Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 630

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Р.Очирсүрэн,

шүүгдэгч А.О, Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О,  Х.Ц нарт холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, .............тоотод оршин суух хаягтай боловч одоо Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Х.Ц  /РД:............./.

 

2. Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой,  гоо сайханч, үсчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт, ............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй. А.О  /НБ:............/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.О, Х.Ц, Ү.Г нар бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр .......... тоотод байрлах иргэн Д.Б-ийнгэрт  түүний хүү Б.Д-ийн хамт архи ууж архидан согтуурсны дараа Д.Б-ийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 852.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.Б-ийн мэдүүлэг /хх16,109/, гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хх19/, эд зүйлийн үнэлгээ /хх32/, эд зүйлийг хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх12-13/, яллагдагч Х.Ц-ийн мэдүүлэг /хх89, 112/, яллагдагч А.О-ийн мэдүүлэг /хх100, 113/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч А.О, Х.Ц нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “иргэн Д.Б-ээс ............ эд зүйл хулгайд алдагдсан...” гэх тэмдэглэл /хх5/,

2. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст “ ............... тоотоос телевизор, булган шуба, 2 ширхэг ажлын куртик, бас нэг куртик, манай охины хувцас гэх мэт эд зүйлийг аваад гарсан тул шалгаж өгнө үү...” гэх өргөдөл /хх6/,

3. Хохирогч Д.Б-ийн”...Би ............... тоотод хүү, охины хамт амьдардаг. Манай том хүүг Д гэдэг, ажилгүй гэртээ байдаг. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед гэртээ очиход хүү маань гэртээ ганцаараа архи уугаад тасраад унтчихсан байсан  ...гэрт байсан булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлс алга болсон байсан...Манай гэрийн бүх зүйлийг уудлаад, талын нэг болгочихсон  байсан...хулгайд алдсан шуба, савхин куртик хоёрыг буцааж авсан...” гэх мэдүүлэг /хх16,109-р хуудас/,

4. Гэрч Б.Д-ийн“...2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр О мөн түүний 2 найзтай хамт гэрт орж архи уусан. Маргааш нь гэрт ээж ирэхэд манай  гэрийн эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх19-20/,

5. “Дамна” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний дүнгээр 42 инчийн зурагт 288.000 төгрөг, булган шуба 450.000 төгрөг, савхин куртка 114.000 төгрөг, нийтдээ 852.000 төгрөг гэсэн тайлан /хх32-33/,

6. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Х.Ц-аас “...Булган шуба 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг...”-ийг хураан авч, хохирогч Д.Бт хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх12-13/,

7. Х.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Гийн хамт Хархорин атобусны буудлын ойролцоо явж байтал Анхаа гэх хочтой О нэг танихгүй эрэгтэй хүнтэй хамт явж байснаа бид хоёр дээр ирээд хамт юм уух уу гэхээр нь бид хоёр зөвшөөрөөд нэг дэлгүүрээс хоёр ширхэг 0.75 литрийн архи аваад Ог “Манай найз Д-ийн гэрт орж ууя” гэсний дагуу ............. тоот гэрт тороод 4-лээ архи хувааж уусан. Удалгүй Д гэртээ тасраад унтаад өгөхөөр нь Г бид хоёр усанд ороод гараад иртэл О нөгөө айлд байсан эмэгтэй хүний хувцасыг солиод өмсчихсөн байхаар нь би бас хэдэн хувцас аваад гарсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан болохоор яг юу, юу авсан талаараа санахгүй байна. Ямар ч байсан зурагт авч гарсан. Зурагтыг нь аваад хэрэггүй гэж О бид хоёр хэлсэн боловч Г тоолгүй зурагтыг нь аваад зугтах шахуу гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх89, 112/,

8. А.О-ийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цагийн санахгүй байна. Хархорины автобусны буудал дээр танил Д-тэй тааралдахад тэрээр манай гэрт очиж нэг шил архи уухуу гэхээр нь тэдний гэр болох 1 хороололд гэрт нь очсон. Тэгээд бид хоёр орой нь дахиад Д дахин нэг шил архи аваад хамт ууж хоносон. Маргааш өглөө нь бид хоёр босоод өөрийн гар утсаа Хархорин захын наад талын баруун тийшээ явдаг автобусны буудал дээр танихгүй хүнд зараад мөнгөөрөө архи авсан. Энэ үеэр Ц, Г нартаа тааралдахад шартаж үхлээ гэхээр нь архиа хувааж уугаад, ...бүгдээрэ Д, Г, Ц нартай хамт Д-ийн гэрт хоёр шил архи аваад орсон. ...Д тасраад унтсан. Ц, Г нар усанд хамт орцгоосон. Би үлдсэн архийг нь ганцаараа уугаад мөн тасарсан. Энэ хооронд юу болсныг би санахгүй байна. Нэг ухаан ороход Хархорины тэнд явж байсан. Тэгээд тэр өдрөө Г, Ц нараас яаж салсанаа санахгүй байгаа бөгөөд ямар ч байсан хамтдаа Д-ийн гэрээс гарсан байсан. Тэрнээс хойш 2019 оны  1 дүгээр сарын 17-ны өдөр Д нэг хөгшин эмэгтэйтэй хамт явж байхад уулзахад Д надад “баларсан явж байна. Та нар гэр орон бусниулсан байна. Ээжийн булган шуба, савхи, телевиз, нэхий гэх мэт хувцас хунар алга болсон байна” Тэгээд хамт цагдаа дээр ирэхэд Д-ийн гэрт хонохдоо тэднийхээс гарахдаа Ц, Г нартай хамт эд зүйлийг нь авсанаа мэдсэн. Би ямар ч гэсэн савхин куртикийг нь өмсчихсөн явж байсан. Ц-тай тааралдаад асуухад Г телевизийг нь тэвэрч гараад зугтаасан гэсэн. Ингээд тэднийхээс хулгайлан авсан бүх хувцас хунараа энд тэнд хадгалсан байсныг цагдаад баригдсны дараа буцааж бүгдийн аваад Д-ийн ээжид байцаагчаар дамжуулан өгсөн...” гэх мэдүүлэг /хх100, 113/,

 

 Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Х.Ц, А.О нар:

Шүүгдэгч А.О, Х.Ц нар нь бусадтай бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ................тоотод байрлах иргэн Д.Б-ийн гэрт  түүний хүү Б.Д-ийн хамт архи ууж, архидан согтуурсаны дараа Д.Б-ийн гэрээс булган шуба, 42 инчийн зурагт, савхин куртик зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Д.Б, гэрч Б.Д болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 852.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь “Дамна” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.О, Х.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Мөн прокуророос 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор энэ хэрэгт хамтран оролцсон гэх Ү.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар тусгаарласныг шүүхээс хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэнг дурдах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Х.Ц-аас “...Булган шуба 1 ширхэг, савхин куртик 1 ширхэг...”-ийг хураан авч, хохирогч Д.Б-т хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр булган шуба, савхин куртикны хохирол төлөгдсөн гэж үзлээ.

 

Харин дээрх хэргийг бүлэглэн үйлдсэн, мөн “Дамна” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “ 42 инчийн зурагт 288.000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирол учирсан байх тул А.О, Х.Ц, Ү.Г нараас хувь тэнцүүлэн хүн тус бүрээс 96.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Б-т олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч А.О, Х.Ц нарын зүгээс хохирол төлөх 5 хоногийн завсарлага авсан.

Ийнхүү завсарлагын хугацаа дусч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр үргэлжлүүхэд шүүгдэгч Х.Ц хохирлыг төлж чадаагүйг дурдсан.

 

Харин шүүгдэгч А.О-ийн хувьд уг хугацаанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан боловч шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл уусан, хохирлыг төлөөгүй ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, шүүхийг үл хүндэтгэсэн тул эрүүгийн хариуцлагын хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулан хийсэнг дурдаж байна. Улмаар 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч А.О-ийн ар гэрээс хохирогч Д.Б-т хохиролд 96.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгч А.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.О, Х.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-д 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч А.О-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг хулгайлсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд бага, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь хохирогчийн эд зүйлээ хамгаалах боломжгүй согтуу, унтаж буй байдлыг далимдуулан авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч Х.Ц-ийн хувьд тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол шүүгдэгч А.О-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг төлсөн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.О, Х.Ц нарт нь гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд бага зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, мөн цагдан хоригдсон нийт 61 хоногийг, шүүгдэгч А.О-ийн цагдан хоригдсон 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Ц, А.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О, Х.Ц нарыг тус тус 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ц-ийн цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоног, шүүгдэгч 3 /гурав/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Х.Ц-аас 96.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т олгуулж, шүүгдэгч А.О-г бусдад төлөх төлбөргүйг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            М.МӨНХБААТАР