Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 689

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн ................... дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, ах, дүү нарын хамт амьдардаг, ............. ........тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Г /РД:...................../

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөөний 07 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа тус станцаар үйлчлүүлээд хаяж гээгдүүлсэн иргэн А.Б-гийн эзэмшлийн “Хаан банкны” виза карт болон картанд байсан 4.308.660 төгрөгийг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бусдад нийт 4.313.660 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч А.Б-гийн мэдүүлэг /хх17-21,22-24, 25-26/, гэрч Б.Т-гийн мэдүүлэг /хх31-34/, Хаан банкны Депозит дансны хуулга /хх78-79/, эд хөрөнгийн үнэлгээ /хх49-50/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-8,12-13/, А.Б-гийнн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх69/, А.Б-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх61-62/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч А.Б-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч А.Б-гийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 08 цагийн үед Завхан аймагруу явахаар өөрийн эзэмшлийн 36-03 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах .................. шатахуун түгээх станцаас машиндаа 89.000 төгрөгийн түлш хийгээд түгээгч залууд хаан банкны виза картыг өгсөн. Тэгээд нууц үгээ хэлээрээ гэхээр нь....... гэж хэлээд тухайн залуу картыг уншуулаад буцаан өгсөн ба машиндаа суугаад хөдлөөд явсан. Тэгээд Завхан аймагт очоод хөдөө мал дээр байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр аймгийн сумын төв рүү орж ирэхэд данснаас 4.050.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Хаан банк руу залгаад хаанаас гүйлгээ хийсэн талаар асуухад Нарны хорооллын АТМ-ээс гарсан байна гэхээр нь картаа алга болгосон талаар мэдсэн... Би хамгийн сүүлд шатахуун түгээх станц дээр ашигласан...би өөрийн үндсэн хохирол болох 4.050.000 төгрөгийг бүрэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх17-21, 22-24, 25-26/

2. Гэрч Б.Т-гийн “...2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр... Г ажлын шургуулганаас “Хаан” банкны карт гаргаж ирээд энэ картыг Завхан аймгийн дугаартай машинтай хүн хаяад явсан би араас нь картаа аваачээ гээд орилсон боловч сонсоогүй. Одоо бараг 7 хонох гэж байна яах вэ гэхээр нь АТМ-д аваачаад хураалга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх31-34/

3. Хохирогч А.Б-гээс гаргаж өгсөн “Хаан банк”-ны депозит дансны 2019.04.01-2019.04.29 хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх78-79/

4. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “... Хаан банкны виза карт 5.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх49-50/,

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 08 цаг 37 минутад Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр .................. шатахуун түгээх станцын шатахуун түгээх хэсгээс хохирогч Б нь өөрийн эзэмшлийн автомашинд суугаад хөдөлж байгаа дүрс байна... түгээлтийн хэсгээс зүүн урагш 10 метр орчим зайнаас түгээгч Б.Г нь хохирогч А.Б-гийн виза картыг авч байгаа дүрс байна. ...2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цаг 10 минут 59 секунтын орчимд АТМ урд ирж хар өнгийн хэтэвчнээс ногоон өнгийн Хаан банкны виза картыг авч хэтэвчинд буцаан хийж байгаа...  мөн өдрийн 14 цаг 12 минут 31 секунтын орчимд АТМ-ээс мөнгө авч байгаа дүрс байна...”  дүрс тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх7-8, 12-13/,

6. А.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Би “..............” нэртэй шатахуун түгээх газар 2018 оноос хойш ажиллаж байна. 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед буух гэж байсан. Тэгэхэд 07 цагийн орчим “Портер” маркийн цэнхэр өнгийн машин ирээд жолооч нь бууж ирээд банкаа дүүргүүлье гэж хэлээд 86.000 төгрөгийн түлш хийсэн. Тэгээд надад жолооч нь картаа гаргаж өгөөд би пост машин дээрээ картыг нь уншуулаад буцаагаад картыг нь өгсөн. Тэгээд араас нь нэг машин ирээд бензин хийх гэж байхад уг автомашины хойд талд тэр хүний карт унасан байсан. Тэгээд би араас нь дуудсан боловч сонсоогүй яваад өгсөн... Манай салбарын менежер залуу энэ юун карт вэ гэхээр нь болсон зүйлийн талаар хэлэхэд АМТ дээр очоод залгиулчих гэхээр нь би картыг нь авч үлдсэн. Тэгээд уг картыг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээс буугаад Нарны хорооллын тэнд явж байгаад картанд нь мөнгө байгаа эсэхийг шалгаж үзэхэд 4 сая гаран төгрөг байсан. Тэгээд тэнд явж байсан танихгүй хүүхдийг гуйгаад “ах нь хэдэн төгрөг өгье АТМ орж чадахгүй байна гээд картаа өгөөд 4.050.000 төгрөг аваарай ах нь чамд 100.000 төгрөг өгье гээд гуйгаад явуулсан. Тэгээд картнаас 4.050.000 төгрөгийг гаргуулж аваад бэлэн аваад байлгаж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх61-62/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

              

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Б.Г.

Хохирогч А.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өглөөний 07 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ....... шатахуун түгээгүүрийн газраас түлш авах үед нь түгээгчээр шүүгдэгч Б.Г ажиллаж байсан байна.

Ийнхүү түлш авахдаа хохирогч нь өөрийн “Хаан” банкны картаа өгч, нууц дугаарыг түгээгчид хэлэн тооцоог хийлгэсэн, улмаар үйлчлүүлээд явахдаа, картаа гээгдүүлсэн болох нь хохирогч А.Б, гэрч Б.Т, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь гээгдэл картыг хохирогч А.Б-гийн эзэмшлийн “Хаан банкны” виза карт болохыг мэдсэн, мөн картны нууц үгийг мэдэж байсан, улмаар карт дахь мөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шалган үзсэний дараа тухайн картнаас 4.050.000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авсан болох нь “Хаан банк” ХХК-аас ирүүлсэн камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн “Хаан” банк дахь дансны хуулганаас зарлага гарсан санхүүгийн баримт болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус  тогтоогдож байна.

 

Хохирогчийн банкны карт дахь мөнгө нь түүний эзэмшлийн данс дахь мөнгөтэй шууд холбоотой буюу картыг ашиглаж болон ашиглахгүйгээр автомат тооцоолуурын машин /АТМ/, интернетээр дамжуулан тухайн данснаас гүйлгээ хийх боломжтой учир прокуророос хохирогчийг картаа гээх үед дансанд байсан мөнгөн дүнгээр хохирлын хэмжээг тооцсон нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хохирогч А.Б нь картаа ашиглаагүй боловч интернет банкаар тухайн данснаасаа зарлага хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгч А.Б-гийнн үйлдлийн улмаас хохирогчид 4.055.250 төгрөгний хохирол учирсан буюу виза картны үнэлгээ, данснаас гарсан зарлагаар хохирлын дүнг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Б-гийнн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн, гээгдэл картыг ашиглан АТМ-аас мөнгийг автомат тооцоолуурын машинаас авснаар үйлдэл төгссөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч Б.Г нь хохирогч А.Б-д 4.055.250 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 4.050.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн, мөн хохирогчийн данс руу 5.250 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болно.

 

Хохирогч замын зардал, байр хоолны мөнгөнд нийтдээ 1.445.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул энэ асуудлыг хэлэлцээгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Иймд хохирогч А.Бд нийт 4.055.250 төгрөгийн хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч А.Б-г хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр “гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.Г нь хохирогчид учирсан 4.055.250 төгрөгийг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Г нь “..........” шатахуун түгээх станцад түгээгчээр ажилладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг камерын бичлэг бүхий сиди-г хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Гэс 4.055.250 /дөрвөн сая тавин таван мянга хоёр зуун тавин/ төгрөгний хохиролыг хохирогч А.Бд төлөгдсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хохирогч А.Б-гийн замын зардал, хоол, байрны зардалд 1.445.000 /нэг сая, дөрвөн зуун дөчин таван мянган/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцээгүй орхиж, холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 2 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн, зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР