Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 627

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ддаргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.С хөтлөн

улсын яллагч Л.С

шүүгдэгч Ч.Т түүний өмгөөлөгч И.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1000 оны 9 дүгээр сарын 05-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ХБ00000000/, Боржигин овогт Ч-ийн Тү-д холбогдох эрүүгийн 190500000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ч.Т нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлагаар очсон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Ц-ын хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад, хүч хэрэглэн эсэргүүцсэн,

2019 оны 3 дугаар сарын 00-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоотод гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлагаар очсон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Ц-ын хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад, хүч хэрэглэн эсэргүүцэх явцдаа хохирогч О.Ц-ын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

 

Үүнд:

Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Энэ асуудал гаргасандаа би маш их гэмшиж архи огт уухгүй байгаа. Шүүхээс хамгийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Ц нутаг дэвсгэрт Бугат -116 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад  23 цаг 23 минутанд Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод “манай аав ахыг зодоод байн”а гэх дуудлагын дагуу очиж шалгахад тус тоотод хэрүүл маргаан үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Түмэнзаяад хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж улмаар согтуурсан үедээ миний нүд рүү нэг удаа толгой руу хоёр удаа цохисон, тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн. Надад Түмэнзаяа нь нөхөн төлбөр болгож 1 сая төгрөгийн хохирол төлсөн, ямар нэг гомдол санал байхгүй. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 10-нд би гэртээ хүү М охин Үлэмж нартай гэртээ байж байтал манай нөхөр Т 23 цагийн үед согтуу орж ирсэн.  Орж ирээд уурлаад чанга дуугараад байсан. Манай охин 11 настай Үлэмж миний гар утсыг аваад 00-ын өрөө орсон. Тэгээд би нөхөртэйгээ маргалдаад байж байтал 30 орчим минутын дараа цагдаа ирсэн. Цагдаа  ирээд Т-г бос хувцасаа өмс гэсэн чинь манай нөхөр босчихоод хувцасаа өмсөхгүй цагдаатай маргаад би явахгүй гээд байсан тэгээд тэр хоёр цагдаа нөхөр рүү дөхөөд очтол манай нөхөр нэгнийх нь нүүр рүү цохичих шиг болсон. Тэр арай намхан цагдаа залуу намайг цохичихлоо гэж байсан.  /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0000 дугаартай дүгнэлтэнд: О.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24/ гэжээ.

 

Ч.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найз Б-тай хамт 10 дугаар хорооллын техник импорт захын хажууд байдаг биллярданд хамт тоглонгоо 1 шил 0,75 литрийн соёрхол архи уусан. Биллярднаас оройны 21 цагийн үед гараад гэрийн гадаа очиж 1 шил 0,5 литрийн соёрхол архи уусан. 22 цаг өнгөрч байхад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод эхнэртэйгээ муудалцсан гэсэн би сайн санахгүй байгаа юм. Гэртээ ороод юу болсныг санахгүй байна нэг мэдсэн гавлуулчихсан орцны шатаар бууж байхдаа ухаан орсон. Өглөө намайг эрүүлжүүлэхээс гарахад эрүүлжүүлэхийн цагдаа нар намайг чи цагдаа зодсон гэж хэлсэн.  /хх-ийн 27/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ч.Т 2019 оны 3 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00 дугаар байрны 00 тоот өөрийн гэртээ  гэр бүлийн хүчирхийлэлийн дуудлагаар очсон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Ц-ын хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан шаардлага тавихад, хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ц-ын“...Т-д хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэж улмаар согтуурсан үедээ миний нүд рүү  нэг удаа толгой руу хоёр удаа цохисон...” /хх-ийн 11/, гэрч Д.Б-гийн“...арай намхан цагдаа залуу намайг цохичихлоо гэж байсан...”/хх-ийн 16/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 0000 дугаартай “О.Ц-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  гэсэн дүгнэлт /хх-ийн 24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч Ч.Т нь цагдаагийн албан хаагч О.Ц-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

О.Ц-ыг эсэргүүцэх явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус тооцогдох ба дээрх гэмт хэргүүдийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл Ч.Т-гийн дээрх үйлдэл нийлмэл гэмт хэргийн шинжийг  хангаж байх тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Ч.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ч.Т-г “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэрүүцсэн” мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргүүдийг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ч.Т-г “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн”, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Ц-аас “...1000000 төгрөг өгсөн, одоо надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн Ч.Т-г бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Т-г Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт,  Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ч.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүхээс Ч.Т-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт торгох ялын хэмжээг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоов. 

 

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Ч.Т Вүүдблайнд ХХК-д жолоочоор ажилладаг нь үнэн бөгөөд нэг сарын цалингийн хэмжээ 500.000 төгрөг болно” гэсэн тус байгууллагын тамгатай тодорхойлолт болон шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “ торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хэлэлцээд Ч.Т-д оногдуулсан торгох ялыг түүний  цалин хөлс болон орлогын боломжийг харгалзан нийт 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Боржигин овогт Ч-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Ч.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000  төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэж нийт гурван мянга нэг зуун тавин нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Ч.Т шүүхээс оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж дуусгахаар тогтоосугай.

 

5. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Ч.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                   

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д