Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 501

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нар        ийн бичгийн дарга С.Б хөтлөн

улсын яллагч М.М

шүүгдэгч Ш.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 3 эхнэр охины хамт Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Яармаг 00-000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  шагналгүй, урьд нь 2000 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Өршөөлийн хуулийн 2 дугаар зүйлд зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:ЧП000000/, Шангууд овогт Ш-гийн Ч-т холбогдох эрүүгийн 19050000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ш.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.С-гийн А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 732.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн. Гэмшиж байна гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.С мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим 88-70 УБМ  улсын дугаартай Тоёота приус 20 маркийн машинтай Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын төв замаар явж байгаад дотор муухайраад байхаар нь Хаан банк руу эргэдэг уулзвар руу эргээд машинаа зогсоогоод замын хажуу талд бөөлжөөд зогсож байтал 40-50 орчим насны шар царайтай 170-180 орчим см өндөртэй эрэгтэй хүн ирээд чи машин шүргэчихлээ гэхээр нь би тийм юм болоогүй ш дээ миний бие өвдөөд байна гэж хэлээд машины чинь аль хэсгийг мөргөсөн юм гээд хартал шүргэсэн зүйл харагдаагүй. Тэгсэн тэр ах намайг за за гайгүй юм байна яв яв гэж хэлээд түрүүлээд хөдлөөд явсан. Би араас нь машинаа асаагаад 3 дугаар эмнэлэг дээр очоод утсаа хайтал миний утас байхгүй байсан. Миний утас Самсунг А-50 маркийн гар утас. 2019 оны 4 дүгээр сард Юнител төвөөс лизингээр 814.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо 814.000 төгрөгөөр үнэлж байна. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ш.Ч мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн 47-94 УНЗ дугаартай машинтайгаа 10 дугаар хорооллын МТ колонкийн уулзвараас хойноос баруун тийш чиглэлтэй 2 дугаар эгнээ рүү эргэх гээд зогсож байтал 1 дүгээр эгнээнээс мөнгөлөг өнгийн приус 20 маркийн машин хойд гупер шүргэчихээд хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би 2 дугаар эгнээ рүү орох гэж байснаа болиод нөгөө машины араас  сигналдаад гэрлээрээ дохиод явж байхад нөгөө машин зогсохгүй  байсан. Тэгснээ 10 дугаар хорооллын автобусны буудал өнгөрөөд дараагийн уулзвараар баруун эргээд Хаан банкны харалдаа зогссон. Уг Приус 20 машин дөнгөж уулзвар дээр зогссон. Би ард нь зогсоод жолоочтой нь уулзах гээд очсон чинь жолооч нь байхгүй хаалга нь онгорхой байсан. Би согтуу жолооч машинаа хаяад зугатаачихлаа гэж бодсон. Тэгтэл уг машины голын хайрцаг дээр утас нь байхаар нь аваад энгэрийн халаасандаа хийсэн. Тэгтэл замын хойд талд байшингийн буланд нэг хүн бөөлжиж байхаар нь араас нь очоод чи машин шүргэчихлээ ш дээ согтуу байгаа юмуу гэхэд насаар 25-30 орчим насны эмэгтэй байсан ба ахаа би хордлого болоод эмнэлэг явж байна очиж машиныг чинь үзье гээд очсон. Ирж машин харахад миний машин гайгүй байхаар нь за за яв гайгүй байна гээд явуулсан. Би ч өөрөө утсыг нь аваад явчихсан. 10 минутын дараа утас нь дуугахаар нь буруу юмыг нь дараад мэдэлгүй унтраачихсан. /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Samsung a50 маркийн гар утас 732.600 төгрөгөөр үнэлэгдсэн” /хх-ийн 25/,

Эд зүйл хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэлд “ 2019 оны 5 сарын 24-нд Ш.Ч-аас Самсунг А50 загварын...кодтой гар утас 1 ширхэгийг  хураан авч /хх-ийн 33/, Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн тэмдэглэлд “...гар утсыг М.С-д хүлээлгэн өгөв”  /хх-ийн 54/ гэсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ш.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32/, 534 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолын хуулбар /хх-ийн 58/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Ч нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Сайханзаяагийн жолоодож явсан 00-00 УБМ  улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин дотроос нь Самсунг А-50 загварын 732.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.С-гийн “...би араас нь машинаа асаагаад 3 дугаар эмнэлэг дээр очоод утсаа хайтал миний утас байхгүй байсан...” /хх-ийн 16/ гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Ш.Ч-ын“...уг машины голын хайрцаг дээр утас нь байхаар нь аваад энгэрийн халаасандаа хийсэн...” /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,  камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/, эд зүйл хураан авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 33/,  эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх-ийн 54/  зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ш.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Ш.Ч-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ш.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг Ш.Ч-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Шангууд овогт Ш-гийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Ш.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4. Ш.Ч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д