Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 644

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,

Улсын яллагч: Б.Энхбат,

Хохирогч: О.А, түүний өмгөөлөгч Б.Дамба /ШТЭД-0365/

  Шүүгдэгч: Д.Ш, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр /ШТЭД-2494/,

гэрч Б.Б, Х.Л, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хошууд овогт Д.Бд холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “У П” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,.................тоотод оршин суух, урьд  ял шийтгэлгүй, Д.Б /РД:............./.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Ш нь ............ тоотод оршин суух иргэн О.А-ыг “Хөдөөний Засаг дарга малчидад өгөх гэж байгаа юм...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийт 5 удаагийн үйлдлээр 779 ширхэг мөнгөн аягыг хуурч, залилан авч, бусдад нийт 110.760.000 төгрөгний хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Иргэн О.А-оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх13-15/ хохирогч О.А-ын мэдүүлэг /1хх20-23/, гэрч Х.Л-ийн  мэдүүлэг /1хх32-33/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /1хх26-27/, гэрч Д.Г-ийн мэдүүлэг /1хх49-50/, гэрч П.О-ийн мэдүүлэг /1хх49-50/, гэрч Э.Б-ийн мэдүүлэг /1хх52/, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөНгийн үнэлгээний 380 дугаартай дүгнэлт /1хх68-71/, мөрдөгчийн магадалгаа /1хх74-76/, Д.Ш нь “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөн аяганууд барьцаанд тавьж байсан болохыг нотолсон “Сайн зууч” ХХК-ны албан бичиг, “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын “барьцаат зээлийн гэрээ”-нүүд /1хх151-154/, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот албан бичиг /1хх188/, Д.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх81-82, 94-95/, гэрч П.О-ийн мэдүүлэг /1хх54/, гэрч Ц.Э-ы мэдүүлэг /1хх56/, гэрч А.О-ийн мэдүүлэг /1хх58/.

Хохирогчийн өмгөөлөгч: хохирогч О.А-оос гаргаж өгсөн тооцооны баримтууд /1хх190-194/, “Жи Эс Би Капитал” ББСБ-ын 18/1471 дугаартай албан бичиг /1хх136/, хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: 1-р хавтаст хэргийн 209 дахь талд авагдсанаар 61 хуудас баримт, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх109, 125-127/, гэрч Д.-гийн мэдүүлэг /1хх36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх200/  зэрэг баримтуудыг тус тус давхцаагүй байдлаар шинжлэн судлуулсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Д.Ш-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Иргэн О.А-оос 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “...Д.Ш-д 110.750.000 төгрөгний үнэ бүхий 779 ширхэг мөнгөн аяга зээлээр өгөөд авч чадалгүй залилуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх13-15/

2. Хохирогч О.А-ын: “...Би 2004 оноос эхлэн хувиараа мөнгөн аяга хийж зарж байгаа юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын эхээр манай эхнэр Л-тэй Д.Ш гэх хүн ирж уулзаад,

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 84 ширхэг мөнгөн аяга буюу

-5 хэмжээтэй буюу 12.5 см диаметртэй аяга 13 ширхэг, үнэ 1 ширхэг 75.000 төгрөг нийт 975.000 төгрөг,

-5.5 хэмжээтэй буюу 13.5 см диаметртэй аяга 36 ширхэг, үнэ 1 ширхэг 85.000 төгрөг нийт 3.060.000 төгрөг,

-6 хэмжээтэй буюу 15 см диаметртэй аяга 25 ширхэг, үнэ 1 ширхэг 110.000 төгрөг нийт 2.750.000 төгрөг,

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 8 ширхэг, үнэ 1 ширхэг 140.000 төгрөг нийт 1.120.000 төгрөг,

-9 хэмжээтэй буюу 19 см диаметртэй аяга 2 ширхэг, үнэ 1 ширхэг 220.000 төгрөг нийт 440.000 төгрөгний аяга зээлээр авч 8.345.000 төгрөгний өр тавьсан,

2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ш гэх хүн 196 ширхэг мөнгөн аяга зээлээр авсан. Үүнд:

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 145 ширхэг, үнэ 1 ширхэг 140.000 төгрөг нийт 20.300.000 төгрөг,

-6 хэмжээтэй буюу 15 см диаметртэй аяга 51 ширхэг, үнэ 1 ширхэг 110.000 төгрөг нийт 5.610.000 төгрөгний мөнгөн аяга авсан бөгөөд нийт 25.910.000 төгрөгний үнэтэй мөнгөн аяга зээлээр авсан,

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 200 ширхэг мөнгөн аяга авч явсан. Үүнд:

-5 хэмжээтэй буюу 12.5 см диаметртэй аяга 23 ширхэг, үнэ 1 ширхэг 75.000 төгрөг нийт 1.725.000 төгрөг,

-5.5 хэмжээтэй буюу 13.5 см диаметртэй аяга 13 ширхэг, үнэ 1 ширхэг 85.000 төгрөг нийт 1.105.000 төгрөг,

-6 хэмжээтэй буюу 15 см диаметртэй аяга 23 ширхэг, үнэ 1 ширхэг 110.000 төгрөг нийт2.530.000 төгрөг,

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 110 ширхэг, үнэ 1 ширхэг 140.000 төгрөг нийт 15.400.000 төгрөг,

-9 хэмжээтэй буюу 19 см диаметртэй аяга 3 ширхэг, үнэ 1 ширхэг 225.000 төгрөг нийт 675.000 төгрөг,

-5 хэмжээтэй буюу 12.5 см диаметртэй аяга 23 ширхэг, үнэ 1 ширхэг 150.000 төгрөг нийт 3.450.000 төгрөг,

-6 хэмжээтэй буюу 15 см диаметртэй аяга 1 ширхэг, үнэ 1 ширхэг 200.000 төгрөг нийт 200.000 төгрөг,

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 4 ширхэг, үнэ 1 ширхэг 225.000 төгрөг нийт 900.000 төгрөгний мөнгөн аяга, нийт 25.785.000 төгрөгний мөнгөн аяга зээлээр авч, Ш нь аяганы мөнгийг 2018 оны 02 дугаар сард багтааж өгнө гэж хэлээд авсан ба тухайн үедээ өгөөгүй.

2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр:

7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 85 ширхэг, үнэ 1 ширхэг 140.000 төгрөг нийт 11.900.000 төгрөгний мөнгөн аяга,

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр:

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй аяга 181 ширхэг, үнэ 1 ширхэг 140.000 төгрөг нийт 25.340.000 төгрөг,

-7 хэмжээтэй буюу 16 см диаметртэй стандарт мөнгөн аяга 29 ширхэг, үнэ 1 ширхэг 220.000 төгрөг нийт 6.380.000 төгрөг, бүгд нийлээд 31.720.000 төгрөгний аяга авч яваад одоог хүртэл өгөөгүй.

Мөн Ш-ыг мөнгөн аяга авахад нь би лангуун дээрээс: Ногоон хаш тагштай алтаар шарсан мөнгөн аяга 2 ширхэг, үнэ 1 ширхэг 1.250.000 төгрөг, нийлээд 2.500.000 төгрөг, Цагаан шүрэн мөнгөлсөн аяга 1 ширхэг алтаар шарсан 1.800.000 төгрөг, Модны үндсэн тагштэй шүртэй мөнгөн аяга 1 ширхэг 1.800.000 төгрөг, бүгд нийлээд 7.100.000 төгрөг болж байгаа юм. Д.Ш нь анх мөнгөн аяга авахдаа хөдөөний засаг дарга, малчиддаа өгөх гэж авч байгаа юм гэж хэлж байсан. Өөрөө авч хэрэглэнэ гэж хэлээгүй...Манайх дархны үйлдвэр хувиараа ажиллуулдаг ба ямар нэгэн аж ахуй, нэгж байгуулаагүй. Ш гэх хүнд нийт 779 ширхэг мөнгөн аяга, нийт 110.760.000 төгрөгийн аяга зээлээр өгсөн...Мөнгөн аяга өгөх үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Мөнгөн аяга зээлээр аваад маргааш гэрээ байгуулна гэж хэлж яваад дахиж уулзахгүй алга болсон. Түүнээс хойш хайж явж байгаад 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр олж аваад Д.Ш-тай гэрээ байгуулсан. Түүнээс хойш уулзахгүй зугтаагаад утсаар ярихаар өгнө гээд байдаг юм...” гэсэн мэдүүлэг /1хх 20-23/

3. Гэрч Х.Л-ийн : “...Нөхөр бид хоёр 2004 оноос эхлэн одоог хүртэл хувиараа мөнгөн аяга хийж зарж байгаа юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын эхээр манай төрсөн дүү Н-ийн нөхөр Б.Б хамаатан Д.Ш гэх хүнийг дагуулан ирж уулзаад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 84 ширхэг мөнгөн аяга, дараа нь 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ш гэх хүн 196 ширхэг мөнгөн аяга зээлээр авсан, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 200 ширхэг мөнгөн аяга зээлээр авч явсан, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 140 ширхэг мөнгөн аяга, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 181 ширхэг, 29 ширхэг, 2 ширхэг, 1 ширхэг мөнгөн аяганууд зээлээр авч явсан. Ш нь анх мөнгөн аяга авахдаа хөдөөний Засаг даргыг таньдаг болохоор түүнд зарна гэж байсан. Яг хэн гэдэг хүнд хаана зарах гэж байгаагаа хэлээгүй. Ш өөрөө авч хэрэглэнэ гэж хэлээгүй. Тэгээд түүнээс хойш мөнгөө өгөхгүй надтай уулзахгүй гэртээ ирэхгүй зугтаагаад яваад байгаа юм...Ш урд өмнө 2015 онд надаас 4 ширхэг мөнгөн аяга зээлээр аваад 300.000 төгрөг болсон ба өгөхгүй 1 жил болоод нэхэл дагал болж байж авсан.... Манай нөхөр сүүлд нь гэрээ байгуулсан. Эхлээд мөнгөн аяга өгөхдөө зүгээр өгөөд өөрөө бүртгэж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх32-33/

4. Гэрч Б.Б-ын: “...Ш надтай уулзаад гайгүй мөнгөн аяга хийдэг газар байна уу Өмнөговь аймаг руу явуулах гэсэн юм гэж асуухад нь би манай эхнэр Нгийн эгч нь нөхөртэйгээ мөнгөн аяга хийж зардаг болохоор утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд Ш ах, эгчтэй холбогдоод зээлээр мөнгөн аяга авсан. Би хоёр удаа Ш ахтай хамт очиж авсан ба түүнээс хойш мөнгийг нь өгөхгүй алга болсон. Ш ах А ахаас мөнгөн аяга аваад 25 дугаар эмийн сангийн ойролцоо байдаг Эрдэнэс гэдэг ломбарданд тавьсан. Тэгэхдээ нөгөө авах хүн нь арай авах болоогүй байна, тиймээс ломбарданд тавиад хэсэг байж байгаад аваад хөдөө явуулна гэж байсан...Би ах эгчийг мөнгөн аягаа зараасай гэж зааж өгсөн. Ш надад ямар нэгэн урамшуулал өгөөгүй..:” гэсэн мэдүүлэг /1хх26-27/

5. Гэрч Д.Г-ийн /Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны нягтлан бодогч/: “...Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хороо, ахмадын байгууллага нь 2018 оны сар шинийн байр, Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяруудыг тохиолдуулан малчдад болон өндөр настангуудад гарын бэлэг өгөх зорилгоор Д.Ш гэх хүнд 1000 орчим мөнгөн аяганы захиалга өгч байгаагүй, Д.Ш нь Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хороонд Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад арга хэмжээний үеэр хандив, тусламж өгч байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх47-48/

6. Гэрч П.О-ийн / Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх ахмадын холбооны дарга/: “...Д.Ш гэх хүнийг танихгүй, танихгүй учраас ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх49-50/

7. Гэрч Э.Б-ийн /“Эрдэнэс” ломбардад зээлийн мэргэжилтэн/ “...Д.Ш гэдэг хүн манай ломбарданд дандаа мөнгөн аяга тавьж мөнгө авсан. Тухайн мөнгөн аягаа буцааж аваагүй...тухайн мөнгөн аягануудаа хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх 52/

8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний 380 дугаартай дүгнэлтэд “...5 хэмжээтэй мөнгөн аяга 12.5 см, 37 грамм мөнгө 75.000 төгрөг, 5.5 хэмжээтэй мөнгөн аяга 13.5 см, 47 грамм мөнгө 85.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 57 грамм мөнгө 110.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см 70 грамм мөнгө 140.000 төгрөг, 9 хэмжээтэй мөнгөн аяга 19 см, 110 грамм мөнгө 220.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 12,5 см, 75 грамм мөнгө 150.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 110 грамм мөнгө 200.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см 135 грамм мөнгө 225.000 төгрөг, ногоон хаш тагштай алтаар шарсан мөнгөн жижиг аяга 1.250.000 төгрөг, цагаан шүрэн мөнгөлсөн аяга 1.800.000 төгрөг, модны үндсэн тагштай ёроолдоо улаан шүртэй мөнгөн аяга 1.800.000 төгрөг...”-өөр тус тус үнэлжээ /1хх68-71/.

9. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөНгийн үнэлгээний 380 дугаартай дүгнэлтийг үндэслэн хохирогч О.А-ын бусдад залилуулсан гэх 779 ширхэг мөнгөн аягыг 110.760.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадалгаа /1хх74-76/

10. “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөн аяганууд барьцаанд тавьж байсан болохыг нотолсон “Сайн зууч” ХХК-ийн албан бичиг, “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын “барьцаат зээлийн гэрээ”-үүд /1хх151-154/

11. Тус аймгийн Монгол ардын Намын хорооны дэд даргаар 2017-2018 онд О.Б  С  Ардын намын хорооны “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот албан бичиг /1хх191/

 

Хохирогч О.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надаас мөнгөн аяга авахдаа аймгийн засаг дарга малчиддаа, ахмадууддаа өгнө гэж хэлж авсан... Өмнөговь аймгаас мөнгө орж ирнэ гэж байсан. Хамгийн сүүлийн мөнгөн аягыг аваад алга болсон. Үүний дараагаар ломбарднаас мөнгөн аяганууд их хэмжээгээр зарагдсан, тэр үед манай аяга ерөөсөө зарагдаагүй...том машин унаж ирээд, 9911-тэй дугаар бариад, тэнд тийм байшин барьж байгаа, тэнд тийм бизнес эрхэлж байгаа гээд яриад байхаар итгээд өгсөн юм...” гэв,

 

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: “... эхний удаа 700 орчим мөнгөн аяга авсан санагдаж байна. Тухайн үед банкны зээл хөөцөлдөж байсан. Тэр цаг хугацаандаа бүтээгүйтэй холбоотойгоор О.А-ын мөнгийг хугацаанд нь өгч чадаагүй. Сүүлд нь 2018 оны 4 дүгээр сард төлбөр барагдуулах гэрээ байгуулсан...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Ш:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ш нь хохирогч  2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 84 ширхэг, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 196 ширхэг, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 200 ширхэг, 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 85 ширхэг, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 214 ширхэг нийт 5 удаагийн үйлдлээр нийтдээ 779 ширхэг мөнгөн аягыг авсан болох нь хохирогч О.А-ын мэдүүлэг, түүний гаргаж өгсөн гар бичмэл бүхий тооцооны баримтууд, гэрч Х.Л, Б.Б нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос мөнгөн аяганы тоо, хэмжээн дээр маргаагүй бөгөөд энэ хэрэгт гэрч Б.Б-ын хамтран оролцоо байсан эсэхийг нягтлан шалгаагүй, хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй, мөн дүгнэлтийг өмгөөлөгчид танилцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  шүүгдэгч болон хохирогч хоёрын хооронд гэрээний эрх зүйн харилцаа байсан, сүүлд 2018 оны 5 сард төлбөр барагдуулах тохиролцоо хийсэн зэргийг харгалзан үзэж мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэсэн тайлбар гаргаж мэтгэлцсэн  болно.

 

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болон мөрдөн шалган ажиллагааны хүрээнд нотолбол зохих байдал бүрэн нотлон тогтоогдсон гэж дүгнэсэн.

 

Шүүгдэгчийн мөнгөн аяга авсан үйлдэл нь иргэний эрх зүйн гэрээний харилцаа бус залилах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа тухайд:

Шүүгдэгч Д.Ш нь дээр дурдсан 779 ширхэг мөнгөн аягыг хохирогч О.А-оос авахдаа “...хөдөөний Засаг дарга малчиддаа өгөх гэж байгаа юм, Өмнөговь аймаг руу явуулах гэж байгаа юм, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гэж байгаа...” зэргээр хэлж авсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Улмаар гэрч Э.Б-ийн /“Эрдэнэс” ломбардад зээлийн мэргэжилтэн/ “...Д.Ш гэдэг хүн манай ломбарданд дандаа мөнгөн аяга тавьж мөнгө авсан. Тухайн мөнгөн аягаа буцааж аваагүй...тухайн мөнгөн аягануудаа хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг, “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөн аяганууд барьцаанд тавьж байсан болохыг нотолсон “Сайн зууч” ХХК-ийн албан бичиг, “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын “барьцаат зээлийн гэрээ”-нд зааснаар 2018.02.12-нд 45 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж 4.465.000 төгрөг, 2018.02.14-нд 200 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж 5.000.000 төгрөг, 2018.02.21-нд 200 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж 11.500.000 төгрөг, 2018.03.13-нд 210 ширхэг мөнгөн аяга барьцаанд тавьж 16.800.000 төгрөг тус тус зээлж авчээ.

 

 

Тодруулбал: Шүүгдэгч нь хохирогчоос мөнгөн аягыг авсан даруйдаа тус ломбарданд тавьж зээл авч байсан болох нь гэрч Э.Б-ийн мэдүүлэг, санхүүгийн холбогдох баримтаар тогтоогдож байна.

 

Мөн түүнчлэн гэрч Д.Г /Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны нягтлан бодогч/, гэрч П.О /Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх ахмадын холбооны дарга/, Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны “Хариу хүргүүлэх тухай” 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 тоот албан бичгээр шүүгдэгч Д.Ш нь Өмнөговь аймгийн Засаг дарга болон тус аймгийн Монгол Ардын Намын хорооны үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгөн аяга захиалж аваагүй, ийм нөхцөл байдал бодитоор байгаагүй, харин шүүгдэгч нь банк санхүүгийн байгууллагад өртэй байсан үйл баримт хэрэгт авагдсан байна.

 

Иймд дээр дурдсанаар шүүгдэгч Д.Ш-ын мөнгөн аягануудыг авсны дараа шууд ломбарданд тавин зээл авсан үйлдэлд нь түүнийг анхнаасаа тухайн мөнгөн аягыг зарж борлуулан хохирогч О.А-д мөнгийг өгөх санаа зорилго байгаагүйг илтгэх бөгөөд “хөдөөний засаг дарга малчиддаа өгөх гэж байгаа юм, Өмнөговь аймгаас мөнгө орж ирэхээр мөнгийг нь өгнө” гэсэн нь зохиомол байдлыг зориуд буй болгосон хэлбэр болно.

 

Мөн шүүгдэгч санхүүгийн асуудалтай, өөрийн өр зээлийг төлөх гэсэн цаад бодит нөхцөл байдлыг нуун хохирогчийг төөрөгдөлд оруулж  эд хөрөнгийг авсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн хохирогч О.А нь Д.Ш-ын гадаад байдлын хувьд “бизнес эрхэлдэг, 9911-.... гэсэн дугаартай утас барьдаг, ирэхдээ үнэтэй том машин унаж ирдэг” зэрэг нөхцөл байдалд итгэснийг ашиглан 5 удаагийн үйлдлээр хуурч эд хөрөнгийг нь залилан мэхэлж авсан болох нь нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч нь 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч О.А-той “төлбөр барагдуулах хэлцэл” бүхий тохиролцооны гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг зөвтгөхгүй, хохирогчийн хууран мэхэлсэн нөхцөл байдлаа иргэний эрх зүйн гэрээний харилцаагаар халхавчлах зорилготой хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байх тул дээр дурдсанаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогч, шүүгдэгч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, хохирлыг бодитоор тогтоосон тухайд:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг хөрөНгийн үнэлгээ шинжээчийн дүгнэлтэд үндэслэн мөрдөгчийн магадалгаагаар нийтдээ 110.760.000 төгрөгний хохирол учирсан гэж тогтоосныг шүүхээс хууль ёсны бөгөөд бодит байдалд тохирсон үндэслэл бүхий үнэлгээ гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

 

Учир нь “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 380 дугаартай дүгнэлт “...5 хэмжээтэй мөнгөн аяга 12.5 см, 37 грамм мөнгө 75.000 төгрөг, 5.5 хэмжээтэй мөнгөн аяга 13.5 см, 47 грамм мөнгө 85.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 57 грамм мөнгө 110.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см 70 грамм мөнгө 140.000 төгрөг, 9 хэмжээтэй мөнгөн аяга 19 см, 110 грамм мөнгө 220.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 12,5 см, 75 грамм мөнгө 150.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 110 грамм мөнгө 200.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см 135 грамм мөнгө 225.000 төгрөг, ногоон хаш тагштай алтаар шарсан мөнгөн жижиг аяга 1.250.000 төгрөг, цагаан шүрэн мөнгөлсөн аяга 1.800.000 төгрөг, модны үндсэн тагштай ёроолдоо улаан шүртэй мөнгөн аяга 1.800.000 төгрөг...”- өөр тус тус үнэлсэн байна.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мөнгөн аяга хийдэг адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, мөн худалдаалдаг иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд гэрч П.О-ийн /хувиараа мөнгөн аяга хийдэг/ “... ер нь бол хийж байгаа мөнгөн аяганы хэмжээ болон орц нь адилхан байдаг. Нэг ширхэг 5 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 75.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 150.000 төгрөг, 5.5 хэмжээтэй энгийн мөнгөн аяга энгийн мөнгөн аяга 90.000 төгрөг, 6 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 110.000 төгрөг, 6 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 210.000 төгрөг, 7 хэмжээтэй энгийн мөнгөн энгийн мөнгөн аяга 140.000 төгрөг, 7 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 240.000 төгрөг...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ы /хувиараа мөнгөн аяга хийдэг/ “... 2012 оноос мөнгөн аяга хийж байна. Нэг ширхэг 5 хэмжээтэй мөнгөн аяга 75.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 150.000 төгрөг, 5.5 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 90.000 төгрөг, 6 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 110.000 төгрөг, 6 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 210.000 төгрөг, 7 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 240.000 төгрөгөөр тус тус үйлдвэрээс гардаг. Лангуун дээр зарж байгаа хүмүүс доод тал нь 10.000 төгрөг нэмж зардаг...” гэх мэдүүлэг, гэрч А.О-ийн /хувиараа худалдаа эрхэлдэг/ “...Нэг ширхэг 5 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 75.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 150.000 төгрөг, 5.5 хэмжээтэй энгийн мөнгөн аяга энгийн мөнгөн аяга 85.000 төгрөг, 6 хэмжээтэй энгийн мөнгөн аяга 110.000 төгрөг, 6 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 195.000 төгрөг, 7 хэмжээтэй энгийн мөнгөн энгийн мөнгөн аяга 140.000 төгрөг, 7 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 220.000 төгрөгөөр тус тус үйлдвэрээс худалдан авч 5.000 төгрөгнөөс 10.000 төгрөг нэмж зардаг...” гэх мэдүүлэг тус тус хэрэгт авагджээ.

 

Мөнгөн аяганы үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт болон дээр дурдсан холбогдох гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд мөнгөн аяга нь хэмжээний хувьд адил боловч мөнгөний орцны хувьд ялгаатай байдлаар энгийн болон стандарт гэж үнийг тогтоодог байна.

Тухайлбал: 5 хэмжээтэй энгийн мөнгөн аягыг 75.000 төгрөгөөр үнэлсэн бол 5 хэмжээтэй стандарт мөнгөн аягыг 150.000 төгрөгөөр бүгд адилхан үнэлсэн байна. Мөн үйлдвэрийн үнэ дээр 5.000-10.000 төгрөг нэмж лангуун дээр зарагддаг гэх хохирогч, гэрчийн мэдүүлгээр тус тус мөнгөн аяга нь үнийн хувьд тогтсон ханшаар зах зээлд зарагддаг гэж дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, түүнд үндэслэн гаргасан мөрдөгчийн магадалгаанд эргэлзэх нөхцөл байдал байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн шүүгдэгч Д.Ш-ын үйлдэлд гэрч Б.Б-ыг хамтран оролцсон гэх үндэслэл бүхий баримт хэрэгт байхгүй, зөвхөн шүүгдэгчийг мөнгөн аяга асуугаад байхаар нь хүргэн ах болох хохирогч О.А-той танилцуулсан үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

 

Тиймээс шүүгдэгчийн Д.Ш-ын 5 удаагийн үйлдлээр 779 мөнгөн аяга авсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн, гэмт хэргийн улмаас нийт 110.760.000 төгрөгний хохирол учруулсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогчид 110.760.000 төгрөгний бодит хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь 39.000.000 төгрөгийг төлсөн байна.

 

Хохирогчийн зүгээс шүүх хуралдаанд мөнгөн аяганы үнийн зөрүүд 7.779.000 төгрөг, мөнгөн аяганы үйлдвэрийн үйл ажиллагаа алдагдалд орсны улмаас зээл авсны хүү 11.852.000 төгрөг нэхэмжилсэн болно. Харин алдангид 38.380.000 төгрөг нэхэмжилснээ дэмжихгүй, татгалзаж байна гэсэн тул энэ асуудлыг хэлэлцээгүйг дурдаж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлтэй тогтоосон гэж үзэж хохирогчийн мөнгөн аяганы үнийн зөрүүд 7.779.000 гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин мөнгөн аяга үйлдвэрлэх үйл ажиллагаа алдагдалд орсны улмаас зээл авсан гэсэнтэй холбоотой хүү нэхэмжилсэн асуудлыг энэ хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгч Д.Ш-ыг гэм буруутайд тооцож, түүнээс 71.760.000 төгрөг гаргуулж хохирогч О.А-д олгуулж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх зорилгоор завсарлага авсан. Уг хугацаанд 25.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Иймд шүүгдэгч Д.Ш-аас 46.760.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.А-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох дүгнэлт, саналыг гаргасан. 

 

Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын хуралдаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх гэж заасан. Хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа ч шүүгдэгчийн зүгээс хохирлыг төлж барагдуулах санал тавьж байгаа тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оонгдуулж, хохирлыг төлөх үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Д.Ш нь бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй хөдөлмөр эрхэлдэггүй, тэрээр өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг мөн барилга байгууламж бариулж, улсад тодорхой хэмжээний татвар төлсөн, хохирлыг хохирогчтой тохиролцсоны дагуу 2019 оны 7 сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулахаа илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Д.Ш-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ш-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн ...ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлын хувьд бизнесийн үйл ажиллагаа эрхлэн ажиллуулж байгаа, хохирлыг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгын хүрээнд ялын сонголттой байдлыг хэрэглэх боломжтой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс торгох ял оногдуулж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоов. 

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийн /48 цаг/ 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож буюу 30.000 төгрөгийг төлөх торгуулийн ялаас хасч тооцохоор шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Д.Ш-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ш-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-д оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож шүүгдэгчийн төлөх торгох ялаас хасч тооцсугай.
  5. Шүүгдэгч Д.Шаас 46.760.000 /дөчин зургаан сая, долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулан хохирогч О.Аод олгуулсугай.
  6. Хохирогч О.А-ын мөнгөн аяганы үнийн зөрүүд 7.790.000 /долоон сая, долоон зуун ерөн мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хүүгийн  төлбөрт 11.852.000 /арван нэгэн сая, найман зуун тавин хоёр мянган/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцээгүй орхиж иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 
  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус  дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  9. Шүүгдэгч Д.Ш-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдсүгэй.
  10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  11. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР