Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо 2 дугаар хэсэг 202а тоотод оршин суух, 1979 онд төрсөн 37 настай, Ончуул овогт Ганбилэгийн Баясгалан /РД:ЖЬ79101363/

            Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо Онол булганат төв 4 давхар Юнайтед Экспресс ХХК /РД:5316561/

            500 ам доллар буюу 1.128.945 төгрөг, хохирол 271.644 төгрөг нийт 1.400.589 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил /шүүхэд төлөөлөх эрх-2341/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаатар, Н.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгч Г.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Т.Мөнх-Оргил шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БНСУ-д эмчлүүлэх медитурын үйлчилгээ үзүүлэх гэрээг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 1 сарын хугацаатай байгуулсан. Гэрээгээр хүлээсэн үүрэг болох визны хугацаа дууссан тохиолдолд буцаж ирэх баталгаа гаргах үүднээс үл хөдлөх хөрөнгө барьцаалах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан. Үйлчилгээ үзүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж шаардлагатай бичиг баримт, нийт зардал болох 2200 ам.доллары 40 хувь болох 900 ам.долларыг тухайн компанийн санхүүд бэлнээр шилжүүлсэн. Харин компани БНСУ-ын эмнэлэгтэй холбох, виз болон кодын үйлчилгээ үзүүлэх үйлчилгээг гэрээний хугацаанд хийх үүрэг хүлээсэн. Тухайн компани гэрээний хугацаанд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Зуучлагч байгууллага өөрийн мэдээллээ үйлчлүүлэгчдээ бүрэн өгөх үүрэгтэй байтал энэ үүргээ компани биелүүлээгүй. Гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хэлцэл хийх зорилгогүйгээр хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Солонгос улсын элчин сайдын яамнаас гаргасан виз мэдүүлэгчид тавигдах шаардлагын дагуу хэрвээ эмчилгээний виз хүсч байгаа бол эмчилгээний виз, эрүүл мэндийг хүсэгчийн бүрдүүлэх материал СЗ-3 дээрх 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан журмын дагуу эмчилгээний виз, мэс заслын зардлыг урьдчилан төлөх, зөвхөн өвчтөн өөрөө урьдчилан төлсөн воноосоо өөрийгөө эмчлүүлэх зорилгоор хэрэглэдэг байх шаардлагатай гэж заасан байхад Юнайтед экспресс ХХК нь Г.Баясгаланд манай байгууллага нь ямар нэг урьдчилгаа төлбөр эмнэлгийн дансанд байршуулахгүй, та манай үйлчилгээний зардал 2250 ам долларын 40 хувь болох 900 ам.долларыг урьдчилгаа төлбөр болгон үйлчилгээний хураамжид төлнө. Өөр төлбөр төлөх шаардлагагүй гэж хэлсэн. Хариуцагч нь гэрээ байгуулаад 500 ам доллар аваад үлдчих боломжтой гэж үзсэн байна. Хэрвээ эмнэлгийн дансанд мөнгө байршуулна гэсэн нөхцөл тавьсан бол Г.Баясгалан энэ компанитай гэрээ байгуулахгүй байсан. Нэхэмжлэгч өөр ижил төрлийн компанитай хурьцуулж байж энэ компанитай гэрээ хийсэн. Юнайтед Экспресс ХХК үйлчлүүлэгчдээ гүйцэт мэдээлэл өгөөгүй учир хууран мэхэлсэн гэж үзэж байна. Хууран мэхэлж хийсэн хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус тул хүчин төгөлдөр бус гэрээний улмаас учирсан хохиролыг буруутай тал арилгах үүрэгтэй гэж хуульд зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний стандарт нөхцөлд урьдчилгаа мөнгөнөөс 500 ам доллар үл маргах журмаар суутгана гэж заасан ба энэ хэлцэл нь хийх зорилгогүйгээр төөрөгдүүлж хийсэн гэрээ. Нэхэмжлэгч гэрээг цуцлах хүсэлтийг гаргасан. Анхнаасаа эмнэлгийн дансанд мөнгө байршуулдаг гэж хэлсэн бол үйлчлүүлэхгүй байсан. Иймд хариуцагч Юнайтед ХХК-наас 500 ам доллар буюу 1.128.945 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн 2 сарын хүү 271.644 төгрөг нийт 1.400.589 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Юнайтед экспресс ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаатар, Н.Буяндэлгэр нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Баясгалан анх тус компанитай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр холбогдож компани болон үйлчилгээний талаар мэдээлэл авч харьцуулан судалж 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баясал гэдэг нэрээр биеэр ирж уулзсан. Өөрийгөө Баясал гэж танилцуулаад анх Солонгос улс явах гээд виз мэдүүлэхэд татгалзсан. Одоо эрүүл мэндийн визээр явах боломжтой, шинжилгээ өгчихөөд ажил хийнэ гэж ярьж байсан. Тухайн үед эрүүл мэндийн визээр явахад эрүүл мэндийн өөрчлөлттэй байх ёстой, кодтой виз гарна гэж хэлсэн. Хамгийн гол нь визний хугацаанд Монгол улсад ирэх ёстой гэж Баясалд хэлсэн. Тэгэхэд танай виз сунгагддаг уу гэхээр нь шинжилгээ, эрүүл мэндийн байдлаас болдог гэж хэлсэн.  2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн чатаар холбогдон зөвлөлгөө авч байсан. Тэгээд эрүүл мэндийн аялалын визэнд орохоор материалаа авчирсан. Тэр үед түүний нэрийг Г.Баясгалан гэдгийг мэдсэн. Г.Баясгалан, түүний батлан даагч Т.Сарантуяа нар 2016 оны 06 дугаар сарын 20-нд компантай медитурын үйлчилгээ үзүүлэх 39/16 тоот гэрээ байгуулан барьцааны гэрээг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр орчуулга үйлчилгээ хийж эхэлсэн. Манай компани Солонгос улсын элчин сайдын яамнаас виз хүсдэггүй. Солонгос улсын хил цагаачлалын албанаас кодтой виз хүсдэг. Энэ газраас тухайн хүний нэр дээр кодтой виз ирдэг. Манай байгууллага эмнэлгийн байгууллагад урьчилгаа мөнгө байршуулах шаардлага тавьдаггүй байгууллага. Нийт гэрээний үнийн дүн 2200 ам долларт үйлчлүүлэгчийн бүх зардал /хоёр талын онгоцны тийз, кодтой виз, орчуулагч, бүтэн биеийн шинжилгээ өгөх төлбөр/ багтсан байдаг. Ингээд Солонгос улсад хүлээн авах эмнэлгийн урилга, цаг товолсон баримт, визний хураамжийг төлснөөр тухайн үйлчлүүлэгчийн хил цагаачлалын албанд хүлээлгэн өгөх баримт нэг бүрчлэн бүрдэж 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр илгээгдсэн. Цагаачлалын албанд шалгагдсаар 2016 оны 07 дугаар сарын 01-нээр 172043 дугаарт бүртгэгдэн нийт мэдүүлсэн 12 мэдүүлгээс 9 хүний мэдүүлэгч нэмэлт материал шаардлагатай гэсэн жагсаалтыг хил цагаачлалын албанаас 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой бидэнд ирүүлсэн. Энэ тухай маргааш нь ажлын өдөр Г.Баясгаланд мэдэгдсэн. Ингээд хил цагаачлалын албатай утсаар холбогдож Г.Баясгаланд ямар нэмэлт материал шаардлагатай болох талаар лавлахад өөрийн оршиж суугаа газартаа тогтвор суурьшилтай амьдран суудаг ам бүлийн дотор байгаа болон овог нэгтэй ах дүүсийн лавлагаа шаардсан бөгөөд холбогдох бичиг баримтыг Г.Баясгаланд хэлж дамжуулснаар үйлчлүүлэгч нь дээрх лавлагааг наадмын дараа 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авчирч өгсөн. Хил цагаачлалын албанаас Г.Баясгалангийн кодтой виз яагаад гарахгүй байгааг асуухад ийм материал хэрэгтэй байна гэж хэд хэдэн удаа нэмэлт материал шаардсаны улмаас бид цаг алдалгүй визийг найдвартай гаргах үүднээс Г.Баясгалангаас нэмэлт материалыг цаг тухайд нь шаардан авч, орчуулга хийж үйлчлүүлэгчээс их зарцуулж материал илгээсэн. Кодтой визийг цахим аргаар авдаг тул бид паспорт дээр шууд нааж өгөх боломжгүй байдаг. Тиймээс бид хууль журмын дагуу Г.Баясгалантай гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Тэр үед гэрээнээс татгалзах бол 500 ам доллар суутгагддаг гэж Г.Баясгаланд тайлбарлаж хэлсэн. Г.Баясгалан гэрээг уншиж танилцаад, гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Солонгос улсын хил цагаачлалын алба, түүний төлөөлөн гүйцэтгэх байгууллага шалгах явцдаа тухайн үйлчлүүлэгчийг тус улсад хуулийн дагуу зорчоод эх орондоо эргэж ирнэ гэдгийг батлуулахын тулд тухайн улсын хуулийн дагуу шаардлага тавих нь биднээс хамаарахгүйгээр тавигддаг бөгөөд виз мэдүүлж буй хэн ч хуулийг хүндэтгэн биелүүлэх үүрэгтэй. Бид гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Гэрээний хугацаанд нөхцөл байдлыг маш олон удаа тухай бүр Г.Баясгаланд тогтмол мэдээлж шаардлагатай бол дуудаж уулзан биечлэн танилцуулж байсан. Г.Баясгалан Солонгос улсад байршуулах 5.000.000 вонн хайж явсаар эцэст нь олдохгүй байна гээд 2016 оны 08 дугаар сарын 16-нд олгогдсон визээ албан ёсоор цуцлая гээд өөрийн гараар өргөдөл бичиж өгсөн. Үүнээс хойш 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл Г.Баясгалан хэд хэдэн удаа манай компани дээр ирж Солонгос улсад сууж байгаа найзынхаа нөхөр болох Солонгос хүнээр хүртэл батлан даалгуулчихъя, төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас гуйгаад өгөөч хэмээн ирж байсан. Бид олгогдсон визээ авахгүй гэдэгтээ итгэлтэй байна уу гэж хэд хэдэн удаа асуусны эцэст гарын үсэг зурж зөвшөөрсөн. Бид албан ёсны эмчилгээний SB-SO-16-002 кодтой визийг авч өгсөн боловч Г.Баясгалангийн зүгээс хил цагаачлалын албаны шаардлагыг биелүүлэхгүйд хүрч өөрийн хүсэлтээр гэрээнээс татгалзсан тул үйлчилгээний өртөг 500 ам долларыг суутгаж авах үндэслэлтэй. Г.Баясгалан 500 ам доллартай тэнцэх хэмжээний мөнгийг барьцаалан зээлдүүлэх газраас зээлж цаашаа хүү төлөх зэрэг нь бидний үйл ажиллагаатай хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

  Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баясгалан нь хариуцагч Юнайтед экспресс ХХК-д холбогдуулан 1.400.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Баясгалан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Юнайтед экспресс ХХК-тай эрүүл мэндийн аялалын зорилгоор медитурын үйлчилгээ үзүүлэх 39/16 дугаартай гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр 900 ам доллар буюу 1.800.000 төгрөгийг хариуцагч байгууллагын дансанд 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тушаасан болох нь зохигчийн тайлбар, гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Медитурын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

Медитурын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр үйлчлүүлэгч нь БНСУ-д  виз олгох журмын дагуу шаардлагатай хувийн бусад бүх бичиг баримтыг өөрийн биеэр үнэн зөв бүрдүүлж эх орондоо эргэж ирэх баталгаа болгож үл хөдлөх хөрөнгөөр барьцаа батлан даалтын гэрээ байгуулах, виз мэдүүлснээс хойш өөрийн хүсэлтээр болон бусад шалтгаанаар гэрээ цуцалсан тохиолдолд визний хураамж болон үйлчилгээний төлбөр болох 500 ам доллар үл маргах журмаар суутгагдах, гүйцэтгэгч нь бичиг баримтыг хүлээн авч хил цагаачлалын албаар мэдүүлэхэд ажлын 5-7 хоногт виз гаргах, мэдүүлэг хийснээс хойш шалгагдах явцад шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчээс нэмэлт материал шаардах эрх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч Г.Баясгалан гэрээний 4.5-д зааснаар Дорнод аймгийн Хэрлэн 8 дугаар баг 56 дугаар байр 32 тоот 29 мкв 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулсан боловч Солонгос улсын хил цагаачлалын албанаас 5.000.000 вонн дансанд байршуул гэсэн шаардлага тавьснаар нэхэмжлэгч энэ мөнгө олдоогүй гэх үндэслэл буюу хувийн шалтгаанаар гэрээнээс татгалзаж гэрээний хоёр тал 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ цуцалсан акт 04/16 үйлдэж, энэ актаар 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Г.Баясгалан медитурын үйлчилгээ үзүүлэх 39/16 гэрээг цуцалж олгогдсон визээ авахгүйгээр шийдвэрлэж, гэрээнд заасан 500 ам доллар нь визийн өртөг төлбөр, харилцаа холбоо, орчуулга, урилга бичиг баримтын үйлчилгээ зэрэгт суутгагдахыг зөвшөөрч үйлчилгээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 400 ам долларыг дансаар хүлээж авсан болох нь зохигчийн тайлбар гэрээ цуцалсан актаар тогтоогдож байна.

Медитурын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.7-д үйлчлүүлэгч нь /Г.Баясгалан/ виз мэдүүлснээс хойш өөрийн хүсэлтээр болон бусад шалтгаанаар гэрээ цуцлах тохиолдолд визний хураамж болон үйлчилгээний төлбөр болох нийт 500 ам доллар үл маргах журмаар суутгагдах бөгөөд урьдчилгаа төлбөрөөс хасаж олгогдоно гэж зааснаар талууд гэрээнээс татгалзаж нэхэмжлэгчийн урьдчилгаанд төлсөн 900 ам долларын 400 ам долларыг хариуцагч нь буцаан олгосон байна.

Хариуцагч Юнайтед экспресс ХХК нь гэрээнд зааснаар үйчлүүлэгч Г.Баясгалангийн ирүүлсэн материалд орчуулга хийж Солонгос улсын хил цагаачлалын албанд мэдүүлсэн, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр172043 кодтой Г.Баясгаланд нэмэлт материал шаардлагатай болсон талаар мэдэгдсэн баримт, Г.Баясгаланд БНСУ-ын Хил цагаачлалын албанаас 2016 оны 07 дугаар сарын 26-нд SB-BO-16-002198 тоот виз олгогдсон тухай ирүүлсэн баримтаар хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “зуулагч байгууллага үйлчлүүлэгчдээ мэдээллээ бүрэн өгөөгүй, хэлцэл хийх зорилгогүйгээр хууран мэхэлж хэлцэл хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч Г.Баясгалан тус компанитай 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн холбогдож компани болон үйлчилгээний талаар мэдээлэл авч ирж уулзаж байсан, талууд өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зөвшөөрснөөр 88263494 дугаарын утас Г.Баясгалангийнх бөгөөд түүнд компаниас визтэй холбоотой асуудлаар утсаар мэдэгдэж байсан болох нь хариуцагчийн тайлбар, Мобиком корпораци ХХК-иас ирүүлсэн утасны билл гэсэн баримтуудаар тогтоогдсон тул тайлбар нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь 500 ам долларын мөнгөн дүнд барьцаалан зээлдүүлэх газарт 135.822 төгрөгийн хүүг 2 сар төлсөн гэж тайлбарлан 271.644 төгрөг нэхэмжилсэнг гэрээнээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй  байна.

Иймд хариуцагч Юнайтед экспресс ХХК-наас 1.400.589 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч нь Юнайтед экспресс ХХК-тай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын танилцуулгыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэнд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэн дурьдав.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.359 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

  

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Юнайтед экспресс ХХК-нд холбогдох 1.400.589 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Г.Баясгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.359 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөжгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА