| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2408000000141 |
| Дугаар | 2026/ХШТ/71 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/71
Э.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э, түүний өмгөөлөгч Г.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 438 дугаар магадлалтай, Э.Н-д холбогдох 2408000000141 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э.Н,
Шүүгдэгч Э.Н нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” худалдааны төвөөс архи хулгайлсан С.Б-г зугтаахад нь хавсарч шалан дээр савж унагасны улмаас гавал тархины битүү гэмтэл учирч нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.Н-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “М” ХХК-аас 6,265,243 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Э-т олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Цолмонгийн давж заалдсан гомдол, прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг тус тус хангажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг үндэслэн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хэрэг гарах үед Э.Н 21 настай, “М” худалдааны төвийн камерын хяналтын ажилтан байсан. Амь хохирогч С.Б дэлгүүрээс хулгай хийснийг илрүүлж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөхөөр өрөөндөө оруулсан. Талийгаач С.Б гэнэт зугтаах үйлдэл хийхэд нь Э.Н сандарч саатуулахдаа хөлийн өсгий рүү өшиглөж газар унагасан байдаг. Э.Н-гийн энэ үйлдэл хохирогч үхэж болохыг ухамсарлах ямар ч боломжгүй, богино хугацаанд хийгдсэн ба энэхүү хор уршгийг хүсээгүй, үхлийн шалтгаан нь хүнд гэмтэл боловч зориуд нас барахад хүргээгүй юм. Хүний ухамсарт үйл ажиллагаа болохыг тодорхойлох сэтгэхүйн хүчин зүйл нь сэдэлт, зорилго байна. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд аливаа хүний үйл ажиллагаа тодорхой сэдлээс үүдэн бий болж, эцсийн үр дүн болох зорилгод чиглэнэ гэж үздэг. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго нь гэмт хэрэг үйлдэх санаа бодлыг төрүүлж, тодорхой чиглэл, үйл ажиллагааны удирдамж болгох зэргээр гэмт этгээдийн өөрийн нийгэмд аюултай гэмт үйл ажиллагаандаа хандсан сэтгэхүйн харьцааны агуулга байна. Гэмт хэрэг үйлдсэн сэдэл зорилго нь субъектив талын заавал байх шинж бөгөөд Эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн сэдэлтэд зөвхөн ухамсарласан сэдэлтийг хамааруулдаг. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгэмд аюултай болохыг урьдаас мэдэж бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол болгоомжгүй алах гэмт хэрэг нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон байдаг. Э.Н С.Б-г саатуулах зорилгоор унагаах үйлдлийг хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг хүсээгүй юм.
Давж заалдах шатны шүүхээс Э.Н хохирогчид халдах үеийн, сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, сэдэлт, зорилго, шалтгааныг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох байтал гэмт хэргийн улмаас бий болсон эцсийн үр дагаврыг яллагдагчийн хүсэл, зоригийн шууд илэрхийлэл хэмээн хэргийг зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 105 дугаар тогтоолд “... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар тогтоолд “... Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдэгдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг”, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар тогтоолд “...Санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэм буруутай хүний сэтгэхүйн хандлагын илрэл буюу хүний амь нас хохироож болзошгүй болохыг мэдсээр байж, эсхүл мэдэх боломжтой байсан ч түүнд хүргэхгүй гэж хөнгөмсгөөр найдаж үйлдэл хийх, эсвэл хийвэл зохих үйлдлийг хийхгүй байх, нөгөө талаар тухайн үйлдэл, эс үйлдэхүйн уршгаар хүний амь нас хохирно гэж мэдээгүй боловч хэргийн нөхцөлөөс улбаалан мэдэх бололцоотой, мэдэх ёстой байсан ч хайхрамжгүй хандсан байдлыг ойлгодог” хэмээн тус тус тайлбарласан атал давж заалдах шатны шүүх дан ганц “шалтгаант холбоог нарийвчлан тогтоох” гэх агуулгаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Цолмон хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Хулгай хийх үйлдлийг таслан зогсоох зорилгоор хавсарч унагасан үйл баримт хэрэгт байхгүй. Хулгай хийж байхад нь бариад, хяналтын камерын өрөөнд оруулж 20 минут болсны дараа 9 өөр төрлийн шинэ гэмтэл учруулж, ухаангүй байдалтай 2 талаас нь өргөөд гадаа гаргаж, цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн үйл баримт байдаг. Сэтгэцэд учирсан гэм хорыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоосон нь Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас зөрүүтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: ... Хүнийг алах гэмт хэргийн шалтгаант онолын тайлбараар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй бодитоор байгаа эсэх, үүний улмаас хохирол, хор уршиг учирсан ба тодорхой хугацааны дараа хохирол бий болсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй талаарх шүүхийн тогтсон практик байдаг. Хэргийн нөхцөл байдлын хувьд 4 хоногийн дараа амь хохирогч нас барсан гэдгийг дурдах нь зүйтэй. Гэм буруутай үйлдэлдээ гэмт этгээд шууд санаатай хандсан, учруулсан хохиролтой шалтгаант холбоотой байх шаардлага нь хэргийн үйл баримттай тохирч байна. Хавсарч унагахаас бусад үйлдлээр таслан зогсоох боломжтой ба хавсарч унагасны улмаас хохирол учрах боломжтойг мэдэж байсан, түүнд зориуд хүргэсэн байна. Нэг удаа хавсарч унагасны улмаас тархины битүү гэмтэл учирсан гэсэн агуулгаар анхан шатны шүүх дүгнэлт хийжээ. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр олон тооны гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэл байна. Дух, хацар, уруул, гуянд үүссэн гэмтлүүдийг хэн, хэрхэн яаж учруулсан талаар сэргээн дүрсэлж чадаагүй Өөрөөр хэлбэл, хохирогчийг нэг удаа хавирч унагасан бус олон тооны мохоо зүйлийн үйлчлэлээр биед нь халдсан нөхцөл байдлыг үгүйсгэж, няцаасан дүгнэлт хийгээгүй байна. Э.Н-гийн анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “амь хохирогчийг араас нь тэвэрч камерын өрөөнд оруулаад хүчтэй газарт унагасан” гэсэн байдаг. Камерын өрөөнд оруулаад, бичлэг шалгах хооронд зугтах үйлдэл хийхэд нь хавсарч унагасан гэх үйл баримтаас өөрөөр мэдүүлсэн. Иймд магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Э.Н нь “М” худалдааны төвд камерын хяналтыг хэрэгжүүлж байхдаа архи хулгайлсан С.Б-г зугтах үйлдэл хийхэд нь шалан дээр хавсарч унаган тархины хүнд гэмтэл учруулж алсан хэрэгт холбогджээ.
2.Анхан шатны шүүх дээрх хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх магадлан хянаад “хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна.
3.Энэ хэрэгт хуульд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогоогүй буюу хэргийн үйл баримтад үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Н ямар гэмт үйлдэл хийж хохирогчид гэмтэл учруулсныг шүүх талуудын мэтгэлцээн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоохгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.
4.Шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 387 тоот дүгнэлтэд “... С.Б-ы цогцост зулайн ар хэсгээс суман болон титэм заадсыг дайрч духны зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальс доор цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүрний эдийн цус хуралт, толгойн хуйхны цус хуралт, баруун уушгины эдийн няцрал, авчилт, зүүн хөмсөгт хуучин шарх, дух, уруул, баруун хацар, зүүн хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоожээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 152-156 дахь тал/
Шинжээч эмч М.Золжаргал гаргасан дүгнэлтээ тайлбарлаж “... тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлд үүсгэгдэх боломжтой ... тархины гэмтэл нь зулайн орой, ар хэсэгт хүч үйлчилсний улмаас учрах боломжтой. Мөн унах үед зулайн ар хэсэгт цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой ... баруун уушгины эдийн няцрал, авчилт, уруул, баруун хацар, эрүү, хөмсөгт зулгаралт, цээж, эрүү гуянд цус хуралт гэмтэл нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг цохих, цохигдох, дарагдах, шахагдах зэрэг хүчний улмаас үүсэх боломжтой ба нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэж болно ... эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, эсхүл унах үед доргилт үүссэний улмаас үүсэж болно. ... Цээжний баруун дунд хэсэгт 10*5,0 см бор шаргал өнгийн цус хуралт гэмтэл нь уушгины эдийн няцрал гэмтэлтэй шалтгаант холбоотой байж болно. Цээжинд учирсан цус хуримталсан өнгийн байдлыг үзэхэд хэдэн цагийн хугацаанд үүссэн байх боломжтой. Цогцост учирсан уушгины эдийн няцрал, авчилт гэмтэл нь цээжинд хүч үйлчилж доргилтын улмаас дээрх гэмтэл учрах боломжтой ба цээжийг шахах, цохих зэрэг хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уушгины эдийн няцрал авчилт гэмтэл нь бусад гэмтэл болох уруул, баруун хацар, цээж, эрүү, гуянд, эрүү хөмсөгт учирсан шарх гэмтэлтэй холбоогүй” гэж мэдүүлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 168-170, 192-194 дэх тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “… шүүгдэгч нь амь хохирогчийн араас тэврэн хяналтын камергүй хэсэг рүү орж, 22 минут 2 секундийн дараа саарал костюм өмссөн эрэгтэй баруун гар талаас, ногоон цамцтай эрэгтэй зүүн гар талаас нь барьсан байдалтай гарч ирэв” гэжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 122-131 дэх тал/,
Хэргийн талаар шүүгдэгч Э.Н-гийн сэжигтнээр “… би тэр залуугийн 2 талын бугалга хэсгийнх нь куртикнээс барьж бөгсөөр нь газар суулгах гэж баруун хөлөөрөө түүний баруун хөлийн өсгий рүү хавирч өшиглөхөд бөгсөөрөө биш толгойны дагз хэсгээрээ плитан шалан дээр дээш харан унасан” гэж, яллагдагчаар “… зугтах гэхэд нь зүүн гарын бугалгаас нь бариад зүүн өсгий рүү нь өшиглөхөд хойшоо саваад плитан шалан дээр унасан” гэж /Хэргийн 1 дүгээр хавтасны 55-57, 93-96 дахь тал/,
Энэ хэргийг нүдээр харсан гэх гэрч Г.Ж “... Н тухайн хүнийг хойноос нь хоёр гараараа тэврээд хяналтын камерын өрөөнд оруулаад тавьсан. Би камер шүүж байхад тэр хүн өрөөнөөс гарч зугтаах гэхэд Н араас нь зүүн гарнаас нь татаж өөртөө ойртуулаад баруун хөлөөрөө хавирахад арагш дагзаараа плитан шалан дээр унасан ...” гэж тус тус мэдүүлжээ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 55-57, 93-96 дахь тал/
5.Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Э.Н хохирогчийн хөл рүү нь хавирч өшиглөн ар дагзаар нь савж унагасан гэх үйлдлээр “зулайн орой, ар хэсэгт хүч үйлчилсний улмаас зулайн ар хэсгээс суман болон титэм заадсыг дайрч духны зүүн хэсэг хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан хатуу хальс доор цусан хураа, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уртавтар тархи, гүүрний эдийн цус хуралт, толгойн хуйхны цус хуралт” гэмтэл учрах боломжтой эсэхийг тогтоогоогүй байна.
Түүнчлэн шинжилгээгээр хохирогчид тархины гэмтлээс гадна зүүн хөмсөг, дух, уруул, баруун хацар, зүүн хөмсөгт зулгаралт, цээж, зүүн гуянд цус хуралт зэрэг шинэ ба хуучин гэмтлүүд учирсан гэж үзсэн байхад энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
6.Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо шүүгдэгчийн үйлдэл, учирсан гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг эргэлзээгүй дүгнэх нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, хэргийн зүйлчлэлийг тогтооход чухал ач холбогдолтой. Гэтэл шүүгдэгчийн үйлдэл тодорхойгүй байхад анхан шатны шүүх гэм буруугийн хэлбэрийн талаар дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь агуулгын хувьд хууль зүйн үндэслэлтэй боловч хэргийн үйл баримтын талаар гарсан дээрх зөрчилтэй асуудлыг анхаарч үзэлгүй “зүйлчлэлийг өөрчилсөн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх зэргээр алдаатай дүгнэлт хийжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалын дүгнэлтийг зөвтгөж агуулгаар нь хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Хэргийг шүүхэд хүргүүлтэл шүүгдэгч Э.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэрийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 438 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хэргийг шүүхэд хүргүүлтэл Э.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Ц.ОЧ
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР