Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 622

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

улсын яллагч: С.Мөнхтулга /томилолтоор/,

шүүгдэгч: Д.Б, түүний өмгөөлөгч Б.Адалбек /ШТЭД-1503/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Б-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................... дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт ..............тоотод оршин суух, урьд  3 удаагийн ял шийтгэлтэй, Боржигон овгийн Д.Б /РД:........./.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө ............. тоот хашаанд байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалттай байшинд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч “Истана машины хойд амортизотор-2ш, чихэн толь-1ш, гурван булны шариг-1ш, кузов өргөгч-1ш, шар араа-2ш, цабны шариг-4ш, мупт шариг-1ш, кропны салник-2 уут /1 уутанд-10ш, нийт-17ш ширхэг/, маслын шүүр-1ш, ремен чангалагч-2ш, тиаг-1ш, Муссо машины дээд гарны түлк - 5ш, дотор бариул-1ш, наклад - 3 хайрцаг /1хайрцаганд - 4ш, нийт 12 ширхэг/, термо мүпт-2ш, Доод өндөг-1 ш, Рензо машины наклад - 2 хайрцаг /1 хайрцаганд-4 ш, нийт 8 ш/, Рекстон машины хойд пүрш-2 ш, Матиз машины гар - 2ш, гарны түлк-5 ширхэг, мөн хашаанд байсан Муссо маркийн автомашин дотроос цүнхтэй багаж, тус автомашины тэвшэн дээрээс Рекстон маркийн автомашины 2 хайлшин обудыг тус тус хулгайлан авч, нийт 1.928.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Б-ын мэдүүлэг /хх15-18/, гэрч Л.О-ын мэдүүлэг /хх19-20/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх26-30/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6-7/, Д.Б-ийняллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх23-24, 42-43/, Д.Б-ийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх45/, ял шалгасан хуудас /хх55/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Д.Б-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Б-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сутай буянт” зах дээр машины сэлбэг 2016 оноос эхлэн зарж байгаа юм. Тэгээд зарим сэлбэг хэрэгслийг өөрийн хашаанд хадгалдаг юм. Тэгсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр манай амбаарт байсан шинэ сэлбэгийг Өгөөмөр зах дээр нэг танихгүй эрэгтэй хүн зарах гээд явж байна гэж манай төрсөн эгч Нина хэлээд тэр хүнийг цагдаа дээр авчирч өгсөн. Тэгээд би амбаарт байсан эд зүйлээ бүртгэхэд амбаарт байсан “Истана машины хойд амортизотор - 2ш, Истана машины чихэн толь - 1ш, Истана машины гурван булны шариг - 1ш, Истана машины кузов өргөгч - 1ш, Истана машины шар араа - 2ш, Истана машины цабны шариг - 4ш, Истана машины мупт шариг - 1ш, Истана машины кропны салник- 2 уут /1 уутанд-10ш, нийт-17ш ширхэг/, Истана машины маслын шүүр - 1ш, Истана машины ремен чангалагч - 2ш, Истана машины тиаг - 1ш, Муссо машины дээд гарны түлк-5ш, Муссо машины дотор бариул - 1ш, Муссо машины наклад - 3 хайрцаг /1хайрцаганд - 4ш, нийт 12 ширхэг/, Муссо машины термо мүпт-2ш, Доод өндөг - 1 ш, Renzo машины наклад - 2 хайрцаг /1 хайрцаганд - 4ширхэг, нийт 8 ширхэг/, Rexton машины хойд пүрш - 2 ш, Мatiz машины гар - 2ш, Мatiz машины гарны түлк-5 ширхэг тус тус амбаараас алга болсон бөгөөд хашаанд байсан Муссо машин дотор байсан цүнхтэй багаж, RЕХТОN машины 2 хайлшин обуд тус тус алдагдсан байсан.

Тэгээд би цагдаа дээр ирж  “Истана машины хойд амортизотор - 2ш, Истана машины чихэн толь - 1ш, Истана машины гурван булны шариг - 1ш, Истана машины кузов өргөгч - 1ш, Истана машины цабны шариг - 4ш, Истана машины мупт шариг - 1ш, Истана машины кропны салник- 2 уут /1 уутанд-10ш, нийт-17ш ширхэг/, Истана машины маслын шүүр - 1ш, Истана машины ремен чангалагч - 2ш, Истана машины тиаг - 1ш, Муссо машины дээд гарны түлк - 5ш, Муссо машины дотор бариул - 1ш, Муссо машины наклад - 3 хайрцаг /1хайрцаганд - 4ш, нийт 12 ширхэг/, Муссо машины термо мүпт-2ш, Доод өндөг - 1 ш, Renzo машины наклад - 2 хайрцаг /1 хайрцаганд - 4ширхэг, нийт 8 ширхэг/, Rexton машины хойд пүрш-2 ш, Мatiz машины гар - 2ш, Мatiz машины гарны түлк - 5 ширхгийг тус тус бүрэн хүлээж авсан.

Истана машины шар араа болон Rехtоn машины 2 хайлшин обуд, цүнхтэй ком багажыг аваагүй байгаа. ...Амбаар цоожтой байсан бөгөөд зүүдэг цоож нь хэвийн байсан. Манай амбаарт хүн амьдардаггүй, зүгээр эд зүйл хураасан байсан. Хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Багаж машин дотор байсан бөгөөд 2 ширхэг обуд нь тэвшин дээр байсан. ...Би манай баруун хашаанд байдаг Б гэдэг хүнийг сэжиглэж байна. ...Би Б гэдэг хүнээс цүнхтэй багаж, Rехtоn машины хайлшин обудны мөнгийг бүрэн олж авсан. Би алдсан зүйлээ бүрэн олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх15-18/

2. Гэрч Л.О-ын “...Би Б гэдэг хүнээс мөнгө авах ёстой байсан юм. Учир нь Б 2017 оны 11 сард миний портер маркийн автомашиныг согтуу жолоодон явж байгаад зам дээр машин мөргөөд зугтсан хэргээр журмын хашаанд хийлгэсэн. Би өөрийн автомашинд учирсан гэмтэл болон журмын хашааны мөнгийг Батсууриас аваагүй байсан юм. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчим гадуур өөрийнхөө найз А-ийн машиныг гуйж аваад таксинд явж байтал Б над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь би яваад очтол гарж ирээд, байж байгаараа гэж хэлчихээд буцаад хашааруугаа орсон юм. Тэгээд 30-40 минутын орчим ганцаараа гарч ирээд машин бариад гудамжны араар тойроод өөрийнхөө хашааны ард очоод хайрцагтай зүйл зөөгөөд ард талын суудал дээр тавиад манайх руу яваад энэ чиний зээлсэн мөнгөний оронд чинь өгч байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд гэртээ оруулаад тавьчихсан юм. Тэгээд уг сэлбэгүүдийг би Өгөөмөр зах дээр 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарах гэж яваад тухайн сэлбэгний хүнд баригдаад хулгайн эд зүйл байсан гэдгийг мэдсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад ирсэн...” гэх мэдүүлэг /хх19-20/

3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан “...21 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээ нийт дүн 1.928.500 төгрөг...” гэж тодорхойлжээ /хх26-30/.

4. Эд зүйл хураан авч, Б.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх6-7/

5. Д.Б-ийн яллагдагчаар өгсөн “... Би 2018 оны 12 дугаар сарын 09-10нд шилжих шөнө 02 цагийн үед найз О-ыг дуудсан ба О-ыг хүрээд ирэхээр нь үүдэнд зогсоож байгаад хажуу талын хашаа руу ороод хашааны гол хэсэгт байх модон амбаараас хайрцагтай багжыг аваад От өгөөд явуулсан... Би От 400.000 төгрөгийн өртэй байсан бөгөөд тухайн өдөр нэхээд залгаад байхаар нь шөнө дуудаж байгаад тэр багажийг өгөөд явуулсан... Намайг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг О мэдээгүй, би хашааны үүдэнд зогсож бай гэж хэлээд өөрөө орж аваад машинд нь хийгээд өргүй боллоо шүү гэж хэлээд явуулсан... Би хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Багажны цүнхийг өгсөн. Обудны мөнгийг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх23-24, 44-45/.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Б:

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Адалбек нарын зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгааг дурдаад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэн үзэхэд Д.Б нь 2018 оны 12 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө ................... тоот хашаанд байрлах иргэн Б.Б-ын эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалттай байшинд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан, бусдад 1.928.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь гэрч Л.О-ын “...Б над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь би яваад очтол... ганцаараа гарч ирээд машин бариад гудамжны араар тойроод өөрийнхөө хашааны ард очоод хайрцагтай зүйл зөөгөөд ард талын суудал дээр тавиад... чиний зээлсэн мөнгөний оронд чинь өгч байгаа юм гэсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Б-ын “...Манай амбаарт хүн амьдардаггүй, зүгээр эд зүйл хураасан байсан. Хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй... Би алдсан зүйлээ бүрэн олж авсан болохоор надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, О.Батсуурийн яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 02 цагийн үед найз О-ыг дуудсан... хажуу талын хашаа руу ороод хашааны гол хэсэгт байх модон амбаараас хайрцагтай багажийг аваад О-т өгөөд явуулсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулах /машины сэлбэг эд зүйл хадгалдаг амбаар/-т нэвтрэн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Б эд зүйлээ биет байдлаар болон мөнгөөр авсан, хохирол бүрэн барагдсан, гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.Б-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэр бүлийн хүний /эхнэр/ эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан.

  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн   1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хулгайлах гэмт хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа бодол сэтгэхүйд урьдаас төрж, шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн авч үзэх боломжгүй юм.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж болохоор хуульд заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ухамсарлаж байгаа тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай “тусгайлан хамгаалсан агуулах”-д нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцааг, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР