Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 705

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Э-ын Зод холбогдох эрүүгийн 19100 0634 0778 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Болормаа, шүүгдэгч З нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, “Сод монгол групп” ХХК-д ай-ти инженер ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдрах, хххх тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Т овогт Э-ын З /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч З нь 2019 оны 01 сарын 11-ний өдөр иргэн Д.Б-г “охиныг нь 18 дугаар сургуульд шилжүүлж өгч чадна” гэж хуурч, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны Яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас 1.000.0000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцож, “өөрөө өөрийгөө өмгөөлнө” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг, мөн тус шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 1887 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 заалт болон мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасан журмын дагуу түүнд холбогдох эрүүгийн 19100 6340 0778 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулахаар тогтож шийдвэрлэсэн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч З-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж гаргах мэдүүлэг тайлбар байхгүй. Би тухайн үед хүүхэд сургуульд шилжүүлэн оруулах, шинээр элсүүлэх эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй байсан. Хохирогчоос мөнгө авах үед миний төрсөн өдөр болоод, мөнгөний хэрэг байсан учир 1.0 сая төгрөг авчихсан.

Хохирогчид 2019 оны 8 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 10 сарын дундуур 500.000 төгрөгөөр хувааж хохирлыг төлсөн. Одоо би хийсэн хэрэгтээ харамсаж байна.

Миний бие 2019 оны 01 сарын сүүлээр ажлаасаа гараад, хохирогчид мөнгийг нь буцааж өгөх боломжгүй болсон. Би хохирогчийг танидаггүй, Хан-Уул дүүргийн Иргэдийн хуралд ажиллах үедээ Амарсайхан гэдэг эгчтэй танилцсан. Амарсайхан эгч хохирогч Д.Б-тэй холбож өгсөн юм.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 6340 0778 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...Би өөрийн танил эгч болох Амарсайханаас “тус дүүрэгт байдаг 18 дугаар сургуульд танидаг хүн байна уу, охиноо 2 дугаар ангиас нь оруулах гэсэн юм” гэж асуухад “иргэдийн нийтийн хуралд танидаг хүн байгаа, асууя” гэсэн. Тэгээд хүлээж байхад 2019 оны 01 сарын 11-ний өдөр Амарсайхан над руу залгаад “хүнтэй ярилаа, охиныг чинь 18 дугаар сургуульд оруулж өгч чадна гэж байна, харин хэлний гүнзгийрүүлсэн ангид нь оруулахын тулд 1.0 сая төгрөг хэрэгтэй болох нь гэж байна” гэхээр нь би өөрийн Марк-2 загварын тээврийн хэрэгслийг барьцаанд тавиад 1.0 сая төгрөгийг Зоригт гэдэг хүний Хаан банкны данс руу шилжүүлсэн.

Тэгээд байж байхад 5-6 хоногийн дараа Амарсайхан эгч над руу залгаад “18 дугаар сургуульд оруулах нь бүтэхээ болисон шүү” гэхээр нь “за тэгвэл би мөнгөө буцаагаад авъя” гэж хэлээд одоог хүрч байна. Би Зоригт гэдэг хүнийг огт танихгүй, уулзаж ч үзээгүй. Амарсайхан эгчид итгээд өгчихсөн юм. Одоо 1.0 сая төгрөгийг нэхэмжилж байна. Би гомдолтой байна.  

З нь миний 5720398787 дугаарын Ханс банкин дахь данс руу 500.000 төгрөгийг 2019 оны 8 сард шилжүүлсэн. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй, утсаар ярихаар “мөнгийг чинь одоо өгнө, тэдэнд өгнө” гээд л байдаг боловч өгдөггүй. 2019 оны 10 сарын 10-ны өдөр цалин буухаар хохирлыг чинь барагдуулъя гэсэн боловч өгөөгүй байна. Би үлдэх 500.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18х, 20-21х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.Амарсайханы гэрчээр өгсөн:

“...Би өөрийн танил дүү болох Баасансүрэнгийн охин Энхжинг сургуульд оруулах гээд манай дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан, танил Зоригт гэх залуугаас асуухад “тус дүүрэгт байдаг 18 дугаар сургуульд оруулж болно, одоо сурч байгаа сургуулиас нь бичиг баримтыг нь салгаад, 1.0 сая төгрөг хэрэгтэй” гэхээр нь би дүү Баасансүрэнд хэлэхэд зөвшөөрсөн.

2019 оны 01 сарын 11-ний өдөр Зоригтын Хаан банкин дахь данс руу Баасансүрэн 1.0 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал 5-6 хоногийн дараа Зоригт над руу залгаад “18 дугаар сургуульд оруулах гэсэн чинь бүтэхээ больсон шүү” гэхээр нь “за тэгвэл мөнгөө буцаагаад авъя” гэхэд “одоо надад мөнгө нь байхгүй байна” гэсэн. Тэгээд одоог хүртэл утсаа салгаад алга болсон. Зоригт нь Нийслэлийн Аялал жуулчлалын салбарт ямар ажил хийдэг гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгтэл саяхан төрийн албан хаагчийн шалгалт өгөөд ажлаасаа халагдчихсан гэсэн. Би гэрийг нь мэдэхгүй, гар утас нь холбогдохгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24х/,

 

3. Зийн 5322хххх48 дугаар, Д.Б-гийн 5720хххх87 дугаар Хаан банкин дахь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 64-66х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З-ийн яллагдагчаар өгсөн:

“...2018 оны 12 сард Хан-Уул дүүргийн Тамгын газрын байрны урд талд байдаг ТҮЦ-нд ороход худалдагч эгч Амарсайхан намайг “Нийслэл рүү томроод явчихсан гэлүү, 18 дугаар сургуульд хүүхэд шилжүүлээд өгч чадахгүй биз” гэхээр нь “би хүмүүсээс асууж сураглаж үзье” гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 01 сард Амаржаргал эгч над руу залгаад “уулзмаар байна” гэхэд нь ТҮЦ-н дээр нь яваад очиход Баасансүрэн гэдэг эрэгтэй хүнтэй хамт байсан.

Ингээд Баасансүрэн гэдэг хүнтэй танилцсан бөгөөд намайг “18 дугаар сургуульд хүүхэд оруулж өгч чадах уу” гэхээр нь “болж магадгүй” гэтэл “ажил хөөцөлдөхөд мөнгө хэрэг болдог юм” гээд 1.5 сая төгрөг өгөхөөр нь би “яах юм бэ, бүтсэнийх нь дараа болъё” гээд аваагүй.

Би өөрийн найз Сүрэнгээс “18 дугаар сургуульд хүүхэд оруулж өгч чадах уу” гэхэд “болох байх” гэж хэлсэн юм. Тэгээд бид нар салаад явцгаасан. 2019 оны 01 сарын 11-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд надад мөнгөний хэрэг гарсан тул Баасансүрэн рүү би өөрөө утсаар яриад “урьдчилгаа өгчих, би нөгөө хүнтэйгээ уулзах гэж байна” гэж хэлээд 1.0 сая төгрөгийг өөрийнхөө Хаан банкин дахь дансаар авсан.

Түүний дараагаар Сүрэнтэй уулзахад “хүүхэд шилжүүлэх боломжгүй юм байна лээ шүү” гэхээр нь би Баасансүрэнтэй уулзаж “хүүхдийг чинь 18 дугаар сургуульд оруулж өгч чадахаа болилоо” гэхэд “миний мөнгийг өгөөрэй” гэсэн. Түүнээс хойш би ажлаасаа халагдаад ажилгүй болсон тул Баасансүрэнгийн мөнгийг нь өгч чадахгүй болсон. 2019 оны 8 сарын 27-ны өдөр 500.000 төгрөгийг, өнөөдөр үлдсэн 500.000 төгрөгийг нь Баасансүрэнд буцааж өгсөн.

Надад хүүхэд сургуульд шилжүүлэх, шинээр элсүүлэх эрх байхгүй. Би урьд нь хүүхэд сургуульд шилжүүлж, шинээр элсүүлж байгаагүй. Би залилах гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь гэмт хэрэг үйлдэж, цагдаагийн байгуулагад шалгагдаж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42х/ болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой “Сод Монгол групп” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 45х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 47х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 50х/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 78х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Зийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч З нь 2019 оны 01 сарын 11-ний өдөр иргэн Д.Б-гээс  “охиныг нь 18 дугаар сургуульд шилжүүлж өгч чадна” гэж худал амлан, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 1.000.0000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны Яармаг тооцооны төвийн бэлэн мөнгөний машинаас өөрийн данс руу шилжүүлэн авч, өөртөө ашиглаж, захиран зарцуулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан хохирогч Д.Б- /хэргийн 18х, 20-21х/, гэрч В.Амарсайхан  нарын мэдүүлэг /хэргийн 24х/, Д.Б-гийн 5720хххх87 дугаартай Хаан банкин дахь данснаас шүүгдэгч Зийн 5622хххх48 дугаартай дансанд 2019 оны 01 сарын 11-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 64-66х/ баримт болон шүүгдэгч Зийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон.

 

Шүүгдэгч нь З эрх мэдэл бүхий ажил, албан тушаал эрхэлдэггүй атлаа шууд санаатай, шунахай зорилгоор хохирогч Д.Б-гийн охиныг “18 дугаар сургуульд шилжүүлэн оруулж өгнө” гэж 2019 оны 01 сарын 11-ний өдөр 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь дансаар шилжүүлэн авч, хувьдаа ашиглаж захиран зарцуулсан үйлдэл нь “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Зийг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авч ашиглан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-гийн эд хөрөнгөд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон, шүүгдэгч З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

“Бусдын эрх, ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч Зийн хувьд гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Б-д учруулсан эд хөрөнгийн хохирол болох 1.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан нь:

- хохирогч Д.Б-гийн: “...Би Зоос 500.000 төгрөгийг дансаар, мөн 500.000 төгрөгийг бэлнээр төлүүлж авсан. Одоо надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 74/ баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.       

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 50х/ тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч З нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.               

 

Энэ хэрэгт З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                        ТОГТООХ нь:

 

1. Т овогт Э-ын Э.З-ыг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.З-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт Э.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б- “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Э.З-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД