Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 721

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б-ийн О-д холбогдох эрүүгийн 19100 2132 0759 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Б.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Н.Зулаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа ногоо тарьдаг, ам бүл 5, 2 хүүхэд, 2 зээгийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Б-ийн О /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах хувийн орон сууцны хашаанд А.А-ийг “хүүхэд загналаа” гэж зодож, эрүүл мэндэд нь зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                       

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Бөмбөгөр худалдааны төв орчимд явж байхад манай охин А яриад “энэ эгч намайг загнаад хөөгөөд байна” гэхээр нь би “юу болсон” талаар асуухад “энэ айлд юу ярьж байгааг ярьж болохгүй, нууцлалтай” гэсэн. Утасны цаанаас нэг хүн орилоод, охиныг маань загнаад байгаа сонсогдсон.

Би тэр хүнтэй нь ярья гэсэн боловч охин маань намайг яриулаагүй. Би тэр айл руу явахаар болоод байршил нь хаана болохыг охиноосоо асуухад хэлж өгөхгүй “нууц” гээд байсан ба тухайн газрыг нь хүнээр заалгаад явж байтал охин маань дахин залгаад “намайг энэ хүн зодоод байна” гэсэн.

Би тэр даруй ажилд зуучилсан хүмүүс рүү нь болсон асуудлын талаар хэлэхэд намайг “очиж бай” гэсэн. Тухайн газар очиход хүүхэд маань уйлчихсан урдаас гараад ирсэн. Миний уур хүрээд тухайн айлын хашаанд орсон чинь Алтанцэцэг гэх хүн хашаан дотроо хүүхдийг маань загнаад хараагаад зогсож байсан. Би Алтанцэцэг гэх хүнд “та хүүхдийг маань яагаад зодож байгаа юм бэ, хүний хүүхдийг ажил хийлгэх гэж авч ирчихээд зодох ёсгүй шүү дээ” гэсэн чинь намайг янз бүрээр хараагаад байсан.

Би хүүхдээ өмөөрөөд юм хэлж маргалдсан. Миний уур их хүрсэн байсан болохоор хөл рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал охин нь ирсэн. Тэр эмэгтэй намайг “гудамжны царайтай, хар авгай” гээд үг хэлээр доромжлоод байсан. Тухайн үед ажилд зуучилсан байгууллагаас хүмүүс бас ирсэн байсан. Тэр хүмүүсийн хажууд надтай муудалцсан.

Би хүүхдээ өмөөрөөд хүн зодсондоо харамсаж байна гээд уучлалт гуйсан бичиг хийж тус байгууллагад өгсөн. Алтанцэцэг бас надаас уучлалт гуйсан. Асуудал үүсгэх вий гээд хохирогчийн утасны дугаарыг авах гэтэл зуучлалын байгууллага нууц гээд өгөхгүй байсан учраас холбогдож чадаагүй. Сүүлд нь ахиад цалинг нь нэхээд очихдоо 2 удаа компанид уучлалт гуйсан бичиг хийж өгсөн.

Байцаагч дээр байцаагдаж байхдаа харилцан бие биенээ цагдаад өгөхгүй байя гэж хэлсэн. Манай хүүхдийг зодсон хэрнээ өөрөө цагдаад өргөдөл гаргаад явсан байна. О надаас уучлал гуйгаагүй гэж хэлсэн гэсэн, гэхдээ би уучлалт гуйсан. Компани миний уучлалт гуйсан бичгийг хохирогчид өгөөгүй юм шиг байна. Миний хувьд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Одоогоор би хохирогчид хохирол төлбөр төлөөгүй. Надад маргах зүйл байхгүй, би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2132 0759 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 8 сарын 13-ны өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн Нүхтийн аманд байрлах өөрийн байшиндаа ач охин болон үйлчлэгч А- нарын хамт гэртээ хоол хийгээд байж байхад үйлчлэгч А- гэх охин ууртай харагдаж байсан. Би А-д хандаж “миний дүү зүгээр үү, бие нь өвдөөгүй биз дээ” гэж асуухад А- “би ядраад байна шүү дээ” гээд над руу уурлахаар нь “би чамайг юундаа ядраад байгааг ойлгохгүй байна” гэхэд А- уурлаад “танай нөхөр чинь намайг загнасан. Би аавдаа ч загнуулж үзээгүй” гэж хэлээд, ээж рүүгээ яриад “энэ айлын хүн намайг юу ч хийгээгүй гээд загнаад байна” гэж байсан. Тэгэхээр нь би Амрааг “яв яв” гэж хэлсэн. Тэгээд А- хувцсаа аваад гараад явсан ба удалгүй манай охин орж ирээд ач охиныг минь авахдаа “айлын охиныг загнаад байхдаа яадаг юм бэ” гэхээр нь би гайхаад А-гийн 88772326 дугаарын утас руу нь залгаад “яагаад хоёр хүний хов зөөгөөд байгаа юм бэ” гэж хэлээд өөрийн байшингаас гарч, хүү Баярын байшинд ороход А- сууж байсан. Тэгэхээр нь би А-д хандаж “чи яваагүй байгаа юм уу, хоёр хүний хооронд хов зөөгөөд” гээд баруун гарны булчин хэсэгт нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа цохисон. Тэгэхэд А- гараад явсан ба би араас нь гарахад манай хашаан дотор үл таних 40 гаран насны 3 эмэгтэй орж ирсэн. Нэг том биетэй эмэгтэй нь над руу ойртож ирээд “хулгайч аа, чи миний охиныг яаж байгаа юм бэ” гээд миний биеийн зүүн хөлийн гуяны гадна хэсэгт баруун хөлөөрөө 3 удаа маш хүчтэй өшиглөөд, зүүн гараараа миний баруун чих рүү дүнгэнэтэл хүчтэй цохиж шүлсээрээ миний нүүр рүү нулимсан. Гэрээс манай бэр Сувд гарч ирэхэд нөгөө намайг цохисон эмэгтэй манай бэр рүү зодох гээд дайрсан ба түүнтэй хамт явж байсан 2 эмэгтэй нь түүнийг болиулахад би гэртээ орсон. Тэгээд тэр эмэгтэйчүүд болон үйлчлэгч А- нар цуг яваад өгсөн.

Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний зүүн хөлний гуяны гадна хэсэгт тэр танихгүй эмэгтэй баруун хөлөөрөө 3 удаа маш хүчтэй өшиглөсөн, мөн баруун чих рүү зүүн гараараа маш хүчтэй цохиж гэмтэл учруулсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Хэрэг болох үед гаднаас ирсэн үл таних 3 эмэгтэй, манай үйлчлэгч А- бид тавуулаа байсан. Манай хашаанд хяналтын камер байхгүй, намайг зодож байхад цуг явж байсан 2 эмэгтэй нь гар утсаараа бичлэг хийгээд байсан. Би тэр эмэгтэйд зодуулаад гэртээ 7 хоног хэвтэрт байсан, эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.А-гийн гэрчээр өгсөн:

“...Би анх 2019 оны 5 сарын 31-ний өдөр хүүхэд харах гэрээ байгуулаад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд байрлах нэгэн айлд ирж хүүхэд харж эхэлсэн. 2019 оны 8 сарын 13-ны өдөр 13 цагийн үед намайг 2 настай, 4 настай хүүхдүүдийг хараад байж байхад тухайн айлын эмэгтэй өглөөнөөс хойш ажиглахад ууртай байгаад байсан. Тэр айлын эгч над руу орилоод “чи зайл, яв, чам шиг юмнууд ингэж харьцахгүй шүү” гээд намайг гэрээсээ хөөсөн. Тэр эмэгтэй миний хоёр гарнаас бариад “чи яв” гээд хөөгөөд байхаар нь би “ядаж хувцсаа аваад явъя, ээжийгээ хүлээе” гэсэн чинь намайг сонсолгүй хөөгөөд гаргасан.

Надад мөнгө байхгүй, бороотой, нимгэн хувцастай байсан учраас урд айлд нь ороод ээжтэйгээ утсаар яриад сууж байхад хүүхэд хардаг айлын эгч орж ирээд миний биеийн нүүрэнд болон баруун гар руу 4-5 удаа цохиод “яв” гээд урд талын айлаас гараад явж байхад ээж машинтай тэр айлын хашааны гадаа ирсэн.

Ээж тэр эмэгтэйд хандаж “миний охиныг зодлоо” гээд тэр эмэгтэйн гуя хэсэг рүү өөрийн баруун хөлөөрөө хоёр удаа өшиглөөд, “хүний охиноор ажил хийлгэчихээд одоо ингээд цохиж зодлоо” гэж хэлээд машиндаа суугаад Хүүхэд харах үйлчилгээ үзүүлдэг компани руу залгаж хүмүүсийг нь хүлээж байгаад ирэхээр нь тэр компани дээр очиж ээж өшиглөсөн үйлдэлдээ уучлалт гуйж байна гэсэн бичиг хийж өгөөд явсан. Ээж тэр эмэгтэйн зүүн гуя хэсэгт нь хоёр удаа баруун хөлөөрөө өшиглөж харагдсан. Өөрөөр гар хүрээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х, 26х, 28х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ы гэрчээр өгсөн:

“...2019 оны 8 сарын 13-ны өдөр 13 цагийн орчим найз Оаатай Чингэлтэй дүүрэгт байрлах Бөмбөгөр худалдааны төв дотор уулзаад явж байхад найз Оы утас руу охин А яриад “энэ айлын эмэгтэй нь зодоод байна” гэхээр нь О бид хоёр цугтаа машинтай нь явж байгаад хаягийг нь мэдэхгүй тул найз Оы дүүгийн хүүхдийг замаараа аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн аманд очоод О охин руугаа залгаад “хаяг нь хаана вэ” гээд асуугаад байсан чинь охин нь “хаягаа хэлж болохгүй, гэрээндээ тэгээд тохирсон юм. Тэгээд ч би хаягаа сайн мэдэхгүй байна” гэсэн.

Нүхтийн аманд хайж яваад Оы охиныг нэг айлаас гарч байхыг хараад бид дөхөж очоод машиндаа суулгасан чинь А нь нимгэн хувцастай, хацар нь улайсан, уйлчихсан, мөн 2 гарын шуу нь улайчихсан байхаар нь манай найз О машинаас гараад тэр айлын хашаа руу яваад орсон. Би охинтой нь цуг машинд сууж байсан. Би машинд үлдээд хүүхэд харах үйлчилгээг зуучилж өгсөн компани руу залгаад “ирээч, ийм зүйл болоод байна” гэхэд “бид доороос очих гэж байна” гэж ярьсан. Удалгүй А, О хоёр тэр айлын хашаанаас гарч ирээд машинд суугаад, зуучлалын компанийн хүмүүс ирээд компани руу нь явсан. Тэгээд Оаа цохисон үйлдэлдээ уучлалт гуйгаад, бичиг хийж өгөөд явцгаасан.

Би машин дотор сууж байсан учраас цохих үйлдлийг бол хараагүй. Манай найз тэр эмэгтэй рүү хандаад юм хэлээд байгаа харагдсан. Бороотой байсан болохоор цохиж байгаа үйлдэл нь харагдаагүй. Хашаанд тэр айлын эмэгтэй болон О, түүний охин А нар байсан. Машинд Оы дүүгийн хүүхэд бид 2 сууж байсан. Бид хоёр маргалдаж дууссаных нь дараа очиж Оыг “машиндаа суу, зуучлалын хүмүүс нь ирж байна” гэж хэлээд машинд суусан.

Оы охиныг нь тэр айлын эмэгтэй зодсоноос болж маргалдсан байх гэж бодож байна. Охиноо зодуулсан эх хүний сэтгэлээр биеэ барьж дийлэлгүй цохисон болов уу, би өшиглөж байгаа үйлдлийг бол хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 24-25х/,

 

4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10243 дугаартай:

1. А.А-ийн биед үзлэгээр зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх 2019.08.13-нд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 36х/,

 

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 32-34х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ы яллагдагчаар өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 8 сарын 13-ны өдөр миний  А над руу залгаад “ээжээ, энэ айлын авгай хөөгөөд байна” гээд уйлахаар нь би цуг явсан найз О-ы хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам руу явж байхдаа тус газрыг мэдэхгүй учраас өөрийн дүүгийн хүүхэд Мөнхжаргалыг санаад, замаараа авч Нүхтийн аманд очоод, охины гар утас руу залгасан чинь хаана байгаагаа хэлэхгүй, “намайг зодоод байна ш дээ” гэж хэлээд уйлаад байсан.

Бид нарыг зам дээр зогсож байхад манай охин зам руу гараад ирэхээр нь охиноо машиндаа суулгахад уйлчихсан, бороонд хувцас нь норчихсон, баруун бугалга нь улайчихсан байхаар нь айлаас ирсэн замаар нь яваад нөгөө айлынх нь гадаа очиход хашаанд нь хоёр байшин байсан бөгөөд урд талын байшингаас нь 50 гаран насны эмэгтэй хүн гарч ирээд манай хүүхэд рүү орилоод загнаад байхаар нь “чи яагаад хүүхэд загнадаг юм бэ” гэхэд “танай хүүхдийн буруу байсан” гээд бид хоёр хэрэлдсэн.

Би биеэ барьж дийлэлгүй тэр эмэгтэйгийн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Удалгүй дахин хэрэлдэж байгаад урд нь өшиглөсөн газраа дахин нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал хүүхэд харах үйлчилгээний компанийн хүмүүс ирээд, бид нар цугтаа компани руу нь явсан.

Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, надад дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Би тэр эмэгтэйгийн зүүн гуя руу баруун хөлөөрөө 2 удаа өшиглөсөн нь үнэн. Миний буруу, тухайн үед хүүхдээ өмөөрч биеэ барьж дийлэлгүй хүний биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 45х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ариунзаяагийн мэдүүлэг /хэргийн 29-30х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 50х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 55х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.О-ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах хувийн орон сууцны хашаан дотор А.А-тэй “хүүхэд загнаж зодлоо” гэсэн шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар түүний зүүн гуя шилбэнд өшиглөх хэлбэрээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хохирогч А.А-ийн мэдүүлэг /хэргийн 18-19х/, гэрч А.А- /хэргийн 22-23х, 26х, 28х/, Д.О- /хэргийн 24-25х/ нарын мэдүүлэг болон Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний “А.А-ийн биед үзлэгээр зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо, дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх 2019.08.13-нд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10243 дугаартай дүгнэлт /хэргийн 36х/, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А-ийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 32-34х/ болон шүүгдэгч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 45х/ нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч Б.О нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нүхтийн аманд байрлах хувийн орон сууцны хашаанд А.А-ийг “хүүхэд загнаж зодлоо” гэснээс маргаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүний зүүн гуя, шилбэнд хөлөөрөө өшиглөсний улмаас хохирогч А.А-ийн биед “зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Түүнчлэн шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт тухайлан зааж зохицуулсан гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.О-ы хохирогч А.А-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүгдэгч Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэж шийдвэрлэв.  

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч А.А-ийн биед учирсан “зүүн гуя, шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн хохирогч А.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нийт 607.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт Гранд Мед эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ, оношилгоо хийлгэсэн баримттай зардал /X-Ray үзлэгийн үйлчилгээний 107.000 төгрөг, MRI үзлэгийн үйлчилгээний  290.000 төгрөг/ нийт 397.000 төгрөгийн баримт /хэргийн 32х/ авагдсан байх тул нотлогдсон хэмжээнд уг зардлыг шүүгдэгч Б.Оаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

 

Харин нэхэмжлэлээс үлдэх 210.000 төгрөгийн шаардлагад хамаарах баримт нотолгоо хэрэгт авагдаагүй тул шүүх эрүүгийн хэрэгт нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хангахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд баримтаар нотлогдож буй эмчилгээ, оношилгооны зардалд хохирогчоос зарцуулсан 397.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон нөхөн төлүүлэхээр шүүгдэгч Б.О-аас гаргуулан хохирогч А.А-т олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн ба энэ нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Монгол улсын Үндсэн хуулийн суурь зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцнэ.   

 

Шүүгдэгч Б.О нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 55х/ байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

    

Шүүх, шүүгдэгч Б.О-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Ингэхдээ шүүх, Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын харгалзан Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А- нь “гомдол хүсэлтгүй” /хэргийн 58х/ гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ө овогт Б-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Б.Оаас 397.000 /гурван зуун ерөн долоон мянга/ төгрөг гаргуулж, хохирогч хххх оршин суух, /РД: / А овогт А-ийн А-гт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

5. Энэ хэрэгт Б.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А нь “гомдолгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БАЗАРХАНД