Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2026/ХШТ/63

 

               

Т.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1949 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 229 дүгээр тогтоолтой, Т.Д-д холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Т.Д нь 1887 онд төрсөн, 1949 оны байдлаар 62 настай, эрэгтэй, ам бүл 6, урьд лам байсан, ард, малчин,

Т.Д нь нам засгаас явуулж буй бодлого шийдвэр, ажил явуулгад дургүйцсэн чанараараа улсын аж ахуй, соёл, боловсролыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний талаар ба Зөвлөлт, Монгол Улсын ах дүүгийн эвдэршгүй бат найрамдлын эсрэг, хувьсгалын эсэргүү гүтгэлэг цуурхлуудыг тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Т.Д-г 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 8 жил засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэсэн байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1949 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор дээрх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Прокурор Х.Насанжаргал хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах хэргийг хянахад, Дотоод явдлын яамны Дундговь аймгийн хэлтсийн төлөөлөгч Адъяа 1948 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Т.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ялын төлөвлөгөө үйлдэж, хэлтсийн дарга Лувсанбалдан зөвшөөрөн Дотоод явдлын яамны орлогч сайд Дүйнхэржав, Улсын хууль хамгаалах прокурор нараар батлуулан Улсын дээд шүүх таслах газраар шийтгүүлэхээр прокурорт шилжүүлсэн байна. Уг ялын төлөвлөгөөнд: Д тус улсын нам засгаас явуулж буй бодлого шийдвэр, ажил явуулгад дургүйцсэн чанараараа улсын аж ахуй, соёл, боловсролыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөөний талаар ба Зөвлөлт, Монгол улсын ах дүүгийн эвдэршгүй бат найрамдлын эсрэг, хувьсгалын эсэргүү гүтгэлэг цуурхлуудыг тараан байжээ. Т.Д өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсний гадна шударга ард Б-ын тодорхойлолт ба Х, Д, М, Ц нарын гэрчийн мэдүүлгээр батлагдсан гэж тусгасан байна.

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Т.Д-д Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл болсон.

Т.Д хэрэгт нийт 23 удаа мэдүүлэг өгчээ. Тухайлбал “... миний бие өнгөрсөн хавар 06 дугаар сард Дархан суманд ажлаар явж байсан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ц-г тус 9 дүгээр багийг хуралдуулах үеэр Хятадын Шинжаан муж гэдэг нь манай улсын баруун хил дээр довтлон олон хүний амийг алж хядан сүйтгэсэн гэнэ, энэ Шинжаан Улс аль улстай холбоотой вэ, Англи, Америк улстай холбоотой юу хэмээн асууж байсан, миний бие аймаг, сумын хоршоо худалдааны хурал чуулган дээр элдэв юм хэлдэг байсан. Энэ нь юу гэвэл “та нар авахаа мэдэхээс бус өгөхөө мэдэх биш” зэргээр ярьж байснаас өөр үйлдсэн хэрэг байхгүй.”, “...Миний бие таван жилийн төлөвлөгөөний талаар сумын дарга Ч-ээс асууж байсан. Хэзээг мартсан байна. Манай сумын агентыг “ноос авахаар шаардаж ирэх үед та нар юм авах болохоор шаардаж байгаад авдаг хэмээн” хэлж байсан. ...Миний бие айл бүрээс агт морьдыг хоршоонд авсаар байгаад унах юм үгүй болов, Орос улсад өгсөөр байгаад ийм болов хэмээн ярьж байсан ба хэзээ, хэнд ярьсныг мэдэхгүй байна” гэх зэргээр мэдүүлж байжээ.

1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд “БНМАУ-ын ардын хувьсгалт төрийг буюу түүний эрх хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахаар уриалсан ухуулга бүхий ятгалга хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлыг дэлгэрүүлэх, тэрчлэн Эрүүгийн хуулийн 60-65 хүртэлх, мөн 67 ба 69 эдгээр зүйлүүдэд дурдсан хувьсгалын эсэргүү хэргүүдийг үйлдэхээр уриалах бас хувьсгалын эсэргүү утгатай бичиг зүйлүүдийг дэлгэрүүлэн гаргах, хадгалах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон билээ. Т.Д-гийн үйлдэл тухайн үеийн Эрүүгийн хуулиар төр засгийн эсрэг хандах санаа зорилготой байсан эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй, нийгэм, засаг төр, иргэдэд хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд таслан шийтгэх тогтоолд тусгагдсан Т.Д-гийн ярьсан гэх зүйлүүдээс үзвэл ухуулга ятгалга, хийгээгүй, засаг төрийг түлхэн унагах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах, ард олныг уриалан дуудах зорилготой бус таван жилийн төлөвлөгөө биелүүлэхэд бэрхшээлтэй, мал мах, түүхий эд хямд, бараа материал ховор бөгөөд үнэтэй, залуучууд, хүүхдүүд нь сургууль, цэрэгт явж, хөдөө нутаг эзгүйрч байгаа зэрэг ард иргэдийн дунд улс оронд болж байгаа үйл явдлын талаар түгээмэл яригдаж байсан яриа байсан нь түүний үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлсэн шинжтэй тул улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэхээр байна.

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Т.Д-д 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан “1942 оны эрүүгийн хуулийн 55- 69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн” гэсэн үндэслэлд хамаарна.

Иймд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар Т.Д-д ял шийтгэсэн Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Т.Д-г улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн Т.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэв.

2.Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Т.Д-г хувьсгалын эсэргүү зорилгоор элдэв хорт цуурхал тарааж, хувьсгалт хууль дүрмийг санаатайгаар зөрчсөн нь түүний удаа дараагийн мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэн, 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 08 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1949 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 229 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

3.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Т.Д-гийн “... Ч-ийн нэрээр мал өсгөх хэрэгтэй гэж үргэлж ярьдаг нь огт худал ба мал мах, агт морьдыг жил бүр олноор нь бэлтгэлд авч байхад бидний мал яаж өсөх вэ, харин унах морь, идэх мал үгүй боллоо, бид энэ улаан оросыг тэжээх гэж маш их зүдэрч байна, иймд улаан оросоос нэг салбал мал мах бэлтгэл үгүй амарна, мал мах, өөх тос нь албан журам болохын хамтаар үлэмж нэмэгдэж төлж дийлэх арга үгүй боллоо, ер нь нөхөрлөл гэдэг бол 32 оны хамтрал мөн болох бөгөөд энэ таван жилийн төлөвлөгөө гэдэг чинь нийгэм журам болж чиний, миний гэх хөрөнгө үгүй, бүгдийг санд хураан авах гэж байна...” гэх зэргээр мэдүүлж байсан нь улс төрийн зорилго агуулаагүйгээс гадна, хувьсгалын эсэргүү гэмт хэргийн шинжийг хангаагүй байна. Харин түүний хэлж, ярьсан зүйлүүд нь тухайн үеийн төр засгаас авч хэрэгжүүлсэн таван жилийн төлөвлөгөө ард иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж буй талаар өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлсэн агуулгатай байжээ.

Т.Д-гийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын хувьсгалт төрийг унагах, бусниулах, сулруулах гэсэн гэмт санаа зорилготой болохыг нотлох баримтаар тогтоогоогүй байх тул түүнийг улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын хувьсгалт төрийг буюу түүний арга хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахыг уриалсан ухуулга буюу ятгалгыг хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлуудыг дэлгэрүүлэх, тэрчлэн Эрүүгийн хуулийн 60-аас 65 хүртэлх, мөн 67 ба 69 дүгээр зүйлүүдэд дурдсан хувьсгалын эсэргүү хэргүүдийг үйлдүүлэхээр уриалах, бас хувьсгалын эсэргүү утга бүхий бичиг зохиолуудыг дэлгэрүүлэх, гаргах, хадгалах явдлуудыг гаргавал 3 жилээс доош бус хугацаагаар хорьж шийтгэнэ ...” гэж заасан нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д хамаарч байх тул Т.Дг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.

4.Иймд прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1949 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 229 дүгээр тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр тус тус хүчингүй болгож, Т.Д-г улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 08 дугаар тогтоол, Улсын дээд шүүхийн Эрүүгийн коллегийн 1949 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 229 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Т.Д-д холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Б.ЦОГТ