Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2020/0613

 

 

 

 

 

 

                                                           

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2019/0493

Улаанбаатар хот

                                            “С З К Э” ХХК-ийн

                                нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

                                      

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “С З К Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С З К Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “С З К Э” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520 324 000 төгрөгийг “С З К Э” ХХК-д олгохыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Б давж заалдах гомдолдоо: “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний төрлийг заасан бөгөөд уг зүйлийн 9.1.5-д “уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ”-г хамруулсан байдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэгч байгууллагатай 2019 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах” 02/03 дугаар гэрээг байгуулахад нэхэмжлэгч гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллахаар гарын үсэг зурж баталгаажуулсан ба гэрээ хэрэгжиж дууссан. Уг гэрээний 2.1-д сэргээн засах тусламж, үйлчилгээний төрлөөр үзүүлсэн тусламж, үйлчилгээг худалдан авахаар заасан байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон  гэрээний хугацаа,  талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллагаас сэргээн засах тусламж үйлчилгээ худалдан авах, санхүүжүүлэхээр тодорхой заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” гэж заасан бөгөөд энэ төрлөөр үзүүлсэн тусламж, үйлчилгээг худалдан авахаар гэрээ байгуулааагүй байхад энэ төрлөөр нэхэмжлэгч байгууллагыг санхүүжүүлэх боломжгүй. Иймд бодит байдалд хэрэгжих боломжгүй, нийтийн ашиг сонирхол буюу нийтийн мөнгөн хөрөнгөд хохирол учруулах, хариуцагчид салбарын хууль тогтомжийг зөрчсөн шийдвэр гаргахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй байна. Даатгалын гэрээ байгуулах ажиллагаанд сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосныг дараах үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна ... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч байгууллагад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/361 дүгээр албан бичгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г тогтоосон нэгдүгээр хавсралтаар Сэргээн засах тусламж, үйчилгээний даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110.000 төгрөг байхаар тогтоож өгсөн тул тусламж, үйлчилгээний өөр төрөл болох “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйчилгээ”-ний төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлэх боломжгүйг мэдэгдсэн байна. Анхан шатны шүүхээс “Сэргээн засах клиник эмнэлгийн санхүүжилтийг бууруулан олгосон үйлдэл нь уг зарчмыг зөрчсөнөөс гадна санхүүжилтийг бууруулан олгох нь цаашлаад тус эмнэлгээр үйлчлүүлэгч, даатгуулагч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байна” гэж дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн зориулалт нь даатгуулагч иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг хариуцахаас бус эмнэлгийн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны зардал, ашиг орлогыг даатган хариуцах боломжгүй юм. Шүүхийн дээрх дүгнэлтээрээ сэргээн засах тусламж үйлчилгээг 110 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр заасан 19 дүгээр тогтоолыг үгүйсгэсэн, нэхэмжлэгчид давуу байдал олгосон шийдвэр гаргасан байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна” гэж заасан бөгөөд уг заалт нь дэд заалтын хамт хүчинтэй байх хуулийн техникийг хангаагүй бөгөөд дэд заалтын яг аль төрлөөр санхүүжүүлэх ёстой гэж үзсэн нь тодорхойгүй байна. Даатгалын гэрээний 2.1, 2.2-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас 2 төрлийн тусламж, үйлчилгээг авахаар тодорхой заасан байтал шүүх анхаарч үзсэнгүй. Мөн 2019 онд нэхэмжлэгч байгууллагаас ирүүлсэн өвчний түүхэнд зөвхөн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн байх ба үзүүлсэн тусламж, үйлчилгээнд төрөлд тохирсон санхүүжилтийг олгосныг тайлбарласан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох эмч, даатгалын мэргэжилтнүүдийн тайлбарыг огт анхаарсангүй ... Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний төрлийн онцлог шинж болон сэргээн засах тусламж, үйлчилгээнээс 190.000 төгрөгөөр илүү санхүүжилт олгодог үндэслэлийг нотлох баримтаар гаргаж өгөн Сэргээн засан клиник эмнэлэг ХХК-ийн үзүүлж буй хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг 300.000 төгрөгөөр санхүүжүүлэх боломжгүй гэдгийг нотлох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “С З К Э” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг бүрэн олгохүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, санхүүжилтийн үлдэгдэл 520.324.000 төгрөгийг “С З К Э” ХХК-д олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “С З К Э” ХХК нь “... хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны ...19 дүгээр тогтоолын ... дагуу 2016, 2017 онд ... “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын адил 300.000 төгрөгөөр үйлчилгээний хувьсах зардлыг авч, иргэдээс төлбөр авахгүйгээр үйлчилдэг байсан ... 2019 оны ... 02/03 дугаартай “Хувийн хэвшлийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ээр ч дээрх байдлаар тогтоосон байдаг ... гэтэл гэрээнд зааснаар “хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” төрлөөр үйл ажиллагаа хэвийн, өөрчлөлтгүй ажиллаж байхад Нийгмийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт олгохдоо 2016 оны 19 дүгээр тотоолын “6”-д заасан “Сэргээн засах тусламж үйлчилгээ” гэж заасан гэсэн үндэслэлээр 110.000 төгрөгөөр санхүүжилт олгож байгаа нь дээрх тогтоолд нийцээгүй ... манай эмнэлэгт цалин хөлс, ашиглалтын зардал, мөн эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг санхүүгийн хувьд бэрхшээл үүсч үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа төдийгүй, өвчтөн эмчлүүлэгчдийн эрхийг ч зөрчсөн ...” гэсэн үндэслэлээр “2019 онд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “С З К Э” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг буруу тооцоолж, бүрэн олгохгүй байгаа шийдвэрийг хүчингүй болгож, зөрүү 520.383.828 төгрөгийг олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар “С З К Э” ХХК-ийн санхүүжилтийг буруу олгосон, иймээс зөрүү мөнгө болох 520.324.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүүжилт дутуу олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үндэслэлээ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай бөгөөд хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан журмын дагуу биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүх тухайн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүүжилт дутуу олгосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг баримталж байгаа гэж тайлбарласан байх боловч хариуцагчийн эс үйлдэхүйтэй эсхүл татгалзсан шийдвэртэй маргаж байгаа эсэх нь, мөн нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэл нь тодорхой бус байхад анхан шатны шүүх эдгээрийг бүрэн тодруулаагүй, мөн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, бүрдүүлээгүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 000174250 дугаар гэрчилгээ[1], Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 0004472 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ[2], хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд “С З К Э” ХХК нь “Дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний эмчилгээ, оношилгоо, клиник биохими лабортори, эхо оношилгоо, клиник биохими лабортори, эхо оношилгоо” чиглэлээр үйл ажиллагаа эрхлэдэг байх бөгөөд 2016, 2017 онд Нийгмийн даатгалын ерөнхий газартай, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газартай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах гэрээ” байгуулан ажиллаж байсан, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна”, 9.1.1-д “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 9.1.5-д “уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журмыг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон нийгмийн даатгалын, санхүү, төсвийн, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тус тус үндэслэн Үндэсний зөвлөл тогтооно”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Сэргээн засах тусламж, үйлчилгээг дараахь хэлбэрээр үзүүлнэ”, 13.1.1-д “эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар”, 13.1.2.-т “дагнасан байдлаар” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.21-д “сэргээн засах” гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах болон эмнэлгийн бусад мэргэжилтний хамтын цогц үйл ажиллагааг ойлгохоор заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хуульд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын эрүүл мэндийн даатгалын сангаас болон даатгуулагчаас төлөх төлбөрийн хэмжээ, арга журмыг холбогдох байгууллагын саналыг үндэслэн тогтоох эрх хэмжээг Үндэсний зөвлөл эдлэхээр байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг багцлан хуульчилсны дотор “хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ”, “сэргээн засах тусламж үйлчилгээ” гэж тус тусад нь, харин сэргээн засан тусламж үйлчилгээг эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээтэй хамт цогц байдлаар, эсхүл дагнасан байдлаар үзүүлж болохоор хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” 19 дүгээр тогтоол[3]-оор Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 14 дүгээр зүйлийн 14.9.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн 1 дэх заалтаар “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г нэгдүгээр хавсралтаар, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жин”-г хоёрдугаар хавсралтаар, “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, 2 дахь заалтаар “... С з к эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй ...” гэж тогтоожээ.

Харин уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон хүснэгтийн 1-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 300.000, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 175.000 /нэг зуун далан таван мянга/ төгрөг, 6-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ” төрлөөр төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 110 000 /нэг зуун арван мянга/ төгрөг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110,000 /нэг зуун арван мянга/ төгрөг байхаар, мөн уг тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Эрүүл мэндийн даатгал (цаашид “ЭМД” гэх)-ын сангаас дараах тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хариуцна. Үүнд: 2.1.1-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 2.1.6-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”, 2.2-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 2.2.1-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1.3, 15.1.5, 1.5.1.7 /нэгдсэн эмнэлэг/, 15.1.8 /сэргээн засах төв/, 15.10-15.1.12-т заасан төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд үзүүлнэ”, 2.2.2-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд энэхүү тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан оношийн хамааралтай бүлгийн 1-107 дахь бүлэгт хамаарах оношийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хамаарна”, 2.8.1-д “Сэргээн засах тусламж, үйлчилгээ нь рашаан сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрт үеийн сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрөөр үзүүлэх уламжлалтын сэргээн засах тусламж, үйлчилгээ гэсэн хэлбэрүүдтэй байна”, 4 дүгээр зүйлийн 4.4.3-д “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын бүрэлдэхүүнд хэвтүүлэн эмчлэх хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэвтүүлэн эмчлэх үед хийгдсэн суурь оношилгоо, шинжилгээ, бариа засал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана” гэж тус тус заасан байна.

Дээрх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” 19 дүгээр тогтоол, түүний хавсралтаар батлагдсан журам, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг тогтоосон зэргээс үзэхэд “сэргээн засах тусламж, үйлчилгээ” болон “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-г ялгаатай авч үзэж, даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг өөр өөр байхаар зохицуулсан байх боловч уг тогтоолын хавсралтаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж, үйлчилгээний зардлыг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахдаа ямар үндэслэл, шалтгааны улмаас “хэвтүүлэн эмчлэх”, “сэргээн засах” гэж тусад нь зохицуулсан нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс “журам хүчинтэй байхад хариуцагчаас өмнө нь журмын гуравдугаар хавсралтын 2.1-д заасан хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ гэсэн төрлөөр санхүүжүүлж байсан атлаа одоо 2.1.6-д зааснаар сэргээн засах тусламж үйлчилгээ гэсэнд хамаатуулж санхүүжилтыг бууруулж, дутуу олгож байгаа нь хууль бус” гэж маргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодруулж, нэхэмжлэгчид олгож байсан санхүүжилтийг бууруулан олгох болсон шалтгаан, үндэслэлийг тодруулж, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам батлах тухай” 19 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлд “... С з к эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр тооцож санхүүжүүлэхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт зөвшөөрсүгэй ...” гэж С з к эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээтэй адил байхаар заасан нь уг тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г тогтоосон хүснэгтийн 1-д заасан “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний эсхүл 6-д заасан “Сэргээн засах тусламж, үйлчилгээ”-ний алинд хамаарахаар тогтоосон буюу “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-нд хэрхэн хамаарахыг тодруулах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан “Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөр гүйцэтгэх журам”-ын Дөрөвт “Эрүүл мэндийн байгуллагын даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний нийт зардлын хэмжээг тооцох аргачлал”-ыг заасан байх бөгөөд хэвтүүлэн эмчлэх болон сэргээн засах тусламж үйлчилгээний зардлын хэмжээг уг журмын 4.3-т заасан томъёогоор тодорхойлохоор байх бөгөөд тусламж үйлчилгээ тус бүр нь мөнхүү журамд заасны дагуу холбогдох оношийн хамааралтай бүлгийн зардлын хэмжээний нийлбэрээр тооцогдохоор, журмын 4.4.3-т “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын бүрэлдэхүүнд хэвтүүлэн эмчлэх хугацаанд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл болон хэвтүүлэн эмчлэх үед хийгдсэн суурь оношилгоо, шинжилгээ, бариа засал сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээ багтана” гэж, сэргээн засах тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх журмыг мөн журмын 4.10.5-д “даатгуулагчийн тухайн сард авсан өдрөөр үзүүлэх ... сэргээн засах эмчилгээний зардлыг холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн ... гүйцэтгэлээр санхүүжүүлнэ. Даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээнээс хэтэрсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө” гэж тус тус заажээ. 

Нэхэмжлэгч нь “сэргээн засах тусламж үйлчилгээ нь зөвхөн өдрөөр эмчлэгддэг ангилалд хамаарна ... манай байгууллага хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ” үзүүлдэг гэж маргасан байх бөгөөд хэрэгт “С з к” эмнэлгийн даатгуулагчдад үзүүлсэн 2018 оны “Хэвтэн эмчлүүлэх тусламж”, 2019 оны “Нөхөн сэргээх эмчилгээ”-ний тусламж үйлчилгээний жагсаалт, нэхэмжилсэн зардал, Эрүүл мэндийн даатгалаас хянаж олгох мөнгөн дүн тэдгээрийн зөрүүг харуулсан баримт зэрэг баримтууд авагдсан байх боловч нэхэмжлэгчээс гаргасан гэж буй зардлын хэмжээ нь дээрх журамд заасан оношийн бүлгийн алинд хамаарч байгаа, мөн даатгуулагчид ямар тусламж үйлчилгээ үзүүлснийг, даатгалын сангаас олгох зардлын хэмжээг хэрхэн тооцож эмчилгээ үйлчилгээ үзүүлснийг, мөн уг зардал нь даатгуулагчид тус эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэнтэй эсхүл сэргээн засах үйлчилгээ авсантай холбоотой зардал эсэх (нэхэмжлэгч 2019 онд даатгуулагчдад 300 000 төгрөгийн эсхүл 110 000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй) зэргийг тодорхойлох баримтууд хэрэгт авагдаагүй, эдгээр нь тодорхойгүй байх тул шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий эдгээр баримтуудыг цуглуулах нь зүйтэй байна.

Хэрэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 728 дугаар тогтоол[4] авагдсан байх бөгөөд уг тогтоолоор “ ... “С з к” эмнэлэг нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахдаа холбогдох хууль тогтоомж зөрчиж хууль бусаар нөхөн төлбөр авч улсад их хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй ... гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоосон”-ыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч “С З К Э” ХХК-д эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг 300.000 төгрөгөөр эсхүл 110.000 төгрөгөөр тооцон санхүүжилт олгох үндэслэлтэй эсэх асуудлыг шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр, баримт гэж үзэхгүй.

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2019 онд нэхэмжлэгч “С З К Э” ХХК-аас нийт 1.748.969.400 төгрөгийн “Сэргээн засах тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээ /гүйцэтгэлээр/” тусламж, үйлчилгээг худалдан авахаар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах” 02/03 дугаар гэрээ[5] байгуулсан, уг гэрээний Хавсралт 1-д Батлагдсан нийт төсөв 1.748.969.400 төгрөг, тухайн нэг сард 145.747.5 төгрөг байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч “С З К Э” ХХК нь анх “... зөрүү 520.383.828 төгрөгийг олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны явцад “... зөрүү мөнгө болох 520.324.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг даалгах”[6] гэж тодруулжээ.

Хэрэгт авагдсан СЗКЭ-ийн 2019 онд даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн санхүүжилт[7], нэхэмжлэх, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд хариуцагчаас “С З К Э” ХХК-д 2019 онд 638.990.000 төгрөгийн санхүүжилт олгосон байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээнд заасан 1.748.969.400 төгрөгийн санхүүжилтийг бүхэлд нь авах ёстой гэж маргаагүй, харин 520.324.000 төгрөгийн санхүүжилт (нийт 1.159.314.900 төгрөгийн санхүүжилт авах байсан гэж) олгохыг шүүхээр даалгуулахаар маргасан байх боловч уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “санхүүжилт олгохыг даалгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шалтгаан үндэслэлийг тодруулаагүй буюу нэхэмжлэгчээс дээрх гэрээг үндэслэн маргасан атлаа ямар шалтгаан үндэслэлийн улмаас гэрээнд заасан нийт 1.748.969.400 төсвийн хэмжээгээр санхүүжилт авах ёстой гэж маргахгүй байгааг, ийнхүү шаардах болсон хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй, мөн гэрээнд зааснаар биш нийтдээ 1.159.314.900 төгрөгийн санхүүжилт олгох ёстой гэж маргасан буюу үлдэгдэл гэж зөвхөн 520.324.000 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгуулахаар маргасан шалтгаан үндэслэлийг тодруулалгүй, энэ талаар дүгнэлт хийлгүйгээр “... нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нийт 1.748.969.400 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан, ... дээр дурдсан хүчин төгөлдөр гэрээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын санхүүжилтийн нийт дүнг өмнөх 2016, 2017 онуудтай ижил нөхцөлөөр нийт 1.748.969.400 төгрөгийн үнийн дүнгээр гэрээ байгуулан санхүүжилт олгож байсан атлаа ... тус эмнэлэгт олгож байсан санхүүжилтийг бууруулсан нь нэхэмжлэгчид мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй биш байна.

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “... Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч байгууллагад 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/361 дүгээр албан бичгээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээ”-г тогтоосон нэгдүгээр хавсралтаар Сэргээн засах тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээг төрийн өмчийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 110.000 төгрөг байхаар тогтоож өгсөн тул тусламж, үйлчилгээний өөр төрөл болох “Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”-ний төлбөрийн хэмжээгээр санхүүжүүлэх боломжгүйг мэдэгдсэн ...” гэсэн байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул холбогдох баримтыг цуглуулах нь зүйтэй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... С З К Э нь ... гэрээнд заасан сэргээн засах гэсэн эхний хэсгийн үйлчилгээг л үзүүлсэн, оношлох гэсэн 2 дахь заалтад заасан үйлчилгээг үзүүлээгүй атлаа мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй...” гэсэн тайлбар гаргасан байх  бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, хэрэг авагдсан баримтуудын хүрээнд нэхэмжлэгч дан ганц сэргээн засах үйлчилгээ үзүүлсэн эсэх, эсхүл өвчтөнд оношлох болон эм тарилга, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэн хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эсэх, эдгээр үйлчилгээний алийг нь үзүүлснээс шалтгаалан эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах санхүүжилт өөрчлөгдөх үндэслэлтэй эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч “С З К Э” ХХК-аас 2019 онд буюу нэгэнт өнгөрсөн цаг хугацаанд 300.000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн эсэх нь тодорхойгүйн дээр нэгэнт үзүүлж дууссан эмнэлгийн тусламж үйлчилгээ даатгуулагчид нөхөж олгогдох боломжтой эсэх, өөрөөр хэлбэл, эмнэлгээс өвчтөнд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг нөхөн гаргуулахаар /санхүүжүүлэх/ шаардаж байгаа эсэх, эсхүл 110.000 төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн боловч 2016 оны 19 дүгээр тогтоолын дагуу, өмнө олгож байсан жишгийн дагуу 300.000 төгрөгийн санхүүжилт олгох ёстой байсан гэж маргаж байгаа эсэхийг тодруулах, энэ талаарх баримтыг цуглуулж, маргааны үйл баримтад дүгнэлт хийх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:”, 9.1.1-т “хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ”, 9.1.5-д “уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээ”, 11 дүгээр зүйлийн 11.3-т Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд Нийгмийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно” гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх боловч уг хуулийн зүйл, заалтуудаар тогтоосон хэм хэмжээ хэргийн нөхцөл байдалд хэрхэн хамаарч байгаа буюу хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа уг хуулийн зохицуулалтуудад яагаад, ямар шалтгаан үндэслэлээр нийцэхгүй байгаа талаарх дүгнэлт тайлбарыг хийгээгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчээс “эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээнд сэргээн засах тусламж үйлчилгээг хамруулахгүй байна” гэж маргаагүй, харин олгож буй зардлын хэмжээний талаар буюу “манайд “хэвтүүлэн эмчлэх” төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх ёстой” гэж, хариуцагчаас “сэргээн засах тусламж үйлчилгээг хууль журамд өөр өөр санхүүжүүлэхээр тусад нь заасан бөгөөд сэргээн засах тусламж үйлчилгээнд, хэвтүүлэх эмчлэх тусламж үйлчилгээтэй адил зардал гарахгүй, гэрээнд заасан оношлох эмнэлгийн үйлчилгээг нэхэмжлэгч үзүүлдэггүй, хэвтүүлэх эмчлэхтэй адил хэмжээгээр санхүүжүүлэх үндэслэлгүй” гэж маргасан байхад анхан шатны шүүх “эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцагдах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дор дурдсан багцууд хамаарна” гэж заасан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1 дэх заалтыг баримталсан нь ойлгомжгүй тодорхойгүй, мөн хариуцагчаас даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрийг төсвийн ямар сарын хуваарийг үндэслэн ямар гүйцэтгэлээр хэрхэн тооцож нэхэмжлэгчид олгоогүй эсэх зэрэг  нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон хариуцагчийн шийдвэр үйл ажиллагаа нь шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн зохицуулалтуудад хэрхэн нийцэж буй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Хэдийгээр талууд нэхэмжлэгч болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын хооронд урьд байгуулагдаж байсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/45, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/03 дугаар гэрээнүүдтэй маргаагүй хэдий ч шүүх “... 2016, 2017 онуудад тус эмнэлгийн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад олгох төлбөрийн хэмжээгээр, тухайлбал хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрлөөр 300.000 төгрөгөөр тооцон олгож байсан атлаа 2019 онд уг тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдсөөр байхад зардлын төлбөрийг сэргээн засах тусламж үйлчилгээ төрлөөр буюу 110.000 төгрөгөөр тооцохоор бууруулсан нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн …” гэж хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, худалдан авах 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/45 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02/03 дугаар гэрээнүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Шүүх шаардлагатай гэж үзвэл тухайн баримтын эх хувийг шаардан авах эрхтэй” гэж тус тус заасантай нийцээгүйг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл, түүний шаардлагыг тодруулж, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг цуглуулсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. т

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                            

                              ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

                            

                              ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ  

 


[1] Хавтаст хэргийн 13 дахь тал

[2] Хавтаст хэргийн 16 дахь тал

[3] Хавтаст хэргийн 144-162 дахь тал

[4] Хавтаст хэргийн 38-41 дэх тал

[5] Хавтаст хэргийн 54-56 дахь тал

[6] Хавтаст хэргийн 196 дахь тал

[7] Хавтаст хэргийн 68 дахь тал