| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00456/И |
| Дугаар | 936 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 936
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ2016/00936 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух ******* ******* овогт *******ын ******* /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.*******, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Д.******* миний бие Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байсан ба тус нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №Б/153 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Тушаалын хувийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан ба хүлээж авах асуудал дээр удсан учир нь тухайн үеийн даргын үүрэг гүйцэтгэгч Алтанцэцэг нь өргөдлөө өгчих тэгээд чамайг буцаагаад өөр ажилд авна гэж хэлээд тушаалын хуулбарыг хүлээлгэж өгөөгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нөхцлийг хуульчилсан юм. Гэтэл ажил олгогчийн зүгээс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тушаалаар ажилд орсон бөгөөд уг гэрээний хугацаа дуусгавар болоход талууд гэрээг дуусгавар болгоогүй ба Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гэрээний хугацааг сунгасан юм. Нөгөөтэйгүүр П.******* миний бие 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд ажил үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсээр байсан болно. ... 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээнд гарын үсэг зуруулаагүй. Ийнхүү ажилтнаар гарын үсэг зуруулаагүй нь ажилтны буруу биш, ажил олгогчийн буруутай үйлдэл юм. Иймд ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч М.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг судалж үзвэл манай талаас гарын үсэг зуруулахгүй боломжгүй нөхцөл байдлын бүрдүүлсэн ямар ч тохиолдол байхгүй. Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу 2 хувь үйлдсэн, нэг хувийг нь ажилтанд, нөгөө хувийг нь байгууллагад үлдээсэн. Гэтэл ажилтан маань санаатайгаар өөрийн гарын үсгийг гэрээнд зураагүй, тухайн хөдөлмөрийн гэрээг өөрөө зөвшөөрөөгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг маань хууль бусаар ажилласан гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил үйлчилгээ эрхлэхийг шаардах боломжгүй тул манайх Д.*******оос сургалт, сурталчилгаа хариуцсан ажлаас ямар нэгэн ажил, үйлчилгээ эрхлэхийг шаардах, ажлыг нь үнэлж, дүгнэх эрхгүй болж байна. Энэ үндэслэлээр Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт, шалгалт үнэлгээний газраас 2015 оны 07 дугаар сард дотоод шалгалт орж манайд илэрсэн зөрчлийг арилгуулах даалгавар өгсөн. Энэ албан даалгаварт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтныг ажлаас нь чөлөөл гэсэн байна. ******* нь манай хэлтсийн даргатай уулзсан. Дарга өргөдлөө бичээд өгчих, буцаагаад ажилд чинь эгүүлэн томилоно гэсэн боловч өргөдлөө бичиж өгөөгүй шууд шүүхэд хандсан байна. Иймд хөдөлмөрийн гэрээгүй, хууль бусаар ажиллаж байсан тул 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/153 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсгийг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/113 дугаар тушаалыг тус тус үндэслэн үүрэг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Байгууллагын зүгээс эгүүлэн ажилд томилох санал тавьж байсныг хүлээж аваагүй учир одоо ажилд нь эгүүлэн авах боломжгүй. Уг тушаал нь хууль зүйн хувьд үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь тус хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай тушаалаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажилтнаар түр, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдсон тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байх бөгөөд түүнийг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/153 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад ажил олгогчоос гэрээг дуусгавар болгоогүй үргэлжлүүлэн ажилласан тул хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэж үзнэ, миний бие ажлаас халагдах хүртлээ ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байсан .... “ гэж, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “ ... Д Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг маань хууль бусаар ажилласан гэсэн үг. Хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажил үйлчилгээ эрхлэхийг шаардах боломжгүй тул манайх Д.*******оос сургалт, сурталчилгаа хариуцсан ажлаас ямар нэгэн ажил, үйлчилгээ эрхлэхийг шаардах, ажлыг нь үнэлж, дүгнэх эрхгүй болж байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт, шалгалт үнэлгээний газраас 2015 оны 07 дугаар сард дотоод шалгалт орж манайд илэрсэн зөрчлийг арилгуулах даалгавар өгсөн. Энэ албан даалгаварт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтныг ажлаас нь чөлөөл гэсэн ... иймд түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй ... ” гэж маргажээ.
Шүүх зохигчдын хооронд бий болсон үйл баримтыг бодитойгоор үнэлж, хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон тэдний шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэгт үндэслэж хэргийг тал бүрээс нь хянан үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч байгааллага нь Д.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэг буюу хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэсэн хуулийн заалтыг баримталжээ.
Ажилтныг ажлаас халах тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна ажилтныг чухам ямар үндэслэлээр ажлаас халсан, чөлөөлсөн болохыг тодорхой заасан байхыг шаарддаг бөгөөд тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан, чөлөөлсөн үндэслэлтэй тохирч байх ёстой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, талууд харилцан тохиролцсоноор хугацаатай, ажил албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон сургалтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.*******ын гүйцэтгэж байсан сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаал нь байнгын ажлын байр болохын хувьд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах шаардлагатай бөгөөд талуудын хувьд харилцан тохиролцож, хугацаа тогтоож хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно гэж заасан боловч 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд Д.******* гарын үсэг зураагүй байх тул энэ гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй, хугацаатай хөдөлмөрийн гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэснээс үзэхэд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
Д.*******той ийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь тэдгээрийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй ба түүнийг ажил, үүргээ гүйцэтгэж байгаа үед нь ажлаас халах, чөлөөлөх ажил олгогчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой.
Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан талаар гомдлоо шүүхэд 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан байх бөгөөд тэрээр нэхэмжлэлдээ “ ... ажлаас халсан тушаалын хувийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан ... “ гэж тайлбарлажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар маргаагүй ба тушаалын хувийг Д.******* 2016 оны 06 дугаар сард ирж авсан талаар тайлбартаа дурдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ... халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж тус тус заасан.
Ийнхүү ажил олгогчоос ажлаас халсан шийдвэрийг гардуулах үүргээ хэрэгжүүлэхэд ажилтан ямар нэгэн байдлаар зайлсхийсэн, хүлээж авахаас татгалзсан гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн төлөөлөгч энэ талаар маргаж, нэхэмжлэгчийн тайлбарыг баримтаар үгүйсгээгүй тул шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол, нэхэмжлэл гаргасан гэж үзсэн болно.
Шүүх нэхэмжлэлийг хангаж Д.*******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн дундаж цалинг 439,246 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин нийт 4,831,706 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 + 92,257/ нийт 162,457 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* овогт *******ын *******ыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,831,706 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.*******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэмдэгтийн хураамж 162,457 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4. дэх хэсэгт зааснаар талууд шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН