Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2016/00295

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 4 дүгээр баг, Шивээтийн 3-8 тоотод оршин суух Цэрэндаш овогтой Жигжидийн Нарантуяагийн /РД:ЙС61080101/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нарануяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Нарантуяа миний бие нь 1980 оны 09 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд математикийн багшаар 1988 оны 10 сар хүртэл ажиллаж байгаад 1989 оноос Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд 1994 онуудад ажилласан. Гэтэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд анх ажилд орсон тушаал байхгүй улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний 1988 оны 09 дүгээр сарын 01-нээс 1994 онуудад Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын 8 жилийн сургуулиудад ажиллаж байсан хугацааг тогтоож өгнө үү... Миний бие 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хужирт сумын 10 жилийн дунд сургуульд математикийн багшаар ажилд орсон. 1989 оноос Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуульд багш хийж байсан. Анх Хужирт сумын сургуульд багшаар орсон тушаал байхгүй. Архиваар шалгуулаад гарч ирэхгүй байгаа. Бат-Өлзий сумын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч хийж байсан. Энэ тушаал бол байгаа. Иймээс шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Нарантуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ж.Нарантуяа нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр  сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Бат-Өлзий сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 29 дугаартай, 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай, 1991 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 25 дугаартай, 1992 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 21 дугаартай, 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 34 дугаартай тушаалуудын хуулбар, багшийн дэвтрийн хуулбар, Хужирт сумын 10 жилийн сургуулийн 1988 оны багш сурагчдын тайлангийн хуулбар, Хужирт сумын 10 жилийн сургуулийн 1980-1981 оны хичээлийн жилийн журналын хуулбар, Хужирт сумын 10 жилийн сургуулийн 1988 оны багш сурагчдын тайлангийн хуулбар, дурсамж, баярын бичгийн хуулбарууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, Ж.Нарантуяагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Боржгон овогтой Төмөрийн Лхагвахүү нь “...Би 1976 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуульд шугам зургийн багшаар ажиллаж эхэлсэн. Ж.Нарантуяа нь 1980 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар ажилд орж ажиллаж байсан. Тухайн үед онц сурдаг хүүхдүүдийг төгсөхөөр нь шууд багшаар ажилуулдаг байсан. Ж.Нарантуяа нь сүүлд курст явж багшийн мэргэжилтэй болсон. 1989 онд Ж.Нарантуяа нь Бат-Өлзий сум руу гэр бүлийн хамт шилжиж Бат-Өлзий сумын сургуульд багшаар ажиллаж байсан. Бид хоёр хамт нэг сургуульд багшилдаг байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Боржигин  овогтой Баньдийн Цэдэн нь “...Би 1973 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Ж.Нарантуяа нь 1980 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургууль төгсөж сургуульдаа Математикийн багшаар ажилд орж ажиллаж байсан. Тухайн үед онц сурдаг хүүхдүүдийг төгсөхөөр нь шууд багшаар ажилуулдаг байсан. Ж.Нарантуяа нь сүүлд курст явж багшийн мэргэжилтэй болсон. 1989 онд Ж.Нарантуяа нь Бат-Өлзий сум руу гэр бүлийн хамт шилжиж Бат-Өлзий сумын сургуульд багшаар ажиллаж байсан. Бид хоёр хамт нэг сургуульд багшилдаг байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар Ж.Нарантуяа нь 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Бат-Өлзий сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

               ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэрэндаш овогтой Жигжидийн Нарантуяаг 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд математикийн багшаар, 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Бат-Өлзий сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж  байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ж.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА