Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 662

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрынн хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-нд холбогдох эрүүгийн ...........дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, авто-механик, гагнуурчин, мужаан мэргэжилтэй, “Сутай буянт” захад засварчин ажилтай, ам бүл 1, .................... тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Н.Н /РД:.......... /

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гадна талбай дээр Л.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Л.М-ын мэдүүлэг /хх22-23/, гэрч Т.Т-гийн мэдүүлэг /хх27/, гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №3752 дугаартай дүгнэлт /хх32/, хохирогч Л.М-ын зодуулсаны дараах гэмтлийн гэрэл зургууд /хх13-14/, хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх16-18/, Н.Н-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх41/,  Н.Н-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх48/, урьд ял шийтгэлийн холбогдох баримтууд /хх64-70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримТ-гээс хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч Н.Н-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1.Хохирогч Л.М-ын “...Бид гурав ууж байсан архиа хувааж ууж байхдаа би Н гэх залуутай хэрэлдэж маргаад эхэлсэн. Н.Н-тэй хэрэлдэж маргахад Н намайг гараад ир гэж дуудсан. Би араас гараад очиход Н дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлчихаад цээж нүцгэн над дээр ирээд миний өмсөж байсан цамцнаас татаж хүзүүнээс мулталж газар унагаад баруун гараа атгаж байгаад миний нүүр лүү 2-3 удаа цохиод мөн миний үснээс татаж толгойны баруун хэсгээр газар хавсарч 3-4 удаа мөргүүлчихээд намайг орхиод явсан. Би тухайн үед манараад газар хэвтэж байгаад Н-д хандаж чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлэхэд буцаж ирээд миний цээж рүү хоёр удаа өшиглөөд явсан...” гэх мэдүүлэг /хх22-23/

2.Гэрч Т.Т-гийн “...Бид гурав архи хувааж уугаад юм яриад сууж байхад М Н руу агсараад чи муу банди хэн юм бэ гэж хэлээд тэр хоёр хэрэлдэхэд Н М-ыг гарч учраа олъё гээд дагуулаад гарсан. Би тэр хоёрыг ирэхгүй удаад байхаар нь араас нь гарахад М хашааны гадаа нүүр ам нь цус болсон хувцас хунар шороо болсон байдалтай хэвтэж байсан. Н хажууд нь цээж нүцгэн зогсоод М дургүй хүргээд байхаар нь цохиод унагаачихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх27/

3.Гэрч Д.Н-ийн “...М  21 цагийн үед над руу согтуу залгаад цагдаа дуудаарай би хүнд зодуулчихлаа чи 23 дугаар хороон дээр хүрээд ир гэж хэлсэн. Би гэрээсээ гараад 23 дугаар хороон дээр очоод Тийн өрөөнд яваад ороход Т, М хоёр байсан. Би Т-гээс юу болсон талаар асуухад хамт архи уусан Н.Н-тэй гарч яваад гадаа зодолдоод зодуулчихаад ороод ирлээ гэж хэлсэн. Удаагүй Н гэж М-ыг зодсон залуу ирсэн. Би Нгаас юу болсон талаар асуухад танай нөхөр чинь эхэлсэн. Би хоёр удаа цохисон гэж хэлсэн. Намайг 23 дугаар хороо Тийн өрөө рүү ороход М-ын баруун шанааны арьс нь зулгарсан хувцас хунар нь нил шороо цус болсон согтуу байдалтай Н гэх залуу намайг зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх29-30/

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №3752 дугаартай дүгнэлтэнд: “...Л.М-ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн алиманд цус харвалт, дух баруун чамархай цээж нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх32/

5. Хохирогч Л.М зодуулсаны дараах гэмтлийн гэрэл зургууд /хх13-14/

6. Хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг 33 минутанд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гадна талбайн бичлэгт “...хохирогч М цагаан цамцтай 23 дугаар хорооны хашааны гадаа баруун тийшээгээ хараад зогсож байв. Баруун талаар Н.Н М луу чиглэж ирээд бие биенийхээ өөдөөс хараад зогсож байв. Н хоёр гараараа М-ын шилэн хүзүүнээс татаж доош нь дараад өмсөж явсан цагаан цамцнаас татаж М-ын хүзүүнээс цамцыг мулталж газар унагаагаад дээрээс нь баруун гараараа толгой руу нь цохиод 3-4 удаа зүүн гараараа үснээс нь татаж газарт баруун гараараа нүүр лүү нь хоёр удаа цохиж зүүн хөлөөрөө толгой руу нэг удаа өшиглөж байв...” гэх бичлэгийн тэмдэглэл /хх16-18/

7. Яллагдагч Н.Нгийн “...М энэ хороо бол миний газар, чи энэ газар дээрээс зайлаараарай гэж надруу агсарсан. М намайг гаръя зодолдоё гээд хэл амаар доромжлоо байхаар тэр үед миний уур хүрээд гадуур хувцасаа тайлж машины багааж дээр тавиад М дээр очоод хоёр гараараа М-ын шилэн хүзүүнээс татаж газар унагаагаад баруун гараа атгаж байгаад нүүр лүү нь 2-3 удаа цохичихоод эргээд машин луугаа алхах үед миний араас хэл амаар доромжлоод байхаар нь буцаж очоод М-ын цээж рүү хоёр удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх41-42/

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Н.Н:

Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гадна талбай дээр Л.М-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.М-ын мэдүүлэг, гэрч Т.Т-гийн мэдүүлэг, гэрч Д.Н-ийн мэдүүлэг /хх29/, хохирогч Л.М-ын зодуулсны дараах гэмтлийн гэрэл зургууд, хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Н.Н-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “...Л.М-ын биед зүүн зовхинд цус хуралт, зүүн алиманд цус харвалт, дух баруун чамархай цээж нуруунд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Н нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.  

Хохирогчийн мэдүүлэгт дурдсанаар нэг өдрийн цалин 35.000 төгрөг 10 өдрийн цалин нийт 350.000 төгрөг, бариач дээр толгойгоо нэг удаа бариулахад 35.000 төгрөг нийт 150.000 төгрөг, соривны тос 35.000 төгрөг, бинзен 100.000 төгрөг нийт 635.000 төгрөгийн хохирол нэхэмжилжээ.

 

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх буюу хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтгүй, хохирогч Л.М-д учирсан хохирлын тооцоо гэх мөрдөгчийн тэмдэглэлд үндэслэн хохирлыг гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Энэхүү хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхэд хандан Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирлоо барагдуулах эрхтэй болохыг дурдан хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Н-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын дүгнэлт, санал гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг арилгаагүй байна.

 

Харин гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны байранд, тус хорооны Иргэний танхим хариуцсан ажилтан хохирогч Л.М нь бусадтай нийлж архи согтууруулах ундааны зүйл уусан, ийнхүү архи ууж байхдаа шүүгдэгч Н.Нтай муудалцан хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжилсон нь гэрч Т.Т, хохирогчийн өөрийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

 

Тиймээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцлийн хувьд ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл ууж, бусадтай маргалдан зодолдоё гэсэн нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл байсан гэж үзнэ. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Н-ын хувьд “Сутай буянт” захад засварчин ажилтай гэх боловч үүнийг нь нотолсон баримт байхгүй байх тул тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэг нь тодорхойгүй, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Л.М-ын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцээгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг Сиди (хяналтын камерын бичлэгтэй)-г хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР