Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 652

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

хохирогч Э.А,

шүүгдэгч У.У, түүний өмгөөлөгч Я.Энхжаргал /ШТЭД-1420/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.У-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........................ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, тусгай дунд боловсролтой, радио телеграфч мэргэжилтэй, “Зэвсэгт хүчний ...... дугаар анги”-д оператор ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, .....................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У.У /РД:.................../.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч У.У нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж “Дашваанжил” шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёота приус” маркийн, .............. УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”. Мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх5-10/, хохирогч Э.А-гийн мэдүүлэг /хх33-34/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх49/, гэрч Д.Б-гийн мэдүүлэг /хх50/, иргэний хариуцагч П.Б-гийн мэдүүлэг /хх47/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3288 дугаартай дүгнэлт /хх53/, тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 206 дугаартай дүгнэлт /хх68/, хохирогч Э.А нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх41-45/,  У.У-гийн хохирол төлсөн баримт /хх76-78/, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ /хх80/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх89/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудыг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч У.У-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх5-10/,

2. Хохирогч Э.А-гийн “...зам руу харахад машин нилээн зайтай ирж байхаар нь амжаад гарчихна гэж бодоод хурдан алхаад гарч байтал машин ирээд мөргөсөн ...зогсоох арга хэмжээ аваагүйд гомдолтой байгаа” гэх мэдүүлэг /хх33-34/

3. Гэрч Б.Б-гийн “...урд талд автобус явж байхаар нь ах тэр автобусны хажуугаар гүйцээд гартал автобусны урдуур эмэгтэй хүн гараад ирэхэд ах огцом дараад, мөргөсний дараа тоормос гишгэсэн...би тэр хүнийг гараад ирэхэд ойролцоогоор 3 метрийн зайнаас харсан...” гэх мэдүүлэг /хх49/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3288 дугаартай “...Э.А-гийн биед баруун хацар ясны нум сэлтэрсэн хугарал, баруун нүдний ухархайн гадна хана зөрөөтэй хугарал. Баруун хоншоор ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, доод болон дээд хана зөрөө бүхий хугарал, баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх53/

5. Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 206 дугаартай “...“Тоёота приус” маркийн, ...... УБЛ улсын дугаартай автомашины жолооч У.У нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” Мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөн... явган зорчигч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/үзэгдэх хүрээн явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх68/.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.У “...Автобусны буудал дөхөж байхад замын эсрэг талд нэг хүн зам хөндлөн гарах гэж байгаа юм шиг харагдсан. Би нэгдүгээр эгнээнд явж байгаад автобусыг ялимгүй гүйцэж түрүүлтэл гэнэт нүдний үзүүрт зурвас гээд толь цохих чимээ гарсан...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А “...хөдөлгөөн нэлээн багассан 2 машин зэрэгцээд гарч ирж байсан. Би амжина гээд урдуур нь хүлээлгүй зам хөндлөн гарсан. Нэг мэдэхэд цохигдоод унасан байсан. Гарцгүй газраар гарсан нь миний буруу гэхдээ зогсоох арга хэмжээ аваагүйд би гомдолтой байна...3 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй цалин, цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч У.У:

Шүүгдэгч У.У нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны 22 цаг 20 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж “Дашваанжил” шатахуун түгээх станцын баруун талын замд “Тоёота приус” маркийн, ............ УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зөрчигч Э.А-г мөргөсөн нь хохирогч Э.А-гийн “...зам руу харахад машин нилээн зайтай ирж байхаар нь амжаад гарчихна гэж бодоод хурдан алхаад гарч байтал машин ирээд мөргөсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-гийн “...ах тэр автобусны хажуугаар гүйцээд гартал автобусны урдуур эмэгтэй хүн гараад ирэхэд ах огцом дараад, мөргөсний дараа тоормос гишгэсэн...” гэх мэдүүлэг болон Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч 1-рт: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байх, 2-рт: тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

 

Дээр дурдсанаар шүүгдэгч У.У-гийн автотээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хохирогч Э.А-г мөргөсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...баруун хацар ясны нум сэлтэрсэн хугарал, баруун нүдний ухархайн гадна хана зөрөөтэй хугарал. Баруун хоншоор ясны хоёрлосон цөмөрсөн хугарал, доод болон дээд хана зөрөө бүхий хугарал, баруун хөмсөгт шарх, хацарт зулгаралт...” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3288 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийн шүүгдэгч У.У-г дараах үндэслэлээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж дүгнэлээ. Үүнд:

 

Гэрч Б.Б нь тухайн үед шүүгдэгчийн хажуу талын суудалд сууж явсан байх бөгөөд түүний мэдүүлэгт дурдсанаар “шүүгдэгч нь тухайн үед урдаа явсан автобус гүйцэх үйлдэл хийсэн, ойролцоогоор 3 метрийн зайнаас явган зорчигч гарч ирснийг харсан” гэх, мөн хохирогч нь “тухайн үед тээврийн хэрэгсэл нэлээн зайтай ирж байсан, амжаад гарчихна гэж бодсон” гэх, шүүгдэгч У.У-гийн шүүх хуралдаанд өгсөн “тухайн үед замын эсрэг талаас явган зорчигч зам гарах гэж байгаа юм шиг харагдсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг анхаарал болгоомжтой байх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Тодруулбал: шүүгдэгч нь явган зорчигч зам хөндлөн гарах гэж байгааг ухамсарласан даруйдаа илүү анхааралтай байх ёстой байсан, мөн жолоочийн хажууд сууж явсан хүн 3 орчим метрийн зайтай хүн гараад ирэхийг харсан байхад жолооч энэ байдлыг анзааралгүй зорчигчийг мөргөсний дараа тээврийн хэрэгслийг зогсоосон нь анхаарал болгоомжтой байх үүргээ хангалттай биелүүлээгүй, мөн гэнэт үүссэн нөхцөл байдалд самбаачлах, тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадаагүй нь осол гарах нөхцөлийг буй болгосон буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд жолооч явган зорчигч зам хөндлөх гарч байж болзошгүйг харсан атлаа, хурдаа хасаагүй, мөн зогсоох үйлдэл огт хийгээгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч У.У тухайн үед хурд хэтрүүлээгүй явсан, хохирогч гэнт гарч ирсэн учраас жолооч урьдчилан зогсоох арга хэмжээ авах боломжгүй байсан гэсэн нь тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Мөн хэрэгт авагдсан хэргийн газрын хэмжилтийн бүдүүвч зургаар хохирогчийг мөргөсөн цэгээс 57 метрийн зайд явган хүний гарц байсан буюу явган зорчигчийн гарц ойртож байх үед жолооч хурдаа нэмж автобус гүйцэж түрүүлсэн гэсэн нөхцөл байдал гэрч Б.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан жолоочийн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар явган зорчигчийн гарц ойртож байгаа тохиолдолд хурдаа хасахыг анхааруулсан дүрмийн зохицуулалт нь жолоочид болгоомжтой байх үүрэг хүлээлгэж байгаа тул өмгөөлөгчийн 20 метрээс дотогш орж хурдаа хасах үүрэг үүснэ гэсэн тайлбар нь үндэслэлгүй, мөн тухайн нөхцөл байдалд хурдаа нэмэх бус хасах байдлаар хөдөлгөөнд оролцох үүрэгтэй байсан гэж үзлээ.  

 

Иймд Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 206 дугаартай дүгнэлтээр жолооч У.У-г Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 16.1-т заасныг тус тус зөрчсөн гэсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирсон үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Хэдийгээр хохирогч Э.А нь гарцгүй газраар зам хөдлөн гарсан буруутай үйлдэл байгаа боловч энэ нь шүүгдэгчийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг үгүйсгэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч У.У нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.А-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.А-гаас 3.656.330 төгрөг нэхэмжилсэнээс 1.031.560 төгрөгийн хохирлын баримт хэрэгт өгсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.А-гаас 743.600 төгрөгийн хохирлын баримт нэмж гаргаж өгч, мөн ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 1.800.000 төгрөг, мөн эмчилгээний бусад зардлыг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч У.У-гаас хохирогчид нийтдээ 1.131.560 төгрөг төлсөн байна.

 

Иймд шүүгдэгч У.У-гаас 643.600 төгрөг гаргуулж хохирогч Э.А-д олгуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн баримтгүйгээр нэхэмжилсэн 1.424.770 төгрөг болон ажилгүй байсан хугацааны цалинд 1.800.000 төгрөг нэхэмжилсэн хэлэлцээгүй орхилоо.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилтод нийцүүлэн хохирогч Э.А нь ажилгүй байсан хугацааны цалин, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой хохирлын зардлыг иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч У.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.У нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “...хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин  шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч У.У-гийн эзэмшлийн ........... дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч У.Уаас 643.600 /зургаан зуун дөчин гурван мянга, зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ат олгуулсугай.

 

5. Хохирогч Э.А-гийн ажилгүй байсан хугацааны цалин, баримтгүйгээр нэхэмжилсэн хохирлын зардлыг тус тус хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлын хамт иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч У.У-гийн эзэмшлийн ....... дугаартай жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР