Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 625

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

шинжээч эмч Ж.Г-,

насанд хүрээгүй хохирогч М.М-, түүний хууль ёсны төлөөлөгч Э.М-,

гэрч С.Ө-,

насанд хүрээгүй гэрч Т.Т-, Н.Б-, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч З.Б-,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С- овогт Батсуурийн Б-д холбогдох эрүүгийн 1910001660312 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... өрөөнд М.М-ийг бусадтай маргалдлаа гэх шалтгааны улмаас түүний эрүүл мэндэд “хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...ид “Амьдрах ухаан” хичээл дээр улирлын дүн гаргах шалгалт авч байсан юм. Тухайн өдөр М- болон бүлэг оюутнууд үймүүлж байсан тул би тэдгээр оюутнуудыг ангиас гаргаж шалгалт өгч дуусаагүй бусад оюутнуудаас үргэлжлүүлэн шалгалт авсан. Хичээл тараад оюутнуудыг анги руу оруулахад эхэлж Т- ангид орж ирээд арын суудал дээр суусан. Араас нь М- дагаж орж ирээд түүнд хандаж “чи хэзээ ийм болчихсон юм бэ, хоёулаа зодолдох уу, хөдөөний хүүхэд минь” гэх мэт ёс бус хэллэгээр түүнийг доромжилсон. Би оюутнуудын маргааныг таслах зорилгоор дундуур нь орж хохирогч М-, гэрч Т- хоёрыг түлхэж холдуулсан. Хүүхдүүд бие биенийгээ заамдсан байдалтай байсан тул би тэр хоёрын гар дээр цохиж, эхлээд Т-г, дараа нь М-ийг түлхэж холдуулсан. Гэтэл М- Т- нар дахин бие биетэйгээ заамдалцсан. Би тэр хоёрыг дахин салгах гэж түлхэхэд М- хамраа бариад суусан. Дараа нь би ангийн багш Ө- руу нь гар утсаар залгаад ангид нь гарсан маргааныг шийдвэрлэхийг шаардсан. Би тухайн анги даасан багш Ө-ыг ирсний дараа гэртээ харьсан. Би хохирогчийг гэмтээхийг хүсээгүй. Учир нь би маргалдаж байсан хоёр хүүхдийг салгах зорилгоор л түлхсэн тул би өөрийгөө гэмт хэрэг үйлдэж, шүүгдэгчээр шүүх хуралдаанд оролцож байгаад гайхаж байна гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн 2 дугаар цаг дээр “Амьдралын ухаан” хичээл дээр шалгалт авч байхад болсон юм. Тухайн өдөр би шалгалтаа өгчихөөд ангиас гарч гадаа шалгалтын дүнгээ хүлээж байхдаа Т-гийн бөгс рүү цохисон. Т- миний цохилтод эсэргүүцэхгүй байсан тул би дахин түүний бөгс рүү цохиход Т- уурлаад миний шилбэ рүү өшиглөсөн. Удалгүй хонх дуугарч бид ангидаа буцаж орсон. Ангид орсны дараа би Т- дээр очиж түүнээс ямар шалтгааны улмаас миний шилбэ рүү хүчтэй өшиглөсөн талаар асууснаар бид хоёр маргалдаж эхэлсэн. Гэтэл Б- багш бид хоёрын маргааныг таслах зорилгоор дундуур орж ирснээ эхлээд Т-г түлхсэн. Тэгээд намайг цохих гэхээр нь би бултсан. Дахин цохиход нь би оногдож доош суухад багш Б- миний үснээс зулгааж байгаад өвдөглөсөн. Намайг цохиулаад босож ирсний дараа багш Б- нь Б- бид хоёрыг алгадсан тул миний хамар өвдсөн. Би доошоо хараад сууж байхад Б- багш надад хандаж “чадахгүй байж битгий оролд” гэж хэлээд ангиас гараад явсан. Манай ангийн У- миний хамар дээр дарж үзэхэд өвдөж байсан. Би ангиас гараад сургуулийн эмнэлэг орох замдаа ангийн багш Ө-тай таарсан. Ангийн багш Ө- надаас “юу болсон бэ” гэхээр нь “би эмнэлэг орох гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би сургуулиас гараад шүлсээ хаяхад миний шүлс цустай байсан. Сургуулийн эмнэлэг орсон боловч ажиллахгүй байсан. Би буцаж ангидаа орж ирэхэд ангийн багш Ө- намайг өрөөндөө дагуулж ороод хамрыг минь шалгад “эмнэлэгт очиж үзүүл” гэж зөвлөсөн гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр миний хүү М- над руу залгаад “орой ажлаа тараад өвчин намдаах эм аваад ирээрэй, багш миний хамар руу цохиж гэмтээсэн байна” гэж хэлсэн. Дараа нь бид Гэмтлийн эмнэлэг болон Шүүх эмнэлэг дээр очиж шинжилгээ өгсөн. Шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээж биднээс уучлалт гуйхгүй байгаад гомдож байна. Эмчилгээний зардалд 340.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч С.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3 дугаар цагийн хичээл дуусах үед багш Б- над руу залгаад намайг анги руу орж ирэхийг шаардсан. Анги руу орж ирэхэд М- нүүрээ дараад сууж байсан. М-эс юу болсон талаар асуухад “Б- багш намайг цохиод, миний хамрыг гэмтээсэн” гэхээр нь түүнийг “эмнэлэгт очиж үзүүл” гэж хэлсэн. Би М-ий хамрыг гэмтсэн эсэхийг хараагүй гэв.

Насанд хүрээгүй гэрч Т.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хичээлийн 2 дугаар цаг завсарлаж коридорт байхад М- миний бөгс рүү 2 удаа цохисон. М- намайг 2 дахь удаагаа цохиход нь би түүнийг хөлөөрөө жийж шилбэ рүү нь өшиглөсөн. Хичээлийн хонх дуугарч бид ангидаа орсон. Ангид орсны дараа М- над дээр ирж намайг ёс бус хэллэгээр доромжилсон тул бид хоёр маргалдсан. Харин Б- багш маргааныг салгах зорилгоор бид хоёрыг түлхэж, цохиж салгасан. Б- багш М-ийг гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. М- “хамар хугарчихсан байна” гэж хэлсэн гэв.

Насанд хүрээгүй гэрч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  М- Т- хоёр арын суудал дээр муудалцаж байсан. Багш Б- нь М- Т- хоёрын маргааныг таслах зорилгоор дундуур нь орж М- Т- нарыг тус бүр 1 удаа цохисон. Дараа нь багш гэр рүүгээ явсан. Багш Б- гараараа М-ийг 1 удаа цохиход тэрээр нүүрээ гараараа дараад суусан. Тухайн үед би багш Б-, М- хоёрын дунд зогсож байсан.

Шинжээч эмч Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамрын ясны хугарал гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл шинэ байсан. Компьютер томографийн эмч нар рентген зургийг уншсаны үндсэн дээр учирсан гэмтлийг хуучин, эсхүл шинэ гэдгийг оношлох боломжтой. Хамрын таславч гэмтэхэд заавал цус гарах шаардлагагүй. Хамар ясны гаднах талд гэмтэл учирсны дараа 1-2 цагийн дараа, эсхүл 24 цагийн дараа ямар нэгэн шинж тэмдэг илэрч болно. Насанд хүрсэн хүн насанд хүрээгүй хүнийг цохиход доргилтоос шалтгаалж хамар гэмтэх боломжтой гэв.

 

Эрүүгийн 1910001660312 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй хохирогч М.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед хичээлийн завсарлагаанаар сургуулийнхаа 3 дугаар давхрын 302 тоот ангид хамт сурдаг Т-тэй тоглож байгаад хоорондоо маргалдсан. Ангийн үүдэнд маргалдаж байгаад анги руу орсон. Ангид дахин маргалдаад бие биенээ заамдахад ангийн хүүхдүүд биднийг салгасан. Тэр үед “Амьдрах ухаан” хичээлийн багш Б- харчихаад Т-г шанаадсан. Намайг шанаадах гэхээр нь булттал баруун гараараа зүүн хацар руу нэг удаа алгадсанаа үснээс зулгааж тонгойлгоод зүүн өвдгөөрөө баруун хацар руу нэг удаа цохисон. Намайг дээшээ болоход багш Б- баруун гараа атгаж байгаад хамарны баруун хэсэг рүү цохиод, зүүн хацар руу нэг удаа алгадсан. Би хамраа бариад доошоо тонгойж байхад багш Б- хэдэн үг хэлж байгаад гараад явсан. Тухайн үед миний хамарнаас цус гараагүй боловч сургуулиас гараад явж байхдаа шүлсээ хаятал амнаас цус гарсан. Би болсон асуудлын талаар ангийн багш Ө-д хэлээд шалгалтаа өгчихөөд гэртээ харьсан. Тэгээд ээжтэйгээ хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би гомдолтой байна. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Мед траума” эмнэлэгт толгойн томографи 120.000 төгрөг, гэмтлийн эмнэлэгт рентген зураг 40.000 төгрөгөөр авахуулсан. Мөн эмнэлэг рүү явахдаа машиндаа 100.000 төгрөгөөр бензин хийж, 17.000 төгрөгөөр эмийн сангаас эм худалдан авсан. Иймд Б- багшаас 270.000 төгрөг нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

Гэрч Э.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Миний том хүү М- Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой 2200 цагийн үед гэртээ очиход М-ий хамар нь хавдаад гуншсан байдалтай яриад байсан. Би юу болсон талаар асуухад “ангийнхаа хүүхэдтэй маргалдаж байхад хичээл орох гэж байсан багш Б- зодчихлоо” гэж хэлсэн. Би хүүгээ дагуулаад Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “хамар нь хугарсан байна” гэсэн онош тавьсан. Тэгээд “Мед траума” эмнэлэгт 120.000 төгрөгөөр толгойны томографи зураг авахуулахад мөн л “хамар нь хугарсан байна” гэж хэлсэн...гэх  мэдүүлэг /хх-ийн 12, 114-р хуудас/,

Гэрч С.Ө- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “...”-д автын мэргэжлийн багшаар 2011 оноос эхлэн ажиллаж байна. 2018 оны 12 дугаар сарын 27-ны  өдрийн 11 цагийн үед буюу хичээлийн 2 дугаар цагийн завсарлагаанаар “Амьдрах ухаан” хичээлийн багш Б- өөрийнхөө 96-тай дугаараас над руу залгаад “танай ангид чинь бөөн юм болоод байна, чи анги руугаа орооч” гэж хэлсэн. Би тухайн үед 304 тоот кабинетад хичээл орж байгаад 302 тоот кабинетад ороход манай ангийн сурагч М- нүүрээ хоёр гараараа дарчихсан надтай зөрөөд гүйсэн. Би М-эс “юу болсон бэ” гэхэд “намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би анги руугаа ороход манай ангийн хүүхдүүд “Т-, М- хоёр хоорондоо муудалцсан” гэхээр нь Т-г дуудаж юу болсон талаар асуухад “коридорт байхад М- миний өгзөг рүү 3 удаа чанга цохихоор нь тийрсэн юм. Удалгүй хонх дуугарч анги руу ортол М- ирээд “хөдөөний шээс” гээд хэл амаар доромжлоод байхаар нь М-ийг заамдсан. М- ч мөн намайг заамдсан. Тэр үед Б- багш М- бид хоёрыг салгасан” гэж хэлсэн. М- орж ирээд “миний хамрыг хугалчихлаа” гээд орилж хашгираад байсан. Би М-эс юу болсон талаар асуухад “Б- багш миний хамар руу цохиод хугалчихлаа” гэхээр нь “чи эмнэлэгт очиж үзүүлээд ир, ээжийгээ над руу яриулаарай” гэж хэлсэн. Тухайн өдрийн орой М-ий эгч над руу залгаад “танай Б- багш М-ий хамрыг хугалсан байна, бид эмнэлэгт үзүүлээд явж байна” гэхээр нь “манай сургууль амарсан байна. Нэг дэх өдрөөс нааш цуглахгүй” гэж хэлсэн. Тухайн үед Би Т- болон ангийн хүүхдүүдээс Б- багш М-ийг зодож цохисон талаар асуугаагүй. Хичээлийн жил эхэлснээс хойш оюутан М-ий хүмүүжлийн талаар ярилцахаар эгчийг нь 2 удаа дуудуулсан. Эхний удаа “М-ийг хичээлд суухгүй, сэлгүүцэж байгаа талаар” хэлсэн. Дараагийн удаа “бусад хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж байгаа, багш нартай соёлгүй харьцдаг” талаар хэлсэн. Ер нь М- хамт суралцаж байгаа хүүхдүүддээ буруу үлгэр дуурайлал үзүүлэх гээд байдаг юм. М- нь “хичээл таслахгүй, багш нартай зүй бус харьцахгүй” гэсэн баталгааг бичгээр гаргаж өгч байсан. Харин Б- багш суралцагч нартай зүй бус харьцаж, зоддог асуудал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 119-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн 2 дугаар цаг дээр Б- багш “Амьдрах ухаан” хичээл ороод 11 цагийн үед завсарласан. Багш ангиас гараагүй байхад М-, Т- хоёр хоорондоо маргалдаад бие биенээ заамдчихсан байдалтай байхад нь М- тэр хоёрыг салгаж байхад Б- багш очоод М-, Т- хоёрыг нүүр рүү нь нэг нэг удаа цохиод, загнаж байгаад гараад явсан. Тухайн үед М- “багшаа та хамар руу цохьчихлоо” гэж хэлж байсан. М-ий нүүр нь тэр чигтээ улайсан харагдаж байсан. Харин амнаас нь цус гарч байгаа зүйл харагдаагүй. Т-гийн биед ямар нэгэн шарх гэх зүйл байгаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.Т- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн 2 дугаар цаг дээр буюу 09 цаг 35 минутаас 11 цаг хүртэл Б- багшийн “Амьдрах ухаан” хичээл орсон. Би шалгалтаа өгчихөөд 11 цагийн үед ангиас гарч ариун цэврийн өрөө орсон. Тэгээд анги руу буцаад орох гэж байхад манай ангийн М- миний өгзөг рүү цохисон. Би түүнийг “зүгээр бай” гэж хэлэхэд гараараа дахиад өгзөг рүү цохихоор нь “зүгээр бай л даа” гэж хэлээд шилбэ орчим руу нь өшиглөсөн. М- ангийн гадна үлдээд, би анги руу орж хамгийн ард талын ширээн дээр С-тай сууж байхад М- анги руу орж ирээд намайг заамдсан. Би түүнд “чи яагаад байгаа юм бэ” гэхэд “үзэх үү” гээд бид хоёр маргалдаад бие биенээ заамдчихсан байхад хэн нэг хүн “зүгээр байгаач” гэж  хэлсэн. Б- багш ирээд юу ч хэлэлгүй миний толгойны зүүн тал руу гараараа зөөлөн цохисон. Тэгснээ М-ий зүүн хацар руу нэг удаа алгадаад, баруун гуя орчим руу нь нэг удаа өшиглөсөн. Би багшид цохиулсан болохоор тэндээс холдоод зогсоход манай ангийнхан М-, Б- багш хоёрыг тойроод зогссон. Гэтэл М- “миний хамар хугалчихлаа” гээд чанга хашгираад ангиас гараад явсан. Хойноос нь багш Б- гарсан. Хэсэг хугацааны дараа багш Б- орж ирээд цүнхээ аваад гараад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч С.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн 302 тоот ангид 2 дугаар цаг завсарлах үеэр Т-гээс гар утасны цэнэглэгч авчихаад ширээ рүүгээ суусан. Гэтэл ангийн хойд талд хүүхдүүд бужигналдаад М-, Т- нар заамдалцсан байсан. Тэр үед Б- багш хойшоо явж байгаа харагдсан. Би дэвтэр номоо цүнхэлчихээд хойшоо эргэж хартал М- “багш намайг цохиод, доош тонгойлгож байгаад өвдөглөсөн, хамар далийчихлаа” гээд байсан. Харин Б- багш “та нарыг дуугүй бол гэж хэлсэн шүү дээ” гэж хэлээд ангиас гараад явсан. Надад үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. Тухайн үед М-д ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Түүний хамарнаас цус гараагүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.У- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн 2 дугаар цаг дээр Б- багш “Амьдрах ухаан” хичээл ороод “шалгалтаа дуусгасан хүүхдүүд гарч болно” гэж хэлсэн. Би шалгалтаа өгчихөөд багшид материалаа хураалгаад байж байхад ангийн хойно М-, Т- хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ “ална” гээд заамдчихсан байсан. Тэр хоёрыг Б-, М- нар салгах гээд оролдож байхад Б- багш “та нар боль” гэж хэлсэн боловч тэр хоёр сонсоогүй байх. Тэгээд Б- багш тэр хоёр дээр очоод юу ч хэлэлгүй Т-гийн зүүн шанаа руу хүчтэй шанаадаад, өшиглөсөн. Яг хаашаа нь өшиглөсөн болохыг хараагүй. Тэр үед М-, Т- нар бие биенээ заамдахаа больсон. Б- багш М-ийг цохих гэтэл тэрээр бултсан. Багш баруун гараараа М-ий зүүн хацар руу алгадсан. М- тонгойтол багш нүүр рүү нь өвдгөөрөө нэг удаа цохичихоод явсан. М- дээшээ болоод “ёоё хамар” гэж байснаа над руу хараад “хамар тэгшхэн байна уу” гэж асуусан. Тэр үед хамар нь хянга хэсгээрээ бага зэрэг далий харагдаж байсан. Хамрыг нь дарж үзэхэд нэг талаараа зөөлхөн, нэг талаараа хатуу байсан. М- “хамар далийлгачихлаа” гэж уурлаад ангиас гараад явсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй. ...М- Б- багштай өмнө нь хэрэлдэж байсан болохоор илүү цохисон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 109-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ийн 1 дүгээр дамжаанд суралцдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хичээлийн 2 дугаар цаг завсарлах үеэр 302 тоот ангид манай ангийн М-, Т- нар хоорондоо маргалдаад бие биенээ заамдсан. Тэгэхээр нь Б- бид хоёр салгатал хажуунаас Б- багш орж ирээд Т-гийн толгой руу нэг удаа цохиод, зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Т- бид хоёр М- болон Б- багшаас холдож зогссон. Нэг мэдсэн чинь Б- багш ангиас гараад явсан. М- доошоо тонгойгоод зогсож байсан. Тухайн үед ангийнхан шуугиад байсан болохоор ямар асуудал болсныг мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.И- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...ийн 3 давхарт 302 тоотод хичээл ороод завсарлаж байхад М-, Т- 2 маргалдаж, анги дотор хараалын үгээр бие биенийгээ чангаар дуудсан. Тэгснээ бие биенийгээ барьж авахад Б- багш очоод салгаж байх шиг байсан. Би тухайн үед хичээл номоо янзлаад сууж байсан юм. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. М- нь “яагаад түлхэж байгаа юм бэ” гэж хэлж байсан. Багш гараад явахад араас нь М- нэг гараараа хамраа дараад гарсан. М-, Т- хоёрыг Б-д зодуулсан гэх яриа сонсоогүй…гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.С- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монгол-Солонгосын политехник сургуулийн 3 давхарт 302 тоотод хичээл ороод завсарлах үед Т- ширээний ард сууж байсан. М- зүгээр байсан хүүхдийг өдсөн болохоор Т- уурлаж босч ирээд бие биенийгээ заамдсан. Б- багш тэр хоёрын дундуур нь орж салгаад түлхсэн. Багш бусад хүүхдүүдийг “суу” гэж хэлэхэд би урагшаа хараад суусан. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. М-ийг Б- багш цохисон гэж хүүхүүд ярьж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.М- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...ийн 3 давхарт 302 тоотод хичээл ороод завсарлаж байхад М-, Т- 2 маргалдаж эхэлсэн. Юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй байна. Б- багш тэр хоёрыг салгаж байхад нь би ангиас гараад явсан. Ариун цэврийн өрөө орчихоод буцаад орж ирэхэд Т- ширээний ард сууж байсан. М- ангиас гараад явж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.З- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...ийн 3 давхарт 302 тоотод Б- багш шалгалт авч дуусч байсан. Би шалгалтын материалаа өгчихөөд коридорт зогсож байтал багш “би одоо ангиас гарвал авчирч өгсөн шалгалтын материал авахгүй” гэж хэлсэн. М-, Т- хоёр анги руу ороод хойд хэсэгт маргалдаад зогсож байхыг Б- багш ширээний хажуу талаас нилээн харж зогсож байснаа тэр хоёрыг барьцалдаж авахад багш очсон. Тэгээд М-, Т- хоёрын цээж хэсэг рүү түлхэж салгасан. Багш юу болсныг асууснаа “эвлэр” гэж хэлээд гар бариулж салгачихаад гараад явсан. М-ий биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорив ажиглагдаагүй. М- хэд хоногийн дараа хамраа боочихсон ирж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Д- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1100 цагийн үед хичээл завсарлаад би ангийнхаа З-тай хөөцөлдөж тоглонгоо гарсан. Тэгээд ариун цэврийн өрөө орчихоод буцаад ангидаа ортол Б- багш ангийн ширээн дундуур нааш цааш явж байсан. Цаана нь М- тонгойсон байдалтай хамраа барьчихсан байсан. Би ангийнхаа хүүхдүүдээс юу болсон талаар асуухад манай ангийн хүүхэд “Б- багш М-ийг зодчихлоо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М-ийг тайвширхаар нь түүнээс юу болсон талаар асуухад “багш намайг эхлээд алгадсан. Дараа нь үсдээд доош болгож байгаад өвдгөөрөө нүүрэн тус газар өвдөглөсөн. Харин Т-г 1 удаа алгадсан” гэж хэлсэн. Надад өөр зүйл хэлээгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №925 дугаартай дүгнэлтэнд:

“...Хэсэг газрын үзлэгт: хамрын нуруу хавдартай. Дүгнэлт:

1. М.М-ий биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 43-р хуудас/,

Шинжээч эмч Ж.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Хамрын зүүн талд цохисон тохиолдолд М-ий биед учирсан дээрх гэмтэл учрах боломжтой. Уг гэмтэл нь шинэ байна. Хамар ясны хугарал нь хамарт хүч үүсэхэд бий болно...гэх мэдүүлэг /хх-ийн 121-р хуудас/,

 

Яллагдагч Б.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 дугаар 27-ны өдөр ...ийн 3 давхарт 302 тоот ангид шалгалт авч байхдаа “шалгалтаа түрүүлээд өгсөн хүүхдүүд гарч болно” гэж хэлэхэд хүүхдүүд гарсан. Хичээл завсарлаж би шалгалтын материал хурааж авч байхад гаднаас М- орж ирээд ангийн хойд хэсэгт Т- дээр очиж хэрэлдэж байснаа бие биенийгээ заамдаж авсан. Тэгээд чанга дуугаар ангийн хойд хэсэгт хараалын үг хэлээд байхаар нь очиж салгахад бие биенийгээ тавихгүй байсан. Тэгэхээр нь би Т-, М- хоёрыг хоёр тийш түлхэж холдуулахад дахин бие бие рүүгээ дайраад байхаар нь дахиж хоёуланг нь түлхэж холдуулсан. Гэтэл М- “та намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд би ангийн багш Ө-г утсаар дуудаж, ангиас гараад явсан. Өөр зүйл болоогүй. М-ий эгч нь над руу залгаад “чи миний дүүгийн хамрыг хугалсан байна” гээд янз бүрийн хараалын үг урсгаж байснаа утсаа тасалсан. Тэгээд цагдаагаас дуудахаар нь очтол М-ий хамар хугарсаныг мэдсэн. 302 тоот ангид хяналтын камер байдаг талаар сүүлд мэдсэн. Дараа нь М-ий эгч ирээд “хяналтын камерын бичлэг үзнэ” гэхэд камер ажиллахгүй талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 77-80-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Т.Э-ын мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, гэрч Г.С-ийн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, Монгол-Солонгосын политехникийн коллежийн тодорхойлолт /хх-ийн 62-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-64-р хуудас/, Голомт банкны 1709150836 тоот дансны хуулга /хх-ийн 65-68-р хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 69-70-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 84-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавла гаа /хх-ийн 86-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ийн 302 тоот хичээлийн танхимд насанд хүрээгүй хохирогч М.М-ийг “ангид бусадтай маргалдаж, зодолдлоо” гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж “хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч М.М-ий “...Б.Б- багш эхлээд Т.Т-г шанаадсан. Дараа нь намайг шанаадах гэхээр нь булттал баруун гараараа зүүн хацар руу нэг удаа алгадсанаа үснээс зулгааж тонгойлгоод зүүн өвдгөөрөө баруун хацар руу нэг удаа цохисон. Намайг дээшээ болоход Б.Б- баруун гараа атгаж байгаад хамарны баруун хэсэг рүү цохиод, зүүн хацар руу нэг удаа алгадсан. Б.Б- багш надад хандаж “чадахгүй байж битгий оролд” гэж хэлээд ангиас гараад явсан. Манай ангийн У- миний хамар дээр дарж үзэхэд өвдөж байсан. Би ангиас гараад сургуулийн эмнэлэг орох замдаа ангийн багш Ө-тай таарсан. Ангийн багш Ө- надаас “юу болсон бэ” гэхээр нь “би эмнэлэг орох гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би сургуулиас гараад шүлсээ хаяхад миний шүлс цустай байсан. Сургуулийн эмнэлэг орсон боловч ажиллахгүй байсан. Би буцаж ангидаа орж ирэхэд ангийн багш Ө- намайг өрөөндөө дагуулж ороод хамрыг минь шалгаад “эмнэлэгт очиж үзүүл” гэж зөвлөсөн гэх мэдүүлэг,

        насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр миний хүү М- над руу залгаад “орой ажлаа тараад өвчин намдаах эм аваад ирээрэй, багш миний хамар руу цохиж гэмтээсэн байна” гэж хэлсэн. ...Шүүгдэгч өөрийн буруугаа хүлээж биднээс уучлалт гуйхгүй байгаад гомдож байна. Эмчилгээний зардалд 340.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

гэрч С.Ө-ы ...Намайг 302 тоот кабинетад ороход манай ангийн М- нүүрээ хоёр гараараа дарчихсан надтай зөрөөд гүйсэн. Би М-эс “юу болсон бэ” гэхэд “намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би анги руугаа ороход манай ангийн хүүхдүүд “Т-, М- хоёр хоорондоо муудалцсан” гэхээр нь Т-г дуудаж юу болсон талаар асуухад “коридорт байхад М- миний өгзөг рүү 3 удаа чанга өшиглөөд байхаар нь би тийрсэн юм. Удалгүй хонх дуугарч анги руу ортол М- ирээд “хөдөөний шээс” гээд хэл амаар доромжлоод байхаар нь М- бид хоёр заамдалцсан. Тэр үед Б.Б- багш ирээд М.М- бид хоёрыг салгасан” гэж хэлсэн. М.М- орж ирээд “миний хамрыг хугалчихлаа” гээд орилж хашгираад байсан. Би М.М-эс юу болсон талаар асуухад “Б.Б- багш миний хамар руу цохиод хугалчихлаа” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 119-р хуудас/,

насанд хүрээгүй гэрч Н.Б-гийн ...Б.Б- багш М.М-, Т.Т- хоёрын нүүр рүү нь нэг нэг удаа цохиод, загнаж байгаад гараад явсан. Тухайн үед М.М- “багшаа та хамар руу цохичихлоо” гэж хэлж байсан. М.М-ий нүүр нь тэр чигтээ улайсан харагдаж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

насанд хүрээгүй гэрч Т.Т-гийн ...Ариун цэврийн өрөө орчихоод буцаад анги руу орох гэж байхад манай ангийн М.М- миний өгзөг рүү өшиглсөн. Би түүнийг “зүгээр бай” гэж хэлэхэд гараараа дахиад өгзөг рүү цохихоор нь “зүгээр бай л даа” гэж хэлээд шилбэ орчим руу нь өшиглөсөн. Би анги руу ороод хамгийн ард талын ширээн дээр С-тай сууж байхад М.М- анги руу орж ирээд намайг заамдсан. Б.Б- багш ирээд юу ч хэлэлгүй миний толгойны зүүн тал руу гараараа зөөлөн цохисон. Тэгснээ М.М-ий зүүн хацар руу нэг удаа алгадаад, баруун гуя орчим руу нэг удаа өшиглөсөн. ...Манай ангийнхан М.М-, Б.Б- багш хоёрыг тойроод зогссон. Тэр үед М- “миний хамрыг хугалчихлаа” гээд чанга хашгираад ангиас гараад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

насанд хүрээгүй гэрч С.С-ын ...Ангийн хойд талд хүүхдүүд бужигналдаад М.М-, Т.Т- нар заамдалцсан байсан. Тэр үед Б.Б- багш хойшоо явж байгаа харагдсан. М.М- “багш над руу ирснээ цохисон. Тэгээд намайг татаж ирээд өвдөглөсөн тул миний хамар далийчихлаа” гээд байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

насанд хүрээгүй гэрч Э.У-ын ...Ангийн хойно М.М-, Т.Т- хоёр хоорондоо маргалдаад бие биенийгээ “ална” гээд заамдчихсан байсан. Б.Б- багш тэр хоёр дээр очоод юу ч хэлэлгүй Т.Т-гийн зүүн шанаа руу хүчтэй шанаадаад, өшиглөсөн. Дараа нь М.М-ийг цохих гэтэл тэрээр бултсан. Багш баруун гараараа М.М-ий зүүн хацар руу алгадсан. М.М- тонгойтол багш нүүр рүү нь өвдгөөрөө нэг удаа цохичихоод явсан. М.М- дээшээ болоод “ёо ёо хамар” гэж байснаа над руу хараад “хамар тэгшхэн байна уу” гэж асуусан. Тэр үед хамар нь хянга хэсгээрээ бага зэрэг далий харагдаж байсан. Хамрыг нь дарж үзэхэд нэг талаараа зөөлхөн, нэг талаараа хатуу байсан. М.М- “хамар далийлгачихлаа” гэж уурлаад ангиас гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 109-р хуудас/,

насанд хүрээгүй гэрч Г.Д-ын ...М.М- тонгойсон байдалтай хамраа барьчихсан байсан. Би ангийнхаа хүүхдүүдээс юу болсон талаар асуухад манай ангийн хүүхэд “Б.Б- багш М.М-ийг зодчихлоо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М.М-ийг тайвширхаар нь түүнээс юу болсон талаар асуухад “багш намайг эхлээд алгадсан. Дараа нь үсдээд доош болгож байгаад өвдгөөрөө нүүрэн тус газар өвдөглөсөн. Харин Т.Т-г 1 удаа алгадсан” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 117-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №925 дугаартай дүгнэлтэнд:

1. М.М-ий биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 43-р хуудас/,

шинжээч эмч Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамрын ясны гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл шинэ байсан. Хамрын таславч гэмтэхэд цус гарахгүй байж болно. Насанд хүрсэн том хүн насанд хүрээгүй хүнийг цохиход доргилтоос шалтгаалж хамар гэмтэх боломжтой гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Насанд хүрээгүй хохирогч М.М-ий биед учирсан “хамрын ясны хугарал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ын нүүр рүү нь цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

         Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би “М.М-ийг зодоогүй. Харин М.М- Т.Т- нар нь маргалдаж байхад салгасан” хэмээн мэдүүлж хэргийн үйл баримт, гэм бурууд маргаж мэтгэлцсэн хэдий ч хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн насанд хүрээгүй хохирогч М.М-, насанд хүрээгүй гэрч Н.Б-, Т.Т-, С.С-, Э.У-, Г.Д- нарын удаа дараа тогтвортой мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй байна.

          Хавтаст хэрэгт насанд хүрээгүй гэрч А.М-ын “... манай ангийн М.М-, Т.Т- нар хоорондоо маргалдаад бие биенээ заамдсан. Н.Б- бид хоёр салгатал хажуунаас Б.Б- багш орж ирээд Т.Т-гийн толгой руу нэг удаа цохиод, зүүн гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Т.Т- бид хоёр М.М- болон Б.Б- багшаас холдож зогссон. Нэг мэдсэн чинь Б.Б- багш ангиас гараад явсан. М.М- доошоо тонгойгоод зогсож байсан. Тухайн үед ангийнхан шуугиад байсан болохоор ямар асуудал болсныг мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.И- “...М.М-, Т.Т- 2 маргалдаж, анги дотор хараалын үгээр бие биенийгээ чангаар дуудсан. Тэгснээ бие биенийгээ барьж авахад Б.Б- багш очоод салгаж байх шиг байсан. Би тухайн үед хичээл номоо янзлаад сууж байсан. Тэрнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Багш гараад явахад араас нь М.М- нэг гараараа хамраа дараад гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Н.С- “...М.М- очиж зүгээр байсан Т.Т-г өдсөн болохоор тэрээр уурлаж босч ирээд бие биенийгээ заамдсан. Б.Б- багш тэр хоёрын дундуур орж салгаад түлхсэн. Багш бусад хүүхдүүдийг “суу” гэж хэлэхэд би урагшаа хараад суусан. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна. Б.Б- багш М.М-ийг цохисон гэж хүүхүүд ярьж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ч.М- “...М.М-, Т.Т- 2 маргалдаж эхэлсэн. Юунаас болоод маргалдсан талаар мэдэхгүй байна. Б.Б- багш тэр хоёрыг салгаж байхад нь би ангиас гараад явсан. Ариун цэврийн өрөө орчихоод буцаад орж ирэхэд Т.Т- ширээний ард сууж байсан. М.М- ангиас гараад явж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Т.З- “...М.М-, Т.Т- хоёр анги руу ороод хойд хэсэгт маргалдаад зогсож байхыг нь Б.Б- багш ширээний хажуу талаас нилээн харж зогсож байснаа тэр хоёрыг барьцалдаж авахад багш очсон. Тэгээд М.М-, Т.Т- хоёрын цээж хэсэг рүү түлхэж салгасан. Багш юу болсныг асууснаа “эвлэр” гэж хэлээд гар бариулж салгачихаад гараад явсан. М.М-ий биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх, сорив ажиглагдаагүй. М.М- хэд хоногийн дараа хамраа боочихсон ирж байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Г.Д- “... ангидаа ортол Б.Б- багш ангийн ширээн дундуур нааш цааш явж байсан. Цаана нь М.М- тонгойсон байдалтай хамраа барьчихсан байсан. Би ангийнхаа хүүхдүүдээс юу болсон талаар асуухад манай ангийн хүүхэд “Б.Б- багш М.М-ийг зодчихлоо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа М.М-ийг тайвширхаар нь түүнээс юу болсон талаар асуухад “багш намайг эхлээд алгадсан. Дараа нь үсдээд доош болгож байгаад өвдгөөрөө нүүрэн тус газар өвдөглөсөн. Харин Т.Т-г нэг удаа алгадсан гэж хэлсэн” гэх /хх-ийн 117-р хуудас/ мэдүүлгүүдийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд: шүүгдэгч Б.Б- нь насанд хүрээгүй хохирогч М.М-ийг цохиж хамрыг нь хугалсан хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэж няцаасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин дээрх гэрчүүд нь хэргийн нөхцөл байдлыг өөрөө шууд хараагүй бусдаас сонссон дамжмал эх сурвалжтай мэдээллээ гэрчилсэн нь шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэсэн, цагаатгах баримтууд гэж үзэхгүй юм.

 

          Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Б.Б-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

          Тухайн нөхцөлд хэргийн насанд хүрээгүй хохирогч М.М-ий биед учирсан “хамрын ясны хугарал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан ба уг гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан эмчилгээ, оношилгоо хийлгэсэн зардал нь хохирол учирсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

          Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээ, оношилгооны зардалд зарцуулсан гэх томографийн зураг авахуулсаны 120.000 төгрөг,  шатахууны зардал 100.000 төгрөг, ажлаасаа 4 өдрийн чөлөө авсан тул дутуу авсан цалин хөлс 120.000 төгрөг, өвчин намдаах эм, наалт авсан 17000 төгрөг, нийт 357.000 төгрөг нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргасан боловч хэргийн 47 дугаар хуудсанд томографийн зураг авахуулсаны 120.000 төгрөг,  “МТ” шатахуун түгээх газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шатахуун авсан 20.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун авсан 10.000 төгрөг нийт 150.000 төгрөгийн баримт гаргаж өгчээ.

          Гэм буруугийн хуралдаанаас шүүх баримтаар нотлогдож буй эмчилгээ, оношилгооны зардалд хохирогчоос зарцуулсан 120.000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон шүүгдэгч Б.Б-оор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ба эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-д 120.000 төгрөгийг төлсөн байна. Харин “МТ” шатахуун түгээх газраас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шатахуун авсан 20.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шатахуун авсан 10.000 төгрөгийн зардлыг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогч М.М-ий биед учирсан “хамрын ясны хугарал” гэмтэлтэй холбоотой хагалгаанд орох шаардлагатай гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Б-оос иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч Б.Б- нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

            1. С- овогт Батсуурийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М-д 120.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

5. Хохирогч М.М- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР