| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07529/И |
| Дугаар | 5637 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 5637
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А миний бие 2000 онд Отэй танилцаж, 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Бтөрсөн. Хоорондын үл ойлголцлын улмаас Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Хэдий тийм боловч бид харилцан ойлголцоод 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс дахин хамтран амьдарч эхэлсэн ба 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Өийг төрүүлсэн. Тухайн үеэс хойш одоог хүртэл Б.А би эхнэр Б.О, охин Б.Б, хүү Б.Ө нарын хамт амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч талаас гаргуулахгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2000 онд Б.Атэй танилцаж, 2006 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Бтөрсөн. Бид хоорондын үл ойлголцлын улмаас Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Хэдий тийм боловч бид харилцан ойлголцоод 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс дахин хамтран амьдарч, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Ө төрүүлсэн. Бид 2 хүүхдийн хамтаар 2010 оны 05 дугаар сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг сэргээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Од холбогдуулан гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Б.А, Б.О нар нь 2000 онд танилцаж, 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр охин Б. төрүүлж, 2006 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 603 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хэдийгээр гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан боловч зохигчид 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн одоог хүртэл хамтран амьдарч, 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Ө-ийг төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд зохигч талуудын хүсэлтээр гэрлэлт сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Агээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1. дэх хэсэгт заасныг баримтлан А, О нарын гэрлэлтийг сэргээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА