төгрөгийн буюу нийт 851,000 төгрөгийн хохирол учруулсанаас
Хохирогч С.Д-д хулгайд алдагдсан их гэрэл /Приус-20 машины/ 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд түүнд 141.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч С.Б-д хулгайд алдагдсан их гэрэл /Приус-20 машины/ 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд түүнд 235.000 /1 ширхэг их гэрэл, гурван шил 35.000, багажний доторлогоо 60.000/ төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нь хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Д.Г-н хувьд хохирлыг эд хөрөнгийн даатгалаас нөхөн төлүүлсэн нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нараас төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.Б нь ганцаараа хохирогч Н.С-д 185.000 /автомашины хойд их гэрэл 150.000 төгрөг, гурвалжин шил 35.000/ төгрөгний хохирол учруулсанаас хохирогч Н.С-д эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг их гэрлийг /Приус-20 машины/ хүлээлгэн өгч, шүүгдэгч Э.Б-с 35.000 төгрөг гаргуулан хохирогч Н.С-д олгуулах нь зүйтэй байна.
Мөн хохирогч С.Д, С.Б нарын эд зүйлийн үнэлгээ хийлгэхэд төлсөн 18.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Э түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх завсарлага авч хохирогч С.Д-д 79.500 төгрөг, хохирогч С.Б-д 126.500 төгрөгний хохирол төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч Э.Б-с 35.000 төгрөг гаргуулж хохирогч Н.С-д, 79.500 төгрөг гаргуулж хохирогч С.Д-д, 126.500 төгрөг гаргуулж хохирогч С.Б-д тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгчид Э.Б-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгч Э.Б-н өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Э.Б нь анхнаасаа гэм буруу дээрээ маргадаггүй, бусдад төлөх төлбөр нь 223.000 төгрөг, учруулсан хохирол нь бага зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгчид П.Э-н өмгөөлөгчөөс “шүүгдэгч П.Э нь гэм буруугийн талаар маргадаггүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.
Шүүгдэгч П.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцов.
Иймд шүүгдэгч Э.Б, П.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч П.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч П.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгчид Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Приус-20 маркийн авто машины арын гэрэл 1 ширхэгийг хохирогч Н.С-д олгож, 10-н түлхүүр 1 ширхэг, 12-н түлхүүр 1 ширхэг, отвёрк 2 ширхэгийг устгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын тус тус цагдан хоригдсон 223 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний эдлэх ялд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-г ганцаараа болон бүлэглэн нийт 4 удаагийн үйлдлээр, шүүгдэгч П.Э-г бүлэглэн 3 удаагийн үйлдлээр “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд /автомашинд/ нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн”, гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид Э.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Э-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, П.Э нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-нн цагдан хоригдсон 223 /хоёр зуун хорин гурав/ хоног, шүүгдэгч П.Эгийн цагдан хоригдсон 223 /хоёр зуун хорин гурав/ хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Приус-20 маркийн авто машины арын гэрэл 1 ширхэгийг хохирогч Н.С-д олгож, 10-н түлхүүр 1 ширхэг, 12-н түлхүүр 1 ширхэг, отвёрк 2 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
Шүүгдэгч Э.Б-с 79.500 /далан есөн мянга, таван зуун/ төгрөг гаргуулж хохирогч С.Д-д, 126.500 /нэг зуун хорин зургаан мянга, таван зуун/ төгрөг гаргуулж хохирогч С.Б-д, 35.000 /гучин таван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Н.С-д тус тус олгуулсугай.
Шүүгдэгч П.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР