| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0634/Э |
| Дугаар | 657 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 657
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,
улсын яллагч Х.Онолт,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-д холбогдох эрүүгийн ...................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Орхон их сургууль”-ийн эрх зүйн 2 дугаар курст суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.Х /РД:ЗБ............../.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хоолны газарт иргэн Ш.О-гийн тооцоо хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны картыг тус хороонд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн бэлэн мөнгөний машинд уншуулан 430.000 төгрөгийг авч завших гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Ш.О-гийн мэдүүлэг /хх9/, хохирогч Ш.О-гийн Хаан банкны ...................... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх4/, Э.Х-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх42-43/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Э.Х-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Ш.О-гийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр найз Дтай хамт өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн санахгүй байна нэг пабруу орсон юм. Тухайн үед Д найз гэх Х гэдэг охинруу ярьсан юм. Тэгээд удалгүй Х гэх эмэгтэй хоёр найзын хамт бид хоёр дээр ирэхэд нь бид хоёр гараад пабын хажуу талын Орхон гэх нэртэй зоогийн газарт хоолонд орсон юм. Тэгээд Д бид хоёр Х болон түүний хоёр найзтай хоолонд орчоод тооцоо хийх болох үед өөрийн виза картаа Х гэх охинд пин кодыг нь хэлээд хоолны тооцоо хийчих гэж виза картаа өгсөн. Тэгээд цайны газраас Д бид хоёр болон Х бас түүний хоёр найз гараад бид Д бид хоёр зочид буудал руу ороод тэр гурав бид хоёроос салаад явсан. Тэгээд зочид буудалд ороод картаа үзэхэд карт байхгүй байхаар нь Х руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд би тэр газраас шууд такси бариад гэрлүү явсан...Буудалд байх үед миний гар утсанд 50.000 төгрөгөөр хоёр удаа гүйлгээ хийгдсэн ба тухайн үед буудлаас гараад таксинд суугаад явж байхад 330.000 төгрөгөөр гүйлгээ хийгдсэн мессэж ирсэн...Хаан банкны лавлахаас хаанаас гүйлгээ хийсэн талаар асуухад Хархорин захын ард байдаг Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийгдсэн байна гэсэн... ” гэх мэдүүлэг /хх9/
2. Хохирогч Ш.О-гийн Хаан банкны ............... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар “2019 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн зардлага гарсан байдлыг харуулсан” /хх4/
3. Э.Х-гийн яллагдагчаар өгсөн “...Орхон нэртэй цайны газар бид тав хоол захиалж идээд О ах надад тооцоогоо хийчих гээд виза картаа өгөхөөр нь би тооцоо хийгээд буцаагаад О ахад виза картыг нь өгсөн чинь би уусан байгаа юм чинь би алга болгочих байх чамд байж байг гээд надад өгсөн тэгээд бид нар хоолоо идчихээд цайны газраас гараад нэг зочид буудалд орсон...би гарч явж байхдаа О ахын виза картыг өгөхөө мартсан байсан. Би эхлээд бодохдоо маргааш нөгөөдрөөс уулзахдаа картыг нь өгье гэж бодоод тэгээд шууд АТМ ороод дансыг нь шалгаж үзэхэд 432.000 төгрөг байхаар нь эхлээд 50.000 төгрөгөөр уншуулж, дахин 50.000, 330.000 төгрөгийг тус тус уншуулж авсан ба О ахын данснаас нийт 430.000 төгрөг авсан юм. Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан учир О ахын картнаас мөнгө авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх42-43/
Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.Х мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Э.Х.
Шүүгдэгч Э.Х нь 2019 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хоолны газарт иргэн Ш.О-гийн тооцоо хийлгүүлэхээр итгэмжлэн хариуцуулан өгсөн Хаан банкны картыг тус хороонд байрлах Хаан банкны Хархорин тооцооны төвийн бэлэн мөнгөний машинд уншуулан 430.000 төгрөгийг авч завших гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ш.О-гийн Хаан банкны .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогчийн “...тооцоо хийх болох үед өөрийн виза картаа Х гэх охинд пин кодыг нь хэлээд хоолны тооцоо хийчих гэж виза картаа өгсөн. ...Тэгээд зочид буудалд ороод картаа үзэхэд карт байхгүй байхаар нь Х руу залгахад утас нь холбогдохгүй байсан...”, Э.Х-гийн яллагдагчаар өгсөн “...О ах надад тооцоогоо хийчих гээд виза картаа өгөхөөр нь би тооцоо хийгээд буцаагаад О ахад виза картыг нь өгсөн чинь би уусан байгаа юм чинь би алга болгочих байх чамд байж байг гээд надад өгсөн ...Тухайн үед яаралтай мөнгөний хэрэг гарсан учир О ахын картнаас мөнгө авсан юм” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 430.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Ш.О-гийн Хаан банкны .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Х-гийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдэгдсэн буюу тооцоо хийлгэхээр картны нууц үгийг хэлэн итгэмжлэн өгсөн банкны картыг буцаан өгөлгүй, карт дахь мөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авсан гэм буруутай байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан, АТМ-ээс мөнгөн уншуулан авснаар гэмт хэргийн бүрдэл төгссөн байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Э.Х нь “Ш.О-гийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаас виза картыг нь ашиглан нийт 430.000 төгрөг авсан, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дээрх данс руу 430.000 төгрөгийг шилжүүлсэн байна.
Мөн хохирогч Ш.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Х-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Х-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан нь гэмт санаа бодол урьдаас төрсөн гэж үзэх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүгдэгч Э.Х нь хохирогчид учирсан 430.000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Х нь Орхон Их Сургуулийн 3 дугаар курсын оюутан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор уршиг бага, хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Э.Х-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд зааснаар нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-д 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Х-гаас 430.000 /дөрвөн зуун гучин мянга/ төгрөгний хохирол хохирогч Ш.О-д төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР