Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2026/ХШТ/78

 

     

Ж.Б-д холбогдох шүүхийн

 шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 629 дүгээр шүүгчийн захирамж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалтай Ж.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хоригдлын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, ам бүл *,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1435 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 212 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор хойшлуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 11 жилээр тогтоосон Ч овогт Ж-ны Б (РД:***********).

 

Нийслэлийн прокурорын газраас хоригдол Ж.Б-д Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солиулахаар дүгнэлт бичиж ирүүлснийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 629 дүгээр шүүгчийн захирамжаар “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн уг зохицуулалтын зорилгыг "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх" гэж нарийвчлан тодорхойлсон ба цар тахлын нөхцөл байдал арилсан байх тул өршөөлд хамруулах үндэслэл болохгүй...” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Мөнхтуяагийн бичсэн эсэргүүцэл болон хоригдол Ж.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 64 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн байна.

 

Хоригдол Ж.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой” гэж заажээ. Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хууль надад шударга бус хандаж байгаад, анхан болон давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэж байгаа нь хүний эрх чөлөөг хязгаарлаж, зөрчиж байгаад гомдолтой байна.

2021 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж хорих ангиудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалт өршөөлд орж, хорих ялыг дүйцүүлэн сольж хүмүүсийг сулласан. Өршөөл үзүүлэх тухай хууль 2021 оноос 2026 он хүртэл үйлчлэн нэмж нэгтгэсэн ялтай хүмүүс хүнд ялаа эдэлж дуусаад хөнгөн зүйл анги дээрээ бугуйвч зүүж гарсаар байна. Гэтэл 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хууль зөвхөн надад үйлчлэхгүй байгаа шалтгаан нь намайг яс үндэс, хэл соёлоор гадуурхаж байна хэмээн хардаж байна.

Хүний эрхийн тунхаглалаар хүний эрх нь ялгаварлалгүй, салшгүй, хуваагдашгүй харилцан хамааралтай, хүн бүрт түгээмэл байдаг. Хүний эрх чөлөө нь төрөөс иргэддээ өгч буй буян хишиг биш харин Олон Улсын эрх зүйн хэм хэмжээ, тухайн улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломж нөхцлийг баталгаажуулдаг. Монгол Улсын иргэний эдлэх эрх чөлөөг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд шууд заасан байна.

Миний бие хийсэн гэмт хэрэгтээ маш их харамсан гэмшдэг. Цаг хугацааг ухрааж болдог бол бүх алдаагаа засан залруулж хийсэн бүх гэм нүглээ цайруулах байсан. Хүний энэ богинохон амьдралд эрх чөлөө гэдэг ямар их үнэ цэнтэй гэдгийг ойлгон ухамсарлаж байна.

Би хорих ангид ирсэн цагаас хойш цалинтай ажлын байраар хангагдаж хохирогч нарт хохирол төлбөрөөсөө төлж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолтой гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 2,800,000 төгрөгийг бүрэн төлсөн. Цаашид миний бие 1 жилийн өмнө хорих ангиас гарч нийгэмтэйгээ хөл зэрэгцүүлэн зөв амьдарч 2 хүүхэд, өндөр настай ээж дээрээ очин чин үнэнч шударгаар хөдөлмөрлөж, 2 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, хохирогч нарт одоо төлж байгаа хохирлоосоо илүү ихийг төлж хохирлоо эртхэн барагдуулмаар байна.

Хүний амьдралд хүн чанартай хүн биш байна гэдэг хамгийн муухай үйлдэл гэдгийг ойлгон ухамсарлаж гэмшиж байна. Би урьд нь хялбар аргаар амьдарч байсандаа маш их ичиж байна. Хүний амьдралд хүн хүнээ хайрлана гэдэг агуу том гайхамшиг гэдгийг ойлгон харсан. Хорих анги миний амьдралд олон өөрчлөлтийг өгсөн. Эрх чөлөө миний амьдралын сургууль, ухаарал гэмшил бүрийг ойлгуулсан.

Иймд надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү. Монгол Улсын дээд шүүх иргэн миний хувьд зөв шударга, ялгаварлалгүй, алагчлалгүй шийдвэр гаргана гэж итгэж байна.” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул дараах хоёр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргаж байна. Үүнд:

1.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үзэл баримтлалд хорих байгууллагад хоригдож буй хоригдлын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ялыг нэмэгдүүлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгыг тусгасан байх бөгөөд энэхүү сөрөг нөлөөлөл арилсан тохиолдолд хуулийг хэрэгжүүлэхгүй гэж хуульчлаагүй болно.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь хоригдол Ж.Б-д холбогдох асуудлыг шийдвэрлэхдээ “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал дууссан тул уг хууль хэрэгжихгүй” гэсэн агуулгаар хуульд заагаагүй үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд тусгагдаагүй үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчжээ.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Шүүх ... ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, ...эдлүүлэхээр тогтооно” гэсний дагуу хоригдол Ж.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар өршөөлд хамруулж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шийдвэрлэх нь хоригдлын эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

2.Давж заалдах шатны шүүхээс ялтанд холбогдох материалыг хэлэлцээд гаргасан шийдвэр нь хувийн хэрэгт “Шүүхийн тогтоол”, ялтанд гардуулсан шийдвэр нь “Магадлал” хэлбэртэй байгаа нь шүүхийн шийдвэрийн хэлбэрийн шаардлага хангахгүй байна.

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхээр томилогдсон 3 шүүгч шүүхийн тогтоол, магадлалд ижил боловч шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгч оролцсон талаар бичигдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлд заасан дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох эрх хэмжээний хүрээнд хоригдол Ж.Б-ын “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг зөрчиж байгаа” тухай гомдлыг үндэслэн түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

2.Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны шаардлага хангагдана.

 

3.Хоригдол Ж.Б-д оногдуулсан хорих ялын заримыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдэл нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй давж заалдах шатны шүүх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хоёр өөр төрлийн эрхийн акт гаргасан, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх бүрэлдэхүүний нэрийг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.9 дэх заалтыг зөрчсөн ноцтой зөрчил мөн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

 

4.Өршөөл үзүүлэх нь хуулиар хэрэгждэг, нэг удаагийн үйлчлэлтэй гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн этгээдийг эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх, мөн хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн солих зэрэг эрх зүйн онцгой үр дагавар үүсгэдэг ажиллагаа юм.

 

Иймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт, үйлчлэх цаг хугацаа, хүрээ, өршөөл үзүүлэх хэлбэр, хэмжээ, өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал, хууль хэрэглэх журам зэргийг хууль тогтоогч тухайн хуульд тусгайлан зохицуулдаг болно.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилтыг “Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулах” гэж тодорхойлсон бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн, хуулийн этгээд уг хуульд хамаарахаар тогтоосноос гадна хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хэсгийг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгод үндэслэсэн хэдий боловч энэ зохицуулалтын үйлчлэх цаг хугацааг тухайлан заагаагүй, хууль батлагдах үеийн нөхцөл байдал арилсан үед хэрэглэхгүй байх аливаа хориглолт, хязгаарлалтыг хуулиар тогтоогоогүй болно.

 

Хоригдол Ж.Б-д Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг болон 6, 7 дугаар зүйлээр тогтоосон хязгаарлалт, хуулийн 9 дүгээр зүйлд заасан хоригт тус тус хамаарахгүй байна.

 

Гэтэл Өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш даруй 5 жил орчим хугацаа өнгөрсний дараа хоригдол Ж.Б-г өршөөлд хамруулах асуудлыг хэлэлцэхдээ “цар тахлын нөхцөл байдал арилсан” гэх үндэслэлээр хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэгжүүлэлгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан нь хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Аливаа эрх мэдлийн үндэс нь хүний эрх гэдгийг хүлээн зөвшөөрч Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэгт Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг жагсаан тунхаглажээ.

 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Монгол Улсын олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй...” хэмээн хүний салшгүй эрхийг тунхагласан нь төр эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ эдгээр эрх, эрх чөлөөг хөндөх ёсгүйг үүрэгжүүлсэн явдал мөн.

 

Нэг цаг хугацаанд үйлдэгдсэн, нэг хуулийн үйлчлэлд хамаарах гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хувьд хэргийн шийдвэрлэлтийн явцаас хамаарч үйлчлэх цаг хугацаа, хамрах хүрээ, хэлбэр, хэмжээ, хэрэглэхгүй байх нөхцөл байдал зэргийг тусгайлан зохицуулсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал идэвхтэй, идэвхгүй гэдгээс шалтгаалан харилцан адилгүй, ялгамжтай байдлаар хэрэглэх нь дээрх хууль, олон улсын гэрээний язгуур үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн хэрэг болно.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулиар тогтоосон хязгаарлалт болон хоригт тус тус хамаарахгүй бол гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, мөн шүүхээс оногдуулсан ялыг өршөөх, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэн өөр төрлийн ялаар солих нь заавал хэрэгжих шинжтэй шүүхэд үүрэг болгосон (императив) хэм хэмжээ бөгөөд хуулийн үйлчлэлд хамаарах боломжтой зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлэх, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь эрүүгийн эрх зүйн энэрэнгүй ёсны зарчимд суурилсан, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ач холбогдолтой гэсэн хууль хэрэглээ нэгэнт тогтсон билээ.[1]

Энэ талаар хоригдол Ж.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон прокурорын шүүх хуралдаанд хэлсэн санал хууль зүйн үндэслэлтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

5.Шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд мөрдөгч, прокурор, шүүгч, шүүхээс гаргаж буй аливаа шийдвэр хуульд нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангах зорилгоор хуулийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааны журам, эрх бүхий этгээдээс гаргаж буй шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан баталгаажуулдаг.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэрэг маргааныг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.

5.1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т хэрэг, маргааныг хянан хэлэлцээд гаргах шүүхийн шийдвэрийн хэлбэрийг “...давж заалдах шатны шүүх магадлал...” гэж, бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан “шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж тодорхой зохицуулсан болно.

 Гэтэл давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцэл болон хоригдлын гаргасан гомдлоор анхан шатны шүүгчийн захирамжийг давж заалдах журмаар хянан шийдвэрлээд “магадлал” гаргах ёстой байтал “шүүхийн тогтоол”, “магадлал” гэсэн хоёр хэлбэрээр шийдвэр гаргасан нь (2 хавтасны 226-236 тал) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлд хамаарна.

5.2.Түүнчлэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 350 дугаар захирамжаар (материалын 2 дугаар хавтас, 220 дахь тал) Ж.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг “шүүгч Н.Баасанбатад хуваарилж, хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Л.Одончимэг, бүрэлдэхүүнд шүүгч М.Алдар томилогдсон” болохыг албажуулжээ.

Уг захирамжаар томилогдсон шүүх бүрэлдэхүүн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг давж заалдах журмаар хянан хэлэлцээд 64 дугаартай “Шүүхийн тогтоол”, “Магадлал” гарган гарын үсэг зурсан байна.

Гэтэл 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүгч Л.Одончимэг, С.Болортуяа, Н.Баасанбат нар оролцсон” (2 хавтас 223 тал) гэж зөрүүтэй бичигджээ.

Ж.Б-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг давж заалдах журмаар хянасан шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн тогтоол, магадлалд шүүх бүрэлдэхүүний нэр зөрүүтэй бичигдсэнээс дүгнэхэд тус хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхэд учир дутагдалтайн зэрэгцээ 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан ноцтой зөрчилд тооцогдож шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

6.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” шаардлагыг хангуулахаар давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хяналтын шатны шүүхээс тогтоов.

7.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал боловсруулах аргачлал”-д “төрийн албан хэргийн хөтлөлт, баримт бичгийн стандартад нийцсэн, утга санаа бүрэн зөв илэрхийлэгдсэн, товч тодорхой, ойлгомжтой, логик дэс дараалалтай, агуулга найруулгын хувьд зөрчилгүй бичигдсэн байвал зохино, тухайн хэрэг маргааныг ямар онолын үндэслэл, харьцуулсан судалгаа, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг харгалзан үзэж, холбогдох хуулийг хэрхэн тайлбарлан хэрэглэж (хууль тайлбарлах аргаар), ямар эрх зүйн эцсийн үр дагаварт хүрснээ тодорхойлж, түүнийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, аль нь зөв болохыг, эсхүл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан нь зөв, буруу болохыг дүгнэх” гэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль болон холбогдох хууль тайлбарласан, хуулийг хэрэглэсэн бусад тогтоолууд, дээр дурдсан журам зэргийг баримтлаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын журмыг[2] хэрэгжүүлж шүүх хуралдаанаар хэлэлцэхэд тодруулах асуудлын жагсаалт, хэрэглэх хууль, өрсөлдөөнт хэм хэмжээг тодруулах зэрэг ажиллагааг хийгээгүй, шүүн таслах ажиллагааны практикийг судлаагүй, хэргийн материалыг бүрэн хангалттай уншиж судлаагүй байгааг анхааруулан тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

                                                                                           

 

 

         ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

 

         ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                  Ц.ОЧ

 

             Т.ӨСӨХБАЯР

 

              М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

[1] Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 67, 107, 2023 оны 160, 2026 оны 73 дугаар тогтоол.

 

[2] Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор баталсан.