Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00477

 

Ө.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дугаар шийдвэртэй,  

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02510 дугаар магадлалтай,

Ө.Ш-ын нэхэмжлэлтэй,

Ё.Л-т холбогдох,

Гэм хорын хохиролд 2.829.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрахын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.Ш-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2014 оны 5 дугаар сарын 29-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Христийн сүмийн сагсан бөмбөгийн талбайд тоглож байгаад өөрийн танил Ё.Л-т зодуулан биедээ гэмтэл авсан. Тухайн үед 17 настай 11 дүгээр анги төгсөж байсан бөгөөд эрүүл мэндэд хохирол учирсны улмаас их дээд сургуулиудад элсэлтийн шалгалт өгч чадахгүй ирээдүйгээрээ хохирсон. Хамрын ясны хугарал гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнээс болж амьсгалж чадахгүйгээс эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах тул хамрын яс тэгшлэх мэс засалд орох шаардлагатай болсон. Иймд ЭМЖЖ эмнэлэгт үзүүлж тодорхойлолт авахад эрүүл мэндийн эмчилгээний төлбөр 1.209.000 төгрөг, үзлэгийн төлбөрт 25.000 төгрөг, шинжилгээний зардлууд нийт 205.000 төгрөг, хэвтэж эмчлүүлэх ор хоногийн төлбөрт 80.000 төгрөг, Төгс ялгуун гоо заслын эмнэлэгт үзүүлсэн 5.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 500.000 төгрөг, Супер проб ХХК-д толгойн зураг авахуулсны 100.000 төгрөг, эмчилгээний дараах сувилалд 805.000 төгрөг, нийт 2.829.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ё.Л-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...гурван жилийн өмнө тоглоомоос болж нэхэмжлэгч Ө.Ш-ын гэм буруутай үйлдлээс нүүрэн тус газар нь нэг цохисноос түүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан. Прокурорын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6145 дугаартай тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг тогтоолд нэхэмжлэгч Ө.Ш-ын ямар эрхтэнд хохирол учруулсан, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг дурдаагүй. Нэхэмжлэгч Ө.Ш- 2017 онд амбулаторт хамрын гэмтлийг үзүүлж мэс засал хийнэ гэсэн ч нэхэмжлэгчийн өгсөн баримтуудад ямар эд эрхтнээ үзүүлж, гэмтсэн нь тодорхойгүй байна. Одоогоос 3 жилийн дотор хөнгөн гэмтэл авсан бол өнөөдрийг хүртэл уг гэмтлийн үр дагавар үргэлжлэх боломжгүй. Карт нээлгэж үзүүлсэн ч дугааргүй, онош нь оросоор, орчуулагагүй, эмчийн тамга, гарын үсгийн тайлалгүй байна. Амбулторын түр картыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн байх бөгөөд үүн дээр даатгалгүй 1.209.000 төгрөг, мэс заслын төлбөр даатгалтай 1.000.000 төгрөг гэсэн байхад эмчилгээ хийлгээгүй, төлбөр төлөөгүй байж даатгалгүйгээр нэхэмжилсэн байна. ЭМЖЖ ХХК эмнэлэгт 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Ө.Ш- нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзүүлсэн гээд орос хэл дээр бичигдсэн урьдчилсан зарцуулалтын тодорхойлолт бичсэнээс Ө.Ш-аас зардал гараад эмчилгээ хийлгэсэн баримт биш. ЭМЖЖ эмнэлгийн шинжилгээний хуудас дээр цусны дэлгэрэнгүй, биохими, маркер, сахар, цээжний гэрэл зураг авах гэх мэт шинжилгээ хийлгэхэд 205.000 төгрөг төлөх хуудас, ор хоногийн мөнгө зөвхөн 1 өдрийн 80 000 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгч эмнэлэгт хэвтээгүй. Мөн 25.000 төгрөгийн орлогын ордер ЭМЖЖ эмнэлэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ямар эрхтнээ буюу гэмтэл үзүүлсэн нь тодорхойгүй. 2014 онд учруулсан хөнгөн гэмтлийн уршиг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэмтсэн нь ойлгомжгүй. Төгс ялгуун эмнэлгийн 5.000 төгрөгийн үзлэгийн төлбөрийн огноо ойлгомжгүй, үзлэгийн төлбөр гэсэн ч юугаа үзүүлсэн нь тодорхойгүй, мөнгө төлсөн, хүлээн авсан этгээдийн гарын үсэггүй байна. 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 100.000 төгрөгийн баримтаар томограф зураг авахуулсныг үгүйсгэхгүй. Тухайн үед кассын орлогын ордероор толгойн зураг авахуулсан байна. Сувилалд эмчлүүлэхэд 805.000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ бичээгүй ч хаашаа, сувилалд явсан нь бүрхэг нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ё.Л-аас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 125.000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ө.Ш-т олгож, шаардлагаас үлдэх 2.704.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02510 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалд эмчилгээний зардлыг урьдчилан олгуулахаар шаардсан шаардлагыг баримтаар нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг зөвтгөсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан хүсэлтийг шүүх хангаагүй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай дурдаагүй гэж хурлын тэмдэглэлд тусгаж шийдвэрлэсэн нь эрүүл мэнд, гоо сайхнаар хохирсон Ө.Ш-ын эрх ашгийг ноцтой хохироож байна. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасан шаардах эрхийн дагуу зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг шүүхээр бүрдүүлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хохирол гэм хороо арилгуулах хүсэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.1.6-д заасны дагуу шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Галцацрахын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Ө.Ш- шүүхэд хандаж, Ё.Л-аас гэм хорын хохирол 2.829.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас эмнэлэгт үзүүлсний болон цаашид хийлгэх эмчилгээний зардлыг гаргуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа, “...нэхэмжлэгчийн нүүрэн тус газар цохисноос биед нь хөнгөн гэмтэл учирсан, тухайн үед толгойн зураг авахуулсны төлбөр 100.000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, бусад эмчилгээ нь учруулсан гэмтэлтэй холбоогүй...” гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас  Ө.Ш-ын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлж, үйлчилгээний төлбөрт төлсөн 125.000 төгрөгийн зардлыг гаргуулж,  нэхэмжлэгч зайлшгүй эмчлүүлэх шаардлагатайгаа нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурлаагүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөнө.

Ө.Ш-, Ё.Л- нар 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж хариуцагч Ё.Л- нэхэмжлэгч Ө.Ш-ын толгойн тус газарт цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон, энэхүү үйл баримтын тухайд зохигч маргаагүй байна.

Хариуцагч уг гэмтлээс шалтгаалж нэхэмжлэгчийн хамрын яс гэмтээгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар, түүний шүүхэд гаргасан нотлох баримтыг үгүйсгэж чадаагүй байна.

Хэрэгт нэхэмжлэгч Ө.Ш- 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төгс ялгуун эмнэлэгт үзүүлсэн тухай үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн төлбөр төлсөн баримт авагдсан ба уг баримтад 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэмтэл авсан, 6 дугаар сарын 02-ны өдөр Улсын клиникийн төв эмнэлэгт хамраа татуулсан, зайлшгүй мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай, уг эмчилгээний зардал 900.000 төгрөг болох талаар бичигджээ.

Улмаар нэхэмжлэгч Ө.Ш- 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр чих хамар хоолойн төрөлжсөн үйлчилгээтэй ЭМЖЖ ХХК-ийн эмнэлэгт үзлэг хийлгэсэн, тус эмнэлэг  цаашид хамрын яс тэгшлэх, амьсгал чөлөөлөх мэс засал хийлгэх шаардлагатай, тухайн эмчилгээний зардал 1.285.000-1.494.000 төгрөг болохыг мөн тодорхойлсон байна.

Иймд нэхэмжлэгч Ө.Ш-т гэм хор учирсан нь хариуцагч Ё.Л-ын гэм буруутай хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогдсон гэж үзнэ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”, 228.4-т “хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч эмчилгээний зардлыг урьдчилан гаргуулахаар шаардах эрхтэй.

Дурдсан үндэслэлээр хариуцагчаас нэхэмжлэгчийн мэс засал хийлгэхэд шаардлагатай зардал 1.285.000 төгрөгийг нэмж гаргуулах нь хуульд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2017/02510 дугаар магадлалын 1 дэх заалт,  Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/02074 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад “...125.000 төгрөг...” гэснийг “...1.410.000 төгрөг...” гэж, 2 дахь заалтад “...4.550 төгрөг...” гэснийг “...37.510 төгрөг ...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60.250 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Г.АЛТАНЧИМЭГ