Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 5653

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, 43 байр, 104 тоотод байрлах, Мөнгөн Глобал ББСБ ХХК /РД:5683904/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, туул 20 гудамж, 423 тоотод оршин суух, Шар нуур овогт Шоовдорын Энх-Оюун /РД:ЦЗ75051120/

Зээлийн гэрээний үүрэгт 4.848.743,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Энх-Оюун нь Мөнгөн Глобал ББСБ ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ14/46 тоот зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийн зээлийг авсан. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дээрх зээлийн үлдэгдэл 4.131.468,56 төгрөг үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 717.275,02 төгрөг нийт зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 4.848.743,58 төгрөгийг барагдуулаагүй байгаа бөгөөд зээлийн хугацаа хэтрэлт 120 хоног байна. Ш.Энх-Оюун нь зээл авсанаас хойш 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл үндсэн зээл 868.231,44 төгрөг, үндсэн зээлийн хүүд 4.385.968,56 төгрөгийг төлсөн. Ш.Энх-Оюун нь ЗГ14/46 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчиж зээлийн графикт төлбөрийг сүүлийн 13 сар зөрчиж зээлийн төлбөрөө барагдуулаагүй нь манай байгууллагад хохирол учрах нөхцлийг үүсгээд байна. Иймд Ш.Энх-Оюунаас зээл, зээлийн хүүгийн төлбөр 4.848.743,58 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

              Нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК-ийн захирал Ш.Балжинням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ш.Энх-Оюун нь нэхэмжлэлийн шаардлага 4.848.743,58 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Энх-Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.Энх-Оюун миний бие Мөнгөн Глобал ББСБ ХХК-ийн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөнгөн Глобал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 4.848.743,58 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК нь хариуцагч Ш.Энх-Оюунд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.848.743,58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

            Хариуцагч Ш.Энх-Оюун нь нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ14/46 тоот зээлийн гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ФГ/14-46 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ/14/46-01 тоот Зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан ЗГ14/46 тоот зээлийн гэрээ, ФГ/14-46 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, ЗГ/14/46-01 тоот Зээлийн нэмэлт гэрээ зэргээр тогтоогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Энх-Оюун нь Мөнгөн Глобал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.848.743,58 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ш.Энх-Оюуны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ш.Энх-Оюунаас 46265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ш.Энх-Оюун нь Мөнгөн Глобал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.848.743,58 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 92530 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 46265 төгрөг, хариуцагч Ш.Энх-Оюунаас 46265 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнгөн Глобал ББСБ ХХК-д олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА