| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06867/И |
| Дугаар | 5716 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 5716
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Орхон, 1 дүгээр баг, Баян-Өлзийт, 20 байр гудамж, 15 тоотод оршин суух, Боржигин овогт Норовын Оюунчимэг /РД:ТЛ62120162/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүл гудамж 42 хаягт байрлах, Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг
Цалин хөлс 2.213.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Улаанбаатар төмөр замын худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний Зүүн хараа төвд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээгээр худалдагч гэсэн ажлын байранд орж ажиллах болсон. 2015 оны 05 дугаар сард байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төв нэртэй болсон. Ингээд 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллага надтай 15/19 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ хийж сарын 442.600 төгрөгөөр цалинжуулах болж алдаа дутагдал зөрчилгүй ажиллавал ажлын хөлсний 20 хүртэл хувиар нэмэгдэл олгоно гэж гэрээнд тусгасан байсан. Тус байгууллагад ажиллах хугацаандаа аливаа зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан ба 2015 оны шинэ жилээр тэргүүний ажилтан болж байсан. Гэрээний хугацаа сунгагдаж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл дахин 1 жилийн хугацаагаар сунгагдсан. Байгууллага тогтвор суурьшилтайгаар гэрээг сунгаж ажиллуулна гэж байсан учраас 36 сарын цалингийн зээлийг авч сард 341.600 төгрөгийн эргэн төлөлттэй байтал гэрээний хугацаа дуусаагүй байхад шалтгаангүйгээр гэрээг цуцлан ажилгүй болгосонд гомдолтой байна. Нөхөр маань групптэй 12-р ангийн сурагч хүүхэдтэй би зээлээ төлөх боломжгүй болсон. Хөлсөөр ажиллах гэрээний 3.8-д заасныг зөрчөөгүй байхад гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсныг зөвшөөрөхгүй байна.
Иймд Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны төвийн даргын үндэслэлгүйгээр гэрээ цуцалсны улмаас учирсан 09, 10, 11, 12, 01 саруудын цалин хөлс 2.213.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Н.Оюунчимэг миний бие хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болороо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт холбогдох иргэний хэрэгт зохигч бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг урьд ажиллаж байсан Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны Зүүн хараа төвийн “худалдагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллуулах, Н.Оюунчимэгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийх, нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийхэд шаардагдах зардлыг төлөх, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2.213.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг урьд ажиллаж байсан Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны Зүүн хараа төвийн “худалдагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллуулах, Н.Оюунчимэгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийх, нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийхэд шаардагдах зардлыг төлөх, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 50400 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25200 төгрөг, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 25200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунчимэгт олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Н.Оюунчимэгийг урьд ажиллаж байсан Улаанбаатар төмөр замын Тээш худалдааны Зүүн хараа төвийн “худалдагч”-ийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажиллуулах, Н.Оюунчимэгийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилтийг хийх, нэхэмжлэгч Н.Оюунчимэг нь ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийхэд шаардагдах зардлыг төлөх, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 50400 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25200 төгрөг, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 25200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Оюунчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА