Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 207/ма2016/00177

 

 

                                 *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.******* нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1197 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* хүүхдийн их дэлгүүрийн захирал *******д холбогдох

“Цалин хөлс гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч шүүгч С.*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оны 05 сараас хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016 оны 04 сарын 17-ыг хүртэл “*******” хүүхдийн их дэлгүүрт ахлах менежерийн албан тушаалтай ажилласан ба 2016 оны 03 сард би жирэмсэн болсон ба дээрх байгууллага миний цалинг ямар ч шалтгаангүй 400 000 төгрөгнөөс 200 000 төгрөг болгон бууруулж, мөн жирэмсэн хүнийг шалтгаангүй ажлаас халсан юм. Одоог хүртэл миний 3, 4 сарын цалинг мөн ээлжийн амралтын мөнгө, ажлаас халсан тушаалаа гаргаж өгөөгүй болно. Тэдний зүгээс намайг өр дутагдалтай гэх шалтгаанаар миний тушаал, цалинг өгөхгүй байгаа юм. Миний зүгээс өр дутагдал байхгүй гэж үзэж байна. Тиймээс би “*******” хүүхдийн их дэлгүүрийн захиргаанаас доорх шаардлагуудыг нэхэмжилж байна.

2016 оны 3, 4 сарын цалин-312 483 төгрөг,

2015 оны 08 сараас 2016 оны 04 сарын 17-ыг хүртэл ажилласан ээлжийн амралтын олговор 289 260 төгрөг,

2016 оны 5, 6 сарын цалин болох 400 000 төгрөг,

2016 оны 5, 6 сарын нийгмийн даатгалын нөхөн олговор 44000 төгрөг,

Ажлаас халагдсан тушаалаа хуулийн дагуу шийдүүлэх ба “*******” хүүхдийн их дэлгүүрийн захиргаанаас гаргуулах, нийт 957 743 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нийгмийн даатгалаа би өөрөө төлсөн учир нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

*******ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөшөөрөхгүй байна. ******* нь манай дэлгүүрт 2012-05-05-ны өдрөөс 2016-04-17-ны өдрийг хүртэл худалдагчаар ажилласан. 2015 оны 12 сард ажилчдын хуралдаан хийж үндсэн цалинг 200 000 төгрөг болгох талаар урьдчилан мэдэгдэж байсан. Ингээд 2016 оны 03 сард ажилчдын хурал хийж, үндсэн цалинг 200 000 төгрөг болгож, дээр нь борлуулалтын орлогын 1 хувийг нэмж олгохоор шийдвэрлэсэн талаар мэдэгдтэл, ******* би хүлээн зөвшөөрөхгүй учир ажлаасаа халагдахаа мэдэгдэж өргөдлөө өгөхөө хэлсэн. Ингээд ажлаа хийж байснаа би яаралтай явах боллоо, төрсөн дүү маань зам тээврийн осолд орсноо нуусан байна, би сахих хэрэгтэй байна гэж хэлсэн. Бид яаралтай арга хэмжээ авч худалдагч авах зар тавьж ирсэн хүнд нь ажлыг нь өгөх болтол, ******* ч хүлээн зөвшөөрч ажпаа тоолж хүлээлгэж өгсөн байгаа. *******ээс хариуцсан эд хөрөнгөө хүлээлгэж өг гэтэл алга болсон. Гэтэл 2 хоногийн дараа би жирэмсэн болсон байна, буцаж ажилдаа оръё гэж ирсэн боловч бид нэгэнт өөр хүн авсан учир боломжгүй гэдгийг хэлсэн. Энэ хүнийг бид ирж тооцоо нийл гэж удаа дараа шаардсан боловч өөрөө ирэхгүй болохоор бид ямар ч арга байхгүй үлдсэн. Одоо энэ хүн ирээд тооцоогоо нийлээд цалин хөлсөө тооцуулан авахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нь ажлаа өгөх болж оронд нь ажиллах болсон *******т дэлгүүрийн бараануудыг хүлээлгэж өгөөд, хариуцсан эд хөрөнгөө хүлээлгэж өгөөгүй, тооцоо нийлэхгүй өөрөө алга болсон. Түүний хариуцсан бараанаас худалдагчийн хариуцлагатай холбоотойгоор чанарын доголдолтой бараанууд нилээд гарсан байгаа. Мөн тооцоо хийхэд 111 790 төгрөгний бараа дутаасан нь илэрсэн. Мөн хариуцсан эд хөрөнгө нь болох дэлгүүрийн тавилга эд хогшлоос 695 950 төгрөгний эд зүйл дутагдсан болно. Иймд хариуцсан эд хөрөнгө, барааг дутагдалгүй бүрэн бүтэн байлгах, чанарын шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүй тул эд хариуцагч *******ээс доголдол, дутагдал бүхий барааны үнэ болох 318 290 төгрөг, дутаасан дэлгүүрийн тавилга эд хогшлын төлбөр 695 950 төгрөг, нийт 1 014 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Би эд хөрөнгө анхнаасаа хүлээж аваагүй харин хариуцсан дэлгүүрийн барааг 2015-09-10-ний өдрөөс авсан бараануудаа 2016-04-17-ний өдөр нягтлан бодогч *******д хүлээлгэн өгч тооцоо нийлсэн болно. Тухайн үед тооцоо нийлээд 111 790 төгрөний зөрүү төлбөр гараад үүнээс, 2016-01-05-ний өдрийн тооллогоор 85 580 төгрөгний дутагдал барааг төлж барагдуулаад 26 210 төгрөгний үлдэгдэлтэй байгаа болно. ******* сөрөг нэхэмжлэлдээ эд хөрөнгийн тооцооны 695 950 төгрөгний эд хөрөнгө буюу тавилга, эд хогшлийн мөнгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж бодож байна. Учир нь би анх ажилд худалдагчаар ороод ахлах менежер хүртэл ажиллахад нэг ч удаа эд хогшлийн тооцоог хүлээж аваагүй мөн хүлээлгэж надад өгөөгүй, энэ талаар ямар ч баримт байхгүй болно. Надаас 318 290 төгрөгний доголдолтой эд барааг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 318 290 төгрөгний доголдолтой эд бараанууд гээд зургийг нь аваад сөрөг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байсан. Энэ зурагнаас нь харахад би нягтлан *******д барааг хүлээлгэж өгөхөд ийм хувцаснууд байхгүй байсан, тоолсоноос хойш ямар бараа хаанаас гаргаад ирснийг би мэдэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1197 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 55 дугаар зүйлийн 55.1-д , зааснаар “*******” хүүхдийн их дэлгүүр, *******аас 601 743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 312 000 төгрөгийг, “*******” хүүхдийн их дэлгүүр, *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 18 702 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 28 892 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр давж заалдсан гомдолдоо:

******* нь өөрөө сайн дураараа ажлаасаа гарсан бөгөөд ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяж явсан ба хариуцсан бараа материал эд хөрөнгөө хүлээлгэж өгөлгүй орхисон. Ажлаа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардаад ирээгүй бөгөөд шүүх хуралдаан дээр ажлаа өгсөн гэж ямар ч нотлох баримтгүйгээр маргаж байхад шүүх нэхэмжлэлийг хангаж байгааг хууль бус гэж үзэж байна. ******* нь өөрийхөө ажлыг ******* гэж шинэ худалдагчид хагас дутуу үлээлгэж өгөөд, чанарын доголдолтой бараануудаа авч бай дараа нь учрыг нь олно гэж хуурч хүлээлгэн өгчихөөд шүүх хуралдаан дээр би тийм чанаргүй эд бараа мэдэхгүй гэж худал хэлсэн.

Мөн гэрч ******* ******* нар түүний ажлаа хүлээлгэж өгөөгүй болон бараа бүтээгдэхүүн дутагдуулсан, чанарын доголдолтой бараа өгсөн талаа талаар тодорхой мэдүүлсэн болон ******* нь өөрийн гараар бараа материал хүлээн авсан  гар бичмэл бүхий нотлох баримтууд өгсөөр байхад эдгээр нотлох баримтуудад ямарч үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэлээ. Иймд шийдвэрийг хянаж, хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* хүүхдийн их дэлгүүрийн захирал *******д холбогдуулан 2016 оны 3,4 дүгээр сард ажилласан цалин 312.483 төгрөг 2015 оны 8 сараас 2016.04.17-н хүртэл ажилласан ээлжийн амралтын мөнгө 289.260 төгрөг 2016 оны 5,6 дугаар сарын цалин 400.000 төгрөг, нийгмийн даатгалын нөхөн олговор 44.000 төгрөг нийт 957.743 төгрөг гаргуулах, ажлаас халагдсан тушаалыг дэлгүүрийн захиргаанаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ******* хүүхдийн их дэлгүүрийн захирал ******* нь *******ээс 1.014.240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч ******* нь ******* хүүхдийн их дэлгүүрт анх 2016 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулагчаар ажилд орсон, дараа нь ахлах менежерээр ажиллаж байгаад 2016.04.17-нд ажлаасаа чөлөөлөгдсөн боловч тушаалаа гаргаагүй болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1-д “Иргэн нь иргэн болон хуулийн этгээдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болно. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай ба хугацаагүй байна” 23.3-д хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх сунгасан хугацаагаар сунгасанд тооцно” 55 дугаар зүйлийн 55.1-д “ ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын нөхөн олговрыг олгоно” 55.2-т ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно” 79.1-д “ ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно” 49.1-д ажилтан цалин хөлсийг хийснээр, цагаар бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно“ гэсэн хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж ээлжийн амралтын нөхөн олговор, 2016 оны 3,4 дүгээр сарын цалин нийт 601.743 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

******* нь 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ажиллаагүй, байгууллагын захиргаа ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргаагүй, өөр хүн оронд нь авч ажиллуулсан болох нь тогтоогдсон байх тул 2016 оны 5,6 дугаар сарын цалин нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Хариуцагч “*******” хүүхдийн их дэлгүүрийн захиргаа нь *******ээс сөрөг нэхэмжлэлээр дэлгүүрийн эд хогшил, дутагдуулсан болон доголдолтой барааны үнэ 1.014.240 төгрөг нэхэмжилсэн боловч *******т дэлгүүрийн ямар эд хогшил хариуцуулсан түүнээс юу юу дутагдсан болох нь тодорхойгүй түүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Хэрэгт эд хөрөнгийн тооллогын бүртгэл гэсэн баримтууд байгаа боловч эд хариуцагчийн гарын үсэггүй, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтууд байх тул *******т холбогдуулан сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй болно. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

******* хүүхдийн их дэлгүүр нь хэдийгээр Аж ахуй нэгжийн бүртгэлгүй ч худалдаа үйлчилгээ эрхэлж татвараа төлдөг болохыг татварын албанаас тодорхойлсон байх ба *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсныг буруутгах боломжгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр дугаар сарын 28-ны өдрийн 1197 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.595 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

                                            ШҮҮГЧИД                               Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ