Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 759

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2204008..., *******.., *******.., *******.. дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Белозеров В.В. болон түүний орчуулагч Ч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах дээрх орон сууцууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс /цаашид БНМАУ гэх/ – Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /цаашид ЗСБНХУ гэх/-ын Засгийн газрын хооронд 1971 онд байгуулсан “Нууц протокол”-ын дагуу манай улсад байрлаж байсан Зөвлөлтийн мэргэжилтнүүд ашиглаж байсан 56 объектын нэг хэсэг юм. БНМАУ-ЗСБНХУ-ын 1971 оны протокол гэж “Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор 50 мянган м2  нийт талбай бүхий /Улаанбаатарт 40 мянган м2, Дарханд 10 мянган м2/ орон сууцны зориулалттай барилгын газрыг “Хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр” ЗХУ-д шилжүүлсэн баримт бичиг юм. БНМАУ-ЗСБНХУ-ын 1971 оны протокол нь:

- Монгол Улсын Үндсэн хуулиас эхлээд Газрын тухай хууль, Татварын тухай хууль, Улсын бүртгэлий тухай хууль гэх зэрэг маш олон хуулийн тодорхой заалтыг зөрчөөд зогсохгүй олон улсын гэрээ эрх зүйн Венийн конвенцийг зөрчиж байгааг Монгол Улсын Засгийн газрын түвшинд хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, Засгийн газарт энэ протоколын асуудлыг хуульд нийцүүлэх талаар үүрэг өгсөн боловч өнөөг хүртэл хэрэгжээгүй байна.

Энэ протоколын талаар Үндсэн хуулийн цэцээс 2002 оны 117 тоот албан бичиг, 2007, 2008 оны Үндсэн хуулийн цэцийн магадлангаар 1992 оны шинэ Үндсэн хуулиар хүчингүйд тооцогдсон хариу өгсөн.

- Улсын Их Хурлаар 2008 онд хэлэлцэх үед Гадаад хэргийн яамнаас өгсөн тайлбарт: “Олон Улсын гэрээ эрх зүйн Венийн конвенцийн 60 дугаар зүйлийн 1-д “... Хэрэв 2 талт гэрээг түүний аль нэг оролцогч ноцтой зөрчвөл нөгөө оролцогч нь уг зөрчлийг гэрээг зогсоох буюу түүний үйлчлэлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн түр зогсоох үндэслэл гэж үзнэ.” гэж заасан байна. Тэгвэл дээрх 1971 оны нууц протоколын 1 дүгээр зүйлд “... 50 мянган м.кв талбай бүхий 56 ш орон сууц, соёл ахуйн зориулалттай объектуудад “БНМАУ-д тусламж үзүүлж байгаа ЗХУ-ын мэргэжилтнүүдийг байрлуулан үйлчлэхэд ашиглах болно.” гэсэн ганц хатуу заалттай байна. Гэтэл үүнийг 1991 оноос хойш өөр зорилгоор буюу бизнесийн хэлбэрт шилжүүлэн ашиглаж байгаа нь Венийн конвенцийг ноцтой зөрчсөн гэсэн нэг үндэслэл юм. Мөн Венийн конвенцийн 60 дугаар зүйлийн 3б, 61 дүгээр зүйлийн 1 дэх заалтуудыг ноцтой зөрчиж байгаа болно.” гэж хүлээн зөвшөөрсөн байна.

- Протоколын дагуу ЗХУ-д шилжүүлсэн 50 мянган м.кв газрын гэрчилгээ өнөө болтол байхгүй, газрын түрээсийн төлбөр төлдөггүй.

Гэвч Монгол Улсын Улсын Их хурал, Засгийн газар Үндсэн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүйгээс эцэслэн шийдэхгүй удааширч байгаагаас ОХУ-ын төлөөлөгчийн газар үүнийг ашиглаж олон арван монгол иргэдийг хохироох, дарамтлах үндсийг бий болгож байна.

Энэхүү протоколын дагуу баригдсан орон сууц болон бусад объектуудыг 1999 онд бүртгэж, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ОХУ-ын нэр дээр гаргахдаа тухайн үед мөрдөгдөж байсан 1997 оны Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан чиг үүргээ биелүүлээгүй, тус хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэр дутуу байхад эд хөрөнгийг бүртгэн гэрчилгээ олгосон байна. 1997 онд мөрдөгдөж байсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн талаар 2008 оны Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн 112 дугаар тогтоол, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 389 дүгээр шийдвэр зэрэгт тодорхой дурдсан байна.

Дээрх гэрчилгээнүүдийг 1999 онд ОХУ-ын элчингээс өгсөн албан хүсэлт, орос хэл дээр өгсөн жагсаалтыг үндэслэн 1999-2000 онуудад олгоод зогсохгүй 2014 онд мөн баримтыг үндэслэн шинээр 2002 онд батлагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу дахин баримт бүрдүүлээгүй байхад шинэчлэн олгосон байна.

Энэ бүртгэлийг хийж гэрчилгээг хууль бусаар олгосноос болж ОХУ-ын дээрх байрнуудад амьдардаг тус холбооны гишүүд болох иргэдийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, олон арван жилийн турш түрээсийн өндөр төлбөр төлсөн байрнаасаа хөөгдөх, шүүхэд дуудагдах, ус цахилгаанаа таслуулах зэргээр хохирч байна. Мөн түүнчлэн ОХУ-аас дамжуулан түрээслэгч компаниуд нь дуртай үедээ ирж хэл амаар доромжлох, хаалгыг эвдэн орж эд хогшлийг гадаа гудамжинд гаргах хаях зэргээр байнгын хэрээс хэтэрсэн дарамтанд байлгах боллоо.

Мөн түүнчлэн иргэд амьдардаг байрны цахилгаан, ус дулааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар авч байгаагаас гадна 60 айлын байр дундаа ганц тоолууртай, гарсан дүнг айлуудад хуваан төлүүлдэг (подваль зэрэг бусад компанийн хэрэглээг ч оршин суугчид төлдөг) байна.

Иймээс энэхүү хууль зөрчиж буй асуудлыг шийдэхийг иргэд хүсч, өөрсдийн эрхийг хамгаалах үүднээс төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд хандаж, хүлээцтэй байгаа хэдий ч манай улсад үйл ажиллагаа явуулдаг ОХУ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах газар ФГУП “Госзагрансобственность” гэх Төлөөлөгчийн газар нь иргэдийг олноор нь шүүхэд өгөөд байна.

Оршин суугчид нь анх түгжээтэй байсан байрыг эвдэж ороогүй, хуулийн хүрээнд гэрээ байгуулан орж, олон жилийн турш өндөр түрээсийн төлбөр төлсөөр байгаа иргэд юм. Гэтэл ОХУ-ын өмчийг захиран зарцуулж буй “Госзагрансобственность”-ын зүгээс шүүхийн шийдвэргүйгээр, цагдаагийн хүчийг ашиглан хууль бусаар орон байрнаас нь хүчээр хөөн гаргах, хорооны бүртгэлээс иргэдийг хасуулах зэргээр хэрэг хийгээгүй иргэдийг хэрэгтэн болгохоор улайрч Монголын төрийн байгууллагуудыг иргэдийн эсрэг ашиглахыг зорин Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт хандахад нь иргэдийн эсрэг ажиллаагүй болно.

Тэгвэл ФГУП “Госзагрансобственность” гэх Төлөөлөгчийн газрын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах гэрчилгээ дээр нь “Ашиг олох аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэсэн заалт байгаа хэдий ч үүнийг үл хайхран орон сууцнуудыг Монголын компаниудаар дамжуулан болон өөрсдөө шууд түрээслэх замаар үндэслэлгүй их хэмжээний түрээсийн төлбөрийг төвлөрүүлэн авч хууль бус ашгийн үйл ажиллагааг олон жил явуулж байгаа ба олсон орлогоосоо Монгол Улсад татвар төлдөггүй, түрээсийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байгууллага болно.

Монголын болон ОХУ-ын Төрийн дээд түвшинд орон сууцны 8 байрыг Монголын талд шилжүүлэхээр 8 жилийн өмнө шийдсэн боловч өнөөг хүртэл шилжүүлэлгүй бусад орон сууцны газрын асуудлыг эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулахаар 8 байрыг барьцаа хэлбэрээр ашиглаж байна.

Уг байруудыг “ОХУ-ын өмч” гэж хууль бусаар бүртгэсэн гэдгийг ОХУ-ын талаас ч хүлээн зөвшөөрч түрээслэгч компани нь “Түрээсийн гэрээ” нэрийн дор оршин суугчдыг дур мэдэн хөөх, дарамтлах, орон сууцыг зориулалтын бусаар ашиглах зэрэгт хяналт тавих боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2204008..., *******.., *******.., *******.. дугаарт бүртгэгдэж, 2014 онд шинэчлэн олгосон гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Эрхийн улсын бүртгэлийн                      Ү-*******.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Л*******гийн гудамж нийт 3025 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 8 дугаар байрны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Шүүдэрхэн” цэцэрлэгтэй байгуулсан түрээсийн гэрээ бүртгэлтэй байна.

2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Л*******гийн гудамж нийт 3190 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 10 дугаар байрны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байна.

3. Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Л*******гийн гудамж нийт 3025 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 9 дүгээр байрны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байна.

4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.. дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 6292.18 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 14 дүгээр байрны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Э т” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ бүртгэлтэй байна.

Дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаар иргэн А.Х, Б.Т, Б.Т нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг үүссэн бөгөөд 2016.09.01-ний өдрийн 610 дугаар шийдвэр, 2016.11.17-ны өдрийн 221/MA2016/0724 дугаартай магадлал тус тус гарсан болно.

БНМАУ болон ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протокол /уг протоколоор манай улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтнүүдэд зориулж 1971-1975 онуудад 50000 м.кв талбайтай орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгын байгууллагын хүчээр барих, уг барилгууд нь ЗСБНХУ-ын өмч байхаар шийдвэрлэсэн байна/, Улаанбаатар хотын АДХГЗ-ийн 1971 оны 5 дугаар тогтоол /уг тогтоолоор ЗХУ-ын мэргэжилтэн, ажилчин нарын 41000 м.кв талбайд орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг барьж байгуулахыг зөвшөөрөн газар олгосон байна/ зэрэг ОХУ-ын өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтуудыг хавсаргаж өгснийг үндэслэн ОХУ-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******.., Ү-*******.., Ү-*******.., Ү-*******.. дугааруудад бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

Дээрх бүртгэл нь 1997 онд батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2-т заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасныг үндэслэн хийсэн байх тул хууль зөрчөөгүй байна.

“Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа төрийн болон орон нутгийн өмчид хамаарахаас бусад газар, газраас салгамагц зориулалт, эдийн засгийн агуулгаа алдах барилга байгууламж, ....-г улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан. Энэ нь Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчид хамаарах тул гадаад улсын өмчийг улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, газрын кадастрын зургийг мэдүүлэгт хавсаргах тухай заалт нь 2002 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулинд нэмж орсон бөгөөд 2000 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар эдгээр заалт нь үйлчлээгүй байсан байна.

Түүнчлэн Иргэний хуулийн /1994/ оны 75 дугаар зүйлийн 75.1-д “гадаад улс, түүний иргэн, хуулийн этгээд, түүнчлэн олон улсын байгууллага, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөгч байж болно.” гэж заасан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын “Хилийн чанад дахь өмчийн удирдлагын үйлдвэрийн газар” холбооны улсын үйлдвэрийн газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар хотын 15 дугаар бичил хорооллын 8, 9, 10, 14 дүгээр байр нь 1971 оны Засгийн газар хоорондын протоколд нийцүүлэн баригдсан юм. Дээрх заагдсан ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн объектын бүртгэл нь 1999 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдрийн “ОХУ-ын Төрийн өмчийн сайдын орлогч дарга Мамигонов В.Г., ОХУ-ын Гадаад хэргийн яамны сайдын орлогч дарга Сергеев И.И. болон Монгол Улсын Төрийн өмчийн хорооны дарга Д.З, Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга О.О нар хоорондын ажлын уулзалтын Протокол”-оор баталгаажуулсан Талуудын хүрсэн тохиролцоонд нийцүүлэн явагдсан бөгөөд энэ талаар 2000.11.24-ний өдрийн 6774 тоот ОХУ-ын Гадаад хэргийн яамны нот бичигт заагдсан үйлчилж байгаа хууль тогтоомжийн актын үндсэн дээр Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгө болон ОХУ дахь Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийг “багцаар” (цогцолбороор) нь бүртгэхээр болсон юм. Бүртгэл хийх үед шаардлагатай бичиг баримтын багц нь 1997 оны Бүртгэлийн тухай хуулийн шаардлагад бүрэн нийцэж байсан юм.

Тус объект нь ОХУ-ын өмчлөлд байгаа нь Монгол Улсын Засгийн газар болон бусад яам, газрын зүгээс хэзээ ч эргэлзээ төрүүлээгүй байсан юм. Заасан байрны өмчлөгч нь ОХУ байх бөгөөд тус эд хөрөнгийг захиран зарцуулах бүрэн эрхийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зохих зарлиг, ОХУ-ын Засгийн газрын тогтоол болон бусад норматив актаар Оросын соёл, шинжлэх ухааны төв (14 дүгээр орон сууны 29 байр), ФГУП “Госзагрансобственность”-д (бусад байр) шилжүүлсэн юм.

Нэхэмжлэгч нь Олон Улсын Гэрээний эрхийн тухай 1969 оны Венийн конвенцийн 60 ба 61 дүгээр зүйлийг иш үндэс болгож, 1971.07.29-ний Засгийн газрын протокол нь хүчингүй болсон гэж бичсэн байна. Гэтэл тус Олон Улсын Гэрээний эрхийн тухай Венийн конвенцийн (цаашид Конвенци гэх) 65 дугаар зүйлд нийцүүлэн байгуулсан Гэрээний аль нэг тал нь тус Гэрээ үйлчлэх эсэх тал дээр маргаан үүсгэж байгаа бол тус Гэрээг цуцлах, гарах эсвэл үйлчилгээг түдгэлзүүлэх зорилгоор өөрийн шаардлагаа тус Гэрээний нөгөө талдаа журам ёсоор мэдэгдэх үүрэгтэй юм. Тус албан мэдэгдэлд Гэрээний хувьд төлөвлөсөн ямар арга хэмжээ авах талаар болон эдгээр арга хэмжээний үндэслэлийг заасан байх ёстой юм.

Нэгэнт одоог хүртэл Оросын тал нь ийм төрлийн Мэдэгдлийг аваагүй тул 1971.07.29-ний Засгийн газар хоорондын Протокол нь хүчинтэйд тооцогдож байгаа юм.

Аливаа маргаантай асуудлыг Талууд хоорондын хэлэлцээрээр зохицуулагдана. Ийм учраас өнөөдөр Монгол Улсын газар нутагт байгаа ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх талаар ажлыг Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан, техникийн комиссын хүрээнд байгуулсан Монгол, Оросын ажлын хэсэг үргэлжлүүлэн эрхэлж байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс тус захиргааны ажиллагаанд хамаатай ямар нэгэн нотолгоо гаргаагүй тул тус асуудлыг иргэний нэхэмжлэлийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс маргаанд хамаатай, иш үндэс болох ямар нэгэн нотолгоо гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь зүй ёс бус нэхэмжлэгч байх бөгөөд учир нь Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны акт гарсны улмаас эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн этгээд нэхэмжлэгч байж болно. Гэтэл гадаад улс орны эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгэсэн актаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй болон зөрчих боломжгүй юм. Харин тус эд хөрөнгийн өмчлөгч болох ОХУ-ын хувьд тус нэхэмжлэлийг хангасан тохиолдолд эрх зөрчигдөж, өмчлөлд байгаа тус объектыг шуурхай захиран зарцуулах болон аж ахуйн удирдлагыг явуулах эрх нь хязгаарлагдах болно. Түүнээс гадна, энэ тохиолдолд зөвхөн өмчлөгч бус мөн гэрээний дагуу үүргээ шударгаар биелүүлж байгаа 300 гаруй өрхийн эрх нь зөрчигдөх болно.

Өмчлөгчийн хувьд эрх нь зөрчигдсөн байх учир тус Захиргааны шүүхэд тус объектын хувьд үүсгэсэн хэрэг хангагдах хүртэл хугацаанд өмчлөгчийн зүгээс Иргэний шүүхэд хандаж, хууль бус халдлагаас өөрийн өмчөө хамгаалуулах зорилгоор эрхээ эдлэх боломжгүйд хүрсэн байна. Одоогоор энэхүү захиргааны ажиллагаа бий болсонтой холбогдуулан Иргэний шүүхэд өмчлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх талаар ажиллагаа нь түдгэлзүүлэх эсвэл дуусгавар болсон юм.

Нэхэмжлэгчийн зүгээс түүний ямар эрх нь зөрчигдсөн талаар тайлбарлаагүй, мөн гэрчилгээ хүчингүй болгосон тохиолдолд ямар эрх нь сэргээгдэх тухай тайлбар гаргаагүй юм.

Эд хөрөнгө бүртгэсэн актыг 1999 онд гаргасан байгаа бөгөөд тус акт дээр гомдол гаргах талаар хөөн хэлэлцэх хугацаа нь аль дээр өнгөрсөн байна. Нэхэмжлэгч нь өөрийн эрх, хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн талаар зөвхөн одоо л мэдсэн нь хачирхалтай байгаа юм.

Нэхэмжлэгчийн зүгээс Төлөөлөгчийн газар нь түрээсийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй, Монгол Улсад зохих татвар төлдөггүй гэж бичиж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа юм. Төлөөлөгчийн газар нь хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн бүх татварыг төлж байгаа юм.

Монголын талд 8 орон сууцны байрыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр төлөвлөсөн ажиллагаа нь шилжүүлэхээр болсон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон “түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс явуулж байгаа ажиллагаанаас болж Монгол Улсад ОХУ-ын бүртгэлд байгаа өмч хөрөнгийг бүртгэлээс нь хасч шилжүүлэх талаар улс орны дотоод журмыг хэрэгжүүлэхэд одоо хүртэл хэрэгжих боломжгүй байдалд хүргэсэн юм. Ийм учраас дээрх орон сууцыг шилжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өмчлөх эрхийн гэрчилгээг сэргээх шаардлагатай юм. Одоогийн байдлаар энэ асуудал дээр Орос, Монголын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулагдсан Орос, Монголын Ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Энэ талаар холбооны гишүүд болон иргэд сайн мэдэж байгаа боловч өмчлөлийн бусад объект болон аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг алдагдуулах талаар оролдлогоо зогсоохгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Оросын тал нь эдгээр орон сууцны байрууд хууль бусаар бүртгэгдсэнийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж бичиж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна.

Ингэснээр нэхэмжлэлийн гол зорилго нь захиргааны акт дээр маргаан үүсгэх бус харин хууль тогтоомжийг ашиглан гадаад улс орны эд хөрөнгийг хууль бусаар авах эсвэл аль болох удаан хугацаанд тус эд хөрөнгийг эдлэх, учир нь байгуулсан гэрээний талаар үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн хүрээнд албадан гаргуулах аюул нүүрлэж байгаа юм.

Түүнээс гадна энэ зүйл дээр мөн л ижил үндэслэлтэй хүчин төгөлдөр болсон дараах Шүүхийн актууд гарсан юм. Үүнд:

1. 9 дүгээр орон сууцны байр дээр *******.. тоот гэрчилгээг хүчингүй болгох хувьд 2016.05.30-ны Улсын Дээд Шүүхийн 189 дүгээр тогтоол,

2. 14 дүгээр орон сууцны байр дээр *******.. тоот гэрчилгээг хүчингүй болгох хувьд 2016.11.17-ны Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/MA2016/0724 дугаар Магадлал зэрэг болно.

Мөн Оросын Холбооны Улсын мэдэлд байгаа бусад үл хөдлөх эд хөрөнгийн объектын хувьд тус “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны ижил нэхэмжлэлийн шаардлагатай дараах Шүүхийн актууд гарсан юм. Үүнд:

1. 2015.10.07-ны 240 дүгээр Улсын Дээд Шүүхийн Тогтоол (Дархан хот дахь 6 дугаар орон сууцны бүртгэлийн тухай гэрчилгээ хүчингүй болгох тухай “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэрэг),

2. 2015.12.14-ний 353 дугаар Улсын Дээд Шүүхийн Тогтоол (Дархан хот дахь 7 дугаар орон сууц, Улаанбаатар хот дахь 7 дугаар орон сууцны бүртгэлийн тухай гэрчилгээ хүчингүй болгох тухай “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн захиргааны хэрэг) болно.

Иймд дээрх илэрхийлсэн зүйлийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр үлдээх болон тус хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Бя, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Оюуны өмч, улсын бүртэлийн ерөнхий газарт холбогдуулан  “Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 1999 оны *******24, *******25, *******.., *******.. дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа. 

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана“, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо 15 дугаар хороололд орших эрхийн улсын бүртгэлийн *******.. дугаар бүртгэгдсэн 9 дүгээр байр болон эрхийн улсын бүртгэлийн *******.. дугаарт бүртгэгдсэн 14 дүгээр байрны улсын бүртгэлийн маргааныг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдлоо. 

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 610 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгч А.Х, Б.Т, Б.Т нарын Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол,  14 дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 724 дүгээр  магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Иргэн Д.С нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт /хуучин нэрээр/ холбогдуулан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, .. дүгээр байрыг ОХУ-ын өмчид бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 522 дугаар  шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 623 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 57 дугаар  шийдвэрээр Д.Г-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/ Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 9 дүгээр байрыг  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны 9 дүгээр байр болгон өөрчлөн бүртгэснийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 231  дүгээр магадлал , Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 189 дүгээр   тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших эрхийн улсын бүртгэлийн *******.. дугаар бүртгэгдсэн 9 дүгээр байр болон эрхийн улсын бүртгэлийн *******.. дугаарт бүртгэгдсэн .. дүгээр байртай холбогдуулан тус захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдагдаж буй үйл баримт буюу үл хөдлөх эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэл үндэслэлтэй эсэхийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байх тул дээрх хоёр эрхийн улсын бүртгэлтэй холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй болно.  

Хоёр. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын /цаашид “ЗХУ” гэх/ Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Протоколоор  тухайн үед Монгол Улсад байрлаж байсан зөвлөлтийн мэргэжилтэнгүүдэд зориулж 50 мянган кв.м талбай бүхий орон сууц болон үйлчилгээний зориулалттай барилгыг ЗХУ-ын хөрөнгөөр болон зөвлөлтийн барилгын байгууллагын хүчээр барих, барилгууд нь ЗХУ-ын өмч байхаар тохиролцсоны дагуу 1971-1975 онуудад 58 барилга баригдсаны дотор энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл болох одоогийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших нийт 3025 м.кв талбайтай орон сууцны 8 дугаар байр болон нийт 3790.25 кв.м талбайтай орон сууцны 10 дугаар байр тус тус орсон байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Киселев А.Я. нь 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх хоёр байрыг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдүүлэг гаргаж уг мэдүүлэгт Засгийн газар хоорондын 1971 оны протокол, Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1971 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5 дугаар “Орон сууцны барилга болон соёл ахуйн объектуудыг барихад зориулж 15 бичил хороололд газар олгох тухай” тогтоол, барилгуудын байршил схем зураг, байрны фото зураг зэргийг хавсаргажээ.

Тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1-д “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна”, 9 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, хуулийн этгээд, эсхүл тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг /цаашид "мэдүүлэг" гэх/ тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар орших бүртгэлийн байгууллагад гаргана”, 9 дүгээр зүйлийн 5-д ”Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана”, 11 дүгээр зүйлийн 2-т “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ”, 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг /цаашид "бүртгэлийн гэрчилгээ" гэх/ өмчлөгчид олгоно” гэж заасны дагуу хариуцагч нь 8 дугаар байрыг *******.. дүгээр  эрхийн улсын бүртгэлд бүртгэж 24787 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 10 дугаар байрыг *******.. дугаар эрхийн улсын бүртгэлд бүргэж 247.. дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ тус тус олгосон үйл ажиллагаа нь тухайн үед мөрдөгдөж байсан хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

  Мөн мэдүүлэг болон түүнд хавсаргасан баримтаас үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 10 дугаар зүйлийн 1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсныг дурдах нь зүйтэй. 

Нөгөө талаар Оросын Холбооны Улс нь хуучин ЗХУ-ын  хүлээсэн үүрэг болон түүний эдлэх эрхийн эрх залгамжлагч мөн болохын хувьд хуучин ЗХУ-д хамаарах  гадаад улсад байгаа үл хөдлөх хөрөнгийг бүрэн төлөөлөх, эзэмших, өмчлөх  эрхтэй болохыг нотолж Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс Монгол Улсын Төрийн өмчийн хороонд 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 531 тоот  албан бичиг ирүүлж байсан байна.

Иймээс анх 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороололд орших 8 болон 10 дугаар байруудыг Оросын Холбооны Улсын өмчид бүргэсэн эрхийн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчимд нийцсэн байна.

Гурав. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нь шүүхэд “Оросын Холбооны Улс нь түрээсийн төлбөрөөс олсон орлогоосоо Монгол Улсад албан татвар болон газрын төлбөр төлдөггүй, оршин суугчдын  түрээсийн төлбөрийг үндэслэлгүйгээр нэмдэг, түрээсийн гэрээний маргаанаас улбаалан оршин суугч нарыг хөөж гаргадаг, нэхэмжлэл хангагдсанаар цаашид нэхэмжлэгч нар орон сууцны өмчлөгч болох эрх нээгдэнэ”  гэж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь, нэхэмжлэгч нэр бүхий 52 иргэд нь Оросын Холбооны Улсын өмч болох орон сууцуудыг түрээсэлдэг бөгөөд түрээслэгч, түрээслүүлэгч нарын хоорондын маргаан нь өмчлөх эрхийг баталгаажуулсан эрхийн улсын бүртгэлийг “илт хууль бус” гэж үзэх үндэслэл биш тул 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэл нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүийн 1, 5, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш., Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан  “Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны *******.., *******.. дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны *******.., *******.. дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ТӨМӨРБАТ