| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0723/Э |
| Дугаар | 724 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 724
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Б-д холбогдох эрүүгийн 19100 2249 0749 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Нарангэрэл, хохирогч Г.Б, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дельта” авто сервис ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын Б /РД: 1/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 сарын 12-ны өглөө 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дельта” авто сервис рүү ордог уулзвар дээр “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар хохирогч Г.Б-тай маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өглөө 8 цагийн үед Атар өргөөгийн замын урд талд Г.Б-тай үл ойлголцсон асуудал гарсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би хэрэг гарах үед зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд явж байсан. Би хохирогчийг гараараа толгой руу нь цохисон, гэхдээ хэдэн удаа цохисон гэдгээ мэдэхгүй байна.
Одоогийн байдлаар би хохирогчид хохирол төлөөгүй байгаа. Хэрхэн төлөхөө мэдэхгүй байсан тул хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, гэхдээ би хохирол төлбөр болох 340.000 төгрөгийг төлнө. Би буруу зүйл хийсэн байна, одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна. Уг асуудлыг эв зүйгээр шийдэх боломж байсан.” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Замын хөдөлгөөнд бие биеэ хүндлэлгүй үл ойлголцсон асуудлаас болж уг гэмт хэрэг гарсан. Би шүүгдэгчтэй адилхан залуу хүн учир Бат-Эрдэнийг шийтгүүлэхийг хүсэхгүй байна. Миний хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдолгүй. Би 340.000 төгрөгөөр эмнэлэгт үзүүлсэн тул 340.000 төгрөг нэхэмжилнэ. Би хохирлын баримтаа хэрэгт хавсаргасан байгаа.
Би тухайн өдөр хар өнгийн Харьер маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх гээд баруунаас зүүн чиг рүү явж байсан. Миний тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй.
Шүүгдэгч бид хоёр шахалцаж зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ рүү ороход Б миний машины урд гараад, Дельта авто засварын газар руу ордог эргэлт дээр зогссон. Би сигналдаад уурандаа толь руу нь цохиод “яв” гэж хэлсэн. Б намайг цохих гэхэд нь би болиулах гээд гарнаас нь түлхсэн. Гэтэл намайг хүний биед халдсан гээд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан байгаа.
Би толгойн томогрофын зураг авахуулахад 120.000 төгрөг, Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг зарцуулсан. Мөн тархины лаборыг 6 удаа хийлгэсэн ба энэ нь нийт 70.000 гаруй төгрөг болсон.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2136 0713 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 9 сарын 12-ны өглөө 08:00 цагийн үед өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота карриар маркийн автомашинтай эхнэр, 3 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто заводын автобусны буудлын орчимд явж байгаад намайг цохисон гэх О.Б-ийн хххх улсын дугаартай автомашинтай шахалцсан. Тэгээд тэр залуу машинаараа тулаад, толио шүргүүлээд эвхэгдсэн. Тэгэхээр нь би ард нь ороод явж байхад тэр залуу явахгүй байсан, би араас нь сигнаалдсан. Тэгээд би гүйцэж түрүүлээд Дельта авто сервис рүү ордог уулзвар дээр зэрэгцэж зогсоод, цонхоо буулгаад гараараа О.Б-ийн унаж явсан Приус-20 маркийн автомашины зүүн талын толийг цохиход толь нь эвхэгдсэн.
Би уурандаа “чи яв л даа” гээд хэлэхэд О.Б машинаасаа буухаар нь би ч гэсэн машинаас буусан. Тэгэхэд тэр залуу намайг цохисон ба хүмүүс “болиоч ээ” гээд салгасан. Тэр үед О.Б миний өмсөж байсан хувцаснаас зуураад цохиод байсан. Манай эхнэр машинаас бууж ирээд “болиоч” гээд О.Б-ийн цээж рүү түлхээд байсан.
Би эхнэртээ “хүүхдүүдийг хүргээд өгчих” гэсэн ба манай эхнэр явахаасаа өмнө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг Цагдаагийн хэлтэст авчирсан. Би машинд шахагдсаар байгаад автобусны буудал руу орсон, тэрнээс биш ямар нэгэн дүрэм зөрчөөгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
О.Б бид хоёр замын хөдөлгөөнд оролцож байгаад бие биенийгээ хүндэтгээгүй, үл ойлголцлоос болж надад гэмтэл учруулсан байх. О.Б гараараа миний толгой руу нилээн хэдэн удаа цохисон, яг хэдэн удаа цохисон гэдгийг бол мэдэхгүй байна.
...Мөн О.Б “намайг ална” гээд өмсөж байсан фодволкоо тайлж байхдаа урж тасдаж байсан. Тэр хүзүүндээ ямар нэгэн гинж зүүсэн байсан эсэхийг би анзаараагүй. Тухайн болсон үйл явдлыг манай эхнэр Буянхишиг харсан. Одоо миний толгой байнга өвдөж, дүнгүүрлэж байгаа. ...Надад гомдол санал байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Буянхишигийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 сарын 12-ны өдрийн 08:40 минутын үед нөхөр, 3 хүүхдийн хамтаар хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Авто сервис рүү эргэдэг уулзвар дээр явж байсан. Тэр үед манай нөхөр машин барьж явж байсан. Тэгээд ххххулсын дугаартай автомашинтай шахцалдаад яваад байсан ба тэр машин манай машины хажуугаар орохдоо толио хугалаад, бидний урд гараад зогссон. Тэгэхээр нь манай нөхөр хажуугаар нь гүйцэж түрүүлээд зэрэгцэж зогсоод, цонхоо буулгаад толь юм уу, цонх юм уу яг хаашаа цохисоныг нь сайн хараагүй, би хойд талын сандал дээр сууж байсан юм. Тэгэхэд тэр залуу машинаасаа бууж, манай нөхөр бас машинаасаа буухад ххххулсын дугаартай автомашины жолооч үгийн зөрүүгүй манай нөхрийн толгой тархи руу гараараа цохиод байсан.
Би хүүхдээ тэвэрч байхдаа цонхоо буулгаад, тэр залуугийн өмсөж байсан фодволкны далнаас нь татахад болихгүй байсан. Тэгэхээр нь би хүүхдээ сандал дээр суулгаж үлдээгээд, машинаас буухад цаанаас 4-5 хүн ирээд салгах гэхэд тэр залуу манай нөхөр рүү улам дайраад орилоод, өмсөж байсан фодволкоо тайлаад орилоод байсан.
Би тэр залуугийн цээж рүү 2-3 удаа түлхсэн. Тэгэхэд манай нөхөрийг зодсон залуугаас юм уу, эсвэл ирж салгасан хүмүүсээс юм уу архи үнэртээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчихөөд, хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бага хүүхдээ аавд нь үлдээгээд явж байхад манай нөхөрийг дахин цохих гээд дайраад байсан. Би хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд буцаж ирэхэд цагдаа нар ирсэн байсан ба бид нарыг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд, өргөдөл бичиж өгсөн. Манай нөхөр ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэж бодож байна. ...Болсон асуудлыг Дельта авто сервисээс гарч ирсэн хүмүүс харсан байх ёстой, манай нөхөрийг зоддог залуутай хамт ажилладаг, бие биенийгээ таньдаг юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Баасанпүрэвийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 сарын 12-ны 08:40 цагийн үед өөрийн ажиллладаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта авто сервис төвийн харуулаар 24 цагийн үүрэг гүйцэтгээд ажлаасаа буух гээд харуулын путиг дотор сууж байгаад цонхоороо харахад манай байгууллагын засварчин Б үл таних эрэгтэйтэй заамдалцаад, барьцалдаад зогсож байсан.
Хажуугаар нь өнгөрч байсан хөндлөнгийн 2 эрэгтэй хүн салгаж байсан. Тэгэхээр нь би очоод Бат-Эрдэнийг тэр хүнээс холдуулаад түлхэхэд Б өөрийнхөө өмсөж явсан фодволкийг тайлаад, машиныхаа хамар дээр тавиад үг хэлээрээ хэрэлдээд байсан. Би зодоон салсан учраас харуулын байр луу ороод, төв байр луу ороод хуруугаа дараад дараагийн ээлжний хүнд ажлаа хүлээлгэж өгөөд ажлаасаа буугаад явсан.
Намайг харуулын байран дотор сууж байхад чанга дуу чимээ сонсогдоогүй. Манай харуулын байр 4 тал руугаа харсан цонхтой байдаг. Б харуулын байрны хажууд зодолдож байсан болохоор би цонхоор хараад гараад очсон. Намайг очиход Бат-Эрдэнийн фодволка урагдсан байсан. Тэр хоёрын дундуур үл таних 2 залуу ороод салгаж байсан. Нөгөө залуугийн биед ил харагдах шарх байсан эсэхийг би анзаараагүй, Бат-Эрдэнийн хүзүүнд ямар нэгэн зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нандинзаяагийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 сарын 12-ны орой 20:00 цагийн үед манай нөхөр орой ажлаа тараад фодволкоо барьсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад “өнөөдөр өглөө зам дээр хүнтэй маргалдсан чинь фодволк ураад, би хүн цохичихлоо. Тэгээд цагдаа дээр очоод байцаагдсан“ гэхээр нь гайгүй юу гэхэд гайгүй ээ гэж хэлж байсан.
Б орж ирэхдээ ногоон куртиктэй, ногоон өмдтэй, урагдсан саарал фодволк бариад ирсэн. Өглөө гинж зүүж гарсаныг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед харагдахгүй байхаар нь би “гинжээ яасан юм бэ” гэж асуухад “миний гинж байхгүй байна, ажил дээрээ хайсан чинь байхгүй байна” гэж хэлж байсан. Би сүүлд гинж байхгүй гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11083 дугаартай:
1. Г.Б-н биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 68-69х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцд О.Б-ийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 9 сарын 12-ны өглөөний 09:00 цагт би өөрийн ажилладаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта авто сервис рүү өөрийн эзэмшлийн 21-60 УНП улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн машинтай явж байхад хохирогч Г.Б хар өнгийн Харьер маркийн авто машинтай явж байгаад, буруу тал буюу баруун талаар шахаж миний машины толийг эвхсэн.
Тэгэхээр нь би толь товчлуураа дарж буцаагаад толио нээгээд, хөдөлгөөнд оролцоод урьд нь гарсан. Би 5 км цагийн хурдтай удаан явж байхад Г.Б миний араас сигналдаад гэрлээрээ дохиод байсан. Тэгээд би ажил руугаа эргэх гэтэл Г.Б машинтайгаа миний хажууд зэрэгцээд, цонхоо буулгаад гараараа миний машины толийг эвхсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод буухад Г.Б намайг “яаж яваад байгаа пизда вэ” гээд харааж машинаасаа бууж ирсэн. Бид хоёр нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж заамдаад, би гараараа толгой руу нь 1-2 удаа цохисон. Тэгэхэд машины хойд талын цонхыг эмэгтэй хүн онгойлгоод, миний өмсөж байсан хувцаснаас зуурсан ба ойр хавьд явж байсан танихгүй хүмүүс ирээд, намайг бариад хориод байсан. Тэр үед намайг танихгүй хүмүүс барьсан байхыг далимдуулаад миний толгой руу гараараа цохиод байсан. Бид хоёрыг салгасан хүмүүс явцгаасан ба эхнэр нь гэх эмэгтэй машинаас бууж ирээд “энэ хүн согтуу байна” гэж орилж байгаад, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай байгууллагын хамгаалагч Ж.Баасанпүрэв харуулын байрнаас гарч ирээд “юу болоод байгаа юм” гээд надаас асуугаад “чи зүгээр үү, чи боль” гэж хэлж байсан. ...Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг хэлтэс дээр авчирсан.
Замын хөдөлгөөнд зөв зохистой оролцоогүйгээс болж маргаан гарсан. Бид хоёр маргалдсанаас болоод Г.Бийн биед гэмтэл учирсан байх гэж бодож байна. Би Г.Бийг түрүүлж цохисон нь үнэн. Тухайн үйл явдлыг хажуугаар явж байсан хөндлөнгийн хүмүүс харсан.
Би Бямбадаштай уулзаж байгаад асуудлаа шийднэ гэж бодож байна. Бямбадаш миний өмсөж байсан фодволкийг татаж чангааж байгаад урсан. Би мэдлэггүйгээсээ болоод шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Тэр үед миний хүзүү болон дух хэсгийг маажсан болохоор ажил хийхэд ямар нэгэн саад болохгүй байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, гэрч О.Сэлэнгийн мэдүүлэг /хэргийн 52х/, “Дельта авто сервис” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 55х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 56х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 57х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 сарын 12-ны өглөө 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дельта” авто сервис рүү ордог уулзвар дээр “зам тавьж өгсөнгүй, машины толь эвхлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Бтай маргалдан, таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг цохиж зодон, биед нь “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:
- хохирогч Г.Бийн: “...Би 2019 оны 9 сарын 12-ны өглөө 08:00 цагийн үед өөрийн эзэмшлийн хххх улсын дугаартай Тоёота карриар маркийн автомашинтай эхнэр, 3 хүүхдийн хамтаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто заводын автобусны буудлын орчимд явж байгаад намайг цохисон гэх О.Б-ийн ххххулсын дугаартай автомашинтай шахалцсан. Тэгээд тэр залуу машинаараа тулаад, толио шүргүүлээд эвхэгдсэн. Тэгэхээр нь би ард нь ороод явж байхад тэр залуу явахгүй байсан, би араас нь сигнаалдсан. Тэгээд би гүйцэж түрүүлээд Дельта авто сервис рүү ордог уулзвар дээр зэрэгцэж зогсоод, цонхоо буулгаад гараараа О.Б-ийн унаж явсан Приус-20 маркийн автомашины зүүн талын толийг цохиход толь нь эвхэгдсэн. Би уурандаа “чи яв л даа” гээд хэлэхэд О.Б машинаасаа буухаар нь би ч гэсэн машинаас буусан. Тэгэхэд тэр залуу намайг цохисон ба хүмүүс “болиоч ээ” гээд салгасан. Тэр үед О.Б миний өмсөж байсан хувцаснаас зуураад цохиод байсан. ...Манай эхнэр явахаасаа өмнө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид хоёрыг Цагдаагийн хэлтэст авчирсан. Би машинд шахагдсаар байгаад автобусны буудал руу орсон, тэрнээс биш ямар нэгэн дүрэм зөрчөөгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.
О.Б бид хоёр замын хөдөлгөөнд оролцож байгаад бие биенийгээ хүндэтгээгүй, үл ойлголцлоос болж надад гэмтэл учруулсан байх. ...Одоо миний толгой байнга өвдөж, дүнгүүрлэж байгаа. ...Надад гомдол санал байхгүй, хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 10-11х/,
- гэрч С.Буянхишигийн: “...2019 оны 9 сарын 12-ны өдрийн 08:40 минутын үед нөхөр, 3 хүүхдийн хамтаар хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта Авто сервис рүү эргэдэг уулзвар дээр явж байсан. Тэр үед манай нөхөр машин барьж явж байсан. Тэгээд ххххулсын дугаартай автомашинтай шахцалдаад яваад байсан ба тэр машин манай машины хажуугаар орохдоо толио хугалаад, бидний урд гараад зогссон. Тэгэхээр нь манай нөхөр хажуугаар нь гүйцэж түрүүлээд зэрэгцэж зогсоод, цонхоо буулгаад толь юм уу, цонх юм уу яг хаашаа цохисоныг нь сайн хараагүй, би хойд талын сандал дээр сууж байсан юм. Тэгэхэд тэр залуу машинаасаа бууж, манай нөхөр бас машинаасаа буухад ххххулсын дугаартай автомашины жолооч үгийн зөрүүгүй манай нөхрийн толгой тархи руу гараараа цохиод байсан. ...Манай нөхөр ямар нэгэн дүрэм зөрчөөгүй гэж бодож байна. ...Болсон асуудлыг Дельта авто сервисээс гарч ирсэн хүмүүс харсан байх ёстой, манай нөхөрийг зоддог залуутай хамт ажилладаг, бие биенийгээ таньдаг юм шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-23х/,
- гэрч Ж.Баасанпүрэвийн: “...2019 оны 9 сарын 12-ны 08:40 цагийн үед өөрийн ажиллладаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дельта авто сервис төвийн харуулаар 24 цагийн үүрэг гүйцэтгээд ажлаасаа буух гээд харуулын путик дотор сууж байгаад цонхоороо харахад манай байгууллагын засварчин Б үл таних эрэгтэйтэй заамдалцаад, барьцалдаад зогсож байсан. Хажуугаар нь өнгөрч байсан хөндлөнгийн 2 эрэгтэй хүн салгаж байсан. Тэгэхээр нь би очоод Бат-Эрдэнийг тэр хүнээс холдуулаад түлхэхэд Б өөрийнхөө өмсөж явсан фодволкийг тайлаад, машиныхаа хамар дээр тавиад, үг хэлээрээ хэрэлдээд байсан.
Намайг харуулын байран дотор сууж байхад чанга дуу чимээ сонсогдоогүй. Манай харуулын байр 4 тал руугаа харсан цонхтой байдаг. Б харуулын байрны хажууд зодолдож байсан болохоор би цонхоор хараад гараад очсон. Намайг очиход Бат-Эрдэнийн фодволка урагдсан байсан. Тэр хоёрын дундуур үл таних 2 залуу ороод салгаж байсан. Нөгөө залуугийн биед ил харагдах шарх байсан эсэхийг би анзаараагүй, Бат-Эрдэнийн хүзүүнд ямар нэгэн зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 25х/,
- гэрч Д.Нандинзаяагийн: “...2019 оны 9 сарын 12-ны орой 20:00 цагийн үед манай нөхөр орой ажлаа тараад фодволкоо барьсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад “өнөөдөр өглөө зам дээр хүнтэй маргалдсан чинь фодволк ураад, би хүн цохичихлоо. Тэгээд цагдаа дээр очоод байцаагдсан“ гэхээр нь “гайгүй юу” гэхэд гайгүй ээ гэж хэлж байсан. Б орж ирэхдээ ногоон куртиктэй, ногоон өмдтэй, урагдсан саарал фодволк бариад ирсэн. Өглөө гинж зүүж гарсаныг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед харагдахгүй байхаар нь би “гинжээ яасан юм бэ” гэж асуухад “миний гинж байхгүй байна, ажил дээрээ хайсан чинь байхгүй байна” гэж хэлж байсан. Би сүүлд гинж байхгүй байна гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,
- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11083 дугаартай:
1. Г.Б-н биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 29х/,
- хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Бийн хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд /хэргийн 68-69х/,
- шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 42-43х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 9 сарын 12-ны өглөө 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дельта” авто сервис рүү ордог уулзвар дээр “зам тавьж өгсөнгүй, машины толь эвхлээ” гэх шалтгаанаар хохирогч Г.Бтай маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар гараараа цохиж зодон түүний биед нь “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдсон ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Хан-Уул дүүргийн прокуророос О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.
Тухайн хэргийн хувьд хохирогч болон шүүгдэгч нар нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа харилцан бие биедээ хүндэтгэлгүй хандаж, эгнээ байр эзлүүлсэнгүй, шахаж явсан, толь цохисон зэрэг шалтгаанаар замын хөдөлгөөнд оролцохдоо соёлгүй харилцаа хандлага гаргасан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэж шийдвэрлэв.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Г.Бийн биед учирсан “тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зовхины цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хэргийн хохирогч Г.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ хийлгэсэн зардлын 340.000 төгрөг нэхэмжилсэн ба хэргийн 68-69 дүгээр талд авагдсан хохирогчоос гаргасан эмчилгээний зардлын баримтыг нэг бүрчлэн судалж, толгойн КТГ-ын зураг авхуулсны 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн 8.000 төгрөг, эм тариа худалдан авалт хийсний 41.030 төгрөг, нийт 169.030 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй ба нэхэмжлэлээс үлдэх 170.970 төгрөгийн шаардлагыг /шатахууны зардал/ шүүх гэмт хэргийн хохирол уршигт тооцогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч О.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 44х/ байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч О.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Ингэхдээ шүүх, О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Оцын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч О.Бэс 169.030 /нэг зуун жаран есөн мянга гуч/ төгрөг гаргуулж, хохирогч хххх тоотод оршин суух, /РД:5/, А овогт Г-ын Б-т олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 170.970 /нэг зуун далан мянга есөн зуун дал/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Энэ хэрэгт О.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД