Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 706

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогч Ц.Ж,

шүүгдэгч Т.А, П.Г, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан /ШТЭД-2260/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.А, П.Г нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн ................. дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, цайны газарт тогоочоор ажилладаг, ам бүл 3, нөхөр, хүүхдүүдийн хамт, .................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Т.А /РД:................/

 

2. Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, машин механизмын техникчээр ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт, ................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

П.Г/РД:................../

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.А нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ц.Ж-г нь дүүтэйгээ утсаар ярихаар залгахад нь “согтуу дүүгээ хүүхэдтэй нь ирж ав” гэж хэлснээс болж хэрэлдэн улмаар түүнийг оршин сууж байсан ................. тоотод очиж “чи намайг хэл амаар доромжилдог хэн юм бэ” гэж уурлан Ц.Ж-гийн нүүрэн тус газарт нь цохиж, орон дээр унагаж цээжийг нь маажсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

-шүүгдэгч П.Г нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтөлийн төв замын хажууд “миний эхнэр А.Т-г зодлоо” гэх зүйлээр шалтаглан Ц.Ж-гийн нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Ц.Ж-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол гэх /хх14/, хохирогч Ц.Ж-гийн мэдүүлэг  /хх15-17,23-31/, гэрч Т.З-гийн мэдүүлэг /хх32,45/, насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх35/, П.Г-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх37/, гэрч Ч.Б /хх41/, гэрч Ц.М-ын мэдүүлэг /хх42/, гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх43/, гэрч Д.Цэвэлмаагийн мэдүүлэг /хх48/, гэрч Н.Д-гийн мэдүүлэг /хх50/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10458 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх52/, шинжээч эмч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх55-56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх58-59/, П.Г, Т.А нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх93-34,102-104/ шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Шүүгдэгч Т.А, П.Г нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Ц.Ж-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол “...Би дүүтэйгээ ярих гээд утсаар залгасан чинь дагавар охин нь хэл амаар доромжлоод, би бас өөдөөс нь хэрэлдсэн. Удалгүй согтуу нэг хүүхэнтэй хамт орж ирээд над руу дайраад орон дээр дарж унагаагаад нүүр нүдгүй балбасан. Тэгээд дийлэхгүй болохоор нь үснээс нь чирээд гаргасан. Эхнэр цагдаад дуудлага өгөөд Хөтөл дээр цагдаа хүлээгээд зогсож байтал ... гэнэт баруун талаас ирээд намайг цохиж унагаагаад биеийн таарсан газар болгонд цохиж өшиглөсөн. Иймд эдгээр хүмүүсийг хуулийн дагуу шалгаж өгнө үү...” гэх /хх14/

2. Хохирогч Ц.Ж-гийн “...Өөрийн төрсөн дүү Б-тэй ярих гээд утас руу залгатал Б-гийн дагавар охин А утас авахаар нь “Б-тэй яръя” гэтэл “ чи энэ өлөн дүүгээ, 2 шээстэй нь ирээд ав” гэж хэлэхээр нь би “юу гээд байгаа янхан бэ” гэж хэлтэл утсаа тасалчихсан. Тэгээд 15-20 минутын дараа эхнэр хүүхдийн хамт гэртээ байж байтал А архи үнэртүүлчихсэн нэг хүүхний хамтаар орж ирээд миний баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би орон дээр налаад А шууд миний дээр гарч суугаад нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж, хоолойг боосон. Би А-г дээрээ холбирч босгоод А-гийн үснээс нь татаж чирээд шууд гэрээсээ хөөж гаргасан. Эхнэр Золжаргал цагдаад дуудлага өгч байсан. Цагдаа хүлээгээд Хөтөл дээр зогсож байтал А-гийн нөхөр Г гэдэг залуу шууд над дээр ирээд миний баруун шанаа руу цохиод би газар унасан. Г “чи яахаараа миний эхнэрийг зодож цохидог юм” гээд намайг зодоод байсан... Миний биед учирсан хүзүүний зулгаралт гэмтэл, цээжний зулгарсан гэмтлийг А нэг хүүхний хамт орж ирж намайг зодоход учирсан юмаа. Харин баруун шууны гэмтэл нь гадаа нөгөө залуучуудад зодуулахад учирсан гэмтэл байгаа юм... А миний хоолойг боож, маажиж хүзүүний гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг  /хх25-30/

3. Гэрч Т.З-гийн “...нөхөр Ж нь дүү Б-тэй ярих гээд А-гийн утас руу залгаж ярьж байснаа “муу янхан минь юу гээд байгаа юм” гэж хэлээд утсаа салгачихсан. 20 минутын дараа А нэг хүүхний хамт орж ирээд “чи яасан олон үгтэй юм, миний янхандаж явахыг хаана харсан юм” гэж хэлээд шанаа руу цохиод, орон дээр унагаагаад дээр нь гараад суучихсан... гараараа нүүр рүү цохиод байсан. Ж цагдаа дуудаарай гэхээр нь би айгаад гэрээс гараад цагдаа руу залгаж байтал Ж А-г үснээс нь зулгаагаад чирээд гаргаад ирсэн. Хөтөл дээр цагдаа хүлээгээд зогсож байтал А 2-3 залуу дагуулчихсан манай нөхөр лүү дайраад байсан. Тэр Г гэх залуу манай нөхрийг газар унагаагаад хэдэн талаас нь өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хх32-33/

4. Насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн “А эгч нэг хүүхний хамт орж ирээд аавыг алгадаад орон дээр унатал, аавын дээр гарч суугаад дээрээс цохиод байсан, би айгаад аавын гэрээс гарсан. Гадаа байж байтал аав нөгөө А эгчийг үснээс нь зулгаагаад гэрээс гаргаж ирсэн бөгөөд А эгч нөгөө дагуулж ирсэн хүүхний хамт хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /хх35/

5. Гэрч Ц.М-ын “Г гэх найзындаа очиж өрлөгийн ажил хийх үү гэж хэлэх гээд очсон юм. Тэгээд Г-тэй юм яриад сууж байтал гаднаас эхнэр А нь орж ирсэн. А Ж ах зодчихлоо гээд хэлсэн. Г тэднийд очиж учир зүйгээ олно гээд Г, Мөөгий, А бид нар тухайн айлд очсон. Тэгэхэд гэртээ байхгүй байсан. Буцаад харих гээд явж байтал Хөтөлийн автобусны тэнд нөгөө А-г зодсон гэх Ж нь нэг эмэгтэй хүн хамт явж байсан. Тэгээд Г түрүүлж очоод тухайн хүнийг шууд цохиод авахаар нь би араас нь очиход нөгөө танихгүй ах шонгийн мод тэвэрчихсэн байсан... Г Жамъяандавгын нүүр, цээж рүү нь 2-3 удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх42/

6. Гэрч Б.М-ийн “Гийн гэрт унтаж байтал А сэргээгээд “аниа хоёулаа нэг тийшээ яваад ирье” гэж хэлсэн. Таксинаас А түрүүлж буугаад нэг айл руу орсон. Би араас нь таксины мөнгийг төлчхөөд ороход А-г нэг ах үсдчихсэн доош нь дарчихсан байсан. Би “наадах чинь дөнгөж төрөөд удаагүй байгаа шүү дээ” гэсэн чинь тэр хоёр хэрэлдээд байсан. Би тэр хоёрыг салгах гэтэл тэр ах намайг цааш нь түлхээд байсан... Г нүүр рүү нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх43-44/

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10458 дугаартай шинжээчийн дүгнэлт: хэсэг газрын үзлэгийн тэмдэглэлд “...баруун хөхний дунд дунд хэсэгт 0,1х1см-с 0,3х2 см хэмжээтэй 10-д ширхэг улаан хүрэн зулгаралттай, дунд хэсэгт 0,4х6см, 0,3х4см улаан хүрэн зулгаралттай...” гээд мөн “...Ц.Ж-гийн биед хүзүүний цус хуралт, зулгаралтууд, цээжний олон тооны зулгаралт, баруун шууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх /хх52/

8. Шинжээч эмч Б.Ундармаагийн “Дээрх гэмтлүүдийг олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны зулгаралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин хүзүүний олон тооны зулгаралт цус хуралт, цээжний олон тооны зулгаралт гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх55-56/

9. Т.А-гийн яллагдагчаар өгсөн “...гэртээ байж байтал ээж А, хойд аав Б нар хоёулаа согтуу орж ирсэн. Путикт орж унт гээд хоёуланг нь явуулсан. 1 цаг гарангийн дараа унтсан байна уу үгүй юу гээд путик руу яваад ороход утас нь дуугарахаар нь авчихсан. Ж Б-тэй яръя гэхээр нь “унтаж байна” гэтэл “чи яриулаадах” гэхээр нь тасарчихсан унтаж байгаа хүнийг яаж яриулах юм бэ” гэж хэлтэл “өө муу янхан” гээд элдвээр хэлэхээр нь “тийм сүрхий юм бол энэ согтуу дүүгээ ирээд аваач, надад лай болж байна” гээд хэлчихсэн. Намайг баахан харааж харааж байгаад утсаа салгачихсан.

Би Ж-гийн гэрт очиход Ж согтуу, эхнэр хүүхдүүдтэйгээ байсан. Би шууд явж очоод “яагаад би өмхийрсөн алтай байдаг юм” гэж хэлээд алгадаад авсан. Би түүнтэй барилцаж аваад ор луу түлхээд ноцолдоод би дээр нь гараад цохиод, цээж рүү нь гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх103/

10. П.Г-гийн яллагдагчаар өгсөн “ М манайд ирээд авчирсан 1 шил архинаас нь хоёр, хоёр хундага татаад юм яриад сууж байтал эхнэр А нь М-ын хамт гаднаас орж ирсэн. А орж ирээд “Ж ах, намайг зодчихлоо” гэхээр нь “яахаараа чамайг зоддог юм” гэхэд “намайг нэг хүүхдээ алчихаад нөгөөдөхийг нь алж иднэ дээ та нар” гэж элдвээр хэлэхээр нь гэрт нь очсон чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь Ж-тэй уулзъя гэрээс гарсан. Гэрт нь очиход байхгүй гэхээр нь гэрлүүгээ явахаар болоод буцаад таксиндаа суугаад явж байтал Хөтөлийн автобусны буудал дээр Ж эхнэртэйгээ хамт байсан. Би таксинаас түрүүлж буугаад Ж дээр очоод “чи манай эхнэрийг яасан гэж зодож байгаа юм” гэж хэлээд 2-3 удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хх94/

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “...та хүнийг яагаад хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэсэн чинь ... тэгэхээр нь би давраад байгаарай гээд алгадсан. Тэгээд орон дээр түлхэж унагаагаад боогоод хүзүүг нь маажсан. Намайг түлхэж унагаагаад үсдээд доош нь дарчихсан байсан чинь М эгч гаднаас орж ирсэн...Манай нөхөр очоод 2 удаа цохисон...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “...манай эхнэр зодуулсан гэж хэлээд гэрт орж ирсэн... Ж ахтай эв зүйгээ олъё гэсэн зорилготой очсон... би ууртай байсан болохоор нүүр рүү нь хоёр удаа цохисон..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ц.Ж мэдүүлэхдээ: “...би юу гээд байгаа янхан бэ гэж хэлэхэд утас тасарсан...удалгүй А, М хоёр цуг орж ирсэн. Намайг түлхэж унагаад, миний дээр гарч суугаад намайг боогоод, толгойгоороо мөргөсөн...М нь миний гэдсэн дээр маажсан...М-г түлхэхэд гуйвж унаад байсан... намайг босоход А-гийн үс гарт таарахаар нь би үснээс нь чирээд гаргасан...оройн 21 цаг өнгөрч байхад... намайг Г цохиж унагаад, нэг шон таарахаар нь би тэвэрсэн...намайг тэвхдэж жийсэн, толгой руу нүдээд байсан... би шонгийн модны хажууд ухаан алдаад уначихсан...” гэв.

 

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Т.А, П.Г нар.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Т.А-гийн хохирогч Ц.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол шүүгдэгч П.Г-гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй, яллах дүгнэлтэд дурдсан үйл баримт тогтоогдоогүй үндэслэлээр мэтгэлцсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.А болон П.Г нар нь гэр бүлийн эхнэр, нөхрийн харилцаатай хүмүүс байх бөгөөд хохирогч Ц.Ж нь шүүгдэгч Т.А-гийн хойд эцгийн ах болох нь оролцогч нарын тайлбараар тогтоогдсон.

 

- 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Ц.Ж нь шүүгдэгч Т.А-тай гар утсаар ярьж маргалдсан, улмаар Т.А нь хохирогчийн гэрт очин маргаан үүсгэн хүч хэрэглэн эрүүл мэндэд нь халдсан, үүний дараа шүүгдэгч П.Г согтууруулах ундааны зүйл уусан үедээ эхнэрээ өмөөрөн дахин хохирогч Ц.Ж-г хайн очиж маргаан үүсгэн эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халджээ.

Үүнийг тодруулбал: Шүүгдэгч Т.А хохирогчийн оршин суух ................./г тоотод очиж “чи намайг хэл амаар доромжилдог хэн юм бэ” гэж уурлан Ц.Ж-гийн нүүрэн тус газарт нь цохиж, орон дээр унагаж цээжийг нь маажсан нь

хохирогч Ц.Ж-гийн “...А архи үнэртүүлчихсэн нэг хүүхний хамтаар орж ирээд миний баруун шанаа руу 1 удаа цохихоор нь би орон дээр налаад А шууд миний дээр гарч суугаад нүүр толгой хэсэг рүү гараараа цохиж, хоолойг боосон. Би А-г дээрээ холбирч босгоод А-гийн үснээс нь татаж чирээд шууд гэрээсээ хөөж гаргасан...”, насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн “...А эгч нэг хүүхний хамт орж ирээд аавыг алгадаад орон дээр унатал, аавын дээр гарч суугаад дээрээс цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.З-гийн мэдүүлэг мөн Т.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.А-гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Ж-гийн эрүүл мэндэд “...хүзүүний цус хуралт, зулгаралтууд, цээжний олон тооны зулгаралт, баруун шууны зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 10458 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч П.Г нь мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтөлийн төв замын хажууд “миний эхнэр А.Т-г зодлоо” гэх зүйлээр шалтаглан Ц.Ж-г нүүр, цээжин тус газарт нь цохисон болох нь

хохирогч Ц.Ж-гийн “...цагдаа хүлээгээд Хөтөл дээр зогсож байтал А-гийн нөхөр Г гэдэг залуу шууд над дээр ирээд миний баруун шанаа руу цохиод би газар унасан. Г “чи яахаараа миний эхнэрийг зодож цохидог юм” гээд намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.М-ын “...Г түрүүлж очоод тухайн хүнийг шууд цохиод авахаар нь би араас нь очиход нөгөө танихгүй ах шонгийн мод тэвэрчихсэн байсан... Г Ж-гийн нүүр, цээж рүү нь 2-3 удаа цохиод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.З-гийн “...Хөтөл дээр цагдаа хүлээгээд зогсож байтал А 2-3 залуу дагуулчихсан манай нөхөр лүү дайраад байсан. Тэр Г гэх залуу манай нөхрийг газар унагаагаад хэдэн талаас нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгч П.Гийг хохирогч Ц.Ж-гийн нүүрэн тус газар нь цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн хоолойг цамцны захаар татан боож гэмтэл учруулсан гэж мэтгэлцсэн.

 

Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан 10458 дугаар шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Ундармаагийн “...гэмтлүүдийг олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, харин хүзүүний олон тооны зулгаралт цус хуралт, цээжний олон тооны зулгаралт гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгээр хохирогчийн толгойн тус газарт гэмтэл учраагүй, хохирогчийн миний хоолойнд үүссэн гэмтлийг шүүгдэгч П.Г учруулаагүй, шүүгдэгч Т.А учруулсан гэх тайлбараар нь няцаагдаж байна.

 

Харин хэргийн нөхцөл байдлыг шууд харсан гэрч Ц.М-ын “шүүгдэгч П.Г нь хохирогчийн нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн шүүгдэгч П.Г согтуу байсан, түүнд нүүрэн тус газартаа цохиулж унасан, өшиглүүлж зодуулсан гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийж үзэхэд хохирогчийн биений цээжин хэсэгт үүссэн 10-аад тооны зулгаралт, түүнээс гадна 0,4х6см, 0,3х4см хэмжээтэй улаан хүрэн зулгаралтууд тус тус үүссэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.А-гийн хохирогчийг зодож, маажсан үйлдэл болон шүүгдэгч П.Г-гийн хохирогчийг цээжин тус газар нь цохисны улмаас хавсарсан байдлаар дээрх гэмтэл үүссэн гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн П.Г-гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг бүхий хохирол учраагүй гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүйг дурдаж байна.  

 

Хэдийгээр яллах дүгнэлтэд шүүгдэгч П.Гийг хохирогч Ц.Ж-гийн нүүрэн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн боловч дээрх үйл баримтаар шүүгдэгч П.Г нь хохирогчийн цээжин тус газарт хөнгөн хохирол учруулсан тогтоогдож байх тул хэргийн үйл баримтыг шүүхээс зөвтгөн дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Тодруулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд бус шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.А нь “...хэл амаар доромжиллоо...” гэх шалтгаанаар, харин шүүгдэгч П.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...эхнэр А.Т-г хэл амаар доромжиллоо мөн түүнийг зодлоо...” гэх шалтгаанаар хохирогч Ц.Ж-гийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй бөгөөд цаг хугацааны хувьд тус тусдаа гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Т.А, П.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэлээ.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Ц.Ж нь “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлсэн 8.000 төгрөгийн баримтаас өөр баримт надад байхгүй. Шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд гаргасан. Мөн шүүх хуралдааны өмнө шүүгдэгч нараас 8.000 төгрөгийг хохирогч Ц.Ж-д төлсөн баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.А, П.Г нарыг бусдад төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.А, П.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч нарт зан үйлээ засах сургалтанд хамруулах үүрэг хүлээлгэх дүгнэлт гаргасан болно.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нар ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн шүүгдэгч Т.А, П.Г нарын талийгаач хүүхэдтэй холбоотойгоор цээртэй үг хэллэг хэрэглэн  гутаасан нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар бага, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалцан үзлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд хохирогч Ц.Ж нь “...шүүгдэгч А.Т-г цээртэй үгээр доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн болох нь...” хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар “...хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн...”, 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

Мөн улсын яллагчийн шүүгдэгч нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ давхар хэрэглэх тухай дүгнэлтийг энэ тохиолдолд хүлээн авах хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж дүгнэсэн болно.

 

Тиймээс шүүгдэгч Т.А, П.Г нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр зүйтэй гэж дүгнэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Т.А, П.Г нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тус тус 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.А, П.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А, П.Г нар нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.А, П.Г нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР