Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 623

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Д даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч С.Э

шүүгдэгч У.Б

хохирогч Г.Г

гэрч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд мэргэжилтэй, автын инженер мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушийн 0-0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД.УШ00000000/, Хар ямаат овогтой У-гийн Б-д холбогдох эрүүгийн 190500000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

У.Б 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны гадна Г.Гыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Б гээд манай найз сэтгэл санаа тиймэрхүү байна, хоёулаа уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад дэлгүүрээс пиво авч уусан. Бид хоёр дээр Г, нэг том пиво бариад ирсэн. Г нилээн халаад “...намайг мэнд устай явж байл даа, чи намайг мэдэхгүй байна, намайг барахгүй гээд өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гээд түлхсэн гэв.

 

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 5 дугаар сарын 23-ны шөнө Лхагвасүрэн бид хоёр цуг явж байсан. Б, Б хоёртой таарсан. Б-д би гар хүрээгүй байхад миний биед түрүүлж гар хүрсэн. Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Би 3 жилийн гэрээгээр Герман улс руу явах гэрээтэй байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байж магадгүй. Баримтаар нийт 766460 төгрөг нэхэмжилж байгаа. Зургаан хадаас хадуулсан цаашид хадаасаа авахуулах шаардлагатай тул тэр зардлаа нэхэмжилнэ.  Гэмт хэрэг гарах болсон шалтгаан миний буруугаас болсныг ойлгож байгаа. Гэрч Удаанжаргал шүүхэд болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлж байна гэв.

 

Гэрч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт: Г чамайг би зодно гээд Б рүү дайраад байсан.  Б бол ямар ч үг үйлдэл хийгээгүй. Г үүрч явсан цүнхээ тавиад Б рүү дөхөж хөлөө урагшаа тавьж Бд халдах гэж байгаа юм шиг хандлага төрүүлсэн. Г согтуу байсан гэхдээ биеэ хянах чадвартай байсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр би найз Лхагвасүрэнгийн ажил руу үсээ засуулах гэж очоод үсээ засуулаад ажлыг нь тарахаар нь хамт хороололд ирсэн. Хороололд ирээд 53 дугаар байрны дэлгүүрээс сэнгүүр нэртэй 2,5 литрийн 1 пиво аваад 52-а байрын ар талд бид 2 хувааж уусан. Авсан пиво дууссаны дараа дахиж дэлгүүр орж сэнгүүр нэртэй 2,5 литрийн пиво аваад 54-р байр руу явсан. 54-р байрны гадаа ирэхэд Б Б нартай тааралдсан. Тэгээд Б, Б нартай пиво хувааж уусан. Тэгээд би Бд хандан чи намайг таньдаг юм бол мэнд устай бай гэж хэлсэн тэгсэн чинь юм ярихгүй чимээгүй суугаад байсан.  Тэгж байснаа Б гэнэт босож ирээд намайг түлхсэн тэр үед би хойшоо бөгсөөрөө унахдаа гараараа газар тулсан. Тэгээд би босож чадахгүй сууж байсан Лхагвасүрэн, Б нар намайг өргөж босгоод гэр рүү оруулж өгсөн. Гэртээ ороод гараа өргөж дийлэхгүй байсан тэр үед аав босож ирээд Гэмтэл рүү хамт яваад эмчид үзүүлтэл эгэмний яс хугасан байна гэсэн. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.У мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байхад Б над руу залгаад Бтай уулзчихсан байна завтай бол хүрээд ирээч гэхээр нь за яваад очье гээд гэрээсээ гараад 54-р байрны гадаа очсон. Намайг очиход Б, Б, Лхагва, Г нар байсан. Лхагва, Г нар дундаа нэрийг нь мэдэхгүй нэг том пиво уугаад сууж байсан Б Б нар тусдаа нэг нэг лаазтай пиво уугаад сууж байсан. Би тэр хэдтэй мэндлээд хажууд нь суухад Б надад нэг лаазтай пиво өгөхөөр би задалж уугаад юм яриад суусан. Юм ярьж байхад Гын дуу нилээн чангарчихсан байсан тэгээд өөр хүмүүстэй маргалдъя гээд байхаар нь Б яах гээд байгаан бэ гэж хэлсэн. Тэгээд тэр үед юу ярьж байгааг нь сайн санахгүй байна. Г юм ярьж байгаад над дээр ирээд би чамайг бол танина гэж хэлсний дараа Б рүү хараад чамайг би бол танихгүй юм байна шүү гэж хэлсэн чинь Б дуугуй сууж байсан тэгж байтал Г үүрч байсан цүнхээ газар шидээд Б рүү дөхөөд ойртоод Бд хандан чи бол намайг барахгүй чамайг би хангалттай зодно гэж хэлээд хэл амаар өдөөд байсан. Тэгээд нэг алхаад Бий урд ирэхэд нь Б өөдөөс босоод цээж рүү нь түлхэх шиг болсон. Тэр үед Г газар унахдаа Бийг татаж хамт газар унасан. Тэгээд Б Гыг татаж босгох гэж байхад Лхагваа Бийг түлхэж холдуулахад Б Бид 2 Гыг өргөж босгоод гэр рүү нь хүргэж өгхөөр болоод ярьж байтал Лхагваа Б бид 2 хүргээд өгье чи хүлээж бай гэхээр нь би Бий хамт үлдсэн. Тухайн өдөр Г, Б нар маргалдсан. Миний ойлгосноор Г, Б рүү дайраад би чамайг танихгүй юм байна шүү гээд л томроод байсан. Тэрнээс маргаан үүссэн гэж ойлгож байгаа. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Б мөрдөн байцаалтанд: Би гадуур явж байгаад гэртээ орох замдаа Бтэй уулзъя гэж бодоод Б рүү залгахад гэртээ байна гэхээр нь учир шалтгаанаа хэлээд уулзъя гэхэд за гээд гэрээсээ гарч ирсэн. Тэгээд би Бийг ирэх хугацаанд би парадоксын автобусны буудал дээр ирээд тамхи авч байхад Б байрны гадаа ирчихлээ хаана байна гэхээр нь 47-р сургуулийн гадаа уулзъя би тамхи аваад очлоо гэсэн тэгээд би 47-р сургуулийн урд очиход Б ганцаараа зогсож байсан. Тэгээд би Бий хамт дэлгүүр орох гээд явж байтал Г, Лхагва гэх найз болон бас үл таних нэг залуугийн хамт гурвуулаа нэг том пиво авчихсан явж байсан хамт ууя гэхээр нь би үгүй ээ ажилтай явж байна гээд Гаас салаад дэлгүүр орсон. Тэгээд бид 2 дэлгүүрээс 4 ширхэг лаазтай боргио нэртэй пиво аваад 54-р байрны гадаа очоод авсан пиво ууж байгаад Удаанжаргалыг дуудахаар болоод дуудсан. Тэгээд авсан пиво уугаад сууж байтал Г над руу залгаад хаана байна уулзъя ярих юм байна 52-а байрны гадаа хүрээд ир гэхээр нь би хүнтэй уулзаж байна тийм чухал ярих юм байгаа бол ирээд уузчих би 54-р байрны гадаа байна гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Г, Лхагва нар нэг том сэнгүр нэртэй пиво аваад ирсэн. Тэгээд Г, Лхагва 2 авч ирсэн пивоноосоо бид хоёрт өгөхөөр нь Б уугаагүй би уусан. Тэгсэн чинь Г, Б рүү муухай хараад чи онцгүй залуу байна шүү мэнд мэдэж мэддэггүй залуу байна гээд байсан. Тэгж байтал Удаанжаргал ирээд Бий хажууд суухад Б нэг лааз пиво өгөөд хамт уусан. Тэгээд би Г Лхагва нартай хамт юм яриад сууж байтал Г, Б рүү байн байн муухай хараад чи намайг мэдэхгүй байна даа би бол ганц л шаадаг юм чи бол намайг барахгүй гэж хэлж байсан. Г цүнхээ газар шидээд цамцныхаа цахилгааныг татаад босоод Б рүү ойртоод яг л цохих гэж байгаа юм шиг байсан. Тэр үед би гар утсаа гаргаж эргээд хартал Г газар уначихсан Б босоод зогсчихсон байсан. Тэгэхээр нь би Лхагва бид хоёр Гыг босгоод оруулж өгсөн. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

Гэрч А.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр би ажил дээрээ байж байхад манай ажил дээр 21 цагийн үед Г ирээд үсээ залсуулаад бид хоёр хамт ажлаас нь гараад хороолол руу явсан. Хороололд ирээд 53-р байрны гадаа Есүй, Уугий нартай уулзаад тамхи татаад тэр хоёр салаад Г бид хоёр дэлгүүр ороод дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн сэнгүр нэртэй пиво аваад дэлгүүрээс гараад явж байгаад Б, Б нартай тааралдаад бүгдээрээ нийлж сууя гээд 54-р байрны урд очсон. Тэгээд пиво хувааж ууж байгаад бөөнөөрөө юм ярьж байхад Удаанжаргал гэх нэгэн зүс таних залуу бид нар дээр ирж хамт юм ярьж сууцгаасан. Тэгээд ярьж байсан ярианаасаа болж Г, Б нар маргалдсан. Б сандал дээр суучихсан Г урд зогсчихсон маргалдаж байсан яг юунаас болж маргалдаж байсан талаар сайн санахгүй байна. Тэгээд гэнэт Б босож ирээд Гыг түлхэж унагаасан тэр үед Г бөгсөөрөө газар унасан хоёр гараараа газар тулчихсан байсан. Би Бийг холд гээд хойшлуулсан. Дараа нь Б бид хоёр Гын 2 гараас нь сугадаад гэр рүү нь оруулж өгсөн. Тэгээд дараа нь намайг Б, Б, Удаанаа нар намайг гэр рүү хүргэж өгсөн.  /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6734 дугаартай дүгнэлт: Г.Гын биед зүүн эгэмний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 18/ гэжээ.

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 46-47/

 

У.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5-р сарын 23-ны орой манай найз Б над руу яриад манай өвөө нас барсан учир сэтгэл санаа таагүй байна уулзъя гэхээр нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 53 дугаар байрны гадаа 23 цагийн үед уулзсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс 4 лааз Боргио нэртэй пиво аваад 54 дүгээр байрны 4 дүгээр орцны гадаа уугаад сууж байтал. Бгийн утас дуугараад Г хаана байгаа юм гэж асууж байсан. Удалгүй Г, Лхагвасүрэн нар ирээд хамт суусан. Тэр хоёр ирэхдээ нилээн согтуу 1 сэнгүр нэртэй 2,5 литрийн пивотой ирсэн. Тэгээд тэр 2 ууж байсан пивоноосоо өгөхөөр нь би өөрөө пиво ууж байсан тул өгсөн пивоноос нь уугаагүй. Би тэр үед Удаанжаргал гэх найзыгаа дуудсан удалгүй найз ирээд тэгээд юм яриад сууж байтал Г над руу чи мэнд мэддэггүй юмуу мэнд мэдэж байл даа чамайг би нэг л цохино хоёулаа зодолдоё гээд над руу хэсэг хугацаанд агсраад дайраад байсан. Сүүлдээ үүрч байсан цүнхээ хогийн пункэр рүү шидээд өмссөн байсан цамцныхаа цахилгааныг татаад намайг босоод ир хоёулаа зодолдоё гэсэн. Тэгэхээр нь би босоод бид хоёр өөд өөдөөсөө тулаад зогсож байгаад намайг цохих гээд гараа далайх үед нь би Гыг цээж хэсэг рүү нь түлхэж биеэ хамгаалсан. Тэр үед Г хойшоогоо газар унасан. Тэгээд Г газраас босож ирэхэд нь Б, Лхагва хоёр гэрт нь хүргэж өгөхөөр хамт явсан. Би Удаанжаргалын хамт үлдээд Лхагва, Б хоёрыг хүлээж байсан. Тэгтэл удалгүй Гын аав Ганзориг гэж хүн залгаад гэмтэл дээр байна хүрээд ир манай хүүхдийн эгэм нь хугарсан байна гэсэн. Тэгэхээр нь би Б Удаанжаргал нарыг дагуулаад гэмтэл дээр очиход Гын зүүн талын эгэм нь хугарсан байсан. Тэгээд аав  нь тухайн үед эмчилгээний зардал гэж нэхэмжилсэн би эмчилгээний зардлыг нь 100 хувь барагдуулна гэж хэлээд салцгаасан. /хх-ийн 3-4/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор У.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч У.Б 2019 оны 5 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр байрны гадна Г.Гыг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гын“...Б гэнэт босож ирээд намайг түлхсэн тэр үед би хойшоо бөгсөөрөө унахдаа гараараа газар тулсан...” гэрч Э.Уын“...Г нэг алхаад Бий урд ирэхэд нь Б өөдөөс нь босоод цээж рүү нь түлхэх шиг болсон. Тэр үед Г газар унахдаа Бийг татаж хамт газар унасан...” гэрч Э.Бгийн“...би гар утасаа гаргаж эргээд хартал Г газар уначихсан Б босоод зогсчихсон байсан...” гэрч А.Лхагвасүрэнгийн“...гэнэт Б босож ирээд Гыг түлхэж унагаасан тэр үед Г бөгсөөрөө газар унасан 2 гараараа газар тулчихсан байсан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон У.Бий үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...бид хоёр өөд өөдөөсөө тулаад зогсож байгаад намайг цохих гээд гараа далайх үед нь би Гыг цээж хэсэг рүү нь түлхэж биеэ хамгаалсан. Тэр үед Г хойшоогоо газар унасан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 6734 дугаартай дүгнэлт,  хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 46-47/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан энэ хэрэгт хамаарал бүхий хэргийн үйл баримтыг нотолсон бичгийн  баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч У.Б нь Г.Гыг түлхэж унагасны улмаас зүүн эгэмний далд хугарал хүндэвтэр гэмтэл учруулсан нь үйлдэл хохирол хоорондын шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос У.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч У.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас У.Бийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 766.460 төгрөгийн үнийн дүн бүхий баримт авагдсанаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд төлөгдсөн 507.960 төгрөгийн 431.766 төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн байгааг хасаж тооцон 766.460-431.766=334.729 төгрөгийг шүүгдэгч У.Бээс гаргуулж хохирогч Г.Гт олгох нь зүйтэй.

 

Хохирогч Г.Г эмчилгээтэй холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар У.Бээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч У.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

У.Бд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Хар ямаат овогт Ур-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч У.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. У.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шүүгдэгч У.Бээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар 334729 төгрөг гаргуулж хохирогч Г.Гт олгосугай.

 

  1. Г.Г нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар У.Бээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.Д