Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 770

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийж, иргэн Ц.С, Т.М, В.Б, А.С нарын нэхэмжлэлтэй “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын *** байрны ар талын  далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгуулах, нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь  хууль бус болохыг тогтоолгож, уг захирамжаар иргэн Л.Б-д холбогдох  хэсгийг хүчингүй болгуулах, мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг  хууль бус болохыг тогтоолгох, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох” шаардлага бүхий Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга нарт тус тус холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, түүний өмгөөлөгч Б.О, нэхэмжлэгч Т.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Ц.ц, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд Л.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд  Г.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, түүний өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: 

“Иргэн Л.Б нь *** байрны ар талын далан дээр байрлах нэг давхар барилгаа нурааж одоогийн байдлаар 3 давхар барилга барьснаас болж оршин суугч бидний амьдарч буй *** байрны 3 давхрын ... тоот, 4 давхрын .. тоот, 5 давхрын .. тоот, 6 давхрын .. тоот орон сууцнуудын ар талын цонхны нарны гэрлийг хааснаас амьдрах нөхцөлгүй болгож байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

*** байрны .., .., .., .. тоот 1 өрөө орон сууцнууд нь 2 цонхтой бөгөөд биднийг уг байранд нүүж ороход зүүн талын цонхтой урд талд маш ойрхон 9 давхар барилга баригдаж зүүн талын цонхыг хааж нарны гэрлийн тусгалыг хаасан байсан.

Гэтэл орон сууцандаа ороод удалгүй байж байтал манай байрны ар талын далан дээр нэг давхар барилга байсныг нурааж барилга баригдаж эхэлснээс болж бидний амьдарч буй орон сууцнуудын ар талын цонхны нарны гэрлийг хааж байгалийн гэрэл муутай хүйтэн орчинд амьдрах боллоо. Оршин суугч бид нарны гэрэл тусахгүй орчинд удаан хугацаагаар байх боломжгүй нөхцөл байдал үүсч өдөр бүр гадаа гарч дулаацахгүй бол даараад байдаг. Энэ байрыг буцаагаад худалдах гэхээр цонх хаасан байрыг худалдаж авах хүн олдохгүй байна.

Ингээд бид зөрчигдөж буй эрхээ хамгаалуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус хандсан боловч нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “...иргэн Л.Б нэг давхар барилгаа нурааж өргөтгөл барьж байгаа нь хууль зөрчөөгүй байна” гэж, Нийслэлийн Засаг даргаас “Баянгол дүүргийн *** хороо, Д ХХК-ийн барьсан 10б байрны хажууд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2013 онд Л.Б-д барилга барих шийдвэр гаргаагүй байна” гэж бичгээр хариу өгсөн ба харин энэхүү барилга зөвшөөрөлгүй тул Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар луу албан бичиг явуулсан та нар ч гэсэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт давхар хандаарай гэж тайлбарласан. 

Тэгээд бид Нийслэлийн Засаг дарга асуудлыг шийдвэрлэлээ гэж ойлгоод Нийслэлийн хяналтын газарт гомдол гаргасан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Баянгол дүүргийн *** хороог хариуцсан байцаагч Ж иргэн Л.Бын барьж буй барилгыг өөрийн биеэр ирж үзээд гомдлын хариуг бичгээр өгье, хууль зөрчиж баригдаж буй барилга байна. Барилгын ажлыг зогсоох талаар акт гаргана гэж хэлсэн. Гэтэл энэ актаа гаргахгүй удаашраад байхаар нь асуухад уг барилгын ажлыг зогсоох акт гаргахыг барилга хариуцсан байцаагч Аэд даалгахаар шилжүүлсэн гэж тайлбарласан. А байцаагч барилгын явцыг шалгаад иргэн Л.Бын барьж буй барилгын ажлыг зогсоох тухай акт гаргасан гэж бидэнд амаар мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл энэхүү актаа гаргаж үзүүлээгүй. Гэхдээ бид Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг зогсоосон байна гэж ойлгосон. 

Гэтэл дулааны улирал эхлээд барилга дахин дээшээ баригдаж эхэлсэн. Ингээд А байцаагчийг дуудаж барилга баригдаж буйг шалгуулахад харин ч иргэн Л.Бтой нэг тал болоод барилгын ажлыг зогсоох нь битгий хэл барилга барих зургаа баталгаажуулаарай гэж хууль бус тайлбар хэлсэн. 

Тэр өдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Л.Б гуай оршин суугч бид нарыг “та нар юу ч олж авахгүй, би барилгаа барих болно, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгын ажлыг зогсоож чадахгүй, харж байгаарай” гэх зэргээр дайрч доромжилсон. Одоо барилгын ажил  өдөр, шөнөгүй явагдаж барилга баригдсаар, оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр л байна. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч А сүүлдээ бидний утсыг авахаа больж, ажил дээр нь очиход олдохгүй, биднээс зугтаад уулзахаа больсон. 

Иргэн Л.Бын барьж буй барилга нь Барилгын тухай хууль, норм журмыг зөрчиж оршин суугч бидний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж амьдарч байгаа орон сууцны цонхыг хааж барилга барьснаас нарны гэрэл тусахгүй, мөн гадна гал түймэр гарсан тохиолдолд галын машин орох зай талбайгүй, газар хөдлөлтийн үед нурангитай далан дээр барьсан барилга бидний амьдарч буй орон байр руу нурах зэрэг аюултай нөхцөл байдал үүсч бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг баталгаа алдагдаж Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02-07-94/304 дугаартай албан шаардлага нь иргэн Л.Бын барьж буй барилга нь барилга угсралтын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй барилгад барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг нөхөж авах талаар, ажлын зураг төсөл боловсруулж баталгаажуулаагүй барилгад ажлын зураг төслийг нөхөж боловсруулж баталгаажуулах талаар барилгын ажлыг дэмжсэн шийдвэр байна. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Л.Бын хууль бусаар барьж буй барилгын ажлыг зогсоохгүйгээр дээрх шийдвэр гаргаж байгаа нь хууль бус байна. Мөн нийслэлийн Засаг даргаас иргэн Л.Б-д ямар захирамжаар газар эзэмших эрх олгож энэхүү барилгыг барьж бидний эрхийг зөрчөөд байгаа захиргааны акт өнөөдрийг хүртэл бидэнд тодорхойгүй, эрх бүхий захиргааны байгууллагуудаас мэдэгдээгүй, бид мэдэх боломжгүй байна. Иргэн Л.Б-д газар олгосон нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсны дараа нэхэмжлэлийн шаардлага тодруулж өгөх болно. 

Иймд нийслэлийн Засаг даргын захирамжийн иргэн Л.Б-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн дагуу *** байрны ар талын далан дээр зохих зөвшөөрөлгүй барилга барьсан иргэн Л.Бын эзэмшил газрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас *** байрны ар талын далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барилга барьж буй барилгын ажлыг зогсоохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг барилгын ажлыг зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч  нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“*** байрны ар талын далан дээр байрлах 2500 кв.м газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар анх эзэмшүүлсэн байх бөгөөд 2013 оны 0*** сарын 25-ны *** дугаар захирамжаар хугацаа сунган иргэн Л.Б-д эзэмшүүлсэн байна.

Иргэн Л.Б нь уг эзэмшил газраа нийслэлийн Засаг даргын захирамжтай болгож баталгаажуулахаар хүсэлт гаргасан бөгөөд нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамжтай газар эзэмшиж, ашиглаж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх үүрэг бүхий Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын хамтарсан 2014 оны А/04 – A/110 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг ажиллаж буй тул шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн.

Дээрх ажлын хэсгийн хийсэн судалгааг үндэслэн нийт 70 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Цаашид дүүргийн Засаг даргын захирамжийг нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах ажлыг нэг мөр болгох, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлт гаргасан иргэд, аж ахуйн нэгжүүдийн гаргасан хүсэлтийг нэг дор шийдвэрлэх үүднээс гаргасан хүсэлтүүдийг судлах, захирамжаар баталгаажуулах шаардлагагүй газар эзэмшигч, ашиглагчийн судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

Нэгэнт ажлын хэсгийн судалгаа бүрэн хийгдэж дуусаагүй, дүгнэлт нь гараагүй байгаа тул Ц.С, Т.М, В.Б, А.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Засгийн газрын 11-11 дугаар утсаар ирүүлсэн гомдол, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” 02-02/140 дугаар удирдамжийн дагуу тус газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Л.Бын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж байгаа барилгын ажлыг иргэн Л.Быг байлцуулан шалгасан байна. Шалгалтаар

1. Ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхэлсэн нь Барилгын тухай хуулийн 1*** зүйлийн 16.6 дэх заалт

2. Ажлын зураг төсөлгүйгээр барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 1*** зүйлийн 16.2 дах заалтыг зөрчсөн байх тул “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дах заалт /хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох.../-ын дагуу 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-94/160 дугаар “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” улсын байцаагчдын актаар 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчлийг арилгуулах хүртэл барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоосон байна.

Дээрх актын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 08-ны 02-07-94/304 дугаар “Зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Л.Бын /Гомдол гаргагч иргэн Батцэцэгийн хүсэлтийн дагуу нар, салхи, гэрэл, гэгээ, хааж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагаар шалгуулж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2014 онд 05 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдэх/ тухай *** мэдэгдэх хуудсыг өгсөн /хүргүүлсэн/ байна.

Тус газар нь иргэдээс ирүүлсэн гомдлыг дагуу холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хүрээнд хяналт шалгалт хийн иргэн Л.Бын зохих зөвшөөрөлгүй барьж байгаа барилга дээр гаргавал зохих эрх зүйг баримт бичгүүдийг гаргасан байгаа нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагааны эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Иймд иргэн Ц.С, Т.М, В.Б, А.С нарын 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хамаарах заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хавсралт:”Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-94/160 дугаар улсын байцаагчийн акт, 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Л.Б-д хүргүүлсэн *** дугаар мэдэгдэх хуудас” гэв.

Нэхэмжлэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулахдаа:

“1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа: “Баянгол дүүргийн *** хороо, *** байрны ар талын далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгуулах тухай”

Нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нар нь *** байрны .., .., .., .. тоотод оршин суудаг.

Гэтэл бидний амьдардаг орон сууцны ар талын далан дээр иргэн Л.Б нь хуучин байсан барилгаа нурааж, шинээр барилга барихдаа барилгын хэмжээгээр томруулж, урт үргэлжилсэн 3 давхар барилга барьж оршин суугч бидний амьдарч байгаа орон сууцны хойшоо харсан цонхыг хааснаар нар салхи, гэрэл гэгээ муутай орчинд амьдрах болсон. 

Иргэн Л.Бын өмнө нь байсан хуучин барилга нь оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаагүй ба 2013 оны хавар орон сууцандаа ороход 10б байрны .., .., .., .. тоот орон сууцны хойшоо харсан цонхны харалдаа ямар нэгэн барилга, байгууламж байгаагүй юм. 

Шинээр барьж буй иргэн Л.Бын барилга нь бидний амьдарч байгаа орон сууцтай маш ойрхон баригдаж оршин суугч бидний эрхийг ноцтой зөрчиж эхлэх болсноор Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Засаг даргад тус тус гомдол гаргасан ба иргэн Л.Бын барьж буй барилга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй баригдаж байгаа талаар олж мэдсэн. 

Өөрөө хэлбэл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Л.Б-д тухайн барилгыг барих зөвшөөрөл олгоогүй байсан. 

Ингээд оршин суугчдын зүгээс иргэн Л.Бын барьж буй барилга нь Барилгын тухай хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангахгүй зэргэлдээ орших орон сууцтай маш ойрхон зайд баригдаж эхэлснээр цонхоор орж ирэх нар салхи, гэрэл гэгээг хаах болсон учраас тухайн барилгын ажлыг зогсоолгож, зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэдийн гомдлын дагуу *** байрны ар талын далан дээр иргэн Л.Бын барьж буй барилгад хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар уг барилга нь Барилгын тухай хуулийн /2008/ 1*** зүйлийн 16.2 дахь хэсэгт “Барилгын ажлын зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно.”, мөн хуулийн 16.6 дахь хэсэгт “Барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлэх, үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг илрүүлж, зэргэлдээ орших орон сууцны ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж маш ойрхон зайд барилга баригдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А, Л.Ж нар мэдсээр байж, тухайн барилгын зөвхөн бичиг баримтын зөрчлийг арилгуулахаар иргэн Л.Б-д хугацаатай мэдэгдэл өгч зөрчлийг арилгах хүртэл “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай” 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн улсын байцаагчийн акт, мөн Зөрчил арилгуулах тухай” 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан шаардлагыг тус тус гаргасан нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй шийдвэр болсон.

Учир нь иргэн Л.Б нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлагын дагуу барьж буй барилгынхаа бичиг баримтын зөрчлийг арилгасан ч гэсэн тухайн барилга нь зэргэлдээ орших орон сууцны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байх болно.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн акт болон албан шаардлага нь тухайн барилгын зөвхөн бичиг баримтын зөрчлийг арилгахад чиглэсэн ба хуульд заасан бусад зөрчлүүдийг бүрэн арилгах зөв шийдвэр болж чадаагүй учраас иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоож, зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах талаар хариуцлага хүлээлгэсэн бол 10Б байрны .., .., .., .. тоот орон сууцны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой байсан.

Түүнчлэн иргэн Л.Быг барилга барьж эхлэхээсээ өмнө зураг төсөл боловсруулдаг тусгай зөвшөөрөлтэй компаниар ажлыг зураг төслийг боловсруулж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсны дараа барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч байж тухайн барилгын ажлыг гүйцэтгэх ёстой байсан гэж үзэж байна.

Гэтэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Л.Бын барьж буй барилгад нь ажлын зураг төсөл боловсруулж батлуулах, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тус тус нөхөн гаргуулж авах талаар хугацаатай мэдэгдэл өгч барилгын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай акт тавьснаар тухайн барилга аль хэдийнээ баригдаад дуусчихсан байдаг.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь хэсэгт “Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж, Барилгын тухай хуулийн /2008/ 2*** зүйлийн 26.1.1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 500000-1000000 хүртэл, хуулийн этгээдийг 2000000-4000000 хүртэл төгрөгөөр торгож, зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгаж, газрын нөхөн сэргээхэд гарах зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж тус тус зааснаас үзвэл барилгын техникийн хяналтын улсын байцаагчид Барилгын тухай хууль тогтоомж, норм дүрэм, стандартыг зөрчиж барьж буй барилгын ажлыг таслан зогсоох, зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгах талаар хариуцлага хүлээлгэх эрх тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар олгогдсон байжээ.

Иймд хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын *** байрны ар талын далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгуулах хүсэлтэй байна.”,

2. Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа: “Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгон уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгуулах тухай”

Дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчин, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий байршилд бусдад газар эзэмшүүлсэн тохиолдолд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д зааснаар нийслэлийн Засаг дарга тухайн хууль бус захирамжийг хүчингүй болгох эрхтэй байгаа.

Нийслэлийн Засаг даргын зүгээс 2014 оны 4 сард судалгаа хийж, Газрын тухай хуулийг зөрчиж инженерийн шугам сүлжээнд холбогдсон болон холбогдохоор төлөвлөсөн газарт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамжтай газар эзэмшигч, ашиглагчийн судалгааг гарган зөрчлийг арилгах ажлын зохион байгуулсан.

Уг судалгаагаар иргэн Л.Бын эзэмшлийн Баянгол дүүргийн *** хороо, ***инд байрлах нэгж талбарын дугаар бүхий 2500 кв.м газар нь 2030 оны ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлээр өндөр орон сууцны бүсчлэлд хамаарч байна. Тухайн байршилд авто угаалгын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд тухайн байршлыг илүү талбайгаар ашиглаж байна. Угаалын төвийг барихдаа цэвэр усны хамгаалалтын зурваст оруулж барьсан байна гэж дүгнэжээ.

Мөн иргэн Л.Быг тухайн байршилд хууль зөрчиж барилга барьж байгаа үйлдлийн талаар оршин суугчид гомдол гаргаж, түүнийг Захиргааны хэргийн шүүх хянаж байгааг нийслэлийн Засаг дарга мэдэж байсан.

Гэтэл нийслэлийн Засаг дарга нь иргэн Л.Бын дээрх зөрчлүүд арилаагүй байхад хуульд заасан хяналт тавих үүргээ биелүүлэхгүйгээр түүний газар эзэмших эрхийг баталгаажуулах шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах” гэж тус тус зааснаас үзвэл нийслэлийн Засаг дарга нь иргэн Л.Бын эзэмшлийн газрын дээрх зөрчлүүдийг арилгах талаар хяналт шаардлага тавьж, зохих арга хэмжээ авах үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт “Барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэх заалт нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарч байна.

Энэхүү хуулийн заалтаас үзвэл барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээ авах эрх нь нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгуулах хүсэлтэй байна.

3. Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай”

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дахь хэсэгт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.” гэж нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг,  мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тус тус тодорхой заасан байна.

Гэтэл иргэн Л.Б-д хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий газарт газар эзэмших эрхийг олгохдоо дүүргийн Засаг дарга дээрх хуулийг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн газар олгосноос болж, тухайн газар дээрээ барилга барих зөвшөөрөл авахгүй, ямар ч хяналтгүйгээр хууль зөрчин барилга барьснаар зэргэлдээ орших орон сууцны иргэдийн эрхийг зөрчиж байна.

Дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т заасныг зөрчин, хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий байршилд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй учраас тухайн захиргааны актыг гаргах эрхгүй этгээд эрх хэмжээгээ хэтрүүлэн гаргасан тул дээрх шийдвэрүүдийг илт хууль захиргааны акт гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэв.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: 

“Иргэн Ц.Сийн нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А.245 дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд уг байршилд тус газраас батлагдсан олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг барилгын аливаа зөвшөөрөл олгогдоогүй болно. 

Барилгын тухай хуулийн 4 дүгээр сарын 4.1.24-т “буулгалтын ажил” гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг”, 35 дугаар зүйлийн 35.1.7-т “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байрууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасан бөгөөд нийслэлийн Засаг даргын хувьд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн дүгнэлт эсвэл шүүхийн шийдвэр гарсны дараагаар шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлтэй байна.

Иймд иргэн Ц.Сийн нийслэлийн Засаг даргад барилга байгууламжийг буулгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдсэний дараагаар хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу ажиллах болно”,

“Иргэн Ц.С ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгон уг захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбар гаргаж байна. :

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн байна.

Тус иргэн дүүргийн захирамжаа нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажуулах хүсэлтээ гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар..Баянгол дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2500 м2 талбай бүхий газрыг худалдаа үйлчилгээний дагуу 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамж нь нэхэмжлэгч нарийн эрх хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй гэж үзэж байх тул дээрх газрын барилга байгууламжийн асуудлаар ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан эсэх барилга байгууламж барих зөвшөөрөлтэй эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул газар баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлгүй байна.” гэв.

Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: 

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.С нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Иргэн Т.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С ын нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамжуудын иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, уг газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” гэжээ.

Иргэн Л.Б нь маргааны бүхий газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/110 дугаар захирамжаар автомашины засварын газрын зориулалтаар 2500 м.кв газрыг эзэмшиж авсан ба газар эзэмших эрхээ дүүргийн Засаг даргын 2002 оны 191 дүгээр захирамж, 2008 оны *** дугаар захирамж, 2013 оны *** дугаар захирамжуудаар хугацаа сунган эзэмшиж ирсэн ба нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын дээрх газрыг эзэмших эрх нь баталгаажсан байна.

Иймд нэхэмжлэлийн тодруулсан шаардлагад дурдсан “Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамжуудын иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, уг газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай” шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. 

Учир нь дээрх газар нийслэлийн Засаг даргаас баталгаажсан тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан тул дүүргийн засаг даргад дээрх шийдвэрийг гаргах боломжгүй юм” гэв.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: 

“2014 онд Баянгол дүүрэгт байрлах иргэн Л.Бын эзэмшил газарт баригдаж байсан зөвшөөрөлгүй барилгыг шалгуулах тухай иргэдийн гомдол, төлөвлөгөөт бус удирдамжийн дагуу хяналт шалгалтыг гүйцэтгэж иргэн Л.Б-д гарган хүргүүлж байсан түр зогсоох тухай акт болон албан шаардлагыг барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.А би “Барилгын тухай" /хуучин 2008 он/ хуулийн 25 дугаар зүйл “'Барилга байгууламжид тавих техникийн хяналт”, “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйл /Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх/ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаартай тушаалаар баталсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын дагуу эрх зүйн баримт бичгийг боловсруулан баталгаажуулж гаргасан.

Тодруулбал.

1. Улсын байцаагчийн актыг тогтоохдоо шалгалтын явцад газар дээр нь иргэн Л.Б-д батлагдсан зураг төсөл, барилгын ажилтай холбогдолтой баримт бичиг байхгүй байсан тул “Барилгын тухай" хууль /хуучин 2008 он/-ийн 9 дүгээр зүйл /барилга байгууламжид тавигдах шаардлага/-ийн 9.1.2 дахь заалт, 1*** зүйлийн /барилгын ажил гүйцэтгэгчийн эрх үүрэг/ 16.2 дахь заалт, 16.6 дахь заалтыг зөрчсөн нь тодорхой харагдаж байсан тул “Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйл /Мэргэжлийн хяналтын улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх/-ийн 10.9 7 дахь заалтад заасан бүрэн эрхийн хүрээнд улсын байцаагчийн “Барилга угсралтын ажлыг түр хугацаагаар зогсоох тухай" актыг боловсруулан гаргаж баталгаажуулсан.

Өөрөөр хэлбэл түр зогсоох үндэслэл нь "Төрийн хяналт шалгалтын тухай" хуулийн 10 дугаар зүйлийн /10.9 дахь заалт "Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”/ 10.9.7 дахь заалтад “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь эохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай-олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг-бүрмөсөн зогсоох тухай шийдвэр гаргах” /энэ заалтад 2010 оны 0*** сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ заасан байдаг.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн /10.12 дахь заалтад “Улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.” 10.12.3 дахь заалтад /энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх/ зааснаар улсын ерөнхий байцаагч болон ахлах байцаагч нарын бүрэн эрх гэж хуульчилсан тул улсын байцаагч түр зогсоох эрхтэй гэдгийг дахин сануулж байна.

2. Улсын байцаагчийн актыг баталгаажуулж хүргүүлсэн ба хуулийн дагуу эрх бүхий газраас авсан баримт бичиг байгаа эсэхийг баталгаажуулж “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.3 дахь заалтын хэрэгжүүлэлтийг хангах үүднээс иргэн Л Б д хугацаатай апбан шаардлагыг хүргүүлсэн.

Тухайлбал иргэн Л.Б-д эрх бүхий байгууллагуудаас гаргаж авсан гэх зураг төсөл, эрх зүйн баримт материал байгаа эсэх нь шалгалтын үед тодорхойгүй, нотлох баримт байхгүй байсан тул зөрчлийг тодорхой болгох үүднээс иргэн Л.Б-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн улсын байцаагчийн албан шаардлага гарган хүргүүлсэн.

Энэ асуудлыг тодорхой болгох үүднээс төрийн байгууллагуудаас иргэн Л.Б-д ямар нэг зураг төсөл боловсруулан батлуулсан, зөвшөөрөл олгосон талаар тодруулахад Барилгын хөгжлийн төвд ямар нэгэн зураг батлуулахаар өгөөгүй, /хуучин нэрээр/ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн Л.Б нь эскиз /эх загвар/ зураг баталгаажуулж архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй байсан нь албан шаардлагын хугацаанд тогтоогдсон болно.

Гуравдагч этгээд Л.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Л.Б миний бие нь 1999 оноос хойш Баянгол дүүргийн 8-р хорооны нутагт байрлах маргаан бүхий 2500 м.кв газрын хууль ёсны шударга эзэмшигч байсаар ирсэн нь хэрэгт авагдсан Иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээгээр тодорхой нотлогдоно. Тухайн үед буюу 2002 онд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2003 оны 01 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан, иргэн Л.Б миний газар эзэмших эрхийг шинэ хуульд нийцүүлэн баталгаажуулж, Баянгол дүүргийн засаг даргын 2002 оны 12 сарын 24-ний Б/191 дүгээр шийдвэрээр нэгж талбарын 21/5128 дугаар бүхий 2500 мкв газрыг орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэхүү хугацаанд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэний хуулийн хүрээнд газрын төлөв байдлыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, 2006 онд тухайн газартаа 189/06 /Ус сувгийн удирдах газар/ тоот, 229 тоот /Улаанбаатар дулааны сүлжээ ХК/, 975/2006 /Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК/ Техникийн нөхцөлүүдийг тус тус батлуулсан.

1. Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох 2008 оны 04 сарын 16-ны өдрийн *** дүгээр захирамж, 2013 оны 06 сарын 25-ны *** дугаар захирамж, 2013 оны 09 сарын 03-ны өдрийн *** дүгээр захирамжийн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.Б миний бие Монгол Улсын иргэнийхээ хувьд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, Газрын тухай хуулийн хүрээнд, мөн хуульд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангаж, нийслэлийн Баянгол дүүргийн 8-р хороо, ***ны зуүн урд тал хаягт байрлах, нэгж талбарын 21/5128 тоот дугаар бүхий, 2500 мкв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамжийн үндсэн дээр 5 жилийн хугацаатай эзэмшихээр болж тус газрын хууль ёсны, шударга эзэмшигчийн эрхээ баталгаажуулсан. Энэ нь хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны *** дугаар захирамж, *** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Газар эзэмших тухай гэрээ зэргээр тодорхой нотлогдоно. Л.Б би бээр газар эзэмших хугацаандаа Газрын тухай хууль болон газар эзэмшүүлэх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлсээр ирсэн ба 1 газрын тухай хуулийн 39 дүгээр /Газар эзэмших эрх дуусгавар болох/ зүйл, 40 дүгээр /Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох/ зүйлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах ямар нэг нөхцөл үүсгэж байгаагүй. 

Түүнчлэн *** дугаар захирамжийн Л.Б миний биед холбогдох хэсгийн эрх зүйн үр дагавар үүсгэсэн хугацаа нь 2013 онд дуусгавар болж *** дугаар захирамж шинээр гарсан бөгөөд Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх үндэслэл байхгүй бөгөөд нэхэмжлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэг байдлаар хөндөөгүй юм. Энэ нь нэхэмжлэгчид өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар газар эзэмшдэггүй, эзэмшиж байгаагүй үйл баримт, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29.2 дахь заалт, 31 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл, 38 дугаар зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан тухай тайлбар, Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдал зэргээр тогтоогдоно.

Дээр дурдсанчлан Л.Б би бээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл, 35.1.5-д заасан газар эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд холбогдох баримтуудыг хавсарган Баянгол дүүргийн өмч, газрын харилцааны албанд хандан гаргасан. 

Миний энэхүү хүсэлтийг Баянгол дүүргийн Өмч газрын харилцааны албанаас хянаж үзээд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 0З-ны өдрийн *** дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралтаар 5 жилийн хугацаагаар сунгасан. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны *** дугаар захирамжийн Нэгдүгээр хавсралт нь Газрын тухай хуулийн 37 дугаар /Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах/ зүйлийн дагуу сунгахаар заасан байдаг. Энэхүү *** дугаар захирамж нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн Гуравдугаар заалтаар хүчингүй болсон.

Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад заагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 06-р сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар Баянгол дүүргийн 6-р хороо, Жаргалан төвийн баруун талд хаягт байрлах Тос, маслын үйлчилгээний зориулалт бүхий 32 м.кв талбайтай Иргэн Ж гийн Д гийн эзэмшлийн газрыг /Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 101 дүгээр захирамжтай/ Газрын тухай хуулийн 38 дугаар /Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх/ зүйлийн хүрээнд иргэн Л.Б би шилжүүлэн авч хууль ёсны шударга эзэмшигч нь болсон газар юм. Энэхүү *** дугаар захирамжаар олгосон газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг байдлаар давхцалгүй бөгөөд Газрын тухай хуульд заасны хүрээнд зориулалтын дагуу эзэмшиж байгаа, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын орц гарцыг хаасан ямар нэг маргаангүй газар юм. Энэ нь хэрэгт авагдсан *** дугаар захирамж болон хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын тайлбар, газар эзэмшүүлэх гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, кадастрын мэдээллийн санд баталгаажсан зураг зэргээр нотлогдоно.

Иймд нэхэмжлэгчдийн Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

2. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04-р сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжийн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, Л.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйл, 57.1 дэх заалтын шаардлагыг тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйл, 35.1.7-д заасны дагуу Иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.

2013 оны 02-р сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг батлах тухай” 23 дугаар тогтоол гарсан ба үүнтэй уялдуулан нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын өндөр барилгажилтын бүсийг тогтоож газар эзэмших эрхийг баталгаажуулж эхэлсэн.

Үүний дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 10-р сарын 28, мөн оны 11-р сарын 26, 12-р сарын 17, 2015 оны 01-р сарын 10, мөн оны 01-р сарын 20, мөн оны 02-р сарын 11, мөн оны 03-р сарын 21-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудын хүрээнд Иргэн Л.Б миний Баянгол дүүрэг, 8-р хороо, ***ны урд хаягт байрлах, Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 530 дугаар захирамжтай, худалдаа үйлчилгээний зориулалт бүхий, 2500 кв.м талбайтай газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2015 оны *** дугаар захирамжийн Гуравдугаар заалтаар хүчингүй болгож, шинээр баталгаажуулж, нэгж талбарын 18640310153987 тоот дугаарт бүртгэн, газар эзэмших гэрчилгээг шинэчлэн олгосон.

Ийнхүү газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна.”, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4 “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах.” гэж заасны хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэх хэсэгтээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйл, 21.2.3-д заасныг зөрчсөн гэж үзэн хууль бус болохыг тогтоолгохоор маргажээ. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно.” гэж заажээ. Гэтэл УИХ-аас баталсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04-р сарын 10-ны 5/14 дугаар Журам батлах тухай тогтоолын 2 дугаар хавсралтаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ыг баталсан байдаг. Тус журмын 1.2-д “Журмыг Нийслэлийн газрын болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдөн ажиллана.” гэж заасны хүрээнд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Газар барилгажилтын зөвлөлийн хуралдаж шийдвэр гаргасныг үндэслэн, нийслэлийн Засаг дарга *** дугаар захирамжаа гаргасан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл, 37.6-д заасан бусад эрх зүйн зөрчилтэй акт гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагадаа иргэн Л.Б намайг Баянгол дүүргийн 6-р хороонд 2500 м.кв газар эзэмшдэг, тэрхүү газар нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөгөөр өндөр барилгажилтын бүсэд хамаардаг байтал авто угаалгын зориулалтаар талбай хэтрүүлэн ашиглаж байгаа гэжээ. 

Гэтэл иргэн Л.Б би Баянгол дуүргийн 6-р хороонд 2500 м.кв газар эзэмшдэггүй бөгөөд маргаан бүхий 2500 м.кв газар нь Баянгол дүүргийн 8-р хороонд оршдог. Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагадаа тусгасан Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 368 дугаар захирамжийн дагуу 32 м.кв газрыг тос маслын үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг болохоо дээр дурдсан. Энэхүү газар нь хаяг байршлын хувьд ч нэхэмжлэгчдийн эрх ашгийг хөндөх ямар ч боломжгүй юм.

Иргэн Л.Б би бээр Баянгол дүүргийн 8 болон 6-р хороонд өөр өөр хэмжээ бүхий 2 газрыг, өөр өөр зориулалтаар Газрын тухай хуулийн хүрээнд эзэмшдэг. Нэхэмжлэгчид үүнийг зориудаар нэг мэтээр ярьж, нэхэмжлэлдээ дурдаж шүүх байгууллагыг төөрөлдүүлэх арга хэрэглэж байна.

Тайлбарын эхэнд Л.Б би бээр маргаан бүхий Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг 2500 м.кв газрыг 1999 оноос хойш эзэмшиж байгаагаа дурдсан билээ. Энэ хугацаанд газар эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1998 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.7-д “барилгын техникийн нөхцөл” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад шаардагдах дулаан, уур, цэвэр, бохир ус, цахилгаан эрчим хүч, холбоожуулалт, радио дохиоллын холболтын эх үүсвэрийн шийдэл, барилгын үйлдвэрлэлд тавих шаардлага болон байгаль орчин, эрүүл ахуй, гал түймрийн хяналтын албанаас авах зөвшөөрлийг” гэж заасны хүрээнд 2004-2005 оны хооронд өөрийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээрээ газрын зориулалтын дагуу барилга барихаар төлөвлөж техникийн нөхцөлүүдийг гаргуулсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Түүнчлэн би өөрийн шударгаар, хууль ёсоор эзэмшиж буй Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах 2500 м.кв газар дээрээ 2004-2005 онд зохих зөвшөөрлийн дагуу тухайн үеийн Барилгын тухай хуулийн хүрээнд барилга бариулсан. Энэ нь 2005 онд гарсан Ү-***.. тоот 1368 м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ, Ү-****.. тоот 480 м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгээр тус тус нотлогдоно. Л.Б би бээр 1368 м.кв талбай бүхий Ү***.. тоот үл хөдлөх хөрөнгөдөө зөвхөн засан сайжруулалт хийсэн. Харин Ү-***.. тоот 480 м.кв үл хөдлөх хөрөнгөдөө ямар нэг байдлаар засан сайжруулалт хийгээгүй бөгөөд 2005 онд анх байсан хэвээрээ байгаа юм.

Гэтэл Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээчид шинжээчийн дүгнэлт гаргахдаа барилгын дотоод м.кв, эсхүл барилгын гадна нийт барилгын эзлэхүүний хэмжээний алиныг гаргасан эсэх нь тодорхойгүйгээр, шинжээчийн дүнэлтийг чухам ямар стандартыг баримтлан хийснээ дурдаагүй хийжээ. Мөн дүгнэлт гаргахдаа миний өмчлөлийн Ү-***.. тоот 480 м.кв талбайтай 2 болон 3 давхар бүхий үл хөдлөх хөрөнгийг оролцуулан нийтэд нь гаргажээ.

Шинжээч нь “Монгол Улсын шүүхийн шинжилгээний тухай хуулийн *** зүйлийн 6.1.5-д ”шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг, 18 дугаар зүйлийн 18.1 -д Шинжээчийн дүгнэлтэд дараахь зүйлийг тусгана:

18.1.1. шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар;

18.1.2. шинжилгээ хийх болсон үндэслэл;

18.1.3. шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаархи мэдээлэл;

18.1.4. шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог, нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал/;

18.1.5. санаатайгаар худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл;

18.1 .б.шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц;

18.1.7. шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаархи

мэдээлэл;

18.1.8. шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр;

18.1.9. хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлтэд шинжилгээ хийлгэсэн этгээдээс шинжилгээ хийхэд шаардлагатай харьцуулан шинжлэх хэв хэлбэр буюу дээжийг авсан тухай мэдээлэл.

18.2.Шинжилгээний явцад хэрэглэсэн арга, аргачлал, тэдгээрийн үр дүнг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт бүхий материал нь шинжээчийн дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болох ба гэрэл зургийн үзүүлэлтийг хоёр хувь үйлдэн нэг хувийг шүүхийн шинжилгээний байгууллагын архивт хадгалуулна” гэж, Улсын Дээд Шүүхийн 2008 оны 10-р сарын 10-ны өдрийн зөвлөмжийн 2.8-д “Шинжээч дүгнэлтээ бичгээр гаргах бөгөөд дараах зүйлүүд дүгнэлтэд заавал тусгагдсан байна. Үүнд:

а. Ямар баримт материалуудыг судалж шинжилсэн тухай тэмдэглэл;

б. Ямар шинжилгээ хийсэн, шинжилгээ хийсэн арга, хэлбэрийн тухай танилцуулга;

в. Эдгээрт үндэслэн гаргасан дүгнэлтийн агуулга. Мөн шүүгчийн захирамжид тусгагдсан асуулт, түүнд өгч байгаа хариу, дүгнэлтийн үндэслэлийг дэлгэрэнгүй тусгасан байна.

Шинжээчийн дүгнэлтийн агуулга нь дараах гурван хэсгээс бүрдэнэ.

A. Оршил хэсэг. Дүгнэлт гаргасан байгууллага, хуулийн этгээд, шинжээчийн нэр, үйл ажиллагааны чиглэл, мэргэшлийн байдал, дүгнэлт гаргасан огноо, газрын нэр, шинжилгээ явуулах болсон шүүгчийн захирамжийн огноо, дугаар, шүүхээс ирүүлсэн үндсэн болон нэмэгдэл материал, туршилтын загвар, нэмэлт шинжилгээ явуулж байгаа бол шинжилгээ хийх болсон шалтгаан, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тавигдсан асуулт зэргийг бичнэ. 

Б. Шинжилгээний хэсэг. Энд шинжилгээний объектын талаар болон шинжилгээ хийсэн явц байдлыг тодорхойлно. Мөн шинжилгээ явуулсан аргачлал, хэрэглэсэн багаж, хэрэгсэл, бодис, томьёолол, тогтоогдсон үйл баримтад шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарыг өгнө. Дахин шинжилгээний үр дүн урьдах шинжилгээний дүгнэлттэй зөрж байвал учир шалтгааныг заавал тайлбарлана.

B. Дүгнэлтийн хэсэг. Шүүгчийн захирамжаар шинжээчийн өмнө тавигдсан асуулт бүрт хариулт бичнэ. Шинжээчийн дүгнэлтийг бататгасан баримт болон материалуудыг дүгнэлтэд хавсаргах бөгөөд энэ нь дүгнэлтийн бүрэлдэхүүн хэсэг болно. Үүнд гэрэл зураг, гарын үсгийн загвар, тооцоолон бодох программын дүн, зураг, санхүүгийн баримт зэрэг материал байж болно” гэж тус тус заасан байдаг. 

Барилгын хөгжлийн төвөөс томилогдсон шинжээч нь уг дүгнэлтийг гаргахдаа маргаан бүхий, 1368 м.кв дотор талбай бүхий барилгын гадна эзлэхүүний хэмжээг тогтоох, мөн хуучин байсан суурийн хэмжээгээрээ байгаа эсэхийг тогтоох явдал байсан болно. Гэвч шинжээч нь хуулинд заасан шаардлагад нийцээгүй дүгнэлт гаргасан, мөн шүүхээс даалгасан асуултанд бүрэн дүүрэн, тодорхой хариулаагүй, шинжээчийн дүгнэлтийн агуулгад байх наад захын стандартыг хангаагүй байна.

Л.Б би бээр 1368 м.кв Ү-***.. тоот гэрчилгээ бүхий обьектоо анх байсан суурийн хэмжээг хэтрүүлэлгүйгээр засан сайжруулсан. Харин энэхүү маргаан бүхий объектод огт хамааралгүй, хажуу талд нь залгаа байрлах Ү-***.. тоот 480 м.кв талбайтай Үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн хүрээнд иргэн Р.Т т үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлсэн.

3. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох Баянгол дүүргийн *** хороо, ***, 106 байрны ар талын далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Иргэн Л.Б миний бие 2014 онд эхэлсэн Ц.С нарын нэр бүхий 4 иргэний нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийн улмаас өөрийн өмчлөлд байсан барилгаа өмнөх суурийн хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр дахин сайжруулах аждаа гүйцээж чадалгүй, ямар нэгэн эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах боломжгүй, эрхээ хязгаарлуулаад байна. 2014 оны 05-р сарын 05-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 02-07-94/160 тоот Улсын байцаагчийн акт, 2014 оны 05-р сарын 08-ны өдрийн 02-07-94/304 тоот Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу засан сайжруулалт хийж байсан барилгын ажлаа түр зогсоосон ба энэ нь өнөөдрийг хүртэл 3 жил үргэлжилж байна.

Миний барьж байсан барилга нь Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.” гэсэн энэхүү заалтад дурдагдсан хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулсан зүйл байхгүй бөгөөд энэ талаар нотолсон ямар нэгэн бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл нэхэмжлэгч нар нь дээрх үндэслэл тогтоогдоогүй байхад миний хувийн өмчийг буулгахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тавьж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Маргаан бүхий барилга нь 1368 м.кв талбайтай болох нь 2005 оны Ү-***.. тоот үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч нь Монгол Улсын Барилгын тухай хууль /2008/, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд манай барилгыг түр зогсоох шийдвэр гаргасан нь ямар нэгэн холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, нэхэмжлэгчдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Л.Б миний бие Монгол Улсын төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн хүрээнд өнөөдрийг хүртэл ямар нэгэн барилгын ажил явуулаагүй байгаа билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх ашиг нь огт хөндөгдөөгүй этгээдүүдийн гаргасан энэхүү нэхэмжлэлээс болоод Л.Б би бээр хувийн өмчөө эдийн засгийн эргэлтэнд оруулж чадалгүй хохирсоор өдийг хүрлээ. Өөрийн өмнө нь байсан 1368 м.кв Ү-***.. тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгөдөө засан сайжруулалт хийж байхдаа миний зүгээс Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д заасан хор хохирол учруулахуйц байдал үүсгэж байгаагүй юм. Иймээс миний хууль ёсны өмчлөлийн 2005 онд баригдсан байсан хувийн өмчийн барилгыг буулгах, түүнчлэн буулгахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгуулахыг нэхэмжлэгч нар нь шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Монгол Улсын иргэн Л.Б би бээр Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүрэг болох бусдын эрх ашгийг дээдлэн хүндэлж, Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа аливаа хууль журмын хүрээнд үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн. Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Иргэний хуульд өмчийн эрхийг хамгаалсан байдаг гэж би ойлгодог.

Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд ямар нэг байдлаар халдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд Р.Т ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

“Иргэн Ц.С нарын 4 хүний нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Р.Т нь Нийслэлийн Баянгол дүүргийн *** хороо,  ../.. тоот хаягт байршилтай, Ү-***.. улсын бүртгэлийн дугаар бүхий 480 м.кв талбайтай, 95%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Л.Б оос худалдаж авсан.

Дээрх худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгө нь тус захиргааны хэргийн шүүхээр маргалдаж буй Л.Бын өмчлөлийн 1368 м.кв талбайтай объекттой огт хамааралгүй, хажуу талд нь байрладаг бөгөөд ямар учраас иргэн Р.Т ыг маргаанд татан оролцуулсан нь ойлгомжгүй байна.

Иргэн Р.Т нь Монгол Улсын Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу уг объекгыг худалдаж авсан бөгөөд нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхолд ямар нэг байдлаар халдсан зүйлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх иргэн А.С, В.Б, Т.М, Ц.С нараас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Баянгол дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг дарга нарт тус тус холбогдуулан гаргасан дараах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа. Үүнд:

 Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан “*** байрны ар талын  далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах”,

 Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох”,

 Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг, Барилгын тухай хуулийн /2016/ 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасны дагуу иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгахыг даалгах” 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн үзлэгээр илэрсэн нөхцөл байдал, нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр гаргасан тайлбар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хурал дээр гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг *** хороо, ***, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг албадан буулгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох шаардлагын тухайд.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр баталсан “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн  дагуу  гуравдагч этгээд Л.Бын барьж буй барилгад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.А, Л.Ж нар хяналт шалгалт явуулжээ.

Уг хяналт шалгалтаар иргэн Л.Б нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил эхлүүлсэн, барилгын ажлыг ажлын зураг төсөлгүйгээр хийж гүйцэтгэсэн нь Барилгын тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож барилга угсралтын ажлыг түр зогсоохоор 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-94/160 дугаар актыг  үйлдсэн байна. Мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгах талаар 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02-07-94/304 дүгээр  Улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил гаргагч Л.Б-д хүргүүлж байсан байна.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Барилгын тухай хуулийн /2008/             7 дугаар зүйлийн 7.2.4-т “хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олголт, барилга байгууламжийн чанар, паспортжуулалт, бүртгэлийн ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу гуравдагч этгээд Л.Б нь өөрийн эзэмшил газартаа аливаа барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ уг барилгын ажлыг барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслийн хүрээнд зохих зөвшөөрлийг нийслэлийн Засаг дарга буюу түүний харъяанд үйл ажиллагаа явуулдаг агентлагаас авах үүрэгтэй юм. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гуравдагч этгээд Л.Б нь эрх бүхий байгууллагаас ямарваа нэгэн зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн болох нь нотлогдсон болно.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох...” гэж заасан эрхийн хүрээнд улсын байцаагч нь барилгын ажил  зөвшөөрөлгүй  хийгдэж байгаа тохиолдолд “түр зогсоох” хуулийн зохицуулалтын хүрээнд “түр зогсоох акт” гаргасан тул нэхэмжлэгч нарын “бүрэн зогсоохгүй” байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангах боломжгүй байна.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга буюу Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч зөрчилтэй барилгыг албадан буулгах дүгнэлтэд үндэслэн шүүх зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгах шийдвэр гаргахаар хуульчилсан байна.

 Иймд “албадан буулгах” шаардлагын хүрээнд зөвшөөрөлгүй баригдсан барилгыг буулгах эрх мэдэл нэхэмжлэгч нарын хариуцагчаараа тодорхойлсон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байхгүй тул “иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хоёр. Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар , 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар , 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар   захирамжуудыг “илт хууль бус болохыг тогтоох” шаардлагын тухайд.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар  Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.Б-д тус дүүргийн *** хороо Жаргалан төвийн баруун талд  тос, маслын үйлчилгээнд зориулж 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн 32 м.кв газар нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Учир нь дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар гуравдагч этгээд Л.Б-д эзэмшүүлсэн газар нь *** байрны хойд талын хэсэгт хамааралгүй болох нь нэгж талбарын 18640310210988  дугаар бүхий кадастрын зургаар  нотлогдож байна. 

  Гуравдагч этгээд Л.Б-д анх Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны Б/110 дугаар захирамжаар маргаан бүхий 2500 м.кв газрыг эзэмшүүлсэн бөгөөд эзэмших эрхийг 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191 дүгээр, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжуудаар тус тус сунгаж байсан байна. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь инженерийн шугам, сүлжээ бүхий газарт дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулиар олгогдсон эрх мэдлийг хэтрүүлэн Л.Б-д газар эзэмшүүлсэн нь  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх заалтыг зөрчсөн тул актууд нь “илт хууль бус” гэж Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж мэтгэлцсэн.

Шүүх дараах үндэслэлээр дээрх шаардлагыг хангах боломжгүй байна. Тухайлбал: 

- Нэхэмжлэгч Ц.С, Т.М, В.Б, А.С нар нь *** байранд 2013 оноос орон сууц өмчлөх болсон нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Харин гуравдагч этгээд Л.Б нь 1999 оноос Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий 2500 м.кв газрыг эзэмшиж байсан тул анх уг орон сууцыг худалдан авч өмчлөх эрхийг үүсгэхдээ үерийн далантай ойрхон бусад иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж байгаа нөхцөл байдлыг нэхэмжлэгч нар мэдэж байсан нь ойлгомжтой тул дээрх мэтгэлцээнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

- Гуравдагч этгээд Л.Б нь 1999 оноос эхлэн дүүргийн Засаг даргын шийдвэрээр маргаан бүхий газрыг эзэмшиж байсан бөгөөд Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн заалтыг цаг хугацааны хувьд эгүүлэн хэрэглэхгүй.

- Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т ”нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна”, 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх мэдлийг нийслэлийн Засаг даргад олгосон байна. 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 922 дугаар захирамжаар томилогдсон шинжээч нарын 2015 оны 04 дүгээр  сарын 22-ны өдрийн дүгнэлтийн  6-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 6-ны өдрийн 102 дугаар тогтоолын хавсралтаар Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын зурвас, засвар үйлчилгээний журам батлагдсан. Уг журам нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орон зайн орчинг бүрдүүлэх, тэднийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилготой. Журамд зааснаар Хамгаалалтын зурвас гэж тухайн барилга байгууламжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон газрыг хэлнэ. Журмын 2.2-т Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг барилга байгууламж, далан сувгийн гадаад ирмэгээс гадагш 10 метр байхаар тогтооно гэсэн заалтыг иргэн Л.Бын барьсан 3 давхар барилга зөрчиж байна” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч нарын орон сууц өмчилж буй *** байр нь дээрх журмыг мөн адил зөрчиж баригдсан тул үерийн далантай ойрхон газар эзэмших шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчигдөж байна гэж дүгнэх боломжгүй болно. 

- Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “илт хууль бус болохыг тогтоолгохоор” шаардаж буй Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжууд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” , мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д ”...хугацаа сунгуулах хүсэлтээ тухай шатны Засаг даргад гаргах...”, 37.2-т “...Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг  сунгах шийдвэр гаргана...” гэж заасны дагуу гуравдагч этгээд Л.Бын газар эзэмших эрхийн хугацааг хуулийн хүрээнд сунгаж буй шийдвэр тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь хэсэгт заасан тохиолдол биш болно. 

Нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нар гуравдагч этгээд Л.Б өөрийн эзэмшил газартаа зөвшөөрөлгүй барилга барьсны улмаас тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргаж байгаа билээ.

  Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжууд гарсны дараах цаг хугацаанд буюу 2014 оноос гуравдагч этгээд Л.Б нь өөрийн эзэмшил газартаа зөвшөөрөлгүйгээр барилгын ажил хийж гүйцэтгэсэн болох нь  Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/175 дугаар  албан бичиг түүнд хавсаргаж ирүүлсэн 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын архивын зурган мэдээллийг 2010 оны Улаанбаатар хотын агаарын зураг, 2011, 2012, 2013 онуудын Улаанбаатар хотын сансрын зурагтай тус тус давхцуулан ирүүлсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.  

Иймээс Баянгол дүүргийн Засаг дарга 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжуудаараа Л.Бын газар эзэмших эрхийг сунгахад тэрбээр  ямар нэгэн эрхийн доголдолгүйгээр эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан тул Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох “илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гурав. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах” шаардлагын тухайд” 

Гуравдагч этгээд Л.Б нь 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт эзэмшиж буй газраа баталгаажуулж авах хүсэлтийг  гаргасан бөгөөд Газар, барилгажилтын зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр  хурлаар хэлэлцэж Л.Б-д дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон газрын хэмжээг нэмэхгүйгээр баталгаажуулахыг зөвшөөрчээ. 

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар  захирамжаар гуравдагч этгээд Л.Б нь дүүргийн Засаг даргын шийдвэрээр эзэмшүүлсэн 2500 м.кв талбай бүхий газартаа 480 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай  95 хувийн дутуу гүйцэтгэлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-***.. дугаарт 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн 3 давхар  барилга, 1368 м.кв талбай бүхий гараж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-***3.. дугаарт 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн 3 давхар барилга баригдсан, Ус сувгийн удирдах газрын 2006 оны 189/0***, “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн 229, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 975/2006  дугаар техникийн нөхцөлүүд авсан байгааг үндэслэн газар эзэмших эрхийг баталгаажуулж, газар эзэмшүүлэх гэрээ  байгуулж, гэрчилгээ  олгосон байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.3-т ”нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын суурьшлын бүсэд инженерийн шугам, сүлжээнд зохих зөвшөөрлийн дагуу холбогдож үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан барилга, объектод газар эзэмшүүлэх, ашиглуулах  шийдвэр гаргах эрхтэй.

Нөгөө талаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж буй Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн газар эзэмшсэн, уг газар дээр барилга, байгууламж барьсан хууль бус үйлдэлд хяналт тавих заалт болно.

Дөрөв. Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгах арга хэмжээ авахыг даалгах”  шаардлагын тухайд. 

Гуравдагч этгээдийн Л.Б анх 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эрхийн улсын бүртгэлд  Ү-***.. дугаарт бүртгүүлсэн /2016 оны 10 дугаар сарын     21-ний өдөр гуравдагч этгээд Р.Т т худалдаж, өмчлөгчөөр Р.Т бүртгэгдсэн / 480 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай  95 хувийн дутуу гүйцэтгэлтэй 3 давхар  барилга нэхэмжлэгч нарын орон сууц өмчилдөг 10Б байрны хойд талын хэсэгт хамааралгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул уг барилгын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзэх үндэслэл байхгүй.

Харин Л.Б нь эрхийн улсын бүртгэлийн 1368 м.кв талбай бүхий гараж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-***.. дугаар бүхий барилгадаа зөвшөөрөлгүйгээр өргөтгөл хийж 95м урттай, 11м өргөнтэй, 3 давхар, давхар бүрийн талбай хэмжээ нь  1045 м.кв буюу нийт 3135 м.кв талбай бүхий барилгыг барилгын ажлын зураггүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй барьсан байна.

Тухайлбал, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 922 дугаар захирамжаар томилогдсон шинжээч нарын 2015 оны 04 дүгээр  сарын 22-ны өдрийн дүгнэлтээр “Одоо баригдсан Л.Бын 3 давхар барилга ажлын зураггүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй баригдсан байна”, “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-ийн Заавал мөрдөх 4-р хавсралт Орон сууцны барилга өөр хоорондын болон орчны барилга байгууламжийн хоорондын зай хэмжээг 2.5-ын 12-р хүснэгтэд зааснаар барилгын тууш тал, хөндлөн талын хооронд 18 метр байна. 10Б байрны барилга 12 давхар, иргэн Л.Бын барилга 3 давхар, тус барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон барилга хоорондын зай 3,96 метр байна.  Иймд БНбД 31-01-10-ийн Заавал мөрдөх 4-р хавсралтын 2.5-ыг зөрчсөн байна”, “...10Б байр болон иргэн Л.Бын барьсан барилга хоорондын зай 3,96 метр байгаа нь гал тусгаарлах хамгаалалтын зай хэмжээг зөрчсөн байна” гэжээ.

Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3079 дүгээр захирамжаар томилогдсон Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөлийн шинжээч нарын гаргасан 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтээр  “Иргэн Л.Бын  барьсан барилга нь хойд талаасаа 2 давхар, урд талдаа 3 давхар улаан тоосгон барилга байна. Уг барилга нь аль нэг тийшээгээ консольгүй буюу тэгш өнцөгт барилга тул давхар бүрийн талбай нь ижил 1045.0 м2 /95,0 х 11.0/ хэмжээтэй байна” гэсэн байна.

Нэхэмжлэгч нарын орон сууц өмчилж буй *** байрны хойд талд 2014 оноос өмнө барилга байгаагүй болох нь дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1091 дүгээр албан бичгээр ирүүлсэн Л.Бын  газрын хувийн хэрэгт байгаа фото зургийн хуулбар  ,

- Гуравдагч этгээд Л.Боос 480 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай 95 хувийн дутуу гүйцэтгэлтэй барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа хавсаргасан фото зургийн хуулбар ,

- Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/175 дугаар  албан бичиг түүнд хавсаргаж ирүүлсэн 2010, 2011, 2012, 2013, 2014 онуудын архивын зурган мэдээллийг 2010 оны Улаанбаатар хотын агаарын зураг, 2011, 2012, 2013 онуудын Улаанбаатар хотын сансрын зургууд  зэрэг. 

Иймд гуравдагч этгээд Л.Б нь 2014 онд барилгын ажил гүйцэтгэхдээ  тухайн үед үйлчилж байсан Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2-т ”барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг”, 3.1.8-д "барилгын зураг төслийн магадлал" /цаашид “магадлал” гэх/ гэж барилгын зураг төслийн техник, эдийн засгийн үндэслэл, архитектур, хот төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэх, инженерийн хангамжийн техникийн шийдэл, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, байгалийн баялгийг зохистой ашиглах, үйлдвэрлэлийн технологийн сонголт нь барилгын норм, дүрэм, стандартын шаардлагыг хэрхэн хангасныг тогтоож, мэргэжлийн дүгнэлт гаргах ажиллагааг” гэж заасны дагуу барилгын ажил хийж гүйцэтгэхдээ зохих зөвшөөрлийг захиргаанаас авах үүрэгтэй юм.

“Орон сууц, нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын  ээвэрлэлтийн хангамж” БНбД 23-04-07-д орон сууцны барилгын нар тусах зүүн, урд, баруун зүгийн цонхонд тусах нарны тусгалын нэг өдрийн үргэлжлэх хугацааг тооцдог бөгөөд хойт зүгийг тооцдоггүй хэдий ч шүүхээс хийсэн үзлэгээр  нэхэмжлэгч нарын өмчилж буй орон сууцанд өдрийн цагт ердийн байгалийн нарны гэрэл нэвтэрдэггүй, харанхуй орчинд амьдардаг болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын өмчилж буй 38,6 м.кв нэг өрөө орон сууц нь хойт зүгт харсан цонхтой бөгөөд орон сууцанд ердийн нарын гэрэл тусах боломжийг хязгаарласан байна. Иймээс Л.Б нь зөвшөөрөлгүйгээр барилга барихдаа Барилгын тухай хуулийн /2016/ 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” буюу нэхэмжлэгч нарын ердийн орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.

Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24-т ““буулгалтын ажил” гэж ашиглалтын шаардлага хангахгүй болсон, хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчиж баригдсан нь эрх бүхий байгууллагаас тогтоогдсон барилга байгууламжийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буулгах үйл ажиллагааг”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, 7.3-т “Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно”, 35 дугаар зүйлийн 35.1.7-д “барилга байгууламжийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй барилга байгууламжийг улсын хяналт хэрэгжүүлэгч байгууллагын ерөнхий байцаагчийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан буулгах арга хэмжээг авч, холбогдох зардлыг буруутай этгээдээр төлүүлэх”  гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нарын “албадан буулгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 09/827 дугаар  албан бичгээр шүүхэд “... архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын эх загвар зураг, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг барилгын аливаа зөвшөөрөл олгогдоогүй...”, “...шүүхийн шийдвэр гарсны дараагаар шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлтэй...”, “...хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу ажиллах болно” гэж тайлбар хийснийг тэмдэглэх нь зүйтэй.

Харин шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд гуравдагч этгээд Л.Бын зөвшөөрөлгүй барьсан барилгын “албадан буулгах” хэсэг нь нэхэмжлэгч нарын орон сууц өмчилж байгаа *** байрны хойд хэсэгт хамаарч байгаагаар ойлговол зохино.

Тав. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 3079 дүгээр захирамжаар томилогдсон Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектор, хот байгуулалтын зөвлөл шинжээч нарын ажлын хөлсөнд 1,000,000 төгрөг, Захиргааны хэргийг анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 922 дугаар захирамжаар томилогдсон “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ шинжээч нарын ажлын хөлсөн 725,400 төгрөг тус тус нэхэмжилсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэмгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 1,725,400 төгрөгийг хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нэхэмжлэгч нарын дунд хувь тэнцүүлэн хуваарилан “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ,   Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд тус тус олгуулах нь зүйтэй байна. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10*** зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 21.5.3, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Барилгын тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.8, 7 дугаар зүйлийн  7.2.4, Барилгын тухай хуулийн /2016/ 4 дүгээр зүйлийн 4.1.24, 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан иргэн Л.Бын хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилгын Баянгол дүүрэг *** хороо, ***, 10Б байрны хойд талд хамаарах хэсгийг хэсэгчлэн албадан буулгахыг нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан *** байрны ар талын  далан дээр иргэн Л.Бын хууль зөрчиж барьж буй барилгын ажлыг бүрэн зогсоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, иргэн Л.Бын зөвшөөрөлгүйгээр барьсан барилгыг буулгахыг даалгах, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 0*** сарын 25-ны өдрийн *** дугаар захирамж, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн *** дугаар захирамжийн иргэн Л.Б-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоох, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар иргэн Л.Бын газар эзэмших эрхийг баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан хяналт шаардлага тавихгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж, зохих арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөгийг нэхэмжлэгч А.С, В.Б, Т.М, Ц.С нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3.1, 45 дугаар зүйлийн 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн зардал болох нийт 1,725,400 төгрөгийг хувь тэнцүүлэн хариуцагч нийслэлийн Засаг дарга болон нэхэмжлэгч нараас 862,700 төгрөгийг тус бүр гаргуулан  “Барилгын хөгжлийн төв”  ТӨААТҮГ-т  725,400 төгрөг, Монголын архитекторуудын эвлэлийн дэргэдэх Архитектур, хот байгуулалтын зөвлөлд 1,000,000 төгрөг тус тус олгуулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  С.ТӨМӨРБАТ