| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0605/Э |
| Дугаар | 607 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 607
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Х.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө- овогт Х-ын М-эд холбогдох эрүүгийн .................. дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.М-э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын “Эвэнт халл” танхимд Монголын авто замын шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцож байхдаа Ч.Б-тай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.М-э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн ............. дугаартай хэргээс:
Хохирогч Ч.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 2 давхарт байрлах “...” танхимд Монголын авто замчдын холбооны шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Би шөнө 23 цагийн үед “...” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн М-ийн ширээн дээр очоод “...” ХХК-ийн хяналтын инженер Энхболд, “Эсто” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г- нартай ярилцаад сууж байтал М-э ирээд хамт юм ярьж сууцгаасан. Тэгтэл М-э “чи ажилчдыг надтай яриулахгүй байна, компаний талаарх мэдээллийг төлөөлөн удирдах зөвлөлийн даргад өгөөд, гишүүдэд нь мэдээлэл өгөхгүй байна” гэхээр нь “чи буруу ойлгож байна, тийм асуудал байхгүй” гэхэд “би наад компанийг чинь дампууруулж өөртөө аваад, та нарыг хөөж зайлуулна шүү” гэж хэлэхээр нь тоогоогүй орхисон. Гэтэл М-э ширээн дээр байсан 330 граммын савлагаатай пивоны шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Толгойн дээр пивоны шил хагарч доошоо унахдаа миний духны зүүн хэсэг, зүүн хацар, хамрын нурууг зүсээд өмссөн цагаан өнгийн цамц, хөх өнгийн пиджак, хөх өнгийн зангиа цус болсон. Болсон асуудлыг эхнэр Э- харсан. Тухайн үед М-э согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч өөрийн хийж байгаа үйлдлээ хянах хэмжээний согтолттой байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,
Гэрч Д.Э- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 2 давхарт байрлах “...” танхимд Монголын авто замчдын холбооны шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Шөнө 23 цагийн үед арга хэмжээ дуусаад гарах гэж байтал манай нөхөр Ч.Б-ыг М-э гэх 40 орчим насны эрэгтэй хүн пивоны шилээр толгойн тус газарт нэг удаа санаатай цохисон. Би цагдаа дуудах гэж байтал нөхөр Б-ын нүүр нилэнхүйдээ цус болж, өмссөн цагаан цамц, хөх өнгийн пиджак, хөх өнгийн зангиа нь цус болсон байсан. Цагдаад өргөдлөө өгч, Гэмтлийн эмнэлэг дээр очоод тархины зураг авахуулаад эмчид нь үзүүлэхэд “компьютер томографит үзүүл” гэж зөвлөсөн. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Интермед” эмнэлэгт компьютер томографит үзүүлэхэд “зөөлөн эд зүгээр байна” гэсэн боловч хоёр, гурван хоногийн дараа Б- “толгой дүүрээд байна” гэсэн тул цаашдаа ямар гэмтэл учрах талаар мэдэхгүй байна. Гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Д.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын 2 дугаар давхарт байрлах “...” танхимд Монголын авто замчдын холбооны шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан. М-э Б-ыг пивоны шилээр цохисныг хараагүй, энэ талаар надад мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34-рхуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №368 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
“...Хэсэг газрын үзлэгт: Духны гол хэсэгт 0.1х0.1см олон тооны зулгаралттай. Хамрын нуруунд 0.5х0.1см, 0.2х0.3см, зүүн хацарт 1х0.1см хүрэн өнгийн зулгаралттай. Дүгнэлт:
1. Ч.Б-ын биед дух, хамар, зүүн хацар,зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 36-р хуудас/,
Шүүгдэгч Х.М-э мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын “...” танхимд Монголын авто замчдын холбооны шинэ жилийн арга хэмжээ болсон. Би ширээн дээрээ сууж байтал манай компаний гүйцэтгэх захирал Ч.Б- намайг үл хүндэлж бид хоёр үл ойлголцсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор ширээн дээр байсан пивоны шилээр Б-ыг нэг удаа цохисон байсан. Тэр үед Б-аас уучлалт гуйгаад бид хоёр салцгаасан. ...Б-ын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 64-65-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53-р хуудас/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, гэрч Б.Ш-гийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.М-э нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” зочид буудлын “...” танхимд Монголын авто замын шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцож байхдаа хохирогч Ч.Б-тай “компаний талаар мэдээлэл өгсөнгүй” гэж маргалдаж, улмаар толгойн тус газарт пивоны шилээр цохиж биед нь “дух, хамар, зүүн хацар, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Ч.Б-ын “...М-э ширээн дээр байсан 330 граммын пивоны шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Толгойн дээр пивоны шил хагарч доошоо унахдаа миний духны зүүн хэсэг, зүүн хацар, хамрын нурууг зүсээд өмссөн цагаан өнгийн цамц, хөх өнгийн пиджак, хөх өнгийн зангиа цус болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,
гэрч Д.Э-ы “...манай нөхөр Ч.Б-ыг М-э гэх 40 орчим насны эрэгтэй хүн пивоны шилээр толгойн тус газарт нэг удаа санаатай цохисон. Би цагдаа дуудах гэж байтал нөхөр Б-ын нүүр нилэнхүйдээ цус болж, өмссөн цагаан цамц, хөх өнгийн пиджак, хөх өнгийн зангиа нь цус болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №368 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ч.Б-ын биед дух, хамар, зүүн хацар,зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 36-р хуудас/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Хоёрдугаар ширээн дээр Б-, М-э нар нь ярилцаад сууж байна. М-э босоод зүүн гараараа Б-ыг алгадахад тэрээр босоод зөрүүлээд М-ийн хацар руу нь алгадав. Тэд хоорондоо маргалдаж нэгнийгээ заамдсан байдалтай байхад хүмүүс салгав. М-э ширээн дээрээс пивоны шил авч баруун гараараа Б-ын толгой руу цохиж хагалаад гарч буй дүрс бичлэг /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.М-э хохирогч Ч.Б-ын толгойн тус газарт пивоны шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Х.М-э нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь гэм хор уршигтай холбоотой баримт ирүүлээгүй ба гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21-22-р хуудас/ гэснийг тогтоолд дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.М-э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Ч.Б-, шүүгдэгч Х.М-э нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Х.М-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан торгох ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.М-эд торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.М-эд мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгч Х.М-э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө- овогт Х-ын М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.М-эд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч Х.М-э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР