| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0710/Э |
| Дугаар | 726 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 726
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж,
улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,
шүүгдэгч Ө.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Ө-гийн Б, Б овогт Ц-ийн Н нарт холбогдох эрүүгийн 19100 1659 0742 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 сарын 04-ний өдрийн 279 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 06-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 сарын 12-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 540.000 төгрөгөөр торгох ялаар,
- Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 702.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С овогт Ө-гийн Б /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 06-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Н /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ө.Б нь Ц.Нтай бүлэглэн 2019 оны 7 сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 40 инчийн “HISENSE” загварын LCD зурагтыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 394.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.Н нь Ө.Бтай бүлэглэн 2019 оны 7 сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 40 инчийн “HISENSE” загварын LCD зурагтыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 394.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Хэрэг гарах үед унаж байсан тээврийн хэрэгсэл манай эхнэрийн машин байгаа юм. Хэрэг гарахын өмнөх өдөр миний машин тасалдаад асахгүй байсан. Тэгээд машинаа янзлаад байж байхад Б над руу залгаад “найз нь эмнэлэгт хэвтэж байна, уйдаад байна, хүрээд ир, хамт таксинд явъя” гэхээр нь Быг очиж авчихаад явж байгаад Гурвалжингийн гүүрний орчмоос нэг хүнийг суулгаад Яармагт нэг сургуулийн ойролцоо буулгаж өгчихөөд явж байх замдаа энэ хэргийг үйлдсэн.
Би амьдралдаа хар толбо үлдээж байгаадаа харамсаж байна. Б бид хоёр гудамжаар эргэтэл тухайн гудамжинд бие засах газар байгаагүй болохоор хулгай хийсэн айлынхаа нойлд орж бие зассан юм. Тэгээд нойлоос гарч байтал Б "тухайн айлын зурагтыг нь авчихъя” гэхээр нь найзыгаа дэмжээд хулгай хийсэн.
Би эхнэрийнхээ ээмгийг ломбарданд тавьж байгаад 230.000 төгрөгөөр хохирогчийн зурагтны ломбардны зээл, хүүг төлсөн. Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Ө.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би хэрэг гарах үед бага зэрэг архи уусан байсан, өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Н машин жолоодож байсан. Тухайн үед би “уйдаад байна” гээд найз Нг дуудаад, бид хоёр хамтдаа таксинд явсан. Би хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1659 0742 дугаартай хэргээс:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 06-10х/,
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-15х/,
3. Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 18-19х, 20-23х/,
4. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 31-36х/,
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.У-ын хохирогчоор өгсөн:
“...Би Хххх тоотод нөхрийн хамт амьдардаг ба тухайн хаяган дээр манай нөхрийн ах Дашнямынх бас байдаг юм. Өнөөдөр буюу 2019 оны 7 сарын 06-ны өдөр хашаанаасаа хамгийн сүүлд би 13 цагийн орчимд гарсан. Гарахдаа гэрийнхээ түлхүүрийг хаалганыхаа хажуу талын бүрээсэнд хавчуулаад явсан. Гэрээс гарахад манай гэрийн эд зүйл бүрэн бүтэн байсан ба орой нөхөртөйгөө хамт 22 цагийн орчим ирэхэд манай зурагт алга болсон байсан учир цагдаагийн байгууллагад хандсан.
Манайхаас зурагт алга болсон байсан, өөр алдагдсан эд зүйл байхгүй. Тухайн зурагтыг манай том ах Улаанаа бэлэглэж байсан юм. Манай Hisense маркийн 40 инчийн LED зурагтыг ах 2019 оны 4 сарын 02-ны өдөр 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэж ярьж байсан. Одоо зурагтаа 800.000 төгрөгөөр үнэлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 39х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхтүвшингийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 7 сарын 06-ны өдөр манай ломбарданд зурагт тавьсан бичиг мөн байна. Миний гарын үсэгтэй бичиг байна, барьцаанд 40 инчийн LED зурагт тавьсан байна. Тус зурагтыг 2 эрэгтэй хүн авчирсан ба би нэгнийх нь иргэний үнэмлэхээр 200.000 төгрөгөөр барьцаалж авсан. Одоогоос 20 хоногийн өмнө барьцаанд тавьсан болохоор тухайн эрэгтэй хүмүүсийн хувцас, царай төрхийг нь одоо санахгүй байна. Манайх хяналтын камертай, гэхдээ 14 хоногийн л бичлэгийг бичдэг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн криминалистикийн шинжилгээний 2019 оны 8 сарын 07-ны өдрийн 3852 дугаартай актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн 15 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй.
3. Шинжилгээнд тэнцсэн 6, 7, 8 дугаартай гарын мөрүүд санд MN000110005232, 2556199 дугааруудад бүртгэгдсэн Өлзийхүүгийн Б, Өлзийн Б /Бын Өлзий-овог нэр байрлалын хувьд солигдсон байж болно/ гэгчийн зүүн гарын эрхий, зүүн гарын долоовор хуруугаар, 8 дугаартай гарын мөр санд 2654472 дугаараар бүртгэгдсэн Цэдэвийн Н гэрчийн баруун гарын ядам хуруугаар үүсгэгдсэн мөр байна.
4. Шинжилгээнд тэнцсэн 5 ширхэг гарын мөр Өнөрбаянгийн Батбилэг, Эрдэнийн Ану нарын гарын дардас, санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 62-72х/,
8. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ХУ2-19-392 дугаартай:
“...үнэлэгдэж буй HISENSE маркийн 40 инчийн LED зурагт нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 394.960 /гурван зуун ерөн дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.У-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 75-76х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Бын яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 7 сарын 06-ны өдөр би багын найз ...Н руу өөрийнхөө 89550543 дугаарын утаснаас 16 цагийн орчим залгаад “юу байна, хаагуур байна” гэхэд “таксинд явж байна” гэсэн. Тэгэхээр нь “чи хүрээд ирэх үү, цуг жаахан гадуур хамт явъя. Би уйдаад байна” гэхэд “тэгье” гээд намайг Цамбагаравын автобусны буудлын тэндээс аваад, урагшаа хөдлөөд явж байхад Гурвалжингийн гүүрний ойролцоо нэг хүн авсан. Тэр хүнийг Яармагт буулгахад Н “бие засмаар байна, гүйлгээд байна” гээд замын урд тал руу явсан. Тэр газар ямар газар байсан эсэхийг сайн мэдэхгүй байна.
Бие засчихаар газар хайгаад явж байхад олдохгүй байсан, тэгэхэд нэг айлын машин ордог том хаалга нь онгорхой, хашаандаа жорлонтой байхаар нь Н “болохоо байлаа, тийшээ орчихъё” гээд хашаанд орчихсон. Гарч ирэхээр нь би бас жорлон руу ороод бие зассан. Тэгээд гараад ирэхэд монгол гэрийн хаалгыг хэврэг гэмээр зүүдэг цоожоор цоожилсон байсан бөгөөд “хоёулаа энэ айлаас юм авах уу” гэж ярилцаж байгаад орохоор болсон. Тэр хашаанд хойд талд байшин байсан бөгөөд хүнгүй байх шиг байсан. Н газраас жижиг төмөр олоод, цоожийг нь хөшсөн чинь амархан онгойсон. Тэгээд Н үүдэнд зогсож байсан ба би дотогшоо ороход бор өнгийн модон тавиур дээр одоо нэрийг нь санахгүй байна, хар өнгөтэй зурагт байхаар нь би тэвэрч гарч ирсэн. Н буцаагаад цоожийг нь дараад үзэхэд цоожлогдчихсон. Тэгээд зурагтаа Нгийн машинд хийгээд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сансар ороод ломбарданд Нгийн нэрээр 200.000 төгрөгөөр тавьсан. Мөнгөө 100.000 төгрөгөөр хувааж авсан. Маргааш нь Н надад “мах авах гэсэн чинь мөнгө хэрэгтэй байна” гэхээр нь би 50.000 төгрөг өгсөн. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй, уг хэргийг Н бид хоёр хамт үйлдсэн. Хулгай хийсэн айлаа одоо очвол зааж чадахгүй, учир нь би хот сайн мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 147х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч О.Мөнхтэмүүлэн /хэргийн 60х/, гэрч Я.Өлзийхүү /хэргийн 156х/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 135х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 140х/, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 сарын 04-ний өдрийн 279 дугаар, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 06-ны өдрийн 293 дугаар, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 3 сарын 12-ны өдрийн 102 дугаар, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 17-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд /хэргийн 159-160х, 168-169х, 170-172х, 174-176х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Нгийн яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 7 сарын 06-ны өдөр би манай эхнэрийн нэр дээр байдаг 35-68 УБЧ улсын дугаартай Хонда Сивик загварын машинтай гадуур таксинд явж байхад над руу манай багын найз, нэг нутгийн нэг сумын хүн болох Б залгаад “хаана байгаа юм” гэхээр нь “гадуур таксинд явж байна” гэхэд “гэртээ уйдаад байна, хүрээд ирээч. Хамт явъя” гэсэн. Би Быг Цамбагаравын автобусны буудлаас очиж авсан. Тойрч явж байгаад Гурвалжингийн гүүрний орчим нэг хүн гараа өргөөд зогсож байхаар нь тэрийг аваад Яармагт буулгасан. Миний ходоод өвдөөд байдаг бөгөөд тэр үед гэдэс гүйлгээд, бие засмаар санагдаад байсан болохоор замын урд бие засах газар хайгаад явж байхад нэг айлын хашаа онгорхой байсан. Гудманд бие засах ямар ч боломжгүй байсан болохоор тэр онгорхой байсан айлын хашаа руу ороод бие засчихаад гараад ирэхэд хашаанд нь гэр байсан ба байшин нь хүнгүй байх шиг байсан. Харин гэр нь жижиг ягаан цоожтой байхаар нь Б бид хоёр хоорондоо ярилцаж байгаад, тэр гэрийн цоожийг нь би газраас төмөр аваад хөшөөд онгойлгочихсон. Ороход зүүн гар талд цагаан өнгийн хөргөгч билүү угаалгын машин билүү, дэргэд нь бор өнгийн тавиур дээр хар өнгөтэй зурагт байсан. Одоо ямар нэртэй зурагт байсан эсэхийг санахгүй байна. Тэгээд Бурзай билүү нэг ломбарданд миний бичиг баримтаар 200.000 төгрөгөөр барьцаанд тавиад, мөнгөө 100.000 төгрөгөөр хувааж аваад гэр гэртээ салаад явцгаасан.
Дараа нь цагдаад баригдсаны дараа нөгөө зурагтыг ломбарданд мөнгийг нь төлөөд, хохирогчид хүлээлгэж өгсөн. Ломбарданд хүүтэй нь хамт 232.000 төгрөг төлөөд авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хулгай хийе гэсэн санаа бодол байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 151х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Энхцэцэгийн мэдүүлэг /хэргийн 59х/, Нгийн Тэмүгэн, Нгийн Есүхэй Нгийн Анужин нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 126-128х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 138х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 139х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 141х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 сарын 06-ны өдрийн 293 дугаар шийтгэх тогтоол /хэргийн 159-160х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б, Ц.Н нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ө.Б нь Ц.Нтай бүлэглэн 2019 оны 7 сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 40 инчийн “HISENSE” загварын LCD зурагтыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 394.960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.Н нь Ө.Бтай бүлэглэн 2019 оны 7 сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.У-ын эзэмшлийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, 40 инчийн “HISENSE” загварын LCD зурагтыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 394.960 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.
Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч, өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авч захиран зарцуулсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч Ө.Б, Ц.Н нар нь бүлэглэн 2019 оны 7 сарын 06-ны өдөр Хххх тоотод оршин суух иргэн Б.У-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, гэрт нь байсан 40 инчийн “HISENSE” загварын LCD зурагтыг хулгайлан авч, улмаар уг зурагтыг бусдад зарж борлуулан мөнгийг нь хуваан авч, өөрсдийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашигласан болох нь тогтоогдсон ба тэдний гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.
Хэргийн шүүгдэгч Ө.Б, Ц.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.Б, Ц.Н нарыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Нэр бүхий шүүгдэгч нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эд хөрөнгөд нийт 394.960 /гурван зуун ерөн дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн /хэргийн 75-76х/ үнэлгээний тайлан дүгнэлтээр тогтоогдсон, эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэр бүхий шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болох хулгайлсан эд зүйл зурагтыг хохирогчид биет байдлаар нь буцаан өгч, учирсан хохирлыг арилгасан болох нь:
- хохирогч Б.У-ын алдагдсан “HISENSE” маркийн 40 инчийн LED зурагт хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай 2019 оны 7 сарын 06-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 21-23х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Ө.Б, Ц.Н нараас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Хэргийн шүүгдэгч Ө.Б, Ц.Н нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 140-141х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд /хэргийн 159-160х, 168-169х, 170-172х, 174-176х/ тус тус авагдсан ба нэр бүхий шүүгдэгч нарын урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тэдгээр нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.
Шүүх, нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч нь гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ө.Б нь 2019 оны 10 сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр тус тус цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг “...баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны ял эдлэх хугацаанд оруулан тооцох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. /хэргийн 80х, 186х/
Шүүгдэгч Ц.Н нь цагдан хоригдоогүй, нэр бүхий шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У-а нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Ө-гийн Б, Б овогт Ц-ийн Н нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар Ц.Н, Ө.Б нарыг тус бүрийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Н, Ө.Б нарт тус бүрд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Б-ын цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.У-а нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Бт- урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ц.Н, Ө.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД