| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0626/Э |
| Дугаар | 651 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 651
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Амарзаяа,
хохирогч Д.Г,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Ш” ХХК-д аудитор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .....................тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
С.А /РД:....................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.А нь 2018 оны 4 дүгээр сард ....................тоотод, 2018 оны 07 дугаар сар, 2018 оны 08 дугаар сард .......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Г-тэй гэр бүлээс гадуурх харилцаанаас үүссэн маргаанаас болж маргалдан зодож гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн,
2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ......................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Г-тэй дундын өмчлөлийн эд хөрөнгө, гэр бүлээс гадуурхи харилцааны асуудлаас болж маргалдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Д.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Д.Г-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх3/, хохирогч Д.Г-гийн мэдүүлэг /хх15-16/, гэрч Л.Ү-гийн мэдүүлэг /хх20/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13093 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31/, хохирогч Д.Г-с гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлт /хх45-49/, хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан Д.Г-гийн хүсэлт, түүнтэй холбоотой баримтууд /хх50-56/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх57-58/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх59-65/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх72/ шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч С.А-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Д.Г-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “... Гэр орны эмх цэгцийн талаар нөхөр А-д шаардлага тавихад салаавч гаргаж, хэл амаар доромжилж, зодуулснаас хамар хавдаж, цус гарч, бөөрөнд таталт өгсөн. Улмаар дахин зодохдоо баруун бүдүүн гуя, зүүн өвдөгний нүдийг хөхөртөл зодож, зүүн талын хөмсөг тус газарт хавдаж хөхөрсөн. Намайг зодлоо гэж хэлэхэд 2 хүүхдийн хамт гэрээс хөөж, толгойд хэд хэдэн удаа цохиж гэмтээсэн. Үүнийг харсан 2 хүүхэд минь эмээ Л.Ү руу 00-д нуугдаж байгаад утсаар залгаж дуудаж, айж байгаагаа хэлж уйлсан.
С.А нь сүүлийн 5 жил шалтаг хайж, эрүүл байхдаа жилдээ 2-оос дээш зодож, боомилж, сүрдүүлж байнгын гэр бүлээс гадуурхи харилцаатай байсан ба энэ байдлыг болихыг хэлэх бүрт зодож бие бялдарт минь хөхрөлт үлдээн өөрийн эгчдээ энэ бүгдийг хэлж нийлж заналхийлдэг байсан. Ажилгүй чамд хууль үйлчлэхгүй, хүүхдүүдээс минь салгана гэх мэтчилэн удаа дараа дарамталж байсан. Энэ мэтчилэн олон жил 2 хүүхэд бид гурав доромжлуулж, дарамтлуулж, амь нас минь эрсдэлтэй байдалд байгаа тул салах өргөдөл гаргаж байна. Төрийн цагдаагийн хамгаалалт хэрэгтэй байгаа тул туслана уу” гэх /хх3/
2. Хохирогч Д.Г-гийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амралтын өдөр байсан бөгөөд А авдар ухаад суухаар нь “чи юу уудлаад сууж байгаа юм” гэхэд “миний зоосны цуглуулга алга болчихсон байна” гэхээр нь “би хараагүй шүү, мэдэхгүй” гэтэл “чи аваачиж зарсан юм байгаа биз” гэж хэлээд маргалдаж байтал бичиг баримтуудыг нэг бүрчлэн сөхөж үзээд байсан. Тэгэхээр нь чиний юуг чинь гаргаж зардагийн гэж хэлтэл намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ миний нүүр лүү алгадаад авсан. Би газар унасан бөгөөд миний хамраас цус гарсан. Тэгэхээр би босч ирээд “чи миний хамрыг хугалж байсан, намайг байнга ингэж зоддог” гэж хэлсэн. Хүү аав руугаа уурласан чинь зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ байрны чинь хагас нь миний нэр дээр байгаа шүү, би ээжээсээ хүртэл мөнгө гуйж авч байсан гэж хэлсэн. Би хоёр хүүхдээ авч явахаар болоод “чи хүүхнүүдэд цаг гаргадаг, хоёр хүүхэддээ зав гаргадаггүй” гэж хэлтэл толгой руу цохисон, хэсэг ухаан алдсан байсан. Тэгээд сэргээд босоод ирсэн чинь зүүн хөмсөгт улайсан байсан. Буцаж ороод С.А-г алгадаад авсан бөгөөд хонх дуугараад манай ээж орж ирсэн..., ээжийн хажууд над руу табчик шидсэн.
2018 оноос өмнө маш олон удаа зодсон.., 2018 оны 4 дүгээр сард намайг араар тавьсан мессэжнүүдийг олж мэдээд нөхөртөө үзүүлсэн. Тэгээд маргалдаад намайг зодсон,
2018 оны 7 дугаар сарын эхээр Содон хороололд нүүж ирээд удаагүй байхад би зурагтаа тогтоох гээд байж байтал А гаднаас орж ирээд намайг зурагттай хавсарч цохисон. Чи миний явалддаг хүүхний талаар манай ажлын газрынханд хэлсэн байна гэж хэлсэн бөгөөд би хэлээгүй гэдгээ хэлсэн.
2018 оны 8 дугаар сард А ажлынхантайгаа амралтад явсан бөгөөд утасных нь мессэжийг үзсэн чинь “21-р багийнхантай нэг өрөөнд орж хоносон байна, тэгсэн юм уу хайраа” гэсэн мессэж байхаар нь өөрт нь хэлсэн чинь тэр хүүхнүүдээс салсан, би хоёрхон хүүхэнтэй явалдсан гэж хэлэхээр нь би А-г алгадахад миний хамар луу цохиж хөхрүүлсэн. Надад сэтгэл санааны хохирол учирсан. Нэг хэсэг айдастай амьдрах болсон” гэх мэдүүлэг /хх15-16/
3. Гэрч Л.Ү-гийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим намайг ............... тоот гэртээ байж байтал манай ач охин болох У над руу залгаад “манай аав, ээж хоёр хэрэлдээд байна” гэж хэлэхээр нь У-г хаана байна гэхэд угаалгын өрөөнд дүүтэйгээ хамт байна гэж хэлсэн. Тэгээд би .................... тоот гэрлүү нь явж очтол Г, А хоёр хэрэлдсэн байдалтай байж байсан. Би хоёр хүүхдийг нь аваад гэрлүүгээ явлаа гэхэд Г би бас цуг явна гэхээр нь аваад гэрлүүгээ явсан. Намайг очиход Г уйлчихсан, нүд нь улайчихсан байсан” гэх мэдүүлэг /хх20/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13093 дугаартай шинжээчийн “...Д.Г-гийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны урд болон дотор дунд хэсэг, зүүн өвдөгний доод хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /хх31/
5. Хохирогч Д.Г-с “2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зодуулахдаа авсан” гэх гэрэл зургийн үзүүлэлт / хх45-49/
6. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хохирогч Д.Г нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар 2018 оны 04 дүгээр сарын 06, 2018 оны 10 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд тус тус хандаж сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө авч үйлчлүүлж байсан талаарх баримтууд /хх50-56/
7. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл / хх59-65/
8. С.А-гийн яллагдагчаар өгсөн “ 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрийн ажлаас болоод маргалдаж байтал Г намайг цохих гэхээр нь би түлхсэн. Тэгэхэд паркетан шалан дээр өвдөглөөд уначихсан юм. 2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хорооллын 22/а байрны 37 тоотод амьдарч байхдаа гэр бүлийн маргаанаас болоод гар хүрч байсан удаатай. 2018 оны 7 дугаар сард Содон хороололд нүүж ирээд удаагүй байсан бөгөөд Г нь намайг янз бүрийн хүүхнүүдтэй хардаад хэрүүл маргаан үүсгэснээс болж бид хоёр хэрэлдэж гар хүрч байсан. Манай эхнэр Г нь их хартай, ийшээ тийшээ юманд яваад ирэх болгонд хүмүүстэй хардаж хэрүүл өдөж эхэлдэг юм. Тэрийг нь тэсэлгүй гар хүрэх үе байдаг” гэх мэдүүлэг /хх39-40/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А-гийн “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахиж ийм явдал гаргахгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г-гийн “...мэдүүлэг өгөхгүй, урьд нь болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр нь мэдүүлсэн...” гэх мэдүүлэг,
Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.А:
1. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тухайд:
Хохирогч Д.Г, шүүгдэгч С.А нар нь 2009 онд гэр бүлээ батлуулж, 2010 оноос хойш нэг гэрт амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 6, 8 настай хоёр хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хохирогч шүүгдэгч нар нь эхнэр, нөхөр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Шүүгдэгч С.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...................... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г-г зодсон болох нь хохирогчийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амралтын өдөр байсан... бид хоёр маргалдсан, хэл амаар доромжилсон...тэгснээ миний нүүр лүү алгадаад авсан. Би газар унасан бөгөөд миний хамраас цус гарсан. Тэгэхээр би босч ирээд “чи миний хамрыг хугалж байсан, намайг байнга ингэж зоддог” гэж хэлээд, Би хоёр хүүхдээ авч явахаар болоод “чи хүүхнүүдэд цаг гаргадаг, хоёр хүүхэддээ зав гаргадаггүй” гэж хэлтэл толгой руу цохисон, хэсэг ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг, мөн гэрч Л.Ү-гийн “...орой 21 цагийн орчим намайг ......................тоот гэртээ байж байтал манай ач охин болох У над руу залгаад “манай аав, ээж хоёр хэрэлдээд байна” гэж хэлэхээр нь У-г хаана байна гэхэд угаалгын өрөөнд дүүтэйгээ хамт байна гэж хэлсэн...Намайг очиход Г уйлчихсан, нүд нь улайчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.А-гийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд энэ хэргийн улмаас хохирогч Д.Г-гийн биед “...зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны урд болон дотор дунд хэсэг, зүүн өвдөгний доод хэсгүүдэд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 13093 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.А-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
2. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Д.Г-г байнга зодсон тухайд:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 4 дүгээр сард .............. тоотод, 2018 оны 07 дугаар сар, 2018 оны 08 дугаар сард ...................тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г-г зодсон нь хохирогчийн “...2018 оноос өмнө маш олон удаа зодсон.., 2018 оны 4 дүгээр сард намайг араар тавьсан мессэжнүүдийг олж мэдээд нөхөртөө үзүүлсэн. Тэгээд маргалдаад намайг зодсон, 2018 оны 7 дугаар сарын эхээр Содон хороололд нүүж ирээд удаагүй байхад би зурагтаа тогтоох гээд байж байтал А гаднаас орж ирээд Чи миний явалддаг хүүхний талаар манай ажлын газрынханд хэлсэн байна гэж намайг зурагттай хавсарч цохисон. 2018 оны 8 дугаар сард Агийн гар утсанд ... гэсэн мессэж байхаар нь өөрт нь хэлсэн чинь тэр хүүхнүүдээс салсан, би хоёрхон хүүхэнтэй явалдсан гэж хэлэхээр нь би Аг алгадахад миний хамар луу цохиж хөхрүүлсэн. Надад сэтгэл санааны хохирол учирсан...” гэх мэдүүлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандаж байсан нотлох баримтууд болон шүүгдэгч С.А-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Мөн 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийг зодон эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон.
Түүнчлэн хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хохирогчоор өсгөн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Г-г байнга зоддог, мөн үйлдэл нь дахин давтагдах тогтвортой шинжтэй нөхцөл байдалтай гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Г-г байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Мөн шүүгдэгч С.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Г-г зодохдоо эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилсэн нь зөв байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч С.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.А-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Д.Г-г байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгээд нийт 1 жил 90 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдэлдээ маргаагүй, буруутай үйлдлээ ойлгон ухаарч буйгаа илэрхийлсэн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн бол, хохирогч нь хохирол нэхэмжилсэн зүйлгүй, эрүүгийн хариуцлагын хувьд хүүхдүүдийг минь бодоод хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн болно.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүн ...ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилсан, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хөнгөн гэмт” хэрэг гэдэгт 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг хамаарахаар тус тус заажээ.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн шүүгдэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, мөн хугацаанд шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх хууль зүйн нөхцөл боломж энэ тохиолдолд хангагдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай адил “хориглосон зохицуулалт” байхгүйг дурдаж байна.
Мөн хохирогч болон шүүгдэгч нь гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай, бага насны хоёр хүүхэдтэй болон гэр бүлийн санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч С.А-д оногдуулсан хорих ялыг шүүхээс тэнсэн шийдвэрлэж байгаа нь шүүгдэгчид итгэл үзүүлж байгаа хэлбэр болохоос түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдлүүдийг өөгшүүлсэн хэлбэр бус болохыг дурдаж байна.
Иймд шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар тэнцэж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхээс уг шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.А-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан оногдуулсан хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.А-д “зан зүйлээ засах” сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР