Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 638

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч Г.Э

шүүгдэгч У.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 20 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 10 эцэг, эх, ах эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УИ0000000/, Боржигон овогт У-гийн М-д холбогдох эрүүгийн 19050000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.М  2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр буюу түүнээс олон хүний, 12 настай бага насны хүүхэд болох Л.Э, Э.М, У.О нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Л.Эү мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 сарын 20-нд би найз Мгийн гэрт хонох гээд ээж аавдаа хэлээд зөвшөөрөл аваад найз Одон-Эрдэнийн хамт М гэдэг ангийн найзындаа очсон. Тэгээд бид нар дэлгүүр орж шампунь нэгж авах гээд гарсан. Тэгээд бид нар 21 дүгээр хороо Горькийн автобусны буудал дээр байдаг түц ороод уралдаад гүйж байсан чинь нэг танихгүй ах бид нарыг дуудахаар нь яваад очсон. Гэтэл нөгөө ах хаанаас юу хулгайлаад байгаа бацаанууд вэ гээд Мгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод дараа нь намайг нүүр рүү нэг удаа гараараа цохиод дагаад яв гээд хэлсэн. Тэгээд нөгөө М бид хоёрыг мөрөөр нь гараараа давуулж хүзүүдээд намайг дагаад яв гээд 1 дүгээр хороонд байдаг Тэргэл зочид буудлын зүүн талаар контэйнер дунд орсон. Тэр ах тэгээд хаанаас юу хулгайлсан гээд байгаа эд зүйлээ аваад иp гээд Мг газар унагаагаад баахан өшиглөж зодож байснаа босгоод газар байсан архины шил аваад нөгөө шилээрээ миний толгойг хагална гээд миний толгой ар дагз хэсэгт цохиж хагалсан чинь би газар унасан. Тэр үед намайг баахан зодож толгой дээр хөлөөрөө дэвсээд байсан. Энэ үед би хэсэг балартаад байж байхад намайг зодохоо болиод Мг зодоод байсан тэгээд хаанаас юу хулгайлсан гээд зодоод байсан. Тэгэхэрээ нь  бид нарыг зодохоо болих байх гэж бодоод тиймээ хулгай хийсэн тэр Сайн ломбардны тэнд нуусан байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь та нарын санааг мэдэхгүй гэж бодоо юу гээд зодоод байсан. Тэгээд цагдаад очоод хэлвэл би тэндээс чинь өлхөн гарна агаа нь тэнд чинь зөндөө олон удаа ороод гарч байсан хүн гээд бид нарыг ээлжлээд зодоод байсан тэгээд байж байхад байран дундаас хоёр цагдаа гараад ирсэн тэгсэн чинь бид нарыг хэлснээр байхгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд цагдаа нар юу болоод байна гэсэн чинь манай дүү нар маргаад би хэдэн үг хэлээд байж байна гэсэн тэгээд нөгөө цагдаа нь яасан гээд асуухаар нь би бид нарыг зодоод байна гэж энэ хүнийг танихгүй гэж хэлсэн тэгсэн чинь цагдаа нар нөгөө ахыг аваад бид нарыг харьж эцэг эхээ дагуулаад цагдаагийн газар очиж гомдол санал гарга гэсэн. Тэгээд бид гурав Мгийн гэрт очоод ээж нь манай ах эгч ээж болон Одон-Эрдэнийн ээж эгч нарт хэлээд бид нар цагдаа дээр ирсэн...би хамраа эмчлүүлэхээр эмнэлэгт хэвтсэн, тэр хүнээс авах гээд ч тэр хүнд надад өгөх юм байхгүй юм байна лээ. Уг гэм буруутай хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хүсч байна. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй. /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Э.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 20-ны орой манай найз О Э нар ирээд бид гурав 23 цагийн үед дэлгүүр ороод шампунь аваад ирэх гэж гараад доошоо автобусны буудал руу уралдаад гүйж явахад гэмтлийн эмнэлгийн түцний тэнд нааш ир гээд нэг  танихгүй хүн дуудахаар нь яваад очсон. Гэтэл намайг Эгийн хамт хоёр гараараа нэг нэг талдаа гаргаж хүзүүдээд Одон-Эрдэнийн араас дагуулаад гудамж руу орсон. Тэгээд замын урд талд гараад байран дунд ороод эзэнгүй нэг хог асгадаг хэсэг газар байдаг тэрний хашаан дотор ороод бид нарыг юу хулгайлсан гаргаад иp гээд байсан. Бид нар юм аваагүй гэхээр үнэнээ хэл гээд зодоод байсан худлаа ярилаа гээд зодоод байсан. Тэгж байгаад манай найз Эг нэлээд зодсон газраас архины шил авах гээд хайхаар нь Э бид хоёр зугтаасан чинь Одон-Эрдэнийг бариад авсан байсан. Тэгээд цаашаа дахиад зугтаавал энэ найзыг чинь ална шүү гээд айлгаад байсан. Тэгээд Эг нэлээд зодоод дараа нь намайг дуудаад яваад очсон чинь намайг шанаадаж унагаагаад унасан байхад толгой дээр дэвссэн. О бид хоёрыг зодоод толгой дээр нь шил хагална гээд байж байхад эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн. Тэр үед нөгөө ах миний хэлсэнээр байна шүү тэгэхгүй бол ална шүү гээд ирсэн цагдаа нарт манай дүү нар хоорондоо муудалцаад байхаар нь салгаад ганц нэг үг хэлсэн юм гээд байсан. Тэгэхээр нь  О бид хоёр айгаад тийм гээд хэлсэн чинь Э худлаа яриад байна гээд хэлсэн чинь тэр цагдаа наашаа хүрээд иp гээд юу болсон талаар асуусан тэгээд Э нөгөө цагдаа нарт болсон явдлаа хэлээд тэр залууг аваад явсан. Харин бид нар шууд манай гэрт очсон гэтэл ээж эмнэлэг дагуулж яваад дараа нь цагдаа дээр очсон. Уг нь би нэлээд эмчилгээ хийлгэсэн байгаа ойролцоогоор 450 мянга орчим гарсан гэхдээ одоо баримт гэх зүйл нь байхгүй байгаа. Надад эмчилгээний зардал гаргуулмаар байна гэхдээ нөгөө хүн нь төлөх чадваргүй  байсан. Одоо хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч У.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 20-нд би найз Мгийн гэрт хонох гээд ээж аавдаа хэлээд зөвшөөрөл аваад найз Эгийн хамт Мгийнд очоод бид нар дэлгүүр орж юм авах гээд явсан юм. Тэгээд бид нар 21 дүгээр хороо Горькийн автобусны буудал дээр байдаг түц орох  гээд уралдаад гүйж байсан чинь нэг танихүй ах бид нарыг дуудахаар нь яваад очсон. Гэтэл нөгөө ах хаанаас юу хулгайлаад байгаа бацаанууд вэ гээд Мгийн нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод дараа нь Эг нүүр рүү нь нэг удаа гараараа цохиод дагаад яв гээд надад хэлсэн. Тэгээд нөгөө М, Э хоёрыг мөрөөр нь гараараа давуулж хүзүүдээд намайг дагаад яв гээд 1 дүгээр хороонд байдаг Тэргэл зочид буудлын зүүн талаар контэйнер дунд орсон тэр ах тэгээд хаанаас юу хулгайлсан бэ байгаа эд зүйлээ аваад иp гээд намайг газар унагаагаад баахан өшиглөж зодож байснаа босгоод газар байсан архины шил аваад нөгөө шилээрээ миний толгойг хагална гээд куртикнийхээ малгайг өмс гээд өмссөн чинь толгойн ар дагз хэсэг рүү нь цохиод хагалчихсан тэгээд ахиж нэг архины шил хайж байгаад олоод хаанаас хулгай хийсэн гээд байсан тэгээд бид гурав болсон явдалыг зөндөө хэлсэн боловч үнэнээ хэл ална шүү гээд байсан. Тэгээд Эг нэг удаа элгэдэж унагаагаад нүүрэн дээр нь хэд хэдэн удаа цохиод өгшиглөсөн. Тэгээд л үнэнээ хэл гээд байсан бид үнэнээ хэлээд байхад ямар шазруун бацаан бэ гээд байсан тэгээд цаанаас хүн ирж байсан чинь дуугарвал ална шүү гээд байсан тэгээд газраас нэг архины шил аваад үнэнээ хэлэхгүй бол энэ шилээр толгойг чинь хаг цохино шүү гээд байсан. Эг хүзүүдээд цаана буланд очоод бид хоёрыг дуудаад Мг баахан зодоод тэгсэнээ намайг дуудаад нэг удаа толгой хэсэг рүү цохиод газар уначихсан чинь 5-6 удаа өшиглөсөн тэгээд үнэнээ хэл гээд байхаар нь тиймээ бид нар хулгай хийсэн сайн ломбардын тэнд нуусан гээд байж байсан чинь цаанаас цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд бид нарыг хэлсэнээр байхгүй бол ална шүү гээд байсан харин Э болсон явдлыг хэлээд цагдаа нар нөгөө ахыг аваад явсан бид нар шууд Мгийн гэрт очоод ээж нь бид гурвыг дагуулаад гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн тэгээд Мгийн ээж бид нарын аав ээжид хэлээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгч байна...зүүн нүдний дээд хэсэг хавдаж хөхөрсөн бас толгойн зүүн тал болон дээд доод уруул хавдсан байсан гэхдээ одоо зүгээр болсон надад нэхэмжлэх зүйл байхгүй эм тариа хэрэглээгүй зүгээр байж байгаад эдгээсэн болохоор надад тэр хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй.  /хх-ийн 43/гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 503 дугаартай дүгнэлтэнд: Л.Эд хамрын нурууны хугарал, зүүн доод зовхи, уруулын зулгаралт, дагзанд цус хуралт, шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 47/

 

Шинжээчийн 504 дугаартай дүгнэлтэнд: Э.Мд хамрын таславчийн хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үед үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 51/

 

Шинжээчийн 502 дугаартай дүгнэлтэнд: У.Одон-Эрдэнийн зүүн зовхи, баруун чихний дэлбэнгийн урд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр цохих үед үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55/

 

Сэжигтнээр У.М мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 20-нд орой 21 цаг өнгөрч байхад байхаа Баянхошуунд ахындаа байж байгаад гэртээ харих гээд алхаж явахад замд манай гэр рүү өгсөх гээд зам салах үед гэмтлийн эмнэлгийн замын ард байдаг Сайн нэртэй ломбарднаас 13-15 орчим насны гурван хүүхэд гүйлдээд гараад ирэхээр нь би дуудаад хаанаас юу хулгайлаад гүйгээд байгаа юм гэж асуутал хулгай хийгээгүй гээд байсан тэгэхээр нь худлаа яриад бай гээд гэмтлийн эмнэлгийн зүүн хойно байдаг ногоон өнгийн байрны хажууд байдаг жижиг хашаан дээр дагуулж ирээд зодсон. Тэр хүүхдүүдийг хулгай хийчихээд та нар хэлсэнгүй гээд зодсон юм. Тэр үед яг яаж хэнийг нь хэдэн удаа цохисон талаараа одоо сайн санахгүй байна одоо бодоход нэлээд олон удаа гараараа нүүр рүү нь цохисон байх нэг хүүхдийг нь газар унахаар нь дээрээс нь дэвсэж бас алгадаад байсан. Тэгээд байж байхад алаг машинтай цагдаа ирээд намайг аваад явсан нөгөө хүүхдүүд гэртээ харьсан байх тэгээд тэр хоёр цагдаа намайг авч явж байгаад нэг том машинтай цагдаа нарт хүлээлгэж өгсөн тэгээд тэр цагдаа нартай хоёрдугаар хэлтэс дээр ирээд өглөө хүмүүс анзаарахгүй байхаар нь хоол идэх санаатай гараад тэр чигтээ яваад өгсөн юм. Тэгж байгаад дараа нь гэрт очиход тэр хүүхдүүд гомдол гаргасан байгаа талаар мэдсэн би өөрөө мэдээгүй байсан. ...би тэр хүүхдүүдийг хулгайч хүүхдүүд байна гэж ойлгоод зодсон юм гэхдээ тэр үед би жаахан уучихсан байсан болохоор сайн санахгүй байна. /хх-ийн 59/  гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор У.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч У.М 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчим хоёр буюу түүнээс олон хүний буюу 12 настай бага насны Л.Э, Э.М, У.О нарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Л.Эгийн“...тэр ах хаанаас юу хулгайлсан бэ гээд байгаа эд зүйлээ аваад иp гээд Мг газар унагаагаад баахан өшиглөж зодож байснаа босгоод энэ газар байсан архины шил аваад нөгөө шилээрээ миний толгойг хагална гээд миний толгой ар дагз хэсэгт цохиж хагалсан...”насанд хүрээгүй хохирогч Э.Мгийн“...Эг нэлээд зодоод дараа нь намайг дуудаад яваад очсон чинь намайг шанаадаж унагаагаад унасан байхад толгой дээр дэвссэн...”, насанд хүрээгүй хохирогч У.Одон-Эрдэнийн“...тэр ах тэгээд хаанаас юу хулгайлсан гээд байгаа эд зүйлээ аваад иp гээд намайг газар унагаагаад баахан өшиглөж зодож байснаа босгоод энэ газар байсан архины шил аваад нөгөө шилээрээ шилээрээ миний толгойг хагална гээд куртикнийхээ малгайг өмс гээд өмссөн чинь толгойн ар дагз хэсэг рүү нь цохиод хагалчихсан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 502, 503, 504 дугаартай дүгнэлтүүд, У.Мгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...би тэр хүүхдүүдийг хулгайч хүүхдүүд байна гэж ойлгоод зодсон юм” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч У.М насанд хүрээгүй 12 настай Л.Э, Э.М, У.О нарын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос У.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч У.Мг “хоёр түүнээс олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас У.Мг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хүндрүүрэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр түүнээс олон хүнийг, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогч нар болон тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас У.Мгээс нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлснийг үндэслэн У.Мг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч У.Мг хоёр түүнээс олон хүнийг, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч У.Мд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

У.Мгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт У-гийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр түүнээс олон хүнийг, биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч У.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

  1. У.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.Д