Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 635

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Арж групп” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ................ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ..................тоотод иргэн Д.У-ийн эзэмшлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Иргэн Д.У-ээс 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн “Гар утсаа хулгайд алдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2-3/, хохирогч Д.У-ийн мэдүүлэг /хх8, 67-68/, гэрч П.Ш-ийн мэдүүлэг /хх13/, гэрч С.Б-ын мэдүүлэг /хх15/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх17/, хулгайд алдагдсан гэх “Самсунг Жи-7” загварын гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 366 дугаартай дүгнэлт /хх25-27/, гэрч А-ын мэдүүлэг /хх71-72/, С.Б-ын ял шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавалгаа, ажлын байрны тодорхойлолт /хх45-48/, цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаа /хх54-61/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч С.Б-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

 

1. Иргэн Д.У-ээс 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн “гар утсаа хулгайд алдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх2-3/

2. Хохирогч Д.У-ийн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн үед Ш, Шгийн найз Б, Б бид дөрөв ......... тоот хашаанд байх Б-ын гэрт бид нар архи ууж байгаад унтсан. Миний хажууд Б, Б нар унтсан. Тэгээд өглөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагийн үед өөрийн найз Е-тэй утсаар ярьчхаад утсаа толгойныхоо хажууд тавиад буцаад унтсан. Тэгээд 11 цагийн үед сэрээд гар утсаа хайтал миний гар утас алга болсон байсан...”, “..Намайг найз Е-тэй утсаар ярьчхаад утсаа хажуудаа тавиад буцаад унтсан байсан. Тэгэхэд миний утас асаалттай хэвийн байсан...Тэгээд буцаж унтаад өглөө 11 цагийн үед сэрэхэд утас байхгүй алга болчихсон байсан юм...Тэгээд сэрээд залгахад утас маань холбогдох боломжгүй, унтраагаад хаячихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан юм...Миний утсаар яриагүй, намайг гар утсаа өгч байгаач гэж хэлээгүй. Намайг унтсан хойгуур нууцаар хулгайлж авсан байсан. Би Б гэх тэр хүнийг өмнө нь огт таньж мэддэггүй байсан. Гар утсаа бүрэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх8, 67-68/

3. Гэрч П.Ш-ийн: “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн үед босоод байж байтал У-ийн гар утас алга болсон байсан. Өглөө нь гэрийн эзэн болох Б ажилдаа явсан байсан. Гэрт нь манай найз У, Б, Б бид дөрөв үлдсэн. Тэгээд бид нар цагдаагийн байгууллага дээр У-ийг дагаж ирсэн. Тэгээд Б, Б, Б-ын эхнэр бид дөрөв Б-ын ажил дээр буюу Нарны гүүрний ойролцоо байх Монгол бичгээр “Арж” нэртэй барилгын хамгаалагч ажил хийж байхад нь очоод “Чи У-ийн гар утсыг аваад ир, утсыг нь өгөөдөх” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б “Юу яриад байгаа юм, би аваагүй” гээд байсан. Тэгсэн Б-ын эхнэр “Би ч гэсэн чамайг мэднэ. Чи ч намайг мэднэ. Чи зүгээр утсыг гаргаад ир. Чамайг авсаныг би мэдээд хэлж байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өрөөнөөс нь гараад гадаа зогсож байсан. Тэгсэн Б, Б, Б-ын эхнэр нар У-ийн гар утсыг аваад гараад ирсэн. Тэгэхээр нь юу болсон юм гэж асуусан чинь “Б эрээн өнгийн куртикнийхаа халааснаас У-ийн гар утсыг гаргаж ирж өгсөн. Куртикээ ажлынхаа сейфэнд хийгээд цоожилсон байсан” гэж надад тэр гурав хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх13/

4. Гэрч С.Б-ын: “...Тэгээд би Б руу фейсбүүк чатаар “Чи У-ийн гар утсыг яагаад аваад явсан юм бэ? Утсыг нь авч ирж өг” гэж хэлсэн чинь “Юу гээд солиороод байгаа юм бэ? Би аваагүй гээд” мэлзээд байсан. Тэгээд бид нар цагдаа дээр ирээд өргөдөл гаргаж өгөөд Б, Ш бид гурав Б-ын ажлын газрыг хайж байх хооронд манай эхнэр Анузул над руу залгаад байхаар нь болсон явдлыг хэлээд эхнэрээ дуудсан. Тэгээд бид дөрөв Б-ын ажлыг олоод Б-тай уулзсан. Тэгээд манай эхнэр Б-д “чамайг гар утас авсаныг мэдэж байна. Өмнө нь чи манай нөхрийг буудлын тооцоон дээр хаяад явж байсан биз дээ. Тэр юмыг чинь ярина шүү” гээд хэлсэн чинь Б “Тэгвэл Болдоог дуудчих” гэж манай эхнэрт хэлсэн гэсэн. Тэгээд намайг Б-ын ажлын гадаа сууж байхад Ш гарч ирээд чамайг Б дуудаж байна гэж хэлсэн. Тэгээд би Б-ын ажил руу яваад орсон чинь Б дагаад явчих хөгшөөн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ажлын газрынх нь доор буюу подвал руу ороод ажилчидын өрөөнд байх төмөр сейф болон хана хоёрын завсараас У-ийн гар утсыг авч өгөөд “Май энэ утсыг нь өг” гэж хэлсэн. Тэгэхээр би би дээшээ авч гараад У-ийн найз Ш-д гар утсыг нь өгсөн...манай эхнэр А бол бөө удган хүн учраас Б айдаг юм. Тэгээд Б гар утас авснаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх15/

5. Гэрч Б.Б-ы: “..2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ........тоотод байх Б-ын найз гэх Б-ын гэрт нь Ш, У бид нар очиж хоносон. Тэгээд 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө У гэх хүүхэн миний Самсунг Жи-7 маркийн гар утас байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б-ын гэрт У-ийн утсыг нь хамт хайлцсан боловч олдоогүй. Тэгээд цагдаа дээр ирж өргөдөл өгсөн...” /хх17/,

6. Хулгайд алдагдсан гэх Самсунг Жи-7 загварын гар утсыг 360.000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 366 дугаартай дүгнэлт /хх25-27/,

7. Гэрч Ю.А-ын: “....2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед манай нөхөр С.Б над руу залгаад “өчигдөр хороололд найзуудтайгаа уулзаж, бүгдээрээ Б-ынд хоносон. Тэгээд өглөө босоход Б байхгүй, хаалга түгжээд түлхүүрийг нь довжоон дээр хийчихээрэй гэж хэлсэн гэсэн. Тэгээд бид нар хоёр охинтой хамт хоносон гээд үнэнээ хэлсэн бөгөөд нэг охины утас нь алга болчихсон. Намайг хардаад байна, би ажил дээр чинь одоо очлоо гэж хэлээд удалгүй манай ажил дээр нөхөр маань нэг танихгүй залуу, охинтой хамт гурвуулаа ирсэн...Б-ын ажил дээр бид дөрөв хамт очоод Быг дуудаж дөрвүүлээ уулзаж, утсыг нь өгөөч ээ гэхэд би аваагүй шдээ гээд гүрийгээд байсан. Тэгээд хамт явж байсан шар үстэй охины утас нь дуугараад үүд рүү яваад өгсөн. Тэгээд манай нөхөр эрэгтэй найзыгаа дагуулаад тэр охины араас нь явсан. Тэгээд би Б-тай хоёулаа үлдээд би “за хулгайч минь чи өмнө нь бас манай нөхрөөс юм хуманд даалгаж байгаад мурьж алга болж байсан, тэрийг чинь эхнэрт чинь хэлээгүй шүү, бас нөхрийн гар утсыг чи барьцаанд тавьж байсан удаа байгаа шүү, чи одоо тэр утсыг нь гаргаад өгчих, угаасаа өглөө гарахдаа чи л аваад гарсан юм байна лээ ш дээ энийг чинь эхнэрт чинь хэлнэ шүү гэхэд Б Б-ыг дуудчих гэхээр нь би нөхрийгөө дуудаад Б нэг юмны завсараар гараа оруулж юм аваад халаасандаа хийгээд Быг дагуулаад цаашаа шат руу уруудаад дагуулж явсан. Намайг наанаа байж бай гэсэн ба нөгөө хоёр хамт зогсож байхад удалгүй Б энэ утас мөн үү Б өгч байна гээд утсыг нь аваад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх71-72/,

8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б: “...мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.Б:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 21-ний ........... тоотод иргэн Д.У-ийн эзэмшлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогч Д.У-ийн “...Тэгээд өглөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө 07 цагийн үед өөрийн найз Е-тэй утсаар ярьчихаад утсаа толгойныхоо хажууд тавиад буцаад унтсан. Тэгэхэд миний утас асаалттай хэвийн байсан...Тэгээд буцаж унтаад өглөө 11 цагийн үед сэрэхэд утас байхгүй алга болчихсон байсан юм...Тэгээд сэрээд залгахад утас маань холбогдох боломжгүй, унтраагаад хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч С.Б-ын “...Тэгээд би Б-ын ажил руу яваад орсон чинь Б дагаад явчих хөгшөөн гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ажлын газрынх нь доор буюу подвал руу ороод ажилчдын өрөөнд байх төмөр сейф болон хана хоёрын завсраас У-ийн гар утсыг авч өгөөд “Май энэ утсыг нь өг” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг болон гэрч Б.Б, П.Ш,  Ю.А нарын мэдүүлэг мөн С.Б-ын өөрийнх нь гэм буруугаа хүлээсэн мэдүүлгүүдээр тус тус давхар нотлогдон, тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн гар утсанд үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд 360.000 төгрөгийн /бага хэмжээнээс дээш/ хохирол учруулсан болох нь “Тэнцвэр эстимейт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б-ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, эд зүйлийг авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.У нь Самсунг Жи-7 загварын гар утсаа хүлээн авсан, цаашид хохирогч гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Б-ыг хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, шунахайн сэдэлтээр бусдын эд зүйлийг хулгайлсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд бага, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд ял шийтгэгдэж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн буюу гэмт хэрэг үйлдэх санаа бодол нь хохирогчийг унтаж буй байдлыг далимдуулан авсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б-ын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч С.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хувьд бага, шүүгдэгч нь “Арж групп” ХХК-д хамгаалагч ажилтай, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, бага насны хүүхэдтэй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй байх тул мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг шүүгдэгчид хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР