Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2017/0496/З |
Дугаар | 761 |
Огноо | 2017-10-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 761
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Татварын улсын байцаагчийн 340020138 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нар манай компаний 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 340020138 тоот актаар 215.042.400 төгрөгийн зөрчилд 21.504.240 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан юм.
Маргаан таслах зөвлөлөөс гомдлыг хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 004 дүгээр тогтоол гаргасныг бид 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд эс зөвшөөрч байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэг. Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Т.З, Д.Д нар нь тус компанийн 2011 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 215.042.400 төгрөгийн зөрчил нь “татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй” гэж үзэн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 340027 тоот Татварын Улсын байцаагчийн Дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэнд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Э 201525030076 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын Мөрдөн шалгах 3-р хэлтсийн хяналтын прокурор Б.У хянаж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 168 тоот Прокурорын тогтоол гаргаж шийдвэрлэсэн юм.
Гэтэл 168 тоот Прокурорын тогтоол гарснаас хойш 11 сар өнгөрсний дараа буюу 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нар нь 2011 онд хийсэн шалгалтыг үндэслэн 215.042.400 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэн Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 21.504.240 төгрөгийн нөхөн татвар ногдуулах тухай 340020138 дугаартай акт тавьсан юм. Энэхүү 340020138 дугаартай акт нь дараах хуулийн заалтуудыг зөрчиж гарсан байна. Үүнд:
1. Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд: “29.1.8 татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх” гэснийг;
2. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг зөрчилд захиргааны хариуцлага хүлээлгэхээр байвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол гарсан өдрөөс хойш нэг сарын дотор захиргааны шийтгэл ногдуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байна.
Хоёр. “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” болон “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль гарахаас 4 сарын өмнө тус компанид үүсгэсэн эрүүгийн хэргийг хяналтын прокурор хянаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 168 дугаартай Прокурорын тогтоол гарсан байх бөгөөд “эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу Татварын алба нь уг зөрчилтэй холбоотойгоор татварын өрийг тогтоож, захиргааны шийтгэл ногдуулаагүй”, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т заасан захиргааны хариуцлага хүлээлгэхээр заасан хугацаа өнгөрсөн байх тул тус компани 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн болон тус хуулиар олгогдсон татвар төлөгчийн эрхийнхээ хүрээнд хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын хууль...хуулийн дагуу албан татвар,...төлөхөөр, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу санхүүгийн тайлан гаргахаар заасан хуулийн зохицуулалтад хамаарах... хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Татварын ...хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд...санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих...хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллага сайн дурын үндсэн дээр...тайлагнасан бол,...хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй...хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан...албан татвар,...орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө” гэж, мөн 4.1.1 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварт доор дурдсан албан татвар хамаарна: ...5.3.4 нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж заасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын холбогдох асуудлыг сайн дурын үндсэн дээр шийдвэрлэсэн байтал Татварын улсын байцаагч нар нь 340020138 тоот актаар нөхөн татвар ногдуулахдаа тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.
Гурав. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гарахаас 4 сарын өмнө “Г” ХХК-д үүсгэсэн эрүүгийн хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон бөгөөд эрүүгийн гэмт хэргийн асуудал хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байхгүй, төрийн эрх бүхий байгууллагын буюу Татварын албанаас захиргааны шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх: 4.3. Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлд: “10.7. Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн заалтыг үндэслэн Татварын улсын байцаагчийн тоот актаар нөхөн татвар ногдуулж, хэрэглэх ёсгүй хуулийн заалт хэрэглэж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлж захиргааны акт гаргасан байна.
Дөрөв. Монгол Улсын Сангийн яамны дэд сайд С.П ийн Татварын Ерөнхий газрын арга Б.А д ирүүлсэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 4-2/5016 тоот албан бичигт “Улсын их хурлын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд хамаарах зөрчлийн хүрээнд доор дурдсан арга хэмжээг авахыг чиглэл болгож байна. Үүнд:
1. Татварын улсын байцаагчийн зүгээс захиргааны акт үйлдээгүй бөгөөд одоо хянан шалгагдаж байгаа хяналт шалгалтыг зогсоох;
2. Хууль хэрэгжих хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмж хяналт шалгалт хийхгүй байх” гэж тус тус заасан байх бөгөөд уг удирдамжийн дагуу Татварын Ерөнхий газрын дэд дарга Б.З ын Улсын төсвийн орлого хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсийн дарга нарт явуулсан 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ажлын чиглэл өгөх тухай” 2б/2333 тоот албан бичигт”...Татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийгдэхээр томилолт олгогдсон, хяналт шалгалтын ажиллагаа дуусаагүй байгаа татвар төлөгчдийн томилолтыг цуцлах.
3. Хууль хэрэгжүүлэх хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг үндэслэл хяналт шалгалтын томилолт олгох. /Татан буугдах, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах г.м/” гэсэн байна.
Эдгээр албан бичгүүд нь Татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлыг зогсоож, акт, дүгнэлтээр албан татварын ногдол, хүү, торгууль, алдангийг шинээр ногдуулахгүй байж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгө адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын тайланд тусгаж, шинээр тайлагнасан тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар ажлын чиг үүрэгт холбогдох албадад өгөгдөж байсныг нотолж байна.
Ийнхүү “Г” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилтэй холбогдсон асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн хүрээнд сайн дурын үндсэн дээр шинээр тайлагнасан тул Татварын улсын байцаагчийн 340020138 тоот актыг илт хууль бус акт гэж үзэн хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг 50814.. тоот регистертэй, гадаад худалдаа, барилгын засал чимэглэл, хайрган болон хатуу хучилттай зам барих, засах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Г” ХХК-ийн 2010 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, “Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 34160300085 тоот томилолт”, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой мэдээлэл, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 168 тоот тогтоол, санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн хэсэгчилсэн хяналт шалгалт хийв.
Тус компани 2011 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Сонгионхайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.З, Д.Д нар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж 215.042.400 төгрөгийн зөрчил илрүүлж, 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 340027 тоот дүгнэлт бичин цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус компани нь хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падааныг хууль бусаар авч компаний санхүү, татварын тайланд тусгаж, татварын албанд тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон байцаалтын шатанд татварын улсын байцаагчийн 340027 тоот актаар тогтоосон 21.504.240 төгрөгийн төлбөрийг Татварын Ерөнхий газрын 900000603 тоот дансанд нөхөн төлсөн. Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 168 тоот прокурорын тогтоолоор “Г” ХХК-ийн захирал Ч.А “М ө” ХХК, “Х ш х с” ХХК-ийн хий бичилт бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч татварт тайлагнан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, Улсын мөрдөн байцаах газраас ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой мэдээлэл, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 168 тоот тогтоол зэргийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3416030085 тоот томилолтын дагуу Монгол улсын татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд “...35.3 энэ хуулийн 2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтыг хийж захиргааны хариуцлага хүлээлгэхээр Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагааны парламент байгуулагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл: Ял шийтгэлээс өршөөл хэлтрүүлэх, “4.3 хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.7 энэ хуулийн 7.7-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэсэн заалтыг үндэслэн 215.042.400 төгрөгийн зөрчилд 21.504.240 төгрөгийн төлбөр ногдуулан 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 340020138 тоот акт бичсэн болно. Тухайн үед “Г” ХХК-ийн захирал хий бичилттэй падаанаар худалдан авалт хийснээ хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын явцдаа төлбөрөө төлсөн байсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргийн хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хариуцагч Ч.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр татварын улсын байцаагчийн эрх сунгах сургалттай холбогдуулан тус өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл биш гэж үзэн хүлээж аваагүй болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 6278 дугаар шүүгчийн захирамжаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарт холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11.00 цагт товлосон. Гэтэл хариуцагчаас хүсэлтдээ хавсаргаж ирүүлсэн Татварын ерөнхий газрын Сургалтын төвийн даргын албан бичигт “мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн дагуу мэдлэг бататгах шалгалт 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагт болно” гэж мэдээлжээ.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаан товлосон цагт хариуцагч нар нь сургалт, шалгалтгүй байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч шүүх хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогчдын төлөөлөгчид уншиж танилцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Сонгинхайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нар “Г” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг үйлджээ.
Энэхүү шалгалтаар “М ө” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8799050 дугаар падаанаар 150 сая төгрөгийн, “Х ш х с” ХХК-иас 2011 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7927809 дүгээр падаанаар 65,042,400 төгрөгийн нийт 215,042,400 төгрөгийн бараа материалыг худалдан авсан мэтээр хий бичилт хийж төлбөл зохих татвараа бууруулсан зөрчилд 21,504,240 төгрөгийн нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэж, актаар тогтоосон нөхөн татварыг “УлаанБ хотын банк” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601004714 тоот дансанд 15 хоногийн дотор төлөхийг үүрэг болгожээ.
Уг актыг эс зөвшөөрч “Г” ХХК-ийн гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хянан хэлэлцээд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дүгээр тогтоолоороо гомдлыг хэрэгсэхгүй болгож Татварын улсын байцаагч нарын актыг хэвээр баталсан байна.
Анх 2012 онд Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Т.Х, Д.Д нар “Г” ХХК-ийн 2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 340027 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч компанийг “М ө” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 8799050 дугаар падаанаар 150 сая төгрөгийн, “Х ш х с” ХХК-иас 2011 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 7927809 дүгээр падаанаар 65,042,400 төгрөгийн нийт 215,042,400 төгрөгийн шатахуун, автомашины дугуй худалдаж авсанаар тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасныг тогтоожээ. Энэхүү 2011 оны дүгнэлт нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд нэхэмжлэгч тал дүгнэлттэй холбогдуулан гомдол гаргаагүй, маргаагүй байна.
Нэр бүхий аж ахуйн нэгжүүд хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 201525030076 эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 168 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Тухайлбал дээрх прокурорын тогтоолд “нэхэмжлэгч “Г” ХХК нь “Х ш х с” ХХК, “М ө” ХХК-ний нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 215,042,400 төгрөгийн хий бичилт хийлгэн авч татвар төлөхөөс зайлсхийсэн ногдох татвар болох 21,504,240 төгрөгийг төлсөн” гэжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох “Хаан банк” ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар “Г” ХХК нь Татварын ерөнхий газрын Төрийн сан дахь дансанд 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 21,504,240 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол Улсын татварын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэт тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана”, 47.3-д “Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгч татварын хуулиар тогтоосон эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд туслах, зөрчил дутагдлыг арилгах зорилгод нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд дараахь хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна”, 47.3.1-д “татвар төлөгч татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлон төлөх нөхцөлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийг тогтмол хөтөлж, татварын
тайлангаа хугацаанд нь гарган тушааж, татвараа төлж буй эсэхийг тогтоох” гэж заажээ.
Дээрх хуулийн заалтыг дэлгэрүүлэн тайлбарлавал, татвар төлөгч татварын ногдлоо үнэн зөв тодорхойлон тайлагнасан эсэхийг магадлах, гаргасан зөрчлийг илрүүлэх зорилготойгоор татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтыг явуулах зохицуулттай байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгч нь өмнө нь хийгдсэн хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд ногдох нөхөн татварыг төсөвт төлсөн тохиолдолд уг асуудлаар дахин хяналт шалгалт явуулах, дахин акт тогтоох үндэслэл байхгүй болно.
Гэтэл хариуцагч нар нь маргаан бүхий үйл баримтын талаар 2012 онд хяналт шалгалт явагдаж зохих дүгнэлт гарсан, уг шалгалтаар тогтоогдсон зөрчилд хамаарах нөхөн татварыг 2013 онд барагдуулсан байхад 2016 онд дахин хяналт шалгалт явуулж маргаан бүхий актаар нөхөн татвар ногдуулсан нь хууль бус тул татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “маргаан бүхий актыг хүчингүй болгосноор компани нь илүү төлсөн татварыг буцаан суутгах зорилготой” гэж тайлбар хийсэн.
Шүүхээс нэхэмжлэлийг хангаж Татварын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан татварын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 340027 дугаар дүгнэлтээр тогтоосон 215,042,400 төгрөгийн зөрчилд нэхэмжлэгч компаниас 2013 онд нөхөн төлсөн 21,504,240 төгрөгийн татварыг суутган тооцох, буцаан олгох эрх “Г” ХХК-д үүсэхгүй болно.
Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт илүү төлсөн татварыг татвар төлөгчийн бусад татварт суутган тооцох, дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох, буцаан олгохоор зохицуулсан.
Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогч талуудын шүүхэд гаргасан тайлбараар маргааны зүйл болох нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар 215,042,400 төгрөгт ногдох 21,504,240 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган тооцохоор тайлагнасан нь хууль бус байсан болох нь 2012 оны хяналт шалгалтаар тогтоогдож 2013 онд нөхөн төлөгдсөн байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хэлнэ” гэж заажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын гол онцлог нь хэрэглээний зарчим дээр үндэслэгдсэн, хөнгөлөлт-падааны аргыг хэрэглэсэн албан татварын харилцаа юм. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь бараа худалдан авсан тухайгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотолж байх үүрэгтэйгээс гадна худалдагч нь нөгөө талдаа борлуулалтаа тайлагнаснаар худалдан авагч талд хөнгөлөлт эдлэх эрх үүсдэг.
Иймээс “Х ш х с” ХХК, “М ө” ХХК нөгөө талдаа борлуулалт хийсэн орлогоо тайлагнаагүй байхад зөвхөн нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд үндэслэн хөнгөлөлт эдлүүлэх үндэслэлгүй тул 21,504,240 төгрөгийн нөхөн төлсөн татвар нь “илүү төлсөн” татвар биш болно.
Дөрөв. Шүүхээс Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан маргаан бүхий актыг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан “Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-аар зохицуулсан харилцааг зөрчиж хяналт шалгалт явуулж акт тавьсан, Захиргааны хариуцлагын тухай хууль болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн” гэх мэтгэлцээнүүдэд зохих дүгнэлт хийх шаардлагагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.1, 58 дугаар зүйлийн 58.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ч.Б, Б.Б нарын 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 340020138 дугаар актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ