| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0721/Э |
| Дугаар | 723 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 723
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын З-д холбогдох эрүүгийн 19100 2136 0713 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч О.З, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сонинбайгаль нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Дэлгэр гоулд” ХХК-д бизнес хөгжлийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын З- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.З нь 2019 оны 8 сарын 27-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “New garden” хорооллын 1417 дугаар байрны 6 тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч О.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...: 2019 оны 8 дугаар сарын 27-ны орой манай гэр бүлийн хүн гадаадаас ирсэн юм. Эхнэр маань манай аав ээжид дургүй байдаг бөгөөд энэ асуудлаас болж маргаан үүссэн. Манай эхнэр Араб улс руу явж ирээд “ээж, аав хоёрт бэлэг авсан шүү” гэхээр нь “хүнсээ цуглуулж гарахдаа чемодан болон авчирсан бэлгийг нь өгчихөөд, И-мартаас хүнсээ аваад харъя” гэхэд эхнэр маань “хүүхдээ аав ээж нартай чинь уулзуулахгүй” гээд хараагаад байсан. Би хүүхэдтэйгээ хамт гадаа 1 цаг гаруй тоглож байгаад гэртээ орж ирэхэд эхнэрийн маань уур нь гараагүй, уурлаад юм шидээд байсан. Манай эхнэр тухайн үед хүүхэд тэвэрсэн орилоод байхаар нь “чимээгүй болоод өг” гээд нэг удаа алгадсан. Тэгэхэд манай хажуу айлаас цагдаа дуудсан байсан. Гэтэл эхнэр маань “намайг зодсон” гэж хэлсэн. Одоо бид хоёр тусдаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд хүүхэдтэй маань нэг л удаа уулзуулсан. Намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа. Бид хоёр гэрлэлтээ батлуулаад хамтдаа 6 жил хагас сарын хугацаанд амьдарч байна.
Би хэрэг гарах үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэхдээ би хохирогчийн тохой болон өсгийнд учирсан гэмтлийг яаж учруулсныг санахгүй байна. Тухайн орой маргаан оройн 19 цагийн үед эхэлж, оройн 23 цагийн үед дууссан.
Би хохирогчийн толгой руу нь цохисон асуудал байхгүй. Эхнэр “утсаа өгч бай” гэхээр нь “май” гээд гар утсаа шидэж өгсөн. Миний утас Iphone Х маркийн гар утас учир хэрэв би гар утсаа нүүр рүү нь шидсэн бол нүүрэнд нь их хэмжээний гэмтэл учрах байсан. Би эхнэрээ нүүр рүү нь алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, надад маргах зүйл байхгүй. Одоо хохирогч бид хоёр гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа, Иргэний шүүхээс бид хоёрт эвлэрэх 2 сарын хугацаа өгсөн. Би хохирогчид 4.500.000 төгрөгийг 8 дугаар сарын 05-ны өдрөөс хойш өгсөн. 4.000.000 төгрөгийг дансаар өгсөн, энэ нь дансны хуулгаас харагдана. Би эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг төлсөн бөгөөд бэлнээр 800.000 төгрөг өгсөн. Энэ талаар эвлэрэлийн гэрээнд бичигдсэн. Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2136 0713 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ын хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 8 сарын 26-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүургийн “New garden” хотхоны 1417-6 тоотод байх гэртээ охинтойгоо хамт байхад гаднаас манай нөхөр Золбоо ажлаа тараад орж ирсэн. Нөхөр, охин, бид гурав хоолоо идчихээд “дэлгүүр гарна” гээд ярьж байхад манай нөхөр “охиныг өөрийн эцэг, эх дээрээ аваачиж өгнө” гэхээр нь би “өнөөдөр оройтсон байна, маргааш охиныг хадмууд дээр аваачиж өгч болдоггүй юмуу” гэж хэлсэн.
Тэгээд “танай, манай” гээд хэрүүл эхэлсэн. Бид хоёр 20 орчим минут хэрэлдээд, нөхөр охин Дэлгэрмааг аваад гараад явсан. Удалгүй 40 минут орчмын дараа нөхөр охиныг унтуулаад, буцаад гэрт орж ирсэн. Хүүхдийг унтлагын өрөөнд оруулж хэвтүүлчихээд, том өрөөнд орж ирээд над руу хараалын үгээр дайрч эхэлсэн. Улмаар маргалдаж байгаад би унтлагын өрөөнд орж, хаалгаа түгжээд сууж байхад хаалганы цоож эвдээд өшиглөж орж ирээд миний баруун хөлийн шилбэ рүү өөрийнхөө баруун хөлөөрөө өшиглөсөн.
Миний хөл өвдсөн учир орилсон чинь унтаж байсан охин сэрээд уйлж эхэлсэн. Намайг өшиглөсний дараа нөхөр гар утсаараа бичлэг хийж эхэлсэн юм. Миний хөл рүү хөлөөрөө өшиглөсний дараа би угаалгын өрөөнд орж сууж байгаад, удалгүй гарч ирээд орон дээр утсаа оролдоод сууж байхад миний утсыг булааж авангаа баруун гарынхаа арын хэсгээр хацар руу 1 удаа алгадсан. Тэгээд бид хоёр тус тусдаа өрөөнд ороод 2 цаг гаруй хэрэлдэхгүй тайван байж байтал нөхөр дахин унтлагын өрөөнд орж ирээд охины хажууд намайг хараан доромжилж “бос, зайл, чамтай унтахгүй” гэж хэлээд хөөсөн.
Тэгэхээр нь би том өрөөнд орж зурагтаа үзээд чимээгүй сууж байтал нөхөр орж ирээд зурагт унтраагаад дахин хэрүүл өдөж эхлэхээр нь би чимээгүй сонсоод суугаад байсан. Намайг болон гэр бүлийг минь элдэв үгээр нэг цаг гаруй харааж доромжилсон.
Би тэвчиж чадахгүй өөрийн ээж болон нөхрийн ээж рүү өөрийн дугаарыг нууцалж байгаад залгаад “маргааш өглөө 09 цагт манайд хүрээд ирж болох уу” гэж ярьсны төлөө нөхөр Золбоо босч ирээд, миний утсыг булааж аваад, өөрийнхөө Iphone xmax загварын утсаа миний нүүр рүү шидэхэд миний баруун талын хацар, нүд орчимд онож би манарсан.
Тэгээд сууж байтал нөхөр ээжтэйгээ ярьж дуусаад, миний үсний угнаас зулгааж намайг авч шидэхэд би паркетан шалан дээр толгойны орой хэсгээр газар бууж бүхэл биеэрээ савж унасан. Амьсгалж чадахгүй хивснээс татаж босч ирэхэд миний охин хажууд чарлаад үйлаад сууж байсан. Дахиж намайг үсдэж босгож ирээд буйдан дээр суулган орилж хашгирч, хараан доромжилж, баруун гарын алга хэсгээр миний хацар руу ээлжлэн 4 удаа алгадсан. Энэ бүхний дараа би нөхрөөсөө зугатааж хувцсаа өмсөөд гарах гэхэд хойноос нөхөр миний хоолойг баруун гараараа боож татан орон дээр хэвтүүлээд, миний толгойн орой хэсэг рүү 3-4 удаа баруун гараараа цохисон. Удалгүй манай хаалгыг хүн тогшиход нь би гүйж очоод хаалга онгойлгоход хоёр цагдаа зогсож байхаар нь би баярлаад тэр хоёр цагдаагаас “охинтой минь хамт намайг ээж дээр минь хүргээд өгөөч” гэж гуйсан.
Би №10433 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад учирсан гэмтлүүдийг миний нөхөр Золбоо учруулсан. Одоо би сэтгэл санааны хувьд айдастай байгаа, биеийн эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүд талдаа сав гажсан байгаа. Тухайн өдөр манай нөхөр Золбоо архи уугаагүй, эрүүл байсан. Би мөн архи уугаагүй, эрүүл байсан. Манай нөхөр хатуу ширүүн зантай, маш их хартай, догшин авиртай.
2014 оноос хойш байнга л гар хүрч зодож байсан. Сүүлд тухайн өдөр намайг зодож хөнгөн гэмтэл учруулсан. 2019 оны 8 сарын 26-ны өдрөөс хойш бид 2 тусдаа амьдарч байна. Над руу байнга залгаж дарамталж, доромжилж байгаа учраас гомдолтой байна. Одоогийн байдлаар нэхэмжпэх зүйл алга.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23-24х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Эрдэнэчимэгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 сарын 28-ны шөнө 02 цагийн үед охин А миний гар утас руу залгаад “ээжээ намайг өглөө ирээд аваарай” гэж хэлээд утас нь тасарчихаар нь эргээд залгахад охин утсаа аваад уйлаад “ээжээ би харьмаар байна, намайг ирээд аваач” гэхээр нь би охиноосоо “нөхөр чинь бас зодсон уу” гэж асуухад “тиймээ” гэж хэлээд утас нь тасарсан.
Би тэр даруй хүү Мэнд-Амар руу яриад “эгчийнхээ гэр рүү яваад очооч, эгч чинь уйлаад байна, зодоон нүдээн болсон юм шиг байна, очоотох” гэж хэлсэн. Удалгүй би хүүтэйгээ ярьсан чинь “би эгчийнд ирээд байж байна, эгчийнд цагдаа ирчихсэн байна” гэхээр нь “наашаа хүрээд ир” гэж хэлсэн. Хүү маань эгчийгээ хүүхэдтэй нь аваад гэртээ ирсэн.
Би хүргэн Золбоотой гар утсаар яриад “юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “Ааас болсон” гээд алдаагаа миний охин руу чихээд байхаар нь “яагаад охиныг минь зодоод байгаа юм бэ, одоо миний охиныг тайван байлгаад өг” гэж хэлээд утсаа салгасан. Манай охин, хүү, зээ гурав үүрээр 3-4 цагийн үед ирэхэд охины баруун талын хацар нь хавдаад хөхөрчихсөн, зүүн хөлний өвдөг нь шалбарсан, хөхөрсөн, баруун хөлний шилбэний урд дээд хэсэг, өсгийд цус хуралттай байсан. Сэтгэл санааны хувьд маш их гутарсан, ууртай байсан. Охин маань орж ирээд уйлаад “би ахиж Золбоотой уулзахгүй, амьдрахгүй” гээд уйлаад байсан.
2017 онд байхаа охин маань хавиргаа хугалуулж, зодуулчихаад надад хэлэхдээ “цэцэг усалж байгаад унаад хавиргаа хугалчихлаа” гэж хэлсэн. Тэр үед л манай хүргэн Золбоо зодож хавиргыг нь хугалж байсныг 4-5 сарын дараа “Золбоо намайг зодоод хугалсан” гэж үнэнээ хэлсэн. 2018 онд байр түрээслэн амьдарч байхдаа манай хүргэн Золбоо согтуугаар охиныг минь зодоод охин над дээр ирж байсан. Тухайн үед гэмтэл шархыг нь үзээгүй. Би охиноо аваад Орхон аймаг руу авч явж тэндээ өвөлжсөн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25-26х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мэнд-Амарын гэрчээр өгсөн:
“...2019 оны 8 сарын 28-ны шөнө 02 цагийн үед найз охин Эрдэнэцэцэгтэй уулзчихаад гэр рүү таксидаад Төв шуудангийн урд явж байхад ээж над руу залгаад “эгчтэйгээ утсаар ярьдаа” гэхээр нь эгч рүү залгасан чинь “такси бариад хүрээд ир” гэхээр нь би эгчийн гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Нью Гарден” хотхоны 1417 дугаар байрны тоотыг нь сайн санахгүй байна, гэрт нь очиход хаалга нь онгорхой байсан бөгөөд гэрт нь цагдаа болон эгч, дүүгийн хамт байсан. Гэрт нь ороход эгч уйлчихсан, нүүрний баруун хацар, нүд хэсгээрээ хөхөрчихсөн, хавдсан байдалтай байсан. Эгч алхахад мөн доголоод байсан.
Гар утас нь эвдрээд, нүүр нь хагарчихсан, эгчийн 3 настай охин Дэлгэрмаа нь айж сандарсан байдалтай байсан. Удалгүй эгч хувцсаа болон дүүгийн тоглоом хувцас хунарыг аваад манайх руу буюу Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байрны 46 тоотод гэртээ ирэхэд ээж Эрдэнэчимэг унтаагүй бид хэдийг хүлээгээд байж байсан. Тухайн үед эгч хэлэхдээ “Золбоог цагдаа аваад гарсан” хэлж байсан. Золбоо урьд нь эгчийг зодож цохидог сурагтай байсан. Би сайн мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 27-28х/,
4. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10433 дугаартай:
1. Б.А-н биед баруун хацар, баруун шилбэний урд дээд хэсэг, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 34х/,
5. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 1355 дугаартай:
1. Б.А-ын биед баруун хацар, шилбэ, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.
4. Дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. ШЭШГ-н тэргүүлэх зэрэгтэй шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 10433 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
6. Дээрхи гэмтлүүд нь бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
8. Гэмтлийн үлдэц эмгэг тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 66-67х/,
6. “Эрсдлийн түвшин дунд” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 08-09х/,
7. “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ баримт /хэргийн 10-18х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Згийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 8 сарын 27-ны орой 17 цагийн үед ажлаа тараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “New garden” хотхоны 1417 дугаар байрны 4 тоотод байх гэртээ ирэхэд эхнэр А, охин Дэлгэрмаа хоёр гэртээ байсан. Эхнэртээ хандаж “хэдүүлээ гарч хүнсээ цуглуулъя, хорооллын И-март оръё. Авсан бэлгийг нь ээж, аавд өгье, охиноо түр үлдээгээд хүнсээ цуглуулчихаад охиноо аваад ирье” гэхэд эхнэр эсэргүүцэж орилоод, манай эцэг эхийг муулаад байхаар нь би охиноо аваад гадаа гарсан. Намайг охиноо аваад гарахад эхнэр араас орилоод хараалын үг хэлээд байсан.
Би гадаа охинтойгоо цаг гаран болоод, гэртээ буцаж орж ирэхэд эхнэр над руу үргэлжпүүлэн орилж хашгирсаар байсан. Над руу орилж хашгирч байснаа чимээгүй болоод, солонгос киногоо үзээд суусан. Том өрөөнд хүүхэд дээрээ очсон чинь эхнэр намайг хармааргүй байна гээд өрөөндөө ороод хэвтээд, утсаа оролдоод байсан. Орой унтах гээд орондоо орохдоо охиноосоо “аавдаа хайртай юу” гэж асуухад “хайргүй” гэж хэлэхээр нь би охиндоо хандаж “тэгвэл би чамтай унтахгүй” гэж хэлэхэд манай эхнэр “хүүхэдтэй яаж харьцаад байгаа юм бэ” гээд над руу орилж хашгирч эхэлсэн.
Бид хоёр хэрэлдэж байхад эхнэр манай ээж рүү залгаж “маргааш өглөө гэр бүлийн хурал хийнэ” гэхээр нь би утсыг нь аваад, “битгий шөнө орой болсон хойно хүн рүү яриад бай” гэж хэлсэн. Тэгээд манай ээж над руу залгаад “юун гэр бүлийн хурал гээд эхнэр чинь над руу залгаад байгаа юм бэ” гэж асуухаар нь “та хоёртой охиноо уулзуулах гэхээр эхнэр уурлаад байна” гээд гар утсан дээр хийсэн видео бичлэгээ явуулсан. Удалгүй эхнэр хүүхдээ аваад унтлагын өрөөнд ороод хаалгаа түгжээд, хүүхдийн хажууд орилоод хараалын үг урсгаад байхаар нь хаалгаа хүчтэй түлхэж ороод охиноо авч том өрөөнд орсон.
Охин уйлаад байхаар нь ээжид нь оруулж өгөөд “орилж хашгирахаа болиоч, шинээр айл гэр болж байж хөршүүдээс санаа зовооч” гэж хэлэхэд охиноо аваад 00-ийн өрөө рүү ороод хаалгаа түгжээд орилоод, хараалын үг урсгаад сууж байгаад гарч ирээд охиноо унтуулсан. Тэгээд би коридорт эхнэртэйгээ ярилцаад, уучлалт гуйгаад зогсож байтал хаалга тогшихоор нь онгойлгоход 2 цагдаагийн алба хаагч зогсож байсан.
Би тухайн өдөр эрүүл байсан, би архи уудаггүй. Би эхнэр Аын биед гар хүрээгүй. Маргалдаж байгаад манай гэрт цагдаа ирэхээр нь би гэрээс гараад буцаж гэртээ ороогүй. Баянгол дүүрэгт байх ээж, аавындаа очиж хоносон. Гар утсаараа эхнэрийнхээ биед ямар нэгэн байдлаар цохиогүй. Их хүнд утас учраас нүүр рүү нь шидсэн, цохисон бол гэмтлийн зэрэг нь хүнд гарах байсан.
|
|
Бид хоёр гэрлэлтээ батлуулаад 5 жил, хамт амьдраад 3 жил болж байна. Би урьд нь эхнэр Аын биед гар хүрч, зодож цохиж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-32х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 43х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 45х/, “Дэлгэр гоулд” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 55х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 58х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжилтэн, шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллаганы явцад нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Золбоогийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.З нь 2019 оны 8 сарын 27-ны орой 19 цагаас 23 цагийн хооронд үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “New garden” хорооллын 1417 дугаар байрны 6 тоот дахь өөрийн гэртээ “охиныг аав ээж рүү явуулахгүй” гэлээ гэх үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-тай зүй зохисгүй байдлаар харилцаж, оройн 19 цагаас 23 цагийн хугацаанд буюу тодорхой давтамжит үргэлжилсэн хугацаанд хацар, толгой руу нь цохих, алгадах, үснээс нь зулгаах, хоолойг нь боох, гар, хөл рүү цохих, гар утас авч шидэх зэргээр зодож биед нь “...баруун хацар, баруун шилбэний урд дээд хэсэг, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хохирогч Б.А-ын мэдүүлэг /хэргийн 23-24х/, гэрч Н.Эрдэнэчимэг /хэргийн 25-26х/, Б.Мэнд-Амар /хэргийн 27-28х/ нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 10433 дугаартай “Б.А--н биед баруун хацар, баруун шилбэний урд дээд хэсэг, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 34х/, мөн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хэргийн материалаар хийсэн шинжилгээний 1355 дугаартай “Б.А-ын биед баруун хацар, шилбэ, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна, дээрхи гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, ШЭШГ-н тэргүүлэх зэрэгтэй шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан 10433 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. дээрхи гэмтлүүд нь бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн үлдэц эмгэг тогтоогдохгүй байна.” гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /хэргийн 66-67х/,“Эрсдлийн түвшин дунд” гэж дүгнэсэн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ баримт /хэргийн 08-09х/, “Гэр бүлийн хүчирхийлэл байна” гэж дүгнэсэн Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ баримт /хэргийн 10-18х/ болон шүүгдэгч А.Золбоогийн мэдүүлэг /хэргийн 30-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Б.А-ын биед учирсан “баруун хацар, баруун шилбэний урд дээд хэсэг, өсгийд цус хуралт, зүүн тохойд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.З нь түүнийг үснээс нь зулгаах, хоолойг нь боох, өшиглөх, цохих зэргээр зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Хэргийн хохирогч Б.А-, шүүгдэгч О.З нар нь гэр бүлийн хамтын амьдралаар амьдрах, дундаасаа үр хүүхэдтэй эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд мөн юм.
Нөгөөтэйгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч О.З нь өөрийн эхнэр Б.А-тай үл ялих зүйлээр шалтаглан 2019 оны 8 сарын 27-ны өдрийн орой 19-23 цагийн хооронд маргаан үүсгэн гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдлыг тодорхой завсарлагатай үргэлжилсэн хугацаанд алдагдуулж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан “үснээс нь зулгаах, хоолойг нь боох, өшиглөх, цохих, гар утас авч шидэх зэргээр зодон бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах нь тухай гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааж хуульчилсан байна.
Прокуророос О.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон ба хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдан тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч О.Зг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан байна.
Хэргийн хохирогч Б.А-ын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Б.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн материалтай танилцахдаа “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 60х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй тул шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.З нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай урьд эрүүгийн хариуцлага хүлээж байысан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 58х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах тул шүүгдэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч О.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Зд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт О.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт О-ын З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.З-д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.З нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт О.З нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД