Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 629

 

Т.Чинзориг холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Л.Соёмбо,

хохирогч Т.Баярсайхан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч Т.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлоор Т.Чинзоригт холбогдох эрүүгийн 201626023021 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Чимэд овогт Тулгуурын Чинзориг, 1995 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ширээний теннисний Улсын шигшээ багын тамирчин гэх, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 31/Б байрны 53 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: УИ95010319/,

Т.Чинзориг нь 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, вокзалын орчим “Чи миний аавыг яагаад дээрэлхдэг юм” хэмээн бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Т.Баярсайханыг зодож, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Т.Чинзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Т.Чинзоригт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлж, Т.Чинзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Т.Чинзоригт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Чинзориг нь 16 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч Т.Баярсайхан гомдолтой гэснийг, хохирлын мөнгө гэх шүүгдэгчээс өгсөн 200.000 төгрөгийг авахгүй гэснийг тус тус дурдаж, түүний хохиролд нэхэмжилнэ гэх 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т.Баярсайхан нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Т.Баярсайханы гэх СиДи болон томографикийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хохирогч Т.Баярсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Уг тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх энэ хэргийг урьд өмнө буюу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 152 дугаартай захирамжаар “...Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн, хэрэгт нотолбол зохих ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, гэмт хэргийн сэдэлтийг зөв тодорхойлох гэх мэт” үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч дахин хийгдсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Т.Чинзоригт холбогдох хэргийн сэдэлтийг, өөрөөр хэлбэл уг хэрэг танхайн сэдэлттэй юу, хувийн сэдэлттэй юу гэдгийг бүрэн гүйцэд тодорхойлсон гэхэд учир дутагдалтай байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчиллөө...” гэсэн байна. Гэтэл мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүйгээс болж энэ хэргийн зүйлчлэлийг өөрчилж, гудамжинд танхайрч, хүний нүүр лүү өшиглөж, бусдыг илтэд үл хүндэтгэн, догшин авирласан үйлдэл нь тодорхой байхад бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаагчийн ажлаа хийж чадаагүй, хариуцлагагүй байдлын улмаас шүүгдэгч ял завшиж, иргэн би хохирч үлдэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг мөрдөн байцаалтад дахин буцааж шалгуулах хүсэлтэй байна...” гэв.

Прокурор Л.Соёмбо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хохирогч Т.Баярсайхан нь тус шүүх хуралдаанд өмгөөлөгч авч оролцон өөрийн гаргасан давж заалдах гомдлоо тайлбарлах нь зүйтэй байсан юм болов уу гэж бодож байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Танхайрах” гэмт хэрэг нь дангаараа гэмт хэрэгт тооцогдохооргүй болсон байна. Хохирогч нь хэрэг бүртгэлт болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хэргийн зүйлчлэлийн саналаа, мөн 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шаардлагаа нотлох баримтын хамт гаргах боломжтой байсан гэж үзэж байна. Т.Чинзоригт холбогдох хэрэгт нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Т.Чинзориг нь 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр 11 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэсвгэрт байрлах “Вокзал”-ын орчимд хохирогч Т.Баярсайханыг автомашин руугаа дагуулж орон, улмаар “Чи миний аавыг дээрэлхдэг” гэх асуудлаар маргалдаж, түүнийг зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараах:

- хохирогч Т.Баярсайханы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би өөрийн автомашинаар Замын-Үүдээс Улаанбаатар хот руу хүн ачих гээд вокзал дээрээс 5 хүнийг автомашиндаа суулгасан. Тэгээд хөдлөх гэтэл 2 хүн нь миний автомашинаас буугаад Соёлоо, Тулгаа гэх хүмүүсийн автомашинд очоод суучихсан. Тэгэхээр нь би Тулгаа дээр очоод “2 хүнийг маань авчихлаа” гээд уурласан чинь өөдөөс жаахан маргалдаад байхаар нь “Чи зүгээр л хүнээ ачаад явж бай” гээд нүүр лүү нь 1 удаа түлхчихээд явсан... 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр ... вокзал дээр байж байхад нэг жолооч “Чамайг нэг өндөр залуу хайгаад яваад байна” гэхээр нь би түүнтэй очиж уулзтал “Намайг таньж байна уу” гэж асуухаар нь “Би танихгүй байна” гэж хэлсэн. “Уулзах хэрэг байна дагаад явчих” гэхээр нь ... “надаас юу асуух гэсэн юм бэ” гэхэд миний куртикны араас татаад намайг автомашинд суулгасан... тэр үед нөгөө залуу “Чи миний аавыг яагаад дээрэлхдэг юм бэ” гэснээ хажууд утсаар яриад аавтай яриалуудах гээд байсан. Тэгээд гар утсаа таслаад миний нүүр лүү цохисон... намайг автомашинаас буухад дахин хэд хэдэн удаа нүүр лүү цохиж, өшиглөчихөөд яваад өгсөн... намайг зодсон Чинзориг гэх залууд гомдолтой байна. Эмчилгээний зардалд 7.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” /хх-11-12, 118, 163/,

- шүүгдэгч Т.Чинзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр дуудлагын жолоочоор автомашинаа бариулаад вокзал дээр очоод Баярсайхан ахыг хайж байгаад олж уулзсан. Би түүнтэй уулзаад дулаахан газар орж ярилцъя гэж бодоод автомашин руугаа дагуулж явсан... автомашин дотор ороод “Намайг таньж байна уу” гэж асуухад “Танихгүй байна” гэж хэлсэн. Би “42-53-ын жолоочийг таних уу” гэхэд тэр “Хужаа гөлөгийн хүүхэд чи байсан юм уу” гэж надад хэлсэн. “Та яагаад манай аавыг дээрэлхээд байдаг юм” гэж асуухад “Та нар шиг хужаа гөлөг нарыг ална” гээд Баярсайхан ах намайг түрүүлж цохисон. Баярсайхан ах манай аавыг дээрэлхсэн болохоор миний уур хүрээд түүнийг 1 удаа цохисон...” /хх-162/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15451 тоот “Т.Баярсайханы биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр талын ухархайн дотор ханын хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх, мөн дахин шинжээчийн 484 тоот “...шинжээчийн 15451 тоот дүгнэлттэй санал нэг байна... Т.Баярсайханы биед хамар ясны хугарал гэмтэл учирсан нь шинжээчийн 15451 тоот дүгнэлтэд тусгагдаагүй бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд, шинжээч Ч.Эрдэмболорын “...2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би Баярсайханы биед шүүх эмнэлгийн үзлэг хийхэд тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр талын ухархайн дотор талын /няцрал/ хугарал, зүүн хацарт няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Би тухайн үед “Бриллианс” эмнэлэгт үзүүлсэн томографийн шинжилгээтэй танилцсан бөгөөд дүгнэлтдээ тусгасан байгаа. Тус эмнэлгийн шинжилгээнд тусгасан хамрын хоёр хажуу ханын зөрүүтэй хугарал гэснийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан боловч дүгнэлт хэсэгт орхин бичсэн байна. Хамрын яс ухархайн хажууд нимгэн хальс мэт яс байдаг бөгөөд эдгээр яснууд гэмтсэн тохиолдолд 4 хоногоос доош хугацаанд буюу түр хугацаанд эрүүл мэндийг сарниулж эдгэрдэг тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг...” /хх-16-17/ гэсэн мэдүүлэг, тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Харин хэрэг бүртгэлтийн ажиллагаанд сэжигтэн Т.Чинзоригийн эх С.Соёлмаагаас гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар “...гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхийг нь тайлбарлаж өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс гэрч С.Соёлмаагийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй. 

Дээрх байдлуудыг үндэслэн Т.Чинзоригийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Т.Чинзоригт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол уг этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж заасан ба шүүхэд хэрэг хянагдах явцад Т.Чинзоригийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдөр дууссан байна.

Иймээс анхан шатны шүүх Т.Чинзоригт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин хохирогч Т.Баярсайхан гаргасан давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Т.Чинзоригийн танхайрсан үйлдэлд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэжээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ялтны гэмт хэрэг үйлдсэн субьектив санаа зорилго, танхайрах гэмт үйлдэл хэлбэрийн төдий байгаа зэргийг харгалзан үзэж, прокуророос Т.Чинзоригийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулах замаар догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

Т.Чинзоригт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхгүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Т.Чинзоригийн үйлдсэн “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжид нийцэж байх ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар ял шийтгэлийн төрөл, хэмжээг хөнгөрүүлсэн хэдий ч Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоож Т.Чинзоригийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

Нөгөөтэйгүүр 2002 оны Эрүүгийн хуульд заасан “Танхайрах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлж байсан “Танхайрах гэмт хэрэг”, мөн уг гэмт хэргийг “догшин авирлаж үйлдсэн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд тусгагдаагүй, харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуй нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг шинээр “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэгт тооцсон бөгөөд Т.Чинзоригийн үйлдэл дээрх гэмт хэргийн шинжид нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.

           Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн Т.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийн зүйлчлэлийн талаар маргасан хохирогч Т.Баярсайханы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.