Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 925

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч С.Мөнхтулга,

шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Мөнхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн  бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эх, дүү нарын хамт, ................. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

С.А /РД:..................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч С.А нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” коллежийн биеийн тамирын зааланд иргэн Д.М-ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.М-ын мэдүүлэг /хх7-11/, гэрч Э.Э-гийн мэдүүлэг /хх16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2601 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх21/, С.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх29-31/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч С.А-гийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Д.М-ын “...миний бие Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах, Шинэ үе коллежид сурдаг. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Шинэ үе коллеж дээр биеийн тамирын хичээл ороод зааланд нь манай сургуулийг төгссөн А гэгчтэй хамт сагс тоглосон. Тэгсэн оноон дээрээс болоод хоорондоо маргалдтал А миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгсэн миний хамар хугараад цус гарсан байсан. Сбагш ирж салгаад би тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэгт А-тай хамт явсан ...дүгнэлтээр тогтоосон гэмтлүүдийг А гэгч гараараа хамар луу 1 удаа цохиж учруулсан. Миний бие одоо эрүүл болсон. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх7-11/

2. Гэрч Э.Э-гийн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, шинэ үе мэргэжил сургалтын төвийн спорт заал руу ирцээ бүртгүүлэх гээд ортол А М-ын хамар руу нэг удаа цохиж байсан. Мөөдөөс нь яаж ч чадахгүй хамарнаас нь цус гараад 00 өрөө рүү яваад өгсөн. Цусыг нь цэвэрлэчхээд гэмтлийн эмнэлэг яваад өгсөн. А архи уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх16/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2601 дугаартай шинжээч эмчийн “...Д.М-ын биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал хамрын таславчийн мурийлт, баруун нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх21/,

4. С.А-гийн яллагдагчаар өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчимд өмнө сурдаг байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Шинэ үе мэргэжил сургалтын төвийн спорт зааланд тоглох гэж орсон. Зааланд ороход 1, 2 дугаар курсын оюутнууд биеийн тамирын хичээл орж байхаар нь хамт тоглоё гээд талцаад 3 эсрэг 3 тоглоцгоосон. Тэгсэн М-тэй оноон дээрээс болоод маргаад Мнамайг тэврээд авахаар нь түлхээд хамар луу нь нэг удаа гараараа цохисон Мдоошоо хамраа дараад суучихсан хэсэг байж байгаад бостол хамарнаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. М-ын биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх29-31/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч С.А-гийн:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгт, тайлбар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч С.А, хохирогч Д.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ үе” коллежийн биеийн тамирын зааланд сагс тоглож байхдаа онооны харьцаанаас болж маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.М-ын мэдүүлэг, гэрч Э.Э-гийн мэдүүлэг, шүүгдэгч С.А-гийн яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д.М-ын эрүүл мэндэд “...баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны баруун хажуу ханын цөмөрсөн хугарал хамрын таславчийн мурийлт, баруун нүд, хацар орчмын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2601 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.А нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг цохиж хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулсан нь тогтоогдож байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Мнь мөрдөн байцаалтын шатанд хамартаа эмчилгээ  хийлгэх шаардлагатай байгаа, шүүгдэгч нь хохиролд мөнгө төлөөгүй талаар илэрхийлжээ. Мөн хохирогч нь “хамараа” эмчлүүлэхэд ямар зардал гарах, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар холбогдох баримтыг хэрэг хавсаргуулаагүй учраас шүүхээс хохирол тооцон шийдвэрлэх боломжгүйг дурдаж байна.

Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв..

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч С.А нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч С.А-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэм буруугийн талаар маргаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д  300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д.М нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР