Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 688

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгч Ж.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Онолтоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ц-д холбогдох эрүүгийн ..............дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар  сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, , тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ....... дугаар сургуульд үйлчилгээний ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ............... тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

1999 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 140 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2000 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Багануур, Багахангай дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

- Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж,  2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,  2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Ж.Ц /РД:................./

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Г-гийн таксины төлбөр болох 6000 төгрөгийг төлөх зорилгоор хийгдсэн 660.000 төгрөгийн алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Н.Г-гийн  мэдүүлэг /хх12/, хохирогч Н.Г-гийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх19/, Ж.Ц-гийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх24/, Ж.Ц-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг  /хх56/, хохирол төлсөн талаарх бичвэр /хх24/, ажлын газрын тодорхойлолт /30-31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх37/, таслан шийдвэрлэх, шийтгэх  тогтоолын хуулбарууд /хх42-51/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Ж.Ц-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Н.Г-гийн  “…2019 оны 4 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гурван найзын хамтаар 1 дүгээр хорооллын “Солонго” нэртэй караоке орсон. Тэндээсээ ганцаараа гараад Саппоро ороод 2 найзтайгаа уулзсан. Уулзаад нам гүн газар орж юм ярья гээд такси бариад 21 дүгээр хорооллын тэнд зочид буудалд орох гэтэл дүүрсэн байсан тул 1 дүгээр хорооллын ард байдаг олон зочид буудлуудын орчимд ирээд таксины жолооч 6.000 төгрөг гарсан гэсэн. Тэгээд бэлэн мөнгө байхгүй байсан тул мобайл банкаар төлөх болоод эхлээд би 60.000 төгрөг андуураад хийсэн. Тэгтэл жолооч миний гар утсанд мессежээр мэдээлэл ирдэг ирэхгүй байна гэсэн. Тэгээд дахиад 600.000 төгрөг андуураад шилжүүлсэн байсан. Жолооч болчихлоо гэхээр нь бид гурав гараад зочид буудалдаа орсон. Өглөө босоод хүн рүү 250.000 төгрөг шилжүүлэх гэтэл дансны үлдэгдэл хүрэхгүй байна гэхээр нь гайхаад хуулгаа шалгатал 60.000 төгрөг, 600.000 төгрөг тус тусдаа такси гэдэг утгаар хийсэн байсан. Тэгээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг /хх12/

2. Хохирогч Н.Г-гийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар “такси гэсэн утгатай 60.000 төгрөг, 600.000 төгрөгний 2 удаа зарлага хийгдсэн”  /хх19/

3. Шүүгдэгч Ж.Ц-гийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар “2019.4.05-ны өдрийн өглөөний 05.51 цагт 650.000 төгрөгний зарлага гарсан” /хх32/

4. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хохирол хүлээлцсэн баримт /хх24/

5. Ж.Ц-гийн яллагдагчаар өгсөн “...Миний данс руу тэр хүн мобайл банкаа оролдож байгаад 6000 төгрөг хийлээ гэсэн чинь 60.000 төгрөг хийсэн байсан ба тухайн үед надад мессеж ирэхгүй байхаар нь мессеж ирэхгүй байнаа гэж түүнд хандаж хэлэхэд тэр залуу надад хандаж би таны дансыг мэдэхгүй байна гэхээр нь би өөрийн дансаа хийж өгөөд буцаагаад гар утсыг нь өгсөн. Тэгээд мөнгө хийчлээ та нар одоо буу гэж буулгаад тэд нар хоорондоо маргалдаад үлдсэн. Тэгээд би хөдлөөд яваад өгсөн ба гэртээ ирээд гэрээс виза картаа аваад АТМ орж үзэхэд 660.000 төгрөг орсон байсныг авсан. Тухайн үед манай аавын бие муу эмнэлэгт хэвтэж байгаа учир мөнгөний хэрэг гараад үрсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх56-57/.

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ж.Ц мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

              

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.Ц.

Шүүгдэгч Ж.Ц нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Г-гийн таксины төлбөр болох 6000 төгрөгийг төлөх зорилгоор хийгдсэн 660.000 төгрөгийн алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Н.Г-гийн мэдүүлэг, хохирогч Н.Г-гийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Ж.Ц-гийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 654.000 төгрөгийн /таксины үйлчилгээ үзүүлсэн 6.000 төгрөгийг хасч тооцоод/ буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогч Н.Г, шүүгдэгч Ж.Ц нарын мэдүүлэг, дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Ц-гийн үйлдэл нь хохирогч Н.Г-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины төлбөр шилжүүлэх зорилгоор хоёр удаа буруу дүнгээр шилжүүлсэн буюу төлбөр тооцооны алдаатай гүйлгээг...мэдсээр байж буюу “...манай аавын бие муу эмнэлэгт хэвтэж байгаа учир мөнгөний хэрэг гараад 660.000 төгрөгийг хэрэглэсэн...” гэх мэдүүлэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг... мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Ж.Ц нь хохирогч Н.Г-д 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хохиролд 600.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна.

Мөн хохирогч Н.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Ц-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Ц “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг... мэдсээр байж завшсан”  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Ц нь хохирогчид 660.000 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Ц нь Ерөнхий боловсролын .......... дугаар сургуульд үйлчилгээний ажилтнаар ажилладаг, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор уршиг бага, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ж.Цоос хохирогч Н.Гид 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР